Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2016/01546

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Жаргалант сум Улаан толгой баг төмөр замын 3-1 тоотод оршин суух, Цөөхүүл овгийн Адъяагийн Эрдэнэбат /ФВ68031111/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Жаргалант сум Улаан толгой баг төмөр замын 3-1 тоотод оршин суух, Нохой тавагт овгийн Мөнхбаатарын Адилбиш /ФВ73070500/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7-69 тоотод оршин суух, Алаг адуут овгийн Самбуудоржийн Жамбажав /УЖ70081804/-д

Хариуцагч: Улаанбаатар хот “Ченя” ХХК-д холбогдох

“5 900 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Эрдэнэбат, М.Адилбиш, хариуцагч С.Жамбажав, Б.Чинзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат, М.Адилбиш нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 13 дугаар хороололд байрлах Япон улсруу гэрээгээр ажилтан гаргадаг гэх Б.Чинзоригт, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэн бүст баг 5-7 байрлах “ТАКИ” сургалтын төвийн захирал С.Жамбажав нартай өөрийн хүү болох Элбэгзаяаг 2014 оны 06 сараас ТАКИ сургалтын төвд сургаж, 2015 онд Япон улсруу явуулахаар 2015 оны 04 сарын 06-ний өдөр С.Жамбажвын Данс болох Хаан банк 5021336871 тоот дансанд 400 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Чинзоригттой утсаар яриад 2015 оны 01 сарын 30-нд Хаан банк 5021141464 тоот дансанд 7 500 000 төгрөг шилжүүл гэсний дагуу уг мөнгийг шилжүүлсэн. Үүнээс хойш Япон руу явуулна гэж худлаа ярьж өдийг хүрч манай гэр бүлийг эдийн засгийн болон сэтгэл санааны дарамтанд оруулж залилан хийсэн гэж үзэж байна. Жамбажав захиралтай ярихад Чинзоригтойгоо ярина биз надад хамаагүй гэж уурлан үл тоомсорлодог. Мөн Чинзоригтой удаа дараа утсаар ярьж Улаанбаатар хотод очиж уулзахад удахгүй явуулна гэдэг. Тэгвэл мөнгөө авъя гэхэд надад мөнгө байхгүй Японоос мөнгө ирэх ёстой гэдэг. 2016 оны 08 сарын 03-нд 1.000.000 төгрөг, 2016 оны 9 сарын 02-нд 1.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг өгөхгүй байгаа учир нэхэмжлэл гаргаж байна. Хүү Элбэгзаяа нь сургуульгүй, ажилгуй, цэрэгт явж болдоггүй. Амьдарлаар нь 2 жил гаруй хохироож байгаа учир гомдолтой байна. Уг 7 500 000 төгрөгийг банкны зээлээр авсан. Одоог хүртэл төлж байгаа. Иймд Жамбажав, Чинзоригт нараас 5 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Жамбажав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.Жамбажав нь “ТАКИ” ХХК Япон хэлний сургалтын төвийн захирлаар 2013 оны элхэн ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд манай төв Япон улс руу гэрээний дадлагажигч 56 хүн сургуульд явсан оюутны тоо 65 болоод байна. Энэ Элбэгзаяа нь манай дээр эхэлж бүртгүүлж ирж сууж байсан үе бол 2014 оны 06 сар боловч тэр үед 11 дүгээр ангийн сурагч байсан. Сургуулиа төгсөөд 1 жил буюу 19 нас хүрч байж Япон улсад гэрээний дадлагажигчаар явах эрх үүсдэг. Тухайн үед энэ нэхэмжлэх гаргаад байгаа аав нь А.Эрдэнэбат эхнэр М.Адилбиш 2-т явцыг нь танилцуулж байсан. Элбэгзаяа бол өөрөө хичээлд идэвхигүй юм заагаад цээжлэхгүй хичээл таслана, их чөлөө авна хичээлийн идэвхи сул байдаг байсан. Хичээлд 6 сар л төлбөр төлсөн. 1 жил бүтэн заахад 6 сар үнэгүй зааж байсан. Гэвч бид 3-н удаа шалгаруултанд тэнцүүлж байхад 1 удаа л өөрөө ирсэн боловч Япон хэл сул тэнцээгүй. 2 удаагийн шалгаруулалтанд хөдөө ажилтай гээд ирээгүй. Гэвч бид “Чена” ХХК-ий захиралд удаа дараа хүсэлт гаргасны үндсэн дээр би өөрөө хувиараа гуйж явуулж өгье гэж мөнгийг нь данс руу шилжүүлж байсан нь үнэн болно. Бид энэ хүүхдийн Япон улс руу явуулах тал дээр бичиг баримтыг орчуулга хийдэг blue oshin сургалтын төвд орчуулгын мөнгийг тухайн үед нь шууд бэлнээр нь өгч байсан юм. Энэ компани нь 2 удаа орчуулга хийж өгч байсныг 3 байгууллага бүгд мэдэж байгаа. Энэ талын тухай 2016.10.14-нд очиж уулзахад орчуулга хийгдсэн материалыг олж өгье. Хэрэв хэцүү байгаа асуудалтай бол мөнгийг нь гаргуулж өгье гэж хэлсэн. Чена компанийн захиралд энэ байдлыг хэлж зургийг нь явуулсан байгаа. 2 000 000 төгрөг төлсөн одоо 5 500 000 төгрөгийг итгэлцлийн гэрээ хийвэл төлнө гэжээ.

Хариуцагч “Чена” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь Япон улс руу албан ёсоор дадлагажигч, ажиллах хүч илгээдэг бөгөөд нийт 100 гаруй дадлагажигч, Эрдэнэ хотоос 20 гаруй дадлагажигчийг Япон улс руу илгээж, тэдгээрийн аж амьдрал, боломж бололцоог дээшлүүлэн ажиллаж байгаа билээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ямарваа нэгэн асуудал үүсч байгаагүй боловч дадлагажигч Эрдэнэбат овогтой Элбэгзаяа нь сонгон шалгаруулалтад тэнцэн, Япон улс руу явах бэлтгэлээ хангаж байтал Япон талыг хариуцсан менежер осолд орж, Япон улс руу явах нь түр хойшлогдсон. Бид дахин материал бичиг баримтын бүрдүүлэлт хийж Элбэгзаяаг өөр компани руу явуулахаар бэлэн болсон байтал Элбэгзаяа өөрийн хүсэлтээр Япан улс руу явахаа болилоо гаргасан нийт мөнгөө авъя хэмээн биднээс нэхэмжилсэн. Энэ нөхцөл байдлыг Япан талд тайлбарлан хэлэхэд Япон талаас гаргасан зардал мөнгө болон материал бичиг баримтын бүрдүүлэлт зэргийг бэлэн болгосон байхад татгалзсна нь нэхэмжилсэн мөнгиг хурдан буцаан олгоход хүндрэлтэй байна. 2017 оны 05 дугаар сар гэхэд нэхэмжилсэн мөнгийг хурдан буцаан олгоно. Мөн цаашид Монгол дадлагажигч авахгүй итгэл алдлаа гэсэн хариу бидэнд өгсөн. Компанийн зүгээс Элбэгзаяад өөрсдийн бололцоогоороо 2016 оны 08 болон 9 дүгээр саруудад нийт 2 000 000 төгрөг төлсөн ба үлдсэн мөнгөн дүнг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор барагдуулах тайлбар хүргүүлж байгааг хүлээн авч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат, М.Адилбиш нь хариуцагч С.Жамбажав, “Чэна” ХХК, захирал Б.Чинзоригтод холбогдуулан “5 900 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Чэна” ХХК, захирал Б.Чинзоригт нь нэхэмжлэлийн шаардлага 5 900 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаан дээр хариуцагч С.Жамбажаваас татгалзсан болно.

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат, М.Адилбиш нар нь “Чэна” ХХК-ийн захирал Б.Чинзоригттой  ярилцаад хүүхдээ Япон улсруу явуулахаар 2015 оны 01 сарын 30-нд Хаан банк 5021141464 тоот Б.Чинзоригтын дансанд 7 500 000 төгрөг, 400 000 төгрөг шилжүүлсэн /өгсөн/, мөн Б.Чинзоригт нь нэхэмжлэгч нарт 2 000 000 төгрөгийг буцаан өгсөн талаар талууд маргаагүй зөвшөөрсөн.

Одоо нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 5 900 000 төгрөгийг хариуцагч “Чэна” ХХК, захирал Б.Чинзоригт төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч, нэхэмжлэгч нар буцаан төлөх хугацааг зөвшөөрөөгүй тул хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110 950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан С.Жамбажав, “Чена ХХК”-аас 5 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Эрдэнэбат, М.Адилбиш нарт олгосугай.

2. Нэхэмжлэгч нар нь, хариуцагч С.Жамбажаваас татгалзсан болохыг дурьдсугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 110 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА