Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Баясгалан |
Хэргийн индекс | 127/2017/0020/З |
Дугаар | 07 |
Огноо | 2018-04-02 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2017/0020/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Ишгэн толгойтод оршин суух, Б.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчид холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ...Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №28 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, үр дүнгийн гэрээ ёсоор зохих цалингийн урамшуулал болох 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны 01 ба 02 дугаар улирлуудын урамшууллыг нөхөн тооцож олгуулах, ээлжийн амралтын олговрыг тооцож, нөхөн олгуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, мөн 2017 оны 9 дүгээр сарын 01-ээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа буюу ажлын 32 хоногийн, нийт цалин 1.259.991 /нэг сая хоёр зуун тавин есөн мянга есөн зуун ерэн нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагч Ө.З, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №34 тоот захирамжаар тус тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдон, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхмандах болон тус тосгоны захирагч буюу засаг дарга Ө.З нартай үр дүнгийн гэрээг байгуулж ажилласан. Энэ хугацаандаа үр дүнгийн гэрээг улирал бүрд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар “В" үнэлгээтэйгээр дүгнүүлж байсан юм.
Гэвч тус тосгоны захирагчийн ажлын албанаас 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн №49 тоот ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг гэнэт надад ирүүлсэн. Уг мэдэгдэлд дурьдсан үндэслэлүүд нь илт худал бөгөөд миний бие түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь:
Тосгоны захирагч Ө.З нь намайг болон эрүүл мэндийн төвийн ажилчдыг /байнга/ албан тушаалаа ашиглан элдвээр дарамтлан загнаж, доромжлохоос гадна Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн машиныг өөрийн дураар хэрэглэдэг байснаас үүдэн бидний дунд нэг бус удаа маргаан гарч байсан.
Мөн "Малын гоц халдварт шүлхий өвчин" гарсантай холбогдуулан сургалт сурталчилгаа, үзлэг хийх тухай тус тосгоны захирагчийн ажлын албанаас 2017 оны 6 дугаар сарын 30-нд гаргасан захирамжаа надад оройтуулан өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 01-ний 23:50 минутанд ээлжийн сувилагчид хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн хүлээлгэн өгсөн байсан. Энэхүү захирамжийг биелүүлээгүй шалтгаан нь манай Эрүүл мэндийн төв нь улс орон даяар явагдаж буй “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В,С вирус илрүүлэх, тоолуулах шинжилгээг 2017 оны 7 дугаар сарын 05-ны дотор дуусгах үүргийн дагуу иргэдэд үзлэг хийж, цусны шинжилгээ авч яаралтай аймгийн лаборторит хүргэж өгөх байсан тул дээрх захирамжинд дурьдсан үзлэгийг давхардуулах шаардлагагүй болох нь өнөөг хүртэл малын гоц халдварт шүлхий өвчин хүнд халдсан тухай мэдээлэл гараагүй байгаа нь нотолж буй хэрэг юм. Дээрх мэдэгдлийн гол агуулга нь "онцгой байдлын үед авах арга хэмжээг биелүүлээгүй” гэж хариуцлага тооцон ажлаас халах тухай байсан. Захирамжийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Миний үр дүнгийн гэрээг дүгнэн зохих цалингийн урамшууллуудыг тооцоогүй бөгөөд мөн ээлжийн амралтын мөнгийг ч бас өнөөг хүртэл тооцож олгоогүй зэрэг нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж буйг нотлож буй юм. Үүний дараа Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарынн 25-ны өдрийн №28 тоот захирамжаар ажлаас халагдсан. Энэхүү захирамжийн үндэслэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний ажил байдлын тухай нэхэмжлэлд хавсаргасан Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн № 620 тоот албан бичиг нотлох болно.
Миний бие дээрх захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас холбогдох дээд шатны байгууллагуудад хандан гомдлоо гаргасан болно. Гомдлын хариуг Хэрлэн сумын Засаг дарга 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №1/630 тоотоор, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №620 тоотоор, мөн Хэнтий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан гомдолд Хэнтий аймаг дахь Засаг даргын тамгын газар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн № 1/1970 тоотоор хариуг тус тус надад ирүүлцгээсэн.
Иймд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №28 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, үр дүнгийн гэрээ ёсоор зохих цалингийн урамшуулал болох 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны 1 ба 2 дугаар улирлуудын урамшууллыг нөхөн тооцож олгуулах, ээлжийн амралтын олговрыг тооцож, нөхөн олгуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, мөн 2017 оны 9 дүгээр сарын 01-ээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа буюу ажлын 32 хоногийн нийт цалин 1.259.991 /нэг сая хоёр зуун тавин есөн мянга есөн зуун ерэн нэгэн/ төгрөг гаргуулах, одоо Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламжийн эмчээр ажиллаж байгаа бөгөөд өмнө эрхэлж байсан албан тушаалаас цалин буурсан тул цалингийн зөрүү 693.361 төгрөг нийт 1.953.352 /нэг сая есөн зуун тавин гурван мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Би сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №28 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, үр дүнгийн гэрээ ёсоор зохих цалингийн урамшуулал болох 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны 01 ба 02 дугаар улирлуудын урамшууллыг нөхөн тооцож олгуулах, ээлжийн амралтын олговрыг тооцож, нөхөн олгуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, мөн 2017 оны 9 дүгээр сарын 01-ээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа буюу ажлын 32 хоногийн, нийт цалин 1.259.991 төгрөг гаргуулах тухай гэж тодруулсан ба өмнө эрхэлж байсан Хэрлэн сумын Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламжийн эмчээр одоо ажиллаж байгаа бөгөөд өмнө эрхэлж байсан албан тушаалаас цалин буурсан тул цалингийн зөрүү 693.361 /зургаан зуун ерэн гурван мянга гурван зуун жаран нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудаасаа тус тус татгалзаж байна.
... Ээлжийн амралтын хувьд тосгоны захирагч намайг нэг ч удаа амрах уу гэж асууж байгаагүй. Ээлжийн амралт эдлэхийг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой заачихсан байдаг. Тухайн үедээ хуулийн дагуу л амралтаа эдлэх ёстой байсан.
...Мөн тахилгат тосгоны захирагчийн гаргасан 28 тоот захирамжийн агуулга нь ойлгомжгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийг барьсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж ойлгогдоно. Тиймээс 28 тоот захирамжийг илт хууль бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг маань бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.С нь тус тосгоны 34 тоот захирамжаар 2016 оны 7 дугаар сарын 04-ны өдөр ажилд орсон. Түүнээс хойш ажлаа хийж байгаад 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг.
Уг ажлаас чөлөөлсөн захиргааны акт нь Захиргааны Ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй тул хууль зөрчсөн захиргааны акт гэж үзэж байна.
...Нэхэмжлэгч Б.С-ийг тус тосгоны захирагч 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот "Эрүүл мэндийн үзлэг, сургалт, мэдээлэл хийх тухай” захирамжийг хэрэгжүүлээгүй гээд байгаа. Тухайн захирамжид хэн ямар ажил хийх, ямар үүрэг гүйцэтгэх талаар тодорхой заагаагүй. Мөн үр дүнгийн гурвалсан гэрээнд өдөр тутамд хийх өөрийн ажлын чиг үүрэг заагдсан байдаг. Энэ хугацаанд шүлхий өвчин гарсан байсан ба тухайн үед Эрүүл мэндийн эрхлэгч С ажлаа хийж байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас тодорхой харагддаг.
Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.С-д 19 дугаартай захирамжийг 30-ны өдрөө өгөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.
... Гэтэл тосгоны захирагч нь Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.С-г захирамжийг дагаж мөрдөөгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг зөрчсөн гэж, мөн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзээд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан. Энэ нь хууль бус шийдвэр юм. Ажлаас халах тухай захиргааны актад Зөрчлийн тухай хууль хэрэглэх ёсгүй.
Мөн Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн гэсэн. Шилэн данснь тухай хуульд дараа сарынхаа 08-ны өдрөөр тайлан авч дуусна гэж заасан байдаг ба тухайн өдөр 16-ны өдөр байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.
Иймд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн гаргасан 28 тоот захирамжийн агуулга нь ойлгомжгүй, Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийг барьсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул уг захирамжийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагч Ө.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Тахилгат тосгоны захирагч Ө.З миний бие Б.С-ийг Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчээр 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 34 захирамжаар анх ажилд томилсон юм.
Нэхэмжлэгч Б.С томилогдсоноосоо хойш эрхэлсэн ажлаа хангалтгүй гүйцэтгэж, тосгоны захирагч миний удаа дараа тавьсан хууль ёсны шаардлаыг үл биелүүлэх зэргээр төрийн алба хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан тул 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасанаа хуулийн дагуу гаргасан шийдвэр гэж үзэж байна.
Б.С нь ажилд томилогдсон өдрөөс он дуустал үр дүнгийн гурвалсан гэрээг тосгоны захирагч, Эрүүл мэндийн газрын дарга нартай байгуулсан боловч нэг ч удаа ажлаа танилцуулж, тайлагнаж, үр дүнгээ дүгнүүлээгүй ба шаардахад үл биелүүлсэн.
Тосгоны Эрүүл мэндийн төвийн жолооч Мөнх-Аюушийг чөлөөтэй байх хугацаанд албаны автомашиныг нөхөр болох Э.Базаргүрээр зөвшөөрөлгүй жолоодуулж явах үедээ зам тээврийн осол гаргасан ба автомашинд эвдрэл гэмтэл учруулсан боловч одоо болтол засварлаагүй.
Мөн Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй ажлын хариуцлага алдсан тул Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д зааснаар 1 сарын хугацаагаар цалинг 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авч байсан.
Тус тосгоны нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин гарсан тул 2017 сны 6 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот "Эрүүл мэндийн үзлэг, сургалт, мэдээлэл хийх тухай” захирамж гарган ажлын хэсэгт эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч Б.Сэлэнгийг оруулсан боловч уг ажилд оролцоогүй.
Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот “Ээлжийн амралт олгох тухай” захирамжийг гарган амралтын өдрийг тооцон гаргахаар дуудуулсан боловч хуралд оролцоогүй.
Өөрийн эрх мэдлийг ашиглан, Төрийн албаны тухай хууль зөрчиж Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тоот тушаалыг боловсруулан гаргаж өөрөө өөртөө амралт олгох хуваарийг гаргасан.
Захирагчийн ажлын албаны удаа дараагийн хурлаар эрхлэгч Б.С-ийг ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа талаар хэлэлцэж байсан тухай хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа ба хуралд Б.С нь өөрөө оролцсон ба хурлын тэмдэглэлд гарын үсгээ зурсан байгаа болно.
Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.С нь ийнхүү эрхэлсэн ажлаа хангалтгүй гүйцэтгэж, тосгоны захирагч миний удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх зэргээр төрийн алба хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан тул ажлаас чөлөөлөх тухай “Мэдэгдэл”-ийг 2017 оны 07 дугаар сарын 11-ны өдөр хүргүүлсэн.
Захирагчийн ажлын алба, Эрүүл мэндийн төвтэй хамтарсан хурлын үеэр одоогийн эрхлэгч, эмч Д.Батаа нь Б.С-д хандан тушаал бууруулж, эмчлэгч эмчээр ажиллуулах саналыг тавьж захирагчийн ажлын албанаас дэмжсэн боловч Сэлэнгэ нь уг саналыг зөвшөөрөөгүй. Би эрхлэгчийн ажлаа хийнэ. Ажиллуулахгүй бол шүүхэд хандана гээд гарсан гэжээ.
Мөн Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагч Ө.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үр дүнгийн урамшууллын тухайд бол байгууллага хамт олон хурал хийж шийдвэрлэдэг. Үр дүнгийн урамшуулал олгоход жилийн ажлын төлөвлөгөөний буюу гэрээний биелэлтээ өгч дүгнүүлсэн байх шаардлага байдаг. Түүнийгээ батлуулаагүй, хийсэн ажлаа надад тайлагнаж өгсөн зүйл байхгүй. Ээлжийн амралтын тал дээр тосгоны захирагчийн ажлын алба хурал хийж байхад өөрөө дундаас нь гараад хурлаа хийлгүй хаяад явсныгаа мэдэж байгаа байх, сүүлд ажлаа хүлээлгэж өгөхөд мөн бас юм ярилгүй гараад л явсан.
...Манай Тахилгат тосгон малын гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Үүнтэй холбогдуулж гаргасан захирамжаар Сэлэнгээд ажил даалгасан боловч тухайн ажлыг хийж гүйцэтгээгүй.
Миний гаргасан С-г ажлаас халах тухай 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №28 тоот захирамжийн үндэслэл болсон хуулийн заалтуудыг тайлбарлавал Төрийн албаны тухай хуулийг зөрчиж удаа дараа үүрэг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр, Зөрчлийн тухай хууль нь, гамшгийн үед үүрэг болгосон ажлыг биелүүлээгүй зөрчсөн гэсэн үндэслэлээр тус тус хуулийг баримталсан.
Гамшгийн тухай хуульд заагдсан үйл ажиллагааг биелүүлээгүй бол зөрчлийн хуулийн заалтаар зохицуулалт хийнэ гэсэн хуулийн заалт байдаг, түүнийг үндэслээд Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйл заалтыг хэрэглэсэн.
...Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч талын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна.
Тахилгат тосгоны захирагч Ө.З-ын гаргасан Б.С-г ажлаас чөлөөлөх 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №28 тоот захирамжид Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тусгайлан зааж өгсөн. Яагаад энэ заалтыг тусгасан бэ гэвэл байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, цаг ашиглалт муу, үзлэг шалгалт хийж очиход ажлын байрандаа байгаагүй, мөн Төсвийн тухай хуульд заасны дагуу шилэн дансыг хөтлөөгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг хийж гүйцэтгээгүй, удаа дараа зөрчил гаргасан гэсэн үндэслэлүүдээр уг заалтыг баримталсан байдаг. Тухайн үед нь ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулалгүйгээр амаар сануулж хэлсэн. Иймд үр дүнгийн гэрээний урамшуулал авах эрх байхгүй гэж үзэж байна.
...Ө.З дарга анх С-г ажилд авсан байдаг ба С-г удаа дараа ажил албан үүрэгтээ зөрчил гаргаад байхад нь залуу хүн гэдэг утгаар алдааг нь хэлж яриад, амаар сануулга олон удаа өгсөн байдаг.
Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат Б.С-д өмнө нь бас сахилгын арга хэмжээ авсан байдаг ба уг захирамж нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа.
... Ээлжийн амралтын хувьд байгууллага дотроо шийдвэрлэх асуудал. Өөрийн амрах хуваарыг дээд албан тушаалтан болох Тахилгат тосгоны захирагчид хэлсэн удаа байхгүй, хурал хийхэд санал гаргалгүйгээр тэр чигтээ орхин явсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай танилцлаа. Надад ямар нэгэн гаргах тайлбар байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч иргэн Б.С нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчид холбогдуулан “...тус аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 тоот “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, үр дүнгийн гэрээг дүгнэсэн зохих цалингийн урамшуулал болох 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны 1 ба 2 дугаар улирлуудын урамшууллыг нөхөн тооцож олгуулах, ээлжийн амралтын олговрыг тооцож, нөхөн олгуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, мөн 2017 оны 9 дүгээр сарын 01-ээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа буюу ажлын 32 хоногийн, нийт цалин 1.259.991 /нэг сая хоёр зуун тавин есөн мянга есөн зуун ерэн нэгэн/ төгрөг гаргуулах, одоо Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламжийн эмчээр ажиллаж байгаа бөгөөд өмнө эрхэлж байсан албан тушаалаас цалин буурсан тул цалингийн зөрүү 693.361 /зургаан зуун ерэн гурван мянга гурван зуун жаран нэгэн / төгрөг буюу нийт 1.953.352 /нэг сая есөн зуун тавин гурван мянга гурван зуун тавин хоёр/-төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэл шүүхэд гаргасан.
Тухайн нэхэмжлэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна.
Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 тоот захирамжийг мэдсэнээс хойш Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргад, Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тус тус гомдол гаргажээ. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1/1970 тоот хариу албан бичиг гарсаныг хүлээн авсан бөгөөд уг захиргааны актын талаар 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа: “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 тоот “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, үр дүнгийн гэрээг дүгнэсэн боловч гэрээ ёсоор зохих цалингийн урамшууллыг тооцолгүй орхигдуулсан тул 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны 01 ба 02 дугаар улирлуудын урамшууллыг нөхөн тооцож олгуулах, ажилласан хугацааны олгогдоогүй, ээлжийн амралтын олговрыг тооцож, нөхөн олгуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, мөн 2017 оны 9 дүгээр сарын 01-ээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа буюу ажлын 32 хоногийн, нийт цалин 1.259.991 төгрөг /нэг сая хоёр зуун тавин есөн мянга есөн зуун ерэн нэгэн/ төгрөг гаргуулах тухай”[1] гэж тодруулсан ба уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.С- нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн зарим шаардлага болох: 1. Өмнө эрхэлж байсан Хэрлэн сумын Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, 2. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламжийн эмчээр одоо ажиллаж байгаа бөгөөд өмнө эрхэлж байсан албан тушаалаас цалин буурсан тул цалингийн зөрүү 693.361 /зургаан зуун ерэн гурван мянга гурван зуун жаран нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудаасаа тус тус татгалзсаныг дурдах нь зүйтэй.
Шүүх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэгч Б.С- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад тус тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”[2] захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Хууль тогтоомжид зааснаар, төрийн албан хаагч болон хөдөлмөрийн гэрээ, контрактаар ажиллаж байгаа ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлэхдээ, түүнд шийтгэл ногдуулах болсон шалтгаан нөхцөлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргагчид урьдчилан танилцуулах, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангах шаардлага тавигддаг.
Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагч Ө.З нь: Тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтны хувьд нэхэмжлэгч Б.Сэлэнгийг ажлаас чөлөөлөх эрхтэй боловч маргаан бүхий 28 тоот захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан, захиргааны шийдвэр гаргах журмыг баримтлаагүй, “сонсох ажиллагаа”-г хуулийн дагуу явуулаагүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж тус тус зааснаас үзэхэд сонсох ажиллагаа явуулахад тодорхой хугацаа шаардлагатай, уг хугацааг захиргааны байгууллага, албан тушаалтан тогтоож өгсөн байх ёстой байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.3 дахь хэсэгт “сонсох ажиллагаа”-ны мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан хүргүүлж, уг ажиллагааг хэзээ, хаана, ямар арга хэлбэрээр явуулах тухайгаа мэдээлэх ёстой гэж заасан.
Гэтэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагч нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 49 тоот “..ажлаас чөлөөлөх тухай” мэдэгдэл[3] гаргасан боловч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа Б.С-д урьдчилан хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, хуульд заасан холбогдох ажиллагааг хийгээгүй нь, энэ хэргийн оролцогч нарын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбар, нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д зааснаар, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, уг бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэсэн.
Хариуцагч нь хуульд заасан эдгээр үүргээ хэрэгжүүлэлгүй нэхэмжлэгч Б.Сэлэнгийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаснаар захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, ....бодит нөхцөлд тохирсон, ...шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчмуудыг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “...захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан. Хариуцагч нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг гаргахдаа “Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг”[4]-ийг үндэслэл болгожээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т зааснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагч Ө.З нь Төрийн албаны тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “...төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 4.2.6-д “...төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” гэсэн зарчмуудыг хангаж ажиллаагүй бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчийн баталгааг зөрчиж, түүнийг албан тушаалаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Сэлэнгийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэн Ц.Цэнгэлбаатарын тодорхойлолт[5], Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын “Захиргааны зөрчлийг хянан шалгасан тухай материал”[6], Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн 19-22 ХЭА улсын дугаартай УАЗ 469 маркын авто машин хэвийн ажиллаж, тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа тухай тодорхойлолт болон Эрүүл мэндийн төвийн сувилагч жижүүрийн тэмдэглэл[7], мөн гэрчүүдийн мэдүүлэг[8] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 01-ээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа буюу ажлын 32 хоногийн, нийт цалин 1.259.991 /нэг сая хоёр зуун тавин есөн мянга есөн зуун ерэн нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Сэлэнгийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.
3. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчийн үр дүнгийн гурвалсан гэрээ[9]-г 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байгуулжээ. Тухайн гэрээг: Нэг талаас төсвийн ерөнхийлөн захирагч буюу тосгоны захирагч Ө.З, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхмандах, нөгөө талаас төсвийн шууд захирагч буюу Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч Б.С- нар байгуулж гарын үсэг зурж баталгаажуулжээ. Үр дүнгийн гэрээний 5 дахь хэсэгт “...төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд түүнийг урамшуулах асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагч холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тусгажээ. Үр дүнгийн гэрээг 2016 оноос хойш дахин шинэчилэн байгуулаагүй бөгөөд хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримтыг нэхэмжлэгч хариуцагч нар ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.
Иргэн Б.С- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 тоот захирамжтай холбоотой нэхэмжлэл шүүхэд гаргасан.
Гэтэл Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 683 тоот, ... 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 411 тоот, ... 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 465 тоот “...тус тосгоны Эрүүл мэндийн төв нь ...үйл ажиллагаагаа ....В үнэлгээтэй дүгнүүлсэн” тул урамшуулал олгоно уу гэсэн санал[10]-уудыг Тахилгат тосгоны захирагчид хүргүүлж байжээ.
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас, Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн ажлыг дүгнэж, зохих цалингийн урамшуулал олгохыг хүссэн саналууд нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс өмнө буюу ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө болсон асуудал байх бөгөөд нөгөөтэйгүүр гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд түүнийг урамшуулах асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагч холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шийдвэрлэх /эс шийдвэрлэх/ бүрэн эрхтэй ба үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө дээрх цалингийн урамшуулалтай холбоотой асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой байжээ.
Иймээс нэхэмжлэгч Б.Сэлэнгийн “...үр дүнгийн гэрээ ёсоор зохих цалингийн урамшуулал болох 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны 01 ба 02 дугаар улирлуудын урамшууллыг нөхөн тооцож олгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа Д.Батаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн гуравдагч этгээд[11]-ээр татан оролцуулсныг дурдах нь зүйтэй.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагч Ө.З нь “...тус тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч Б.С- эрхэлсэн ажлаа хангалтгүй гүйцэтгэдэг, ...хууль ёсны шаардлагыг үл биелүүлдэг, ...төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа ноцтой зөрчсөн” гэсэн тайлбар[12], Тахилгат тосгоны захирагчийн ажлын албаны хуралдааны тэмдэглэл[13] зэргийг шүүхэд ирүүлсэн боловч үүнийгээ нотолсон, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлээгүй, /цуглаагүй/ хариуцагч нотолж чадахгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.13 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.3, 27.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сэлэнгийн ажилгүй байсан 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны буюу ажлын 32 хоногийн нийт цалин 1.259.991 төгрөг /нэг сая хоёр зуун тавин есөн мянга есөн зуун ерэн нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн албанд даалгасугай.
3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн ажилласан хугацааны олгогдоогүй, ээлжийн амралтын олговорыг тооцож нөхөн олгохыг хариуцагчид даалгасугай.
4. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээ ёсоор зохих цалингийн урамшуулал болох 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны 01 ба 02 дугаар улирлуудын урамшууллыг нөхөн тооцож олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн албанаас 35100 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН
[1] Хавтаст хэргийн 94-р хуудас
[2] Хавтаст хэргийн 23-р хуудас
[3] Хавтаст хэргийн 22-р хуудас
[4] Хавтаст хэргийн 23-р хуудас
[5] Хавтаст хэргийн 43-р хуудас
[6] Хавтаст хрэгийн 45-65-р хуудас
[7] Хавтаст хэргийн 67-75-р хуудас
[8] Хавтаст хэргийн 88-90-р хуудас
[9] Хавтаст хэргийн 7-9-р хуудас
[10] Хавтаст хэргийн 78-81-р хуудас
[11] Хавтаст хэргийн 84-86-р хуудас
[12] Хавтаст хэргийн 20-21-р хуудас
[13] Хавтаст хэргийн 120-131-р хуудас