Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2016/01542

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум “Дархан ариун тулга” ХХК-д холбогдох

“8 186 675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дархан ариун тулга” ХХК нь Татварын хэлтэст 2293013 тоот регистрийн дугаартайгаар 2000 онд барилгын дуусгах шатны ажил гүйцэтгэх үндсэн ажил эрхлэхээр бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд Татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн байдаг. Татварын улсын байцаагчийн 200015428 тоот актаар “Дархан ариун тулга” ХХК-д холбогдуулан 53 948 959 төгрөгийн зөрчил илэрч 8 186 675.1 төгрөгийн төлбөр хариуцуулсан байдаг юм. Хяналт шалгалтаар илрүүлэн тогтоосон төлбөрийг татвар төлөгч хүлээн зөвшөөрч танилцан гарын үсэг зурж зөвшөөрсөн байдаг бөгөөд өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйл 57.1.2 “хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног”-д өр төлөх хугацааг тодорхойлж өгсөн байдаг. Б.Батсайхан нь хууль биелүүлээгүй байна. Татварын ерөнхий хуульд хугацаандаа төлөгдөөгүй татварын өрийг хураан барагдуулахаар тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх шаардлагатай байдаг бөгөөд хуулийн дагуу мэдэгдэх хуудас гардуулах, харилцах дансыг хаах, албан шаардлага хүргүүлэх, ногдол ашиг, хувьцаанаас өрийг гаргуулах зорилгоор үнэт цаасны газраас лавлагаа авсан, татвар төлөгчийн эд хөрөнгийн лавлагаа авах зэргээр хуульд заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн боловч татварын өр төлбөр өнөөг хүртэл барагдахгүй байна. Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 8 186 675.1 төгрөгийг “Дархан ариун тулга” ХХК захирал Б.Батсайханаас гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжпэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Дархан ариун тулга” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Дархан Ариун Тулга” ХХК нь Татварын хэлтэст 2293013 тоот регистрийн дугаартай барилгын ажил гүйцэтгэх үндсэн ажил эрхлэхээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус компани нь Татварын хэлтсийн шалгалтаар 53 948 959 төгрөгийн зөрчил илэрсэн нь үнэн. Татварын хэлтэс 53 948 959 төгрөгийн зөрчил дээр торгууль, торгуулийн хүү ноогдуулан 8 186 671 төгрөгийн татвар төлүүлэхээр болсон. Татварын хэлтэсээс гаргасан 8 186 671 төгрөгийн татварыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 20-ноос 2017 оны 02 сарын 20-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. “Дархан Ариун Тулга” ХХК-н захирлын ажилтай Б.Батсайхан миний бие 2014-2015 онуудад эрүүл мэндийн шалтгаанаас болж ямар ч ажил үүрэг гүйцэтгэж чадаагүй бөгөөд 2016 оны 04 дүгээр сараас эхлэн “Орхон-Од" ХХК-тай хамтран “Гранд Повер” ХХК-н захиалгаар Уулын Баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн газарт Баяжмал дахин боловсруулах үйлдвэрийн барилгын ажил авч, ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Уг ажлыг 2016 оны 07 дугаар сарын 04-нд 75%-н гүйцэтгэлтэй санхүүгийн саатлаас түр зогссон. Одоо Баяжмал дахин боловсруулах үйлдвэрийн барилгын санхүүжилт нь шийдэгдэж байгаа бөгөөд “Гранд Повер” ХХК нь “Орхон- Од” ХХК, “Дархан Ариун Тулга” ХХК-нд 138 000 000 төгрөгийн санхүүжилт хийж, дараагийн ажил гүйцэтгүүлэхээр гэрээний дагуу тохиролцсон. “Гранд Повер” ХХК нь санхүүжилтийг 2017 оны 01 дүгээр сарын 20-с 2017 оны 02 дугаар сарын 20-ны дотор хийх болсон тул “Дархан Ариун Тулга” ХХК-ны санхүүгийн аргагүй байдлыг харгалзан үзэж татвар төлөх хугацааг 3 сарын хугацаа олгож өгч тусална уу. Татварын хэлтэсээс ноогдуулсан татварын өрийг “Дархан Ариун Тулга” ХХК нь 3 сарын дотор төлж барагдуулах болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч “Дархан ариун тулга” ХХК-ийн захирал Б.Батсайханы тус шүүхэд гаргасан хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Дархан ариун тулга” ХХК-д холбогдуулан “8 186 675 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэсийн нэхэмжилсэн 8 186 675 төгрөгийг хариуцагч “Дархан ариун тулга” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Орхон аймгийн Тавтарын хэлтэсийн 8 186 675 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Дархан ариун тулга” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч “Дархан ариун тулга” ХХК нь нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэсийн 8 186 675 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.4-т зааснаар Орхон аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч "Дархан ариун тулга" ХХК-иас 145 937 төгрөг улсын тэмдэгтийн хураамжаар гаргуулан төрийн санд оруулсугай.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА.