Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01033

 

С.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар магадлалтай,

С.П-ын нэхэмжлэлтэй,

Ц.Б-д холбогдох,

2.760.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 10 дугаар сард Улаангом сумын 3 дугаар багт баригдаж байсан иргэн С.П-, С.Мөнхбат нарын хамтран барьсан барилгад сангийн материал нийлүүлсэн. Тухайн нийлүүлсэн материалаас 2 давхрын С.П- миний эзэмшлийн хэсэгт нийт 15 ширхэг турк паар нийлүүлсэн. Тухайн паарыг нийлүүлснийхээ дараа шүүхэд хандаж үнэлгээ хийлгэсэн уг үнэлгээгээр 6 ширхэг турк паар 140*50 см паар нэг нь 200.000 төгрөг, бүгд 1.200.000 төгрөг, 7 ширхэг турк паар 100*50 см нэг бүрийн үнэ 180.000 төгрөг,бүгд 1.260.000 төгрөг, 1 ширхэг турк паар 90*50 см нэг бүрийн үнэ 90.000 төгрөг, 1 ширхэг турк паар 90*50 см нэг бүрийн үнэ 70.000 төгрөг, бүгд нийлээд 15 ширхэг паарыг 2.760.000 төгрөгөөр үнэлүүлсэн байгаа. Ц.Б-гийн тухайн барилгад нийлүүлсэн паар нь нэг жил болохгүй хагарч цоорсон бөгөөд 2 жил болоогүй байхад бүх паар нь цоорсон учраас бүгдийг нь солиод өөр паар тавьсан. Ц.Б- ч өөрөө 2016 оны 11 дүгээр сард 3 давхрын өөрийн эзэмшлийн байрныхаа пааруудыг сольсон. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар тухайн барилгад нийлүүлсэн материал, тоног төхөөрөмж нь 3 жил хэвийн ажилласан нөхцөлд цаашид захиалагч этгээд нь хариуцна, 3 жил хүрэхгүй эвдрэлд орсон бол нийлүүлэгч хариуцна гэж заасан байдаг бөгөөд  Ц.Б-гийн нийлүүлсэн 2 давхрын бүх паарууд 2 жил болохгүй хагарч цоорч их хэмжээний ус алдаж барилгын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, эдийн засгийн их хэмжээний хохирол учруулсан учраас нийт 15 ширхэг турк паарны үнэ 2.760.000 төгрөгийг Ц.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Нямсамбуугийн хамт иргэн С.П-, С.Мөнхбат нарын хамтран барьж ашиглалтад оруулсан Улаангом сумын 3-р багт байрлах 16 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийсэн. С.П- нь өөрөө над руу утастаад Баясгалан чи эгчдээ хөрөнгө оруулсаар нь оруулаад өгөөч, гэж гуйсан. С.Мөнхбат нь барилгын материалын дэлгүүрээс материал аваад тооцооных нь хуудсыг манай нөхөр Нямсамбууд өгч, тухай бүрт нь мөнгийг нь шилжүүлж байсан болохоос барилгын материал тэр дундаа нэхэмжлэлд дурдсан турк паарыг бид сонгож авч нийлүүлээгүй. Тухайн үед би С.Мөнхбатыг ямар паар авч байгааг ч мэдээгүй, яг энэ үед би өөрөө Увсад байсан. С.П- бид хоёрын хооронд барилгын материал нийлүүлэх ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, сангийн материалыг бид нийлүүлээгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тухайн 16 айлын орон сууцыг захиалан бариулсан захиалагч этгээд биш бөгөөд барилгыг барих явц дунд С.Мөнхбатын гуйснаар хөрөнгө оруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б-д холбогдох паарны үнэ 2.760.000 /хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.П- нь улсын тэмдэгтийн хураамж 59.110 /тавин есөн мянга нэг зуун арав/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдснийг дурдаж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний бие нөхөр Нямсамбуугийн хамт иргэн С.П-, С.Мөнхбат нарын хамтран барьж ашиглалтад оруулсан Улаангом сумын 3-р багт байрлах 16 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийсэн. С.П- нь өөрөө С.Мөнхбат руу яриад 2 давхрын барилгын материалуудаа захисан. Би С.Мөнхбатыг ямар паар авч байгааг ч мэдээгүй, яг энэ үед би өөрөө Увсад байсан. С.П- бид хоёрын хооронд барилгын материал нийлүүлэх ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, сангийн материалыг бид нийлүүлээгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл би мөн паарны хувьд хохирогч болсон тул паарыг нийлүүлсэн Мөнхбатад "Паар авсан хүндээ нөхцөл байдлыг танилцуулж, энэ паарыг буцаалгах талаар ярьж үзээч, С.П- нэхэмжлэлдээ 15 ширхэг паарыг 2.760.000 төгрөгөөр үнэлүүлсэн байгаа гэж дурдсан. Энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. С.П- нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх ёстой. С.П- бид хоёрын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй. Хэрэв С.П- паарны үнийг нэхэмжлэхээр бол паар худалдаж авсан С.Мөнхбат юмуу эсвэл паар худалдсан худалдагч талаас паарны үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.П-ын “...2.760.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Ц.Б- эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шийдвэрт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх зохицуулалтыг баримталжээ.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...барилгад 15 ш паар нийлүүлсэн, уг паар нэг жил болохгүй хагарч цоорсон тул бүгдийг нь сольсон...” талаар дурдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх, улмаар хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн  гомдлыг хангах боломжгүй тул магадлалд заасан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 59.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                           Г.ЦАГААНЦООЖ