Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 512

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч: Т.Г-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Г-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005009910646 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Г-, 1986 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын татах хэсэгт түлш дамжуулах цехэд түгээгч, ачигч ажилтай, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Г-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 03 цагаас 05 цаг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 51 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Ч-ийг “эрэгтэй хүн байна, чи трансжендэр юм байна, чам шиг юм амьдрах эрхгүй” гэж түүний бэлгийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн хутга тулган “архи уу, хувцсаа тайл” гэх зэргээр шаардаж, толгой, нүүр рүү нь цохих, өшиглөх болон хутгаар хатгаж зүсэх зэргээр “баруун гарын сарвуу, зүүн гарын бугалга, хамрын хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхи, дээд, доод уруулын цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Г-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн орчимд фэйсбүүкээр танилцсан залуу болох П-тэй циркийн ойролцоо уулзсан. Уулзаад бид хоёр жоохон юм ярьж байтал П- надад манай ах гэртээ ганцаараа байгаа хоёулаа тэнд очиж уух уу гэсэн. Тэгэхээр нь би  тэгье гээд 10 дугаар хороололд П-ийн ахынх нь гэх айлд очсон. Бид хоёрыг очиход гэрийн эзэн нь гээд нэг ах байсан. Бид хоёр очоод гэрийн эзэн нь гэх Г-ахтай архи уусан. П- архи уугаагүй. Архи ууж байгаад би нилээн согтоод жоохон унтъя гээд тэр айлын том өрөөний буйдан дээр унтсан. Унтаж байгаад сэртэл П- байхгүй байсан. Г-ах өөр нэг залуутай байсан. Тэгээд би юу билээ гээд гайхаад харилаа гээд тэр айлаас гарсан. Гараад орцны шатаар бууж байтал Г-араас ирээд үснээс зулгаагаад гэр рүүгээ буцааж оруулсан. Намайг гэртээ оруулаад архи уу гэж шахсан. Би уухгүй гэр рүүгээ харимаар байна гэтэл гал тогооныхоо өрөөний шургуулагнаас хутга гаргаж ирээд хойлоон дээр тулгаад уу гэсэн. Би тэр архийг нь уусан чинь миний нүүр рүү гараараа нилээн хэдэн удаа цохисон. Тэгээд хутганы ишээрээ миний толгой руу цохисон. Би толгой руугаа цохиулаад ухаан алдсан, ухаан алдаж унаад сэртэл Г-намайг хувцсаа тайл гээд хутга тулгахаар нь би хувцсаа тайлсан. Тэгтэл нөгөө хутгаараа миний анусыг зүссэн. Мөн ...миний баруун гарыг, зүүн гарын булчинг зүссэн. Намайг хувцсаа тайлсны дараа Г-чи трансжендэр юм байна гэж хэлээд миний нүүр рүү өшиглөөд “чам шиг юм амьдрах эрхгүй” гэж зодсон. Надаас цус гараад байхаар нь Г-намайг гэрийнхээ угаалгын өрөө рүү дагуулж ороод ванн руу ор гэж хэлээд намайг ванн-д оруулж усаар шүршиж миний цусыг арилгасан. Тэгээд би угаалгын өрөөнөөс гарч ирсэний дараа намайг архиар шахсан. Би уухгүй гэтэл миний нүд, ам, хамар руу Г-цохисон. Тэгээд намайг зодож байгаад үүрээр гэрээс гаръя гээд хаалгаа онгойлгосон. Энэ үед би түрүүлээд гэрээс нь гарч зугтаасан. ...Миний биед учирсан гэмтлийг Г-гэх залуу учруулсан. ...Тэр айлд архи уух гэж очсон надад ямар нэг санаа зорилго байгаагүй, би трансжендер хүмүүс шиг биеэ үнэлдэг хүн биш. Тэр хүнд хэлсэн, би гадаад төрх маань эмэгтэй боловч эрэгтэй хүн гэдгээ хэлсэн. Надтай бэлгийн харьцаанд орох боломжгүй гэж хэлсэн чинь намайг зодсон. ...Г-гэх хүн надад бэлнээр 1.000.000 төгрөг, дансаар 500.000 төгрөг эмчилгээ хийлгээрэй гэж өгсөн. Би Г-гэж хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 22-25/,

Гэрч О.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр буюу 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цагийн орчимд хамт ажилладаг Г- ах залгаад Багануур юм явуулах гэж байна гараад ир гэсэн. Би гэрээсээ гараад Г- ах руу залгасан чинь манайд Төгөлдөр бид хоёр байна хүрээд ир замаараа ганц юм аваад ир гэсэн. Тэгэхээр нь архи авалгүй шууд Г- ахын гэрийн гадаа очиход Г- ах гараад ирсэн. Г- ах бид хоёр бичил хороолол орж шагийн архи зардаг хүнээс 1 шил Соёрхол архи аваад буцаж ирээд Г- ахын гэрт орсон. Г- ахын гэрт ороход Төгөлдөр сэрүүн байсан. Нэг эмэгтэй хүн буйдан дээр хэвтэж байсан. Тэгтэл Төгөлдөр би харилаа гээд зөрөөд гараад явсан. Намайг ороход тэр хэд 2 шил архи уусан байсан. Тэгээд шинээр авсан архиа задлаад Г- ах нөгөө орон дээр унтаж байсан хүүхнээ босгож ирээд надтай танилцсан нөгөө эмэгтэй нь өөрийгөө М- гэж байсан. Бид гурав авсан архиа уусан. Би тэр архинаас 3 удаа уусан үлдсэнийг нь М-, Г- ах хоёр уусан. Архи ууж байхад М- ойр ойрхон 00 орж гараад байсан. Г- ах М-тай секс хийнэ гэхэд тэр эмэгтэй өөрийгөө би эрэгтэй гээд байсан. Тэгээд М- Г- ахын гэрээс гараад зугатаасан. Тэгсэн чинь Г- ах араас нь үсдээд оруулаад ирсэн. Тэгээд гэртээ оруулж ирээд том өрөөний буйдангийн хажууд авчраад нүүр рүү нь 2, 3 удаа цохисон. Тэгтэл М-гийн хамарнаас цус гоожсон. Тэгэхээр нь би 00 өрөө орж 00-н цаас авчирч М-д өгсөн .Тэгтэл Г- ах М-г хажуунаас татаад орон дээр хэвтүүлээд цээжийн бие хэсэг рүү нь цохиж зодож байснаа гал тогооны шүүгээнээсээ хар иштэй хутга гаргаж ирээд хутганыхаа иргүй талаар нь М-гийн гар, толгой руу нь цохиж байсан. Тэгээд цохиж байхдаа хутгаараа М-гийн баруун гарыг зүссэн, дараа нь хутгаараа нурууг нь зүссэн .Тэгэхээр нь би Г- ахаас хутгыг нь аваад буцаагаад анх хутга байсан шургуулганд хийсэн. Тэгээд М- 00-н өрөө ороод цусаа угаасан, цусаа угаачихаад 00-с М- гарч ирэхэд Г- ах хөргөгчнөөсөө 1 шил 0.5 литрийн Соёрхол архи гаргаж ирсэн. Тэр гаргаж ирсэн 0.5 литрийн архийг би хундаглаад М-, Г- ах хоёр уусан. Архи ууж байхдаа Г- ах М-гийн бие болон нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгсэнээ Г- ах нөгөө хутгаа гаргаж ирээд иргүй талаар нь М-гийн толгой болон гар, гарынх нь хуруу руу цохиод байсан. Тэгэхээр нь би Г- ахаас хутгыг нь аваад арай өөр шургуулганд хутгыг нь хийсэн. Тэгээд байж байгаад би Г- ахын хүүхдүүд сэрчихэж магадгүй гэж бодоод хүүхдүүдийнх нь өрөө рүү орж харчихаад гараад иртэл Г- ах М-гийн гар, хөл рүү нь хэд хэдэн удаа цохисон. Энэ үед цаг 06 цаг өнгөрч байхаар нь би явъя Г- ахаа гээд М-г хувцсаа өмс гэж хэлсэн. Тэгээд Г- ах гэрээ онгойлгосон. М- хувцсаа дутуу өмссөн байсан. Г- ах, М- бид гурав хамт гэрээс нь гарсан. М-, Г- ах хоёр миний урд шатаар уруудаад бууж байхаар нь би Г- ахыг араас нь татаад аваад үлдсэн. Тэгээд Маралмаа чигээрээ доошоо хурдан хурдан алхаад яваад өгсөн. М-г явсны дараа би Г- ахыг гэрт нь оруулж буйдан дээр нь унтуулчихаад яваад өгсөн. М- гэх хүнийг би огт цохиж зодоогүй, тэр нилээн согтуу байсан. Г- ахын гэрт орон дээр хэвтэж байсан. Г-ах нилээн согтуу байсан. Маш их архи уусан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Шинжээчийн 3262 тоот дүгнэлтэд: “...Б.Ч-ийн биед баруун гарын сарвуу, зүүн бугалга, хамрын хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхи, дээд, доод уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гарын сарвууны шархнаас үүссэн шөрмөсний гэмтэл учирсан эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 36-37/,

Яллагдагчаар Т.Ган-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр орой гэртээ байж байтал хуурай дүү Төгөлдөр, М- гэх хүнтэй хамт ирсэн. М- /Чинзориг/, Төгөлдөр хоёр ирсэний дараа М- /Чинзориг/ бид хоёр архи уусан. Төгөлдөр харин архи уугаагүй. ...орой болсон учир унтахаар болоод би М-гийн өмдийг тайлтал боов гараад ирсэн. Би М-г эрэгтэй хүн байна гэж бодоод уур хүрээд нүүр рүү нь цохисон. Тэгээд нэг мэдсэн өглөө болоход би ухаан орсон. Манай гэрийн шал цус болсон байсан. ...Төгөлдөр та тэр М-г зодож хутгалсан гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 62-63/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-9/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10/, эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол /хх-н 17/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 66-76/, хохирогчийн хүсэлт /хх-н 82/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 84/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Т.Г-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 03 цагаас 05 цаг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 51 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Ч-ийг “эрэгтэй хүн байна, чи трансжендэр юм байна, чам шиг юм амьдрах эрхгүй” гэж түүний бэлгийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн хутга тулган “архи уу, хувцсаа тайл” гэх зэргээр шаардаж, толгой, нүүр рүү нь цохих, өшиглөх болон хутгаар хатгаж зүсэх зэргээр “баруун гарын сарвуу, зүүн гарын бугалга, хамрын хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхи, дээд, доод уруулын цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Ч-ийн: “...тэр айлаас гарсан. Гараад орцны шатаар бууж байтал Г-араас ирээд үснээс зулгаагаад гэр рүүгээ буцааж оруулсан. Намайг гэртээ оруулаад архи уу гэж шахсан. Би уухгүй гэр рүүгээ харимаар байна гэтэл гал тогооныхоо өрөөний шургуулагнаас хутга гаргаж ирээд хойлоон дээр тулгаад уу гэсэн. Би тэр архийг нь уусан чинь миний нүүр рүү гараараа нилээн хэдэн удаа цохисон. Тэгээд хутганы ишээрээ миний толгой руу цохисон. Би толгой руугаа цохиулаад ухаан алдсан, ухаан алдаж унаад сэртэл Г-намайг хувцсаа тайл гээд хутга тулгахаар нь би хувцсаа тайлсан....миний баруун гарыг, зүүн гарын булчинг зүссэн. Намайг хувцсаа тайлсны дараа Г-чи трансжендэр юм байна гэж хэлээд миний нүүр рүү өшиглөөд “чам шиг юм амьдрах эрхгүй” гэж зодсон. Надаас цус гараад байхаар нь Г-намайг гэрийнхээ угаалгын өрөө рүү дагуулж ороод ванн руу ор гэж хэлээд намайг ваннанд оруулж усаар шүршиж миний цусыг арилгасан. Тэгээд би угаалгын өрөөнөөс гарч ирсэний дараа намайг архиар шахсан. Би уухгүй гэтэл миний нүд, ам, хамар руу Г-цохисон. Тэгээд намайг зодож байгаад үүрээр гэрээс гаръя гээд хаалгаа онгойлгосон. Энэ үед би түрүүлээд гэрээс нь гарч зугтаасан. ...Миний биед учирсан гэмтлийг Г-гэх залуу учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22-25/, гэрч О.О-ын: “...Г- ах М-тай секс хийнэ гэхэд тэр эмэгтэй өөрийгөө би эрэгтэй гээд байсан. Тэгээд М- Г- ахын гэрээс гараад зугатаасан. Тэгсэн чинь Г- ах араас нь үсдээд оруулаад ирсэн. Тэгээд гэртээ оруулж ирээд том өрөөний буйдангийн хажууд авчраад нүүр рүү нь 2, 3 удаа цохисон. Тэгтэл М-гийн хамарнаас цус гоожсон. Тэгэхээр нь би 00 өрөө орж 00-н цаас авчирч М-д өгсөн. Тэгтэл Г- ах М-г хажуунаас татаад орон дээр хэвтүүлээд цээжин бие хэсэг рүү нь цохиж зодож байснаа гал тогооны шүүгээнээсээ хар иштэй хутга гаргаж ирээд хутганыхаа иргүй талаар нь М-гийн гар, толгой руу нь цохиж байсан. Тэгээд цохиж байхдаа хутгаараа М-гийн баруун гарыг зүссэн, дараа нь хутгаараа нурууг нь зүссэн .Тэгэхээр нь би Г- ахаас хутгыг нь аваад буцаагаад анх хутга байсан шургуулганд хийсэн. ...Г- ах М-гийн бие болон нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгсэнээ Г- ах нөгөө хутгаа гаргаж ирээд иргүй талаар нь М-гийн толгой болон гар, гарынх нь хуруу руу цохиод байсан...Г- ах М-гийн гар, хөл рүү нь хэд хэдэн удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/, шинжээчийн 3262 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Ган-Эрдэний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бэлгийн чиг баримжаагаар нь үзэн ядаж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Г-нь согтуурсан үедээ хохирогчийг эрэгтэй юм байна гэх шалтгаанаар цохиж зодон, хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 1.500.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 82/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Т.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бэлгийн чиг баримжаагаар нь үзэн ядаж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ган-Эрдэнийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, 23 см урттай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР