| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01581/и |
| Дугаар | 142/ШШ2016/01486 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2016/01486
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: “Мобиком ХХК”-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-17-52 тоотод оршин суух, Боржигон овгийн Базаррагчаагийн Оюун /ФБ81012768/-д холбогдох
“1 157 179 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 21610537 тоот гэрээ байгуулан 95052828 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iphone 5s 16GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гэр утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдэлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30 000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1 157 179 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Оюун шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Б.Оюун 1-17-52 тоотод оршин суудаг. 95052828 Мобикомын дараа төлбөрт дугаарыг эзэмшдэг. Мобиком ХХК Эрдэнэт дахь салбараас Iphone 5s маркын гар утасыг зээлээр авсан. Үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй байгаа шалтгаан байгаа бөгөөд дээрх бүх төлбөр тооцоог 2016 оны 11 дүгээр сар дотроо бүрэн төлж барагдуулахаа амлаж байна. Миний бие Орхон аймагтаа 15 жил тасралтгүй хувиараа хөдөлмөр эрхлэн явуулж ирсэн бөгөөд 1 жил 8 сарын өмнө ээж маань өвдөн эмчлүүлж байгаад өөд болсон. Мөн 4 сарын өмнө төрсөн дүү маань Улаанбаатар хот 3 дугаар эмнэлэгт буюу удаан хугацаагаар өвдөж өөд болсон учир бид Улаанбаатар хотод байсан юм. 4 сарын өмнө үйл ажиллагаагаа бүрэн зогсоож эмчилгээнд зарцуулах шаардлагатай байсан болохоор уг төлбөрийг төлж барагдуулах боломжгүй байсан юм. Иймд уг нийт төлбөрийг би өөрийн 8 нэрийн зөвшөөрөлтэй 2 дугаар хорооллын 11-р байрны урд байрлах “Food shop” 92м2 талбайтай хүнсний дэлгүүрийг сарын 500 000 төгрөгний түрээстэйгээр 3 жил түрээслэхээр болж эхний 6 сарын мөнгийг бөөнд нь авахаар тохиролцож байгаа бөгөөд түрээслэх сонирхолтой “Сайн” супер маркет нь бараа эргэлтийн хөрөнгийг зээлийг Төрийн банкаар хөөцөлдөж болмогц түрээсийн гэрээ хийхээр болсон. Тиймээс би уг төлбөрийг 11 сардаа багтааж төлхөөр амлалт бичиг үйлдэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком” ХХК нь хариуцагч Б.Оюунаас “1 157 179 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “Мобиком” ХХК-ий нэхэмжилсэн 1 157 179 төгрөгийг хариуцагч Б.Оюун нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 11 дүгээр сардаа багтаан төлнө гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Мобиком” ХХК-ий 1 157 179 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Б.Оюун төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Б.Оюун нь нэхэмжлэгч “Мобиком” ХХК-ий 1 157 179 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 322 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 16161 төгрөг, төрийн сангаас 16161 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мобиком” ХХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА.