Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

С.Э-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Г.Эсэн,

яллагдагч С.Эын өмгөөлөгч Ц.Баасанжав,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 874 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эсэнгийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 39 дугаартай прокурорын эсэргүүцлээр С.Эад холбогдох эрүүгийн 1710000000060 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хорхон овогт Сайн-Эрийн Э, 1980 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 1-58-47 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ПБ80100972/,

 

С.Э нь 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээний үеэр сум харваж болгоомжгүй үйлдлийн улмаас Оын зүүн нүдийг онож түүний бие махбодид хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: С.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллагдагч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гарган хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь яллагдагч, хохирогч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзлээ.

 

Яллагдагч С.Э нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байх боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нь эргэлзээтэй, яллагдагчид оногдуулах ялын саналыг хохирогч Оад танилцуулаагүй бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлын талаар маргаантай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн” гэсэн нөхцөл байдал хангагдаагүй байх тул шүүх хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорхон овогт Сайн-Эрийн Эад холбогдох эрүүгийн 1710000000060 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очтол С.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

                Прокурор Г.Эсэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу түүний үйлдсэн гэмт хэрэг нь хорих ялыг 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан хэрэг тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллагдагч С.Э болон түүний өмгөөлөгч нь прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн ухамсарлаж оногдуулах ялын саналд маргаан байхгүй гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байхад шүүхээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нь эргэлзээтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч Оад 2.121.110 төгрөгийн хохирол учирсан гэх баримтууд болон яллагдагч С.Э нь хохирогчид 6.085.000 төгрөгийг төлж барагдуулсан баримт, хохирогч О болон түүний өмгөөлөгч “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй...” гэж бичгээр гаргаж өгсөн бичгийн баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх “...хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлын талаар маргаантай, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдал хангагдаагүй... ” гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүх хуралдааны явцад хохирогчоос гаргасан цаашид гарах эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас цаашид төлөх боломжгүй болсон хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.7 дахь хэсгүүдэд заасны дагуу “Иргэний журмаар жич нэхэмжлэх” эрхийг нээлттэй орхих боломжтой.

 

Түүнчлэн захирамжид “...яллагдагчид оногдуулах ялын саналыг хохирогч Оад танилцуулаагүй” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж хуульчилсан байгаа нь яллагдагчид оногдуулах ялын саналыг хохирогчид заавал танилцуулах шаардлагагүй юм.

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 874 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Яллагдагч С.Эын өмгөөлөгч Ц.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч 2.121.110 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчтой утсаар ярихад “4.000.000 төгрөг өгвөл гомдолгүй болно” гэдэг зүйлийг хэлсэн. Би “4.000.000 төгрөг өгье” гэхэд хохирогч “манай өмгөөлөгч уулзаад бичиг баримтуудыг хийнэ” гэж хэлж байсан. Оын өмгөөлөгч нь мөнгийг хүлээж аваад хэрэгт байгаа бичгүүдийг хийж өгсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдааны үед хохирогч О би гарын үсэг зураагүй гэж маргаан үүсгэсэн. Хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдал хангагдаагүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Яллагдагч хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нь эргэлзээтэй гэдэг дүгнэлт хийсэн. 6 сарын хорих ялыг прокурор оногдуулах юм шиг зүйл ярьж, анхан шатны шүүхээс прокуророос оногдуулсан ялыг чинь өглөө гэдэг зүйл ярьж байсан. Тухайн хорих ялаас чөлөөлөх нөхцөл бүрдсэн бол чөлөөлөх эрх нь шүүхэд байна. Прокурор яллах байр суурьтай ордог болохоор энэ ялаас чөлөөлөх талаар тохирч болдоггүй юм шиг байна. Прокурортой ялын асуудлаар тохирсон гэдэг зүйлийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх. Тийм учир прокурорын  эсэргүүцлийг хүлээн авч хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

                                                            ХЯНАВАЛ:

           

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд С.Эад холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээсэн, хэргийн талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, шүүхэд мэтгэлцэх шаардлагагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж яллагдагчаас үзсэн тохиолдолд хялбаршуулсан журмаар шүүх хэргийг хянан шийдвэрлэж болохоор тусгагджээ.

 

Дээрх байдлуудаас гадна гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх талаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, хохирогч нарын эрхийг хангах нь чухал юм.

 

Учир нь яллагдагч үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээснээр хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зардал, цаг хугацаа, зэргийг хэмнэж байгаа хэдий ч прокурор, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэх мэт хууль ёсны байх, шударга ёсны зарчим, зорилтод нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.” гэж хуульчилжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд яллагдагч С.Э нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар “Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал”-тай танилцаж, “хэргийн зүйлчлэлд хүлээх хариуцлагатай санал нийлж байна, гэм буруугаа ойлгосон, хохирогчтой эвлэрсэн” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 874 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд “улсын яллагч ...6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.”, харин яллагдагч С.Э “...6 сарын хугацаагаар хорих ялыг зөвшөөрч, ойлгож байгаа. Гэхдээ тэнсэн харгалзаж өгнө үү. Би ажил хийж байгаад хохирлыг төлж барагдуулна”, түүний өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулаад эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд ялаас чөлөөлж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн санал, тайлбар, мэдүүлгээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 4.3, 4.6 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдлуудыг хангасан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

 

Яллагдагч С.Э хохирогч Оад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6.085.000 төгрөг төлсөн бөгөөд хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч Отай эвлэрсэн эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан хохирогч “...хүн харвасан бол тэр хүнийг хохиролгүй болгох хэрэгтэй. ...Миний хувьд яг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ гэдгийг яагаад, ямар үндэслэлээр гаргасан шийдвэр гэдгийг ойлгохгүй байна. ...Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай.” гэж мэдүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн эсэх” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцэж байгаа учир захирамжийн дагуу ажиллагаа хийлгэхээр С.Эад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорын газарт хүргүүлж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: