Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Ж.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Ж-ийн Г-д холбогдох  1935005010001 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Могол Улсын иргэн, 1948 оны 4 дүгээр сарын 30-нд Увс аймгийн суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, өндөр настны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн  тоотод  оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Х овогт Ж-ийн Г

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт 2019 оны 12 дугаар 17-ны шөнө иргэн Б.Т-г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Ж.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт 2019 оны 12 дугаар 17-ны шөнө иргэн Б.Т-г хутгалсан болох нь

хохирогч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед Ж.Г ахын эхнэр К эгч, хүргэн ах Ж.Г бид гурав байсан юм тухайн үед миний эхнэр З.О тэдний унтлагын өрөөнд орон дээр хэвтэж байсан юм. Тэр үед миний хүргэн ах Ж.Г бид хоёр маргалдаж байтал Ж.Г ах намайг гэрийнхээ гал тогооны өрөөнд жижиг хар иштэй хутгаар 3 удаа миний баруун гарын мөрний хэсэгт 3 удаа хутгалсан гэж тэр үед хамт байсан миний эхнэр З.О болон Ж.Г ахын эхнэр К надад хэлсэн юм. Ж.Г ах бид хоёр хоёулаа архи уугаад ухаангүй болтлоо согтсон байсан учраас бид хоёр хоорондоо буруу ойлголцож маргалдаж байтал хүргэн ах Ж.Г ах огцом ууртай хүн учраас уурандаа намайг хутгалсан гэж үзэж байна өөр Ж.Г ах бид хоёрын хооронд ямар нэгэн өш хонзонгийн зүйл байхгүй байсан юм харин бид нар ах дүү хүмүүс учраас ойрхон байдаг байсан хүмүүс юм. Одоо миний бие өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй, би хүргэн ах Ж.Г-д ямар нэгэн хохирол, гомдол тэмцэл байхгүй, Би Ж.Г-с нэхэмжлэх зүйл байхгүй, Ж.Г ах надаас уучлалт гуйсан бид хоёр эвлэрсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

Гэрч З.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэнэт намайг К эгч дуудаад “Ж.Г Б.Т-г хутгалчих шиг боллоо” гэж хэлэхэд би сэрж босоод гал тогоо ороход манай нөхөр Б.Т зүүн гараа унжуулчихсан цус гойжсон байдалтай байсан юм. Тэгээд би нөхөр Б.Т-г аваад тэдний гэрээс гараад хар замруу явж такси барих гэтэл такси зогсохгүй байсан юм. Миний нөхөр Б.Т “Би цус алдаад байх шиг байна яаралтай түргэн дууд” гэж хэлэхэд нь би нөхрөө зам дагуу үлдээгээд түрүүлж гүйгээд такси бариад нөхөр Б.Т-г зам дээрээс аваад эмнэлэгрүү явсан юм. Надад хэн ч туслаагүй юм. Би хадам ах Ж.Г ахын хажууд очоод “Ж.Г ахаа та яаж байгаа юм бэ?” гэхэд Ж.Г ах юу ч дуугаралгүй цаашаа хараад хэвтээд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

Шүүгдэгч Ж.Г-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хадам дүү Б.Т бид хоёр архи уугаад согтсон  учраас хоорондоо маргалдсан юм байсан, тэгээд тэр үед манай гал тогооны өрөөнд ширээн дээр байсан хар иштэй хутгийг аваад Б.Т-ын гар луу эхлээд биед нь хүргэх гээд нэг хоёр удаа завдсан юм байсан, тэр үед Б.Т бас согтуу байсан учраас намайг үгээр малтаж, чаддаг юм бол шаачихлдаа гэж надад хэлж миний дургүй хүргэсэн учраас би тухайн үед би бас их согтуу байсан учраас хадам дүү Б.Т-ын зүүн гарны  мөр орчим газарт 2-3 удаа хар иштэй хутгаар хатгачихсан юм., тэр үед би архи уугаад их согтсон байсан учраас болсон үйл явдлыг тодорхой сайн санахгүй байна...би өөрийн хадамын төрлийн Б.Т гэгчийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ би хүлээн зөвшөөрч байна...Би Б.Т-оос уучлалт гуйсан. Би өөрийн хадам дүү Б.Т-той эвлэрсэн Б.Т надаас анхнаасаа ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, Б.Т надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж өөрөө надад хэлээд хохирол гэж мөнгө төгрөг авахгүй гэсэн.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн “Б.Т-н Зүүн бугалганд 3 ширхэг зүсэгдсэн шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд хурц ир, үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19-р тал/-ээр хохирогч Б.Т-ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.Г-н энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж 2 хөл орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Т-ын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ж.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ж.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ж.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Г урьд нь ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р тал/-аар нотлогдсон. 

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ц.К-ийн өгсөн: “Уг хэрэг миний нөхөр Ж.Г холбогдож байгаа учраас би нөхөр Ж.Гын эсрэг мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/, Гэрч Г.М-ын өгсөн: “...Ж.Г нь даруухан төлөв, шулуун шударга зантай, ажилсаг хөдөлмөрч хүн юм. Архи дарсыг хааяа нэг хэрэглэдэг, тамхи татадгүй хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Ж.Г-д торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ж.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ж-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ж.Г-д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ