Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгч: Б.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт Б-ийн Д-д холбогдох 1935004820012 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 04-нд Увс аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Увс аймгийн сумын 2 дугаар багт оршин суух С овогт Б-ийн Д.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ш.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Б.Д-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Д нь согтуугаар Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ш.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч Ш.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Д гээд залуу байсан тухайн үед Б.Д намайг наашаа хүрээд ир гэхээр нь би очоогүй юм тэгээд Б.Д өөрөө хүрч ирээд надаас шууд нэг шил архи авч өг гэхээр нь би тухайн үед ямар учиртай архи вэ? Гэхэд намайг шууд морин дээрээс баруун гараараа миний нүүр лүү 2 удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гараад доошоо тонгойгоод машин түшээд зогсож байтал Б.Д дахиад баруун гараараа миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд цаанаас Засаг дарга Б.С ирээд боль чи яагаад хөгшин хүн зодож байгаа юм бэ? гээд салгасан юм. Тэр үед Б.Д Б.С даргатай маргалдаад Б.С даргын зүүн хөмсөг болон баруун шанаа шалбарсан байсан. Тухайн үед Б.С дарга Б.Д-ийг мориноос нь буулгах зорилгоор барьцалдсан тэр үед Б.С даргын биед учруулсан гэмтлийг яаж, юугаар талаар хараагүй маргаан болохоос өмнө Б.С даргын биед гэмтэл учраагүй байсан. Тухайн үед би зодуулаад ухаан балартан байсан болохоор харилцан зодоон болсон талаар би сайн мэдэхгүй байна. миний зүүн нүд хөхөрсөн, хамар мурийсан, өөр миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй. Надад мөнгө өгөөгүй надад Б.Д-гээс нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-7-р тал/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Д хар зүсмийн морьтой ирээд Ш.Б-г нэг шил архи аваад өг гэж хэлсэн. Тэгээд Ш.Б дарга ямар учиртай архи гэсэн чинь шууд морин дээрээ баруун гараараа Ш.Б даргын нүүр лүү 2 удаа цохисон. Тэгээд Ш.Б-н хамарнаас цус гараад машин түшээд зогсож байтал дахиад толгой руу нь 1 удаа цохисон. Тэгээд Ш.Б-н хамраас цус гараад машин түшээд зогсож байтал дахиад толгой руу нь 1 удаа цохисон. Тэгээд Засаг дарга Б.С Б.Д-ийг чи яагаад хүн зодож байгаа юм гэсэн чинь би та нарыг бүгдийг амьтан болгоно та нар хэзээ ийм байсан юм гээд Б.С даргын толгой руу баруун гараараа 1 удаа цохисон тухайн үед Б.С даргын малгай унасан. Тэгээд Засаг дарга мориноос нь буулгах  гэсэн боловч татаад дийлэхгүй байсан. Тэр үед бас 2-3 удаа Б.С даргын толгой руу цохисон. Тухайн үед хэсгийн төлөөлөгч ирж байхыг хараад Б.Д зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

Гэрч Б.С-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Д морьтой хүрч ирээд Ш.Б даргаас шууд архи нэхээд эхэлсэн тухайн үед Ш.Б дарга юу нь архи ямар учиртай архи вэ? гэхэд морин дээрээс баруун гараараа хоёр удаа цохисон юм. Тухайн үед би цохихгүй байх гэж бодож байтал дахиад нэг удаа цохиод авсан тэгэхээр нь би салгах зорилгоор Б.Д-ийн дээлийнхэн захаас барьж аваад морины дээрээс нь буулгах гэсэн боловч Б.Давааасүрэн намайг морины дээрээс нь буулгах гэсэн боловч Б.Д намайг морины дээрээс баруун гараараа миний зүүн талын хөмсөг рүү цохисон. Тэгээд би мориноос нь буулгаж чадахгүйгээр алдаад цаашаа зугтаасан юм. Тэгээд цаашаа зугтаагаад эргэж ирээд баруун гартаа цулбуураа ороосон байсан түүгээрээ миний баруун талын хөмсөг рүү ороолгосон тухайн үед хэсгийн төлөөлөгч гэрээсээ гарч ирж байгааг Б.Д хараад зугтаасан. Тэр үед би морьныхон хазаараас барьж авах гэсэн боловч чадалгүйгээр зүүн гарын дунд хурууны өндөгний арьс зулгарсан юм. Миний зүүн талын хөмсөг шалбарсан, зүүн гарын дунд хурууны өндөгний арьс зулгарсан мөн баруун нүд хөхөрсөн. Би гомдолтой байна Б.Д гэх залууд хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-13-р тал/,

Гэрч Б.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Д ах Ш.Б-ийг морин дээрээс 2 удаа цохиод авах шиг болсон. Тухайн үед цаанаас Б.С дарга гарч ирээд салгаж байх үед тэр хоёр хоорондоо бас л барьцалдаад Б.С, Б.Д ахын энгэрээс бариад мориноос буулгах гэсэн боловч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.С, Б.Д нар хоорондоо маргалдаад Б.С даргыг Б.Д морин дээрээс заамдаад барьчихсан байсан. Тухайн үед  Ш.Б дарга хэнд цохиулсан нь мэдэхгүй хамраас нь цус гарчихсан доошоо тонгойгоод зогсож байсан. Тэгээд засаг дарга цагдаа дуудахад Б.Д зугтаасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

Шүүгдэгч Б.Д-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед би тэд нарыг дуудаад зогсоох гэсэн боловч зогсохгүйгээр өнгөрөөд яваад өгсөн. Тэгээд би араас нь яваад очиход машин дотроос эхлээд Ш.Б дараа буугаад ирсэн. Тэгэхээр нь та нар яагаад манай аавтай хамт архидаад байгаа юм бэ? асуухад Ш.Б дарга над руу уурлаад “мниий хаана идэж уух чамд ямар хамаа байна” гэхээр нь би  “тийм их архитай юм бол наад уугаад байгаа архиа надад аваад өгчих” гэж хэлээд Ш.Б даргын нүүр лүү баруун гараараа 2 удаа цохисон. Тухайн үед Б.С дарга хүрч ирээд “чи хөгшин настай хүнийг яаж байгаа юм бэ?” гээд намайг морин дээр байхад заамдаад авсан. Тэгээд би Б.С даргын нүүр лүү баруун гараараа 1 удаа цохисон. Ш.Б-аас би уучлалт гуйж эвлэрсэн. Би буруугаа ойлгож, гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн “Ш.Б-н биед Хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт, зүүн нүдний дотно буланд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хугаралт гэмтэл учирсан байна. Энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь өөрийнх нь зааж буй хугацаанд үүсэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтэл байна. Хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт, зүүн нүдний дотно буланд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь нэг нэгэндээ харилцан нөлөөлж байгаа тул тусад нь сагаж гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 29-р тал/-ээр хохирогч Ш.Баттулгын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Д нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж гараараа нүүр нь тус газар 2 удаа цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ш.Б-ийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд хохирол, гомдолгүй талаар тодорхойлолт /хх-ийн 103-р тал/ гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Б.Г-н өгсөн: “...Манай найз ерөнхийдөө нийтэч хүнд тусархуу хүн найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтаа залуу байгаа юм. Бид хоёр найзлаад бараг 20 гаран жил болж байна. Багадаа бид хоёр анх хурдан морь унаж танилцаад өдийг хүртэл найзалж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/, Гэрч Л.С-н өгсөн: “...Хувь хүн талаас нь сайн мэднэ арин гэр орны талаар нь сайн мэдэхгүй. Манай найз ерөнхийдөө хүнд тусархуу нийтэч зантай найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай сумаас аймаг орж ирэхдээ манайхаар орж гараад ерөн бол гэр бүлийн сайн найзууд байгаа юм. Хүн чанар сайтаа худал хэлдэггүй шударга талдаа залуу гэж би бодож явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Б.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Б-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 700 /долоон зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч  Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ