Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2016/01472

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 10-р хороо, 7-р хороолол, 30б-16 тоотод оршин суух, Сөрт овгийн Баасанжавын Тэрбиш /ГЭ72032224/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 21-14 тоотод оршин суух Чомод овгийн Батчулууны Батбаяр /ГЮ73080905/-д холбогдох

“3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Тэрбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Тэрбиш 2013 оны 10 сард иргэн Булган аймаг Хангал суманд амьдарч байхдаа иргэн Б.Батбаярт 2 000 000 төгрөгийг зээлдүүлэв. Тухайн 2 000 00 төгрөгийн зээлээ хүүхдийн сургалтын төлбөр төлнө гэж авсан бөгөөд одоо болтол тус зээлээ төлөхгүй байгаа болно. Зээлийг төлүүлэхээр утсаар байнга холбогддог боловч банкнаас зээл аваад төлнө гэж хэлээд 3 жил болж байна. Иймд үндсэн 2 000 000 төгрөгнөөс 2016 оноос эхлэн хүү тооцож сарын 6%-аар бодож 1 000 000 төгрөг нийт 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Батбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Батбаяр нь Тэрбишийн нэхэмжлэлийн шаардлага болох 3 000 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би Тэрбишээс энэ мөнгийг дүү Энэбишээр дамжуулан 2014 оны 09 сард авсан. Энэ мөнгөнөөс 2016 оны 10 сарын 13-нд 1 700 000 төгрөгийг өгсөн. Харин үлдэгдэл 1 300 000 төгрөгийг 2017 оны 02 сард багтаан төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Тэрбиш нь хариуцагч Б.Батбаяраас “3 000 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Тэрбишийн нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийг хариуцагч Б.Батбаяр нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөнөөс 2016 оны 10 сарын 13-нд 1 700 000 төгрөгийг өгсөн. Харин үлдэгдэл 1 300 000 төгрөгийг 2017 оны 02 сард багтаан төлөх болно гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Тэрбишийн 3 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Б.Батбаяр төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Б.Батбаяр нь нэхэмжлэгч Б.Тэрбишийн 3 000 000 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 23 500 төгрөг, төрийн сангаас 23 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тэрбишд олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА.