Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 0021

 

 

 

 

 

 

   2020          01         03                                        2020/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгч: Ц.А-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.А-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905036741370 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.А-, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.А-нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэн М.С-ийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дүүхээ төвийн гадна зогсоол дээр таксинаас буухдаа суудал дээр орхисон байсан Хуавэй 9 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгаа гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч М.С-ид бага хэмжээнээс дээш буюу 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.А-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө ажилдаа явах гээд 25 дугаар эмийн сангийн арын автобусны зогсоол дээрээс такси бариад хорооллын Дүүхээ төвийн гадна ирж буусан. Тэгээд ажил руугаа ороод гар утсаа хайтал гэнэт таксинд тооцоо хийхдээ суудал дээр нь тавьж байснаа санасан. Тэгээд өөрийнхөө гар утас руу залгахад холбогдохгүй байсан. Миний алдсан гар утас Хуавэй 9 маркийн гар утас. Би гар утсаа 2019 оны 7 дугаар сард 870.000 төгрөгөөр худалдан авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Гэрч Н.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...89826267 дугаарын талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ нөхрөөсөө сүүлд асуухад охин О-т зориулж авсан байсан өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй дугаар гэж надад хэлсэн. Би сүүлд цагдаа дээр нөхөр А-ыг ирэхэд мэдсэн. Хэргийн талаар сайн мэдэхгүй боловч нөхөр А- маань таксинд явж байгаад гар утас олоод тэр утсандаа 89826167 дугаар болон миний нэр дээр бүртгэлтэй 80045542 дугаарыг хийж ашиглаж байсан юм байна лээ. ...мөн надад таксинд явж байгаад гар утас олсон талаар ерөөсөө хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/,

Яллагдагчаар Н.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 09-10 цагийн хооронд өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота Филдер маркийн автомашинтайгаа явж байтал 25 дугаар эмийн сангаас дээшээ хороолол чигтэй өгсөж байтал хүн гар өргөхөөр нь авсан юм. Ингээд уг хүн хорооллын эцсийн Дүүхээ төвийн орчимд бууна гэхээр нь аваад явсан. Ингээд буулгаад эргээд хартал арын суудал дээр хар хөх өнгийн өнгөгүй гэртэй гар утас байхаар нь аваад хартал асаалттай байсан. Тэгээд саяны үйлчлүүлэгч буухдаа үлдээсэн байна гэж мэдээд шууд гар утсыг нь унтраачихсан юм. ...13-14 цагийн орчимд гар утсыг асааж үзтэл ямар нэгэн кодгүй байхаар нь сим картыг нь авч хаяад өөрийнхөө нэр дээрх 89826267 дугаарыг ашигласан. Мөн эхнэр Ариунзаяагийн нэр дээр байдаг боловч би ашигладаг 80045542 дугаарыг хийж ашиглаж би өөрөө хэнд ч мэдэгдэлгүй барьж байгаад гар утсыг цагдаад хураалгаж, хохирогчид эргүүлж хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 51/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 13-14/, хохирогчийн хүсэлт /хх-н 33/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-38, 53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

        Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

        Шүүгдэгч Ц.А-нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэн М.С-ийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дүүхээ төвийн гадна зогсоол дээр таксинаас буухдаа уг автомашины суудал дээр орхисон байсан Хуавэй 9 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгаа гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч М.С-ид бага хэмжээнээс дээш буюу 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэм  буруутай болох нь:

 Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.С-ийн: “...2019 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө ажилдаа явах гээд 25 дугаар эмнийн сангийн арын автобусны зогсоол дээрээс такси бариад хорооллын Дүүхээ төвийн гадна ирж буусан. Тэгээд ажил руугаа ороод гар утсаа хайтал гэнэт таксинд тооцоо хийхдээ суудал дээр нь тавьж байснаа санасан. Тэгээд өөрийнхөө гар утас руу залгахад холбогдохгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, гэрч Н.А-гийн: “...89826267 дугаарын талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ нөхрөөсөө сүүлд асуухад охин О-т зориулж авсан байсан өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй дугаар гэж надад хэлсэн. Би сүүлд цагдаа дээр нөхөр А-ыг ирэхэд мэдсэн. Хэргийн талаар сайн мэдэхгүй боловч нөхөр А- маань таксинд явж байгаад гар утас олоод тэр утсандаа 89826167 дугаар болон миний нэр дээр бүртгэлтэй 80045542 дугаарыг хийж ашиглаж байсан юм байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.А-нь хохирогчийн түүний автомашинд мартаж буусан гар утсыг мэдсээр байж авсан, түүнчлэн өөрөө ашиглах санаа сэдэлт төрөн ашигласан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч М.С- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, гар утсаа буцаан авсан гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 33/ гаргасан тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ц.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А-500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Ц.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвар алдалттай, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.А-ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР