Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Зуутраг овогт Булганы Отгонжаргалд холбогдох 2035000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын  10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 22-нд Увс аймгийн  суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, боловсролгүй, ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй З овогт Б-н О / РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.О нь Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 12 дугаар сарын 22-ны шөнө намайг хохирогч З.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.О нь Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 12 дугаар сарын 22-ны шөнө намайг хохирогч З.Н-ийг зодсон болох нь:

Хохирогч З.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны орой 19 цагт Увс аймгийн Ховд сумын Ховд багийн намын үүрийн шинэ жил болоод шинэ жилд ороод 22 цаг 40 минутын үед гараад айлд цэнэглээд үлдээсэн утсаа аваад явж байтал “Мөнх” зоогийн газрын ард талд манай дүү Т.Э, Б.О, Л.Ш гурав зогсож байсан. Би хажуугаар өнгөр ч явсан чинь Б.О чи энд үхсэнээ хайж яваа юм гээд миний нүүрэн хэсэгт шууд цохиод авсан тэгээд би ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд удалгүй хэсэг хугацааны дараа босоод хаашаа явж байгаад хаашаа явж байгаагаа мэдэхгүй явж байхад манай хүргэн дүү Ю.Б тааралдаад Энхтөрийн гэрт дагуулж очоод нүүр гараа угаачихаад Б.О-ын эгч Б.Э-д очиж танай дүү чинь намайг зодчихлоо гэж хэлсэн Б.О дүүгийнхээ нөхрийг дуудаад нөхөр нь ирж харсан, тэгээд намайг манай гэрт хүргэж өгөөд явсан. Би гэртээ харьж амраад маргааш нь сумын цагдаад очиж өргөдөл гаргасан...Надад гэмт хэргийн улмаас Ховд сумаас Улаангом суманд ирж нэгдсэн эмнэлэгт эмч нарт үзүүлж анхан шатны эмчилгээ хийлгэх, шинжилгээ өгөх зэрэг зардалд 150.000 төгрөгийн болсныг Б.О эмнэлэгт үзүүлэх үед тухай бүрт гаргаж өгсөн тул надад эмнэлэгт үзүүлэх үеийн зардал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчид үзүүлэх үедээ тухайн бүрт нь эмчлүүлэгчдийн картанд бичилт хийлгүүлсэн. Б.О эмнэлэгт үзүүлэх үед гарсан зардлыг өгсөн тул надад хохирлын талаар баримт байхгүй. Б.О надаас уучлалт гуйсан, бид хоёр хоорондоо ярилцаж учраа олсон. Би сайн дураараа Б.Отай эвлэрсэн. Би Б.О-аар зодуулсны улмаас хамар, уруул болон нүүрний хэсэг, толгойн хэсэгт гэмтэл учирч нүүрний гоо сайхан алдагдсан. Б.О бид хоёрын хооронд ярилцаад цаашид миний нүүрний гоо сайхан засах зардалд Б.О надад 1.000.000 төгрөг өгөхөөр тохиролцож 2020 оны 01 дүгээр сард 500.000 төгрөгийг, 4 дүгээр сард үлдэгдэл 500.000 төгрөгийг өгөхөөр болсон. Иймд надад Б.О-д гомдол байхгүй болсон тул ямар нэгэн санал, хүсэлт байхгүй гэв.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6-р тал/,

гэрч Л.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай найз А-гийн төрсөн өдөр болоод ирж цай ууцгаа гэсэн. Б.О бид хоёрын тэднийд очиж цай уусан. Цайгаа уучхаад манай сумын З гэдэг залуу нүүрс ирчихсэн байна буулгаад аваатах гэхээр нь очиж буулгаж авчхаад буцаад очсон. Намайг очиход А-гийн нөхөр Т.Э ирчихсэн унтаж байсан хоол цай идэж уучхаад сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Мөнх” нэртэй ресторанд орсон. Т.Э, Б.О бас А-гийн найз Г бид тавуулаа орсон. Тэгээд 0.75 литрийн “Ерөөл” гэх архи захиалаад хувааж ууцгаасан, дараа нь дахиад 0.75 литрийн архи задлаад уугаад сууцгааж байсныг санаж байна, согтчихсон болохоор сайн мэдэхгүй байна. Намайг гадна гараад бөөлжөөд сууж байхад хүмүүс маргалдаад байх шиг байсан би сайн мэдэхгүй байна тасарчихсан юм шиг байна лээ. Өглөө эрт босоод хүүгээ цэцэрлэгт хүргэчхээд дэлгүүр орох гээд явж байхдаа Б.О-тай таарсан чинь Б.О өчигдөр орой З.Н эгчийг зодчихжээ хоёулаа хамт очъё гэж хэлсэн тэгэхэд л мэдсэн. тэр орой би их согтсон байсан хэн ирснийг нь мэдээгүй нэг хүн ирээд хэрэлдээд байх шиг байсан зодож цохисныг нь хараагүй. Манай найз Б.О жаахан огцом ууртай” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/,

гэрч Т.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Босоод ажил дээрээ байж байхад Б.О надруу залгаад З.Н эгчийн дэлгүүр дээр хүрээд ир гэсэн тэгээд очсон чинь Б.О би Н эгчийг зодчихжээ гэж хэлж байсан. Б.Н эгчийг харсан чинь нүд нь улаасан, уруул амны хэсэгт хавдартай байсан. Би уусан архиндаа согтож тасарсан болохоор үнэхээр мэдэхгүй байна. З.Н эгчийг ирснийг нь мэдээгүй тийм болсныг өглөө босоод сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

гэрч Ю.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай эгч З.Н нь ам хамарнаас нь цус гарчихсан тааралдсан.  Та яасан бэ? юу болсон бэ? гэж асуухад Б.О /Окоо/ намайг цохичихлоо гэж хэлэхээр нь би дагуулаад ойрхон байдаг болохоор нь Т.Э-ийн гэрийн үүдэнд очиход Б.О буюу /Окоо/ тэдний гэрээс гарч ирээд үгийн зөрүүгүй З.Н эгчийг шууд цохиод авсан. Тэгэхээр нь би хөөш чи яаж байгаа юм бэ? боль л доо. Чи яагаад зүгээр байсан хүн цохидог юм бэ?  гээд З.Н эгчийг Т.Э-ийн гэр лүү оруулж гар, нүүрийг нь угааж өгөөд явсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. .”гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

гэрч Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Орой 23 орчимд намайг гэртээ унтаж байхад Б.О, Л.Ш манай нөхөр гурав манайд орж ирсэн тэгээд удалгүй араас нь З.Н-г эгч орж ирсэн. З.Н эгч орж ирэхдээ хамар амнаас нь цус гарчихсан байсан ба манай нөхөр Т.Э-тэй юм яриад байсан би нойрмог байсан болохоор унтаад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

гэрч А.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.О-г танина. Энэ хүн нь харааны бэрхшээлтэй сумын их эмчийн хяналтад байдаг. Жилд нэгээс хоёр удаа сумандаа эмчилгээ хийлгэдэг. Аймгийн нарийн мэргэжлийн нүдний эмчийн хяналтад байдаг. Намайг Ховд суманд ирж ажилд ороод амьдарч эхэлснээс хойш л харааны бэрхшээлтэй гэдэг энэ оношоороо групп авдаг. Өөр бусдаар эрүүл мэндийн хувьд манайд хяналтад ороод эмчлүүлээд байх өвчин байхгүй хааяа нэг бөөр, цөс, нойр булчирхай, өвдөхөөрөө амбулаторийн эмчилгээ хийлгэдэг. Б.О-ын хувьд 3 хүүхэдтэй нөхрийн хамтаар их хүндхэн хэцүү амьдардаг. Архи дарс нэг их ууж харагдаад байдаггүй, их догшин ширүүн ямар нэгэн төрийн үйлчилгээ авах гэж эмнэлгээр орж ирэхдээ соёлгүй бүдүүлэг зан авир гаргадаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би З.Н байна гэхээр хаалгаа онгойлгосон чинь Б.О /Окоо/ намайг цохичхлоо гэж хэлсэн. Тэгээд би ямар сонин юм бэ юу болсон юм болоод асуусан чинь, би харин айлд утсаа цэнэглэчихсэн байсан болохоор очиж аваад, наашаа явж байтал мөнх зоогийн газрын ард талд танай Б.О /Окоо/ намайг зодчихлоо гэхээр нь би гайхаад, Окоо буюу өөрийнхөө дүү Б.О руу залгаад чи яахаараа настай хүнийг зоддог юм бэ юм гээд, уурласан чинь миний урдаас би тэр З.Н-ийг зодоогүй би мөрөөрөө явж байна би ямар архи уусан юм уу гээд утсаа тасалсан. Би тэгээд санаа зовоод өөрийн дүү болох Б.О-ын гэрт ороод нөхөр болох Б.Б-ийг дуудаад З.Н-ийг гэрт нь хүргүүлсэн. З.Н эгч манайд орж ирэхдээ нүүр нь хавдсан, уруул нь хавдсан, хамар нь өвдөж хөхөрсөн байдалтай орж ирсэн. Тэгээд миний үүдэн шүд хөдөлчихсөн байна танай Окоо намайг ийм болгочихлоо гэж хэлсэн байсан. Би бас сандраад настай хүн ийм байдалтай орж ирэхээр айгаад одоо яанаа, яахуу эгч нь чамайг хүргэж өгмөөр байдаг энэ 2 хүүхэд эзгүй байдаг, би яваад нөхрийг дагуулаад ирэе гээд Б.Б-г дуудаад З.Н эгчийг гэрт нь хүргүүлсэн би өөрийн дүү болох Б.О-г маргааш өглөө гэрт нь очиж чи одоо яахаараа хүнийг тийм болтол нь нь зоддог юм тэр хүнтэйгээ очиж уулзаж учир зүйгээ олоорой гээд хөөгөөд явуулсан...Манай дүү Б.О нь сургуульд сурч байгаагүй багаасаа зүрх, толгой, бөөр нь өвддөг их бие султай хүүхэд байсан учраас сургуульд суралцаагүй бичиг үсэг мэдэхгүй тийм хүүхэд байсан. Одоо ч гэсэн бие нь байнга өвддөг байнгын эм тариа хэрэглэдэг их бие султай, халамжаас авдаг тэтгэвэр тэтгэмжээ байнга л эм тариа болон үр хүүхэддээ зарцуулаад амьдардаг. Архи дарс хэрэглээд байдгүй тэр өдөр яагаад архи уусныг нь сайн мэдэхгүй байна. манай дүү Б.О зүрх нь байнга хатгаж өвддөг их түргэн ууртай байнгын зүрхний эм ууж байдаг.”гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Шүүгдэгч Б.О-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр миний найз Т.Э-ийн эхнэр А-гийн төрсөн өдрийн баяр болж Т.Э-ийн гэрт хоол идээд 1 шил дарс хувааж уусан. Эндээсээ Т.Э, А, Л.Ш бид нар “Мөнх” гэх ресторан, караоке орж баяраа үргэлжлүүлэн тэмдэглэсэн. Баяр маш их согтож манарсан. Манарсан байх үедээ ресторан, караокенаас гарч гадагш гартал гадна хэн нь мэдэхгүй нэг хүн “янхан” гэж хэлэх шиг болохоор би “би янхандаагүй” гэж хэлээд л урд нэг хүн байхаар нь гараараа ганц удаа цохисон. Агаарт гараад би уусан архиндаа тасарсан байсан ба хүн цохисоноос хойш юу болсныг мэдэхгүй байгаа. Маргааш нь өглөө би унтаж байтал миний эгч Б.Э намайг дуудаж сэрээсэн ба би гэртээ унтаж байсан. Эгч маань намайг “чи З.Н-ийг цохисон байна, очиж уулзаж уучлалт гуй” гэж хэлсэн. Би гэрээс гараад Л.Ш, Т.Э хоёрыг дуудаж эгч З.Н-тай очиж уулзсан чинь З.Н-ийг нүд нь хөхөрсөн, хамар ам нь хавдсан байна... Би З.Н-аас уучлалт гуйсан. Улмаар бид хоёр ярилцаж хоорондоо эвлэрсэн. Би З.Н-тай цуг сумаас Улаангом орж Нэгдсэн эмнэлэгт эмч нарт үзүүлж шинжилгээ хийлгүүлсэн. Энэ үеийн бүх зардлыг би өөрөөсөө гаргаж өгсөн. Цаашид З.Н-т эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг өгөхөөр болсон ба уг мөнгийг 2020 оны 01 дүгээр сард, 4 дүгээр сард хоёр хувааж өгөхөөр тохиролцсон. Би уг эмчилгээний зардлыг хэлж тохиролцсон цаг хугацаандаа бүрэн өгөх болно...Миний нөхөр барилгын туслах ажил хийдэг. Би өөрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас группд байдаг. Би уурласан үедээ юу хийснээ мэддэггүй юм. Манайх 6 ханатай гэртээ хүүхдүүдээ харьж амьдардаг. Ямар нэгэн хадгаламж байхгүй группийн зээлтэй. Би төрөлхийн бие муутай, миний хоолойн ангин үе мөчид нөлөөлж бүх биеэр өвддөг болсон тул эрүүл мэндийн шалтгаанаар группд орсон. Миний сэтгэцийн байдал зүгээр хэвийн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.О нь хохирогч З.Н-ийг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид “Тархи доргилт, хамар ясны хугарал хамрын муруйлт, үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, 2 нүдний эргэн тойронд, доод уруулын баруун хэсгийн салстад цус хуралт, хамрын нуруу, дээд уруулд, доод уруулын баруун хамрийн салстад цус хуралт, хамрын нуруу, дээд уруулд, доод уруулын зүйн хэсгийн салстад зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Тархи доргилт, хамар ясны хугарал хамрын муруйлт гэмтлүүд нь эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул мөн үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-р тогтонги алдагдуулах гэмтэл тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.О нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж нүүрний орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч З.Н-ийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О урьд нь ял эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/-аар нотлогдож байна.

Хохирогч З.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд “Б.О-аас нэхэмжлэх зүйл байхгүй тул хурдан шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдөл гаргаж нотариатчаар гэрчлүүлсэн /хх-ийн 43 тал/ баримтыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч Б.Э-гийн өгсөн: “...Манай дүү Б.О нь сургуульд сурч байгаагүй багаасаа зүрх, толгой, бөөр нь өвддөг их бие султай хүүхэд байсан учраас сургуульд суралцаагүй бичиг үсэг мэдэхгүй тийм хүүхэд байсан. Одоо ч гэсэн бие нь байнга өвддөг байнгын эм тариа хэрэглэдэг их бие султай, халамжаас авдаг тэтгэвэр тэтгэмжээ байнга л эм тариа болон үр хүүхэддээ зарцуулаад амьдардаг. Архи дарс хэрэглээд байдгүй тэр өдөр яагаад архи уусныг нь сайн мэдэхгүй байна. манай дүү Б.О зүрх нь байнга хатгаж өвддөг их түргэн ууртай байнгын зүрхний эм ууж байдаг.”гэх мэдүүлэг/хх-ийн 15-16-р тал/, гэрч Ц.Р-ийн өгсөн: “Би Ховд сумын Ховд багийн засаг даргын ажил хийдэг энэ албанд 3 дахь жилдээ ажиллаж байна. Б.О манай сумын иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 5 нөхөр хүүхдийн хамт амьдардаг өөрөө хөгжлийн бэрхшээлтэй. Сургуулийн насны 2 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны төвшин доогуур орлоготой учраас хүнсний талонд хамрагддаг айлуудын нэг манай халамжийн байцаагч сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/, гэрч Ц.Г-ын өгсөн: “...О харааны бэрхшээлтэй харааны 80%-ийн алдангитай гэж тогтоогдож группд хамрагдсан байдаг. 2017 оны 10 дугаар сарын 01-нээс хойш хүнсний толоонд хамрагдсан мөн, түлш нүүрсний хөнгөлөлтөд хамрагддаг, нэн ядуу өрхийн бүртгэлд бүртгэлтэй айл өрхийн нэг юм. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн а/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас доогтуур багтсан өрх айл юм...сургуулийн насны хоёр хүүхэдтэй 8 настай 1 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй унаж таттдаг өвчтэй, эмнэлгийн хяналтад байдаг, асаргааны тэтгэмж авдаг сард 114.000 төгрөгөөр тогтсон байдаг. Б.О нь зан аашны хувьд их сонин заримдаа сайхан зантай заримд үед  нэг сонин бухимдуу талын хүн л дээ. Өөр бусдаар сайн мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол төлбөргүй, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Б-ы О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ