Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 388

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Н.Энхболд,

           Шүүгдэгч: Ж.У-, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.У-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005002750412 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.У-, 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, .... тоот регистртэй,

            Шүүгдэгч Ж.У- нь 2019 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далай Ван” аудитын газрын орчим иргэн Л.Н-эзэмшлийн “Canon 60D” загварын зургийн аппарат болон дагалдах хэрэгслийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 5.563.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.У- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Л.Н-мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 04 цагийн үед тус газраас гараад ганцаараа такси бариад гэр рүүгээ модны 2-ын автобусны буудал дээр таксинаасаа буугаад алхаад Далай ван аудитын газрын гадна явж байхад араас үл таних эрэгтэй алхаж ирээд миний барьж явж байсан зургийн аппаратыг авах гээд оролдоод байсан. Би тухайн үед өөрийн барьж байсан зургийн аппаратыг өгөхгүй гэж нилээн оролдсон. Тэгээд нөгөө эрэгтэй манай гэрийн зүг намайг түшиж харанхуй гудамж руу оруулж байгаад миний зургийн аппаратыг булаан авч зугтсан. Би тухайн үед ганцаараа явж байсан учир айгаад араас нь хөөж чадаагүй, гэр рүүгээ ороод маргааш цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр миний төрсөн өдөр болоод найз нарын хамт “Royal house” караокед тэмдэглэж байгаад найз Н-г утсаар дуудсан. Н-00 цаг өнгөрч байхад тус караокед ирээд бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад шөнийн 04 цагийн үед найз Н-харих гээд гараад явсан. Н-гарахдаа Cаnоn гэсэн цүнхтэй аппараттай гар цүнхээ үүрээд гараад таксинд суугаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...рестораны гадна талын хэсэгт хохирогч эмэгтэй харагдаж байх бөгөөд араас нь саарал өнгийн куртиктэй махлагдуу эрэгтэй гүйж ирж түшиж Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 3 дугаар гудамж руу түшин оруулж байгаа дүрс ...үл таних саарал өнгийн эрэгтэй хар өнгийн цүнх мэт эд зүйл бариад гүйж гарч ирж байгаа харагдаж байна” гэжээ. /хх-н 8-11/,

Яллагдагчаар Ж.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 68-70/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогчийн өргөдөл /хх-н 5/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-н 13-15/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 17-18/, эд зүйл хүлээлгэсэн өгсөн тэмдэглэл /хх-н 19/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 34-56/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 76-92, 100/, хохирогчийн хүсэлт /хх-н 107/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.У- нь 2019 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далай Ван” аудитын газрын орчим иргэн Л.Н-эзэмшлийн “Canon 60D” загварын зургийн аппарат болон дагалдах хэрэгслийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 5.563.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Н-: “...таксинаасаа буугаад алхаад Далай ван аудитын газрын гадна явж байхад араас үл таних эрэгтэй алхаж ирээд миний барьж явж байсан зургийн аппаратыг авах гээд оролдоод байсан. Би тухайн үед өөрийн барьж байсан зургийн аппаратыг өгөхгүй гэж нилээн оролдсон. Тэгээд нөгөө эрэгтэй манай гэрийг зүг намайг түшиж харанхуй гудамж руу оруулж байгаад миний зургийн аппаратыг булаан авч зугтсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, гэрч Б.Б-ийн: “...Н-гарахдаа Cаnоn гэсэн цүнхтэй аппараттай гар цүнхээ үүрээд гараад таксинд суугаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.У- нь хохирогчийн барьж явсан зургийн аппаратыг булаан авч 5.563.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Н-нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд зүйлээ буцаан авсан гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 107/ гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ж.У-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.У- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ж.У-т ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.У-т 06 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлт тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.У-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 Иймд шүүхээс шүүгдэгч Ж.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Ж.У-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.У- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.У-ыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У-ыг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.У-т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.У-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР