Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 488

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,  

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Хохирогчийн өмгөөлөгч: Ч.Бярзана,

Гэрч: Ө.У-,

Шүүгдэгч: Б.Б-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905036210098 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, 1986 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, элчит тэргэний техникч мэргэжилтэй, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О-г түлхэж унаган биед нь элэгний I, V, VI, VIII сегментийг хамарсан няцрал, баруун дэлбэнгийн гадаргуу капсул доорх цус хуралт, хэвлийн хөндийд шингэн хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд: “...2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр My пабад 22 цаг өнгөрч байхад очсон. У-, О-, Х- мөн танихгүй 1 залуугийн хамт 4-үүлээ сууж байсан. Намайг орохоос өмнө 1 шил архи уусан байсан. Намайг пабад орсноос хойш 1 шил архи нэмж уусан. Тэгээд бид паб хаах болоод гарсан. Тухайн пабын шатан дээр зогсож байгаад Х-тай маргалдаж байхад О- миний хойноос тэврээд авсан. Тэгэхээр нь намайг нийлж байгаад зодох гэж байна гэж би бодоод өөрөөсөө салгах гээд биеэ баруун тийш огцом эргүүлсэн. Тэгээд О- надаас салсан. Би буцаж Х-тай зууралдаж дуусаад О-г унасан байсныг мэдсэн. Бид О-г босоорой явъя гэж хэлтэл үгүй гээд 103, 102 руу дуудлага өгсөн. Мөн ээж рүүгээ залгаж намайг ирээд аваарай би хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд эхлээд Эргүүлийн машин ирэхэд босохгүй хэвтээд байсан. Дараа нь түргэн тусламж ирэхэд түргэн тусламжийн машинд суугаад явсан. Би хамт явъя гэтэл намайг суулгаж явуулаагүй тул би үлдсэн” гэв.

Гэрч Ө.У- шүүх хуралдаанд: “...2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байсан. Тухайн үед О-, Б-, Х- бид нар байсан. Би 21 цагийн үед очсон. Б-надтай ярьж байгаад араас 22 цагийн үед ирсэн. О-, Х-, Б- нар нийлээн уусан байсан. Б-сүүлд ирсэн болохоор согтолт бага байсан. 00 цагийн үед паб хаагаад бид гарсан. Тэгээд довжоон дээр тарах гээд байж байтал Х-, Б-2 бага зэрэг маргалдаад хоорондоо зодолдсон. Тэгээд О- зодооныг салгах гэж Бат-Эрдэний араас нь бариад авсан. Тэгээд зодооныг салгаж байхад О- довжооноос унасан байсан” гэв.

Хохирогч Б.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны орой 00 цаг болоод сууж байхад паб хаагаад бид нар бүгдээрээ пабаас гарсан. Пабын үүдэнд гараад байж байхад Б-“та нар намайг хаяж өөр тийш явах гэлээ” гэх утгатай зүйл ярьсан бөгөөд би Б-д “үгүй ээ, тийм юм байхгүй” гээд хэлээд зогсож байхад Х- хажуугаас орж ирээд Б-тэй хэрэлдсэн. Гэтэл Б-үгийн зөрүүгүй Х-ыг цохиод авсан. Бат-Эрдэнийг би хойноос нь тэврээд авахад Б-миний гарыг өөрөөсөө салгаад намайг зүүн гараараа 1 удаа цохисон бөгөөд би цохиулаад Мая пабын үүдний шатны бариултай хамт газар унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,

Гэрч Ө.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 21 цагийн үед манай найз О- гэх залуу намайг 10 дугаар хорооллын Мая нэртэй пабад дуудсан. Намайг очиход О-, Х- нар сууж байсан. О-, Х- бид гурав нэг шил архи уугаад сууж байхад Б-22 цаг өнгөрч байхад ирсэн. Бид дөрөв пабад хоёр шил архи уусан. Паб хаах болоод 00 цаг өнгөрч байхад пабаас гараад зогсож байхад Б-, Х- нар хоорондоо маргалдаад зууралдаад зогсож байхад О- салгах гээд Бат-Эрдэнийг татсан чинь Б-, О-г түлхээд О- пабын үүдний шатнаас хажуу тийшээ унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед О-, Б-хоёр маргалдаад дуу нь чангараад байсан бөгөөд пабын үүдэнд Б-намайг цохиж авсан. Цохих үед хажууд байсан О-гийн цээж рүү Б-гараараа түлхэх шиг болсон бөгөөд О- пабын үүдний шатны хажуу руу унасан. Гэтэл Б-намайг цохиод бужигнаж байгаад бид хоёр салаад О- дээр очиход би босож чадахгүй байна эмнэлэг дуудаач гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 47/,

Шинжээчийн 10913 тоот дүгнэлтэд: “...Б.О--н биед элэгний I, V, VI, VIII сегментийг хамарсан няцрал, баруун дэлбэнгийн гадаргуу капсул доорх цус хуралт, баруун талын бөөрний дээд булчирхайд цус хуралт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, баруун талын 5, 6, 7 дугаар хавирганы цуурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-н 21/,

Шинжээч эмч Г.Номинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Элэгний 1, 5, 6, 8 дугаар сегментийг хамарсан няцрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүнд зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 25-31/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 42-43/, хохирлын баримтууд /хх-н 63-65/, хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 66-76/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч нь хохирогчтой ямар нэг байдлаар маргалдаж зодож цохисон зүйл байхгүй, санаатай хүнд гэмтэл учруулаагүй. Эргэлзээтэй нөхцөл байдал байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан гэж үзнэ үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн байцааалтын шат болох шүүх хуралдаанд хууль сануулж авсан хохирогч Б.О-, гэрч Ө.У-, Б.Х- нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогчийг араас нь тэвэрч авах үед нь эргэж хараад түүнийг түлхсэн үйлдэл хийсэн байх ба энэ үйлдлийн улмаас хохирогч пабын хашлага тулан тухайн хашлагатай хамт газар унаж шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтлийг авсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн хохирогчийг түлхэж байгаа үйлдэл нь болгоомжгүй үйлдэл биш бөгөөд хохирогчийг араас тэвэрч авахад нь түлхэсэн идэвхтэй, санаатай үйлдэл байна.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хохирогчид болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан гэдгийг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгчийн хохирогчийг түлхэж байгаа үйлдэл, хохирогчийн газарт унаж гэмтэл авч байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Мөн хэрэгт тухайн болсон нөхцөл байдлыг харуулсан сиди бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон бөгөөд тухайн бичлэгт хохирогч нь шүүгдэгчийг араас нь тэвэрч авч байгаа нөхцөл байдал харагдах боловч хохирогч нь түлхэлтийн улмаас унасан эсэхийг харуулах хэрэгт авч холбогдол бүхий бичлэгийн хэсгийг хассан нөхцөл байдал тогтоогдсон болно.

          Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О-г түлхэж унаган биед нь элэгний I, V, VI, VIII сегментийг хамарсан няцрал, баруун дэлбэнгийн гадаргуу капсул доорх цус хуралт, хэвлийн хөндийд шингэн хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.О-гийн: “...Б-үгийн зөрүүгүй Х-ыг цохиод авсан. Гэтэл Бат-Эрдэнийг би хойноос нь тэврээд авахад Б-миний гарыг өөрөөсөө салгаад намайг зүүн гараараа 1 удаа цохисон бөгөөд би цохиулаад Мая пабын үүдний шатны бариултай хамт газар унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/, гэрч Ө.У-ын: “...Паб хаах болоод 00 цаг өнгөрч байхад пабаас гараад зогсож байхад Б-, Х- нар хоорондоо маргалдаад зууралдаад зогсож байхад О- салгах гээд Бат-Эрдэнийг татсан чинь Б-О-г түлхээд О- пабын үүдний шатнаас хажуу тийшээ унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, гэрч Б.Х-ын: “...Тухайн үед О- Б-хоёр маргалдаад дуу нь чангараад байсан бөгөөд пабын үүдэнд Б-намайг цохиж авсан. Цохих үед хажууд байсан О-гийн цээж рүү Б-гараараа түлхэх шиг болсон бөгөөд О- пабын үүдний шатны хажуу руу унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 47/, шинжээчийн 10913 тоот дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ хохирогч Б.О-г түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-гийн биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүгдэгчээс 12.000.000 төгрөг цувуулж авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт бичгээр шүүхэд ирүүлсэн, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн санал гаргасан тул шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 02 жил 6 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Бат-Эрдэний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой, хохирол нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь тодорхой эрхэлсэн ажилтай, орлоготой байх тул  шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди, улсын яллагчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б-“хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, улсын яллагчийн шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн 2 ширхэг сиди, нийт 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР