Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 511

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Жаргал,

Шүүгдэгч: Н.Н-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Н-од холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005002790778 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Н-, 1997 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, хувиараа хятад хэлний орчуулга хийдэг, ....тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Н-нь 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цоглог” хотхоны гадна С.М-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Н-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...02 цагийн үед Үүрцайхын гэрээс гэртээ харихаар гараад ...асаалттай машин байхаар нь такси гэж бодоод такси юу, явах уу гэж хэлсэн чинь ...арын суудал дээр сууж байсан эрэгтэй хүн такси биш ээ, пизда минь гэж хэлсэн. Ингээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл арын хаалгаар нэг залуу бууж ирээд намайг заамдаад авсан. Би зөрүүлээд заамдсан. Хэн хэн нь биенийгээ цохиогүй байж байтал намайг түлхээд унагаасан. Тэгээд дээрээс цохиод өшиглөөд байсан. Нөгөө залуучууд нь салгах гээд татаад дийлэхгүй байсан. Намайг зодсон залуу 170 см гаран өндөртэй, туранхай залуу байсан. Би хараад шууд танина, цагдаа дээр баригдаж ирсэний дараа нэрийг нь асуухад Н- гэж байсан. ...Зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлийг Н- гэх залуу гараараа цохиж учруулсан. Хүзүүний зулгаралт гэмтлийг цамцны захаар бооход учирсан. Мөр бугалганд зулгаралт, цус хуралт, баруун ташаанд цус хурсан гэмтэл намайг унагаах үед хатуу цементэн дээр унаж үүссэн гэж үзэж байна. Би толгойн томографик хийлгэхэд 120.000 төгрөг өөрөөсөө гаргасан. Эм авч уусан баримт байхгүй ...эмчилгээний зардалд 200.000 төгрөг нэхэмжилж байна, өөр гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

Гэрч Б.Ү-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...О- бид хоёр цааш гүйгээд Голден парк хотхоны арын туслах зам руу очиход Э- нэг залууг зуурчихсан, хажууд нь нэг эмэгтэй зогсож байсан. Цаана нь 20-30 метрийн зайтай 1 залуу зогсож байсан. Э- намайг цаана байгаа залууг бариарай гэж хэлсэн, би араас нь хөөгөөд гүйцээгүй. Эргэж ирээд Э-гөөс юу болсныг асуухад би ингээд зодуулчихлаа гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн... Манай найз Э-гийн зүүн зовхи хавдаж хөхөрсөн, хамраас нь цус гарсан, үс хувцас нь шороо болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Шинжээчийн 1295 тоот дүгнэлтэд: “...С.М-гийн биед зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун шуу, мөр, бугалганд зулгаралт, цус хуралт, баруун ташаанд цус хуралт, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 31-32/,

Яллагдагчаар Н.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Э-гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 45/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 49-70/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Н.Н-нь 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цоглог” хотхоны гадна С.М-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.М-гийн: “...Хэн хэн нь биенийгээ цохиогүй байж байтал намайг түлхээд унагаасан. Тэгээд дээрээс цохиод өшиглөөд байсан. Нөгөө залуучууд нь салгах гээд татаад дийлэхгүй байсан. Намайг зодсон залуу 170 см гаран өндөртэй, туранхай залуу байсан. Би хараад шууд танина, цагдаа дээр баригдаж ирсэний дараа нэрийг нь асуухад Н- гэж байсан. ...Зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлийг Н- гэх залуу гараараа цохиж учруулсан. Хүзүүний зулгаралт гэмтлийг цамцны захаар бооход учирсан. Мөр бугалганд зулгаралт, цус хуралт, баруун ташаанд цус хурсан гэмтэл намайг унагаах үед хатуу цементэн дээр унаж үүссэн гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, гэрч Б.Ү-ын: “...О- бид хоёр цааш гүйгээд Голден парк хотхоны арын туслах зам руу очиход Э- нэг залууг зуурчихсан, хажууд нь нэг эмэгтэй зогсож байсан. ...Э-гөөс юу болсныг асуухад би ингээд зодуулчихлаа гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн... Манай найз Э-гийн зүүн зовхи хавдаж хөхөрсөн, хамраас нь цус гарсан, үс хувцас нь шороо болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/ шинжээчийн 1295 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Н-нь согтуурсан үедээ хохирогчтой маргалдаж улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Н-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР