| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01038/и |
| Дугаар | 142/ШШ2016/01499 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2016/01499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 36-3 тоотод оршин суух, Боржигон овгийн Намбарын Эрдэнэцэцэг /ФМ80022547/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 2-2-39 тоотод оршин суух, Боржигон овгийн Ганбатын Амгаланбаатар /ТМ78050311/-д холбогдох,
“Хүүхдийн эцэг тогтоолгож, асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Г.Амгаланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Амгаланбаатар бид хоёр, 1999 онд танилцаад холбоотой байсан. Тухайн үед манай 2-ын гэр хоорондоо ойролцоо байсан учир манайхаар байнга ирдэг байсан. Би 2001 онд жирэмсэн болж 2002 оны 05 сарын 04-нд охин Э.Эмүжин төрсөн. Охиноо төрөхөд эмнэлэг дээр Г.Амгаланбаатар ирж намайг эргэж байсан бөгөөд би тухайн үед охиноо харуулж чадаагүй бөгөөд нилээд хэдэн сарын дараа согтуу ирж байсан. Охин маань 2011 онд өвдөөд байхаар нь би өөрөө Г.Амгаланбаатар дээр очоод охинтойгоо уулзаж өгөөч гэсэн чинь ирж уулзан 40 000 төгрөг өгөөд явсан. Хамгийн сүүлд буюу 2015 оны 03 сарын 08-нд бид хоёулаа Г.Амгаланбаатар утасдаад бид 3 хамт хоолонд орцгоосон. Үүнээс хойш охинтойгоо утсаар ярьдаг байсан бөгөөд сүүлийн үед хоорондоо харьцахаа больсон. Миний охин одоо 13 настай 10 дугаар ангид орох боллоо. Охинд маань өдрөөс өдөрт мөнгөний хэрэгцээ гарч өмсөх хувцас нь ч үнэтэй боллоо. Би ганцаараа ажил хийдэг тул мөнгөний хэрэгцээ их гарах боллоо. Иймд 2002 он 05 сарын 04-ний өдөр төрсөн Э.Эмүжингийн төрсөн эцгээр Г.Амгаланбаатарыг тогтоож охиныг маань насанд хүртэл нь тэжээн тэтгүүлэх тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... нэхэмжлэлийг дэмжиж байна. Шинжээчийн дүгнэлтээр Г.Амгаланбаатар нь Эмүжингийн эцэг мөн гэж гарсан учир нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г.Амгаланбаатар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Н.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Би энэ хүнтэй уулздаг байсан. Гэхдээ жирэмсэн болохоосоо өмнө надад бэлгийн замын өвчин өгч байсан болохоор эцэг тогтоох нарийн шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. 2011 онд уулзаад өгөөч гэхээр нь харах гэж уулзсан юм. 2015 оны 05 сард гар утас аваад өгөөч гээд байхаар нь 200 000 төгрөг шилжүүлсэн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг миний хүүхэд биш гэж үзэж байгаа учраас хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Шинжилгээний хариу миний хүүхэд мөн гэж гарсан учир нэхэмжлэлийг зөвшөөрч байна... гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Эрдэнэцэцэг нь хариуцагч Г.Амгаланбаатарт холбогдуулан “Хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж, тэтгэлэг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Эрдэнэцэцэг, хариуцагч Г.Амгаланбаатар нар нь 1999 оноос үерхэж байгаад тэдний дундаас 2002 оны 05 дугаар сарын 04-нд охин Э.Эмүжин төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Г.Амгаланбаатар нь охин Эмүжинг өөрийн охиноо гэж хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлнө гэж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд Э.Эмүжинг Г.Амгаланбаатарын охин мөн болохыг тогтоож, насанд хүртэл нь эцэг Г.Амгаланбаатараас тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан улсын тэмдэгтийн хураамж болох 26092 төгрөгийг төрийн санд оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2002 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Э.Эмүжингийн эцэг Ганбатын Амгаланбаатар мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2002 оны 05 дугаар сарын 04-нд төрсөн охин Э.Эмүжинг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Амгаланбаатараар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 26 092 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА