Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Баясгалан |
Хэргийн индекс | 127/2017/0013/З |
Дугаар | 06 |
Огноо | 2018-03-03 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2017/0013/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Пегматит майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох
“... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” тогтоолын 1 дэх хэсгийн хавсралтад заасан Улсын тусгай хамгаалалтад авах “Гутайн” орчмын газрын Батширээт, Биндэр сумын хэсгийн зураглалаас “Пегматит майнинг” ХХК-ний лицензит талбайн 779.32 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Пегматит майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Д.С, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Пегматит майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Пегматит майнинг” ХХК нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших “Шургадагийн гол” нэртэй газарт 779,32 га талбай бүхий МV-019023 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газрыг зохих хууль журмын дагуу судалгаа шинжилгээний ажлыг хийж, тус ордыг ашиглахад шаардлага бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрлүүдийг бүрэн авсан.
Гэтэл Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 03 тоот “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах саналыг уламжлах тухай” тогтоол гаргаж, манай компаний тусгай зөвшөөрлийг хамарсан лицензит талбайг улсын тусгай хамгаалалтанд авахуулах шийдвэр гаргасан нь компаний хууль ёсны эрх ашиг, сонирхолыг ноцтойгоор зөрчиж байна.
“Пегматит майнинг” ХХК нь Монгол улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 235 тоот “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 3 дугаар зүйлийн 3.4-д: “Далд уурхайгаар олборлох нөөц нь ойн сан бүхий газрын доор, газрын доорх усны нөөц бүхий давхаргаас дээш орших, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, усны нөөцийн дүгнэлтээр баталгаажсан бол тухайн хэсэгт олборлолт явуулж болно” гэсэн заалтыг зөрчөөгүй. Мөн бусад компаниудаас далд уурхайгаар олборлолт явуулдгаараа ялгаатай.
Манай компаний лицензит талбай нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын газар нутгийн хамардаг бөгөөд 2015 онд Хэнтий аймгийн Биндэр сумын газар нутагт хамаарах 403.26 га талбайг МV-019023 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөс хасуулахын тулд Биндэр сумаас тодорхойлолт заавал гаргуулах шаардлага гарсан тул 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 2015/33, 2015/34 албан бичгээр Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагч нарт хандсан боловч бичгээр албан ёсоор өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Албан бусаар манай сумын газар нутгаас тус талбайг хасуулахыг зөвшөөрөхгүй гэж хэлж байсан.
Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий актыг гаргахдаа мөрдөж баримтлах хууль журмыг зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа” гэжээ.
Нэхэмжлэгч “Пегматит майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нэргүй овогтой Баатарням “Пегматит майнинг” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай компани Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт “Шургадагийн гол” гэх газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авч, төсөл хэрэгжүүлж ажиллаж байгаа юм. Энэхүү төсөл 2004 оноос эхэлж өнөөдрийг хүртэл 14 жил үргэлжилж байна. Төсөл хэрэгжиж байгаа газрыг хамруулан Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” тогтоол гаргасан. Энэ тогтоол нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна гэж үзээд, бид шүүхэд гомдол гаргасан юм. Гомдлынхоо үндэслэлийг тайлбарлахад: Нэгдүгээрт, маргаан бүхий тогтоолыг анх гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчиж, сонсгол хийхгүйгээр захиргааны акт гаргасан байна. Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох заалтуудыг хэрэгжүүлж сонсох ажиллагаа хийсэн бол бид өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад, маргаад явахгүй байсан. Маргаан бүхий тогтоолыг гаргахдаа аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулсан танилцуулгад үндэслэж шийдвэр гаргасан байсан. Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Гутайн даваанд уул уурхайгаар байгаль орчинд үүсч болзошгүй сөрөг нөлөөлөл гэсэн танилцуулгад үндэслэж тогтоол гаргасан байдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг Байгаль орчны яам, шинжээч хийж баталгаажуулж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл олгогдсон мэргэжлийн байгууллага хийдэг юм. Гэтэл тухайн дүгнэлтийг хийсэн хүн нь мэргэжилтэн юм уу, байгаль орчны шинжээч юм уу гэдэг нь тодорхой бус байсан. Энэ танилцуулгад: “...хянасан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Дархантөр, мэдээлэл нэгтгэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Мөнх-Эрдэнэ” гэж 2 хүний гарын үсэг байгаа юм. Үүгээр “Гутайн даваа орчимд үүсч болзошгүй сөрөг нөлөөлөл” гэж тогтоосон. Мэргэжилтэн сөрөг нөлөөллийг тогтоосон, баталсан, баталгаажуулсан гэж үзэж байна.
Хэрэв Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бидэнд энэ асуудлыг урьдчилан хэлсэн бол бид Тэргүүлэгчдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг танилцуулах байсан. Бид тухайн газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлээд, байгаль орчны яамаар дүгнэлтийг хянуулаад, байгаль орчны ерөнхий шинжээчээр батлуулсан. Анх хайгуулын ажлыг 2012 онд хийж дуусаад, эрдэс баялагийн зөвлөлд нөөцөө тогтоолгоод нарийвчилсан үнэлгээг хийлгэж батлуулсан. 2017 онд өмнө нь хийлгэсэн нарийвчилсан үнэлгээгээ дахиж тодотгож дүгнэлт хийлгэсэн юм. Хэрэв хуулийн дагуу бидэнд сонсох ажиллагаа хийсэн бол бид тэдгээр зузаан хавтас бүхий танилцуулгийг хариуцагч талд өгч тайлбар хийх байсан. Мэдээж байгаль орчинд үйл ажиллагаа явуулж байгаа учраас тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж л таараа. Гэхдээ энэ сөрөг нөлөөлөл, яаж, юунаас үүсэхийг, түүнийг яаж шийдвэрлэхийг тооцоолсон. Жишээ нь манай компанийн 5 жил хэрэгжих гэж байгаа төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнээс гадна, байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж тусдаа төлөвлөгөө гарсан байгаа. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд ийм зүйлийг, ийм аргачлалаар явуулна гээд, мөн зардлыг нь тооцож гаргасан. 5 жилийн хугацаанд 1 тэрбум, 100 сая төгрөгийг зөвхөн байгаль орчны нөхөн сэргээлтэнд зарцуулна гэж төсөв батлагдсан. Ойролцоогоор 1 жилд 200 орчим сая төгрөгөөр зөвхөн байгаль орчинд нөхөн сэргээлт хийх зардал гарсан байгаа юм. Энэ зардлыг зөвхөн байгаль орчны нөхөн сэргээлтэнд ашиглана. Бид үйл ажиллагаагаа явуулахдаа Байгаль орчны яамны тусгай дансанд мөнгөө байршуулна. Эхний жилүүдэд арай бага, сүүлийн жилүүдэд өндөр тусгагдана. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бид үүнийгээ танилцуулж, ойлгуулсан бол өнөөдрийн тогтоол шийдвэр гарахгүй байх байсан юм. Хоёрдугаарт, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд “1. Батширээт, Биндэр сумын хил дамнасан “Гутайн” орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах газрын хилийн цэс, үндэслэлийг хавсралтаар баталсугай” гэсэн байгаа. Байгаль орчинд сөрөг нөлөөлөх үндэслэлийг хавсралтаар баталсан. Байгаль орчинд сөрөг нөлөө яаж үзүүлнэ гэдгийг хэн, ямар байгууллага тогтоосон юм бэ. Үүнийг манай өмгөөлөгч нар дэлгэрэнгүй танилцуулна. Бид энэ тогтоол гарсныг анх мэдээгүй байсан. Сүүлд мэдээд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 17/20 дугаартай албан тоотыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн юм. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 130 дугаартай албан тоотоор хариу ирүүлсэн. Үүнд “Биндэр, Дадал, Баян-Адрага, Норовлин сумдын ард иргэдийн төлөөлөл болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Гутайн даваа”, “Ю энд Би”, “Айвуунтэс” ХХК-уудын ашиглалтын лицензийг хүчингүй болгуулах тухай тогтоолуудыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Төлөөлөгчдийн Тавдугаар Хуралдаанаар Биндэр, Батширээт, сумдын хил дамнасан Гутайн давааны орчмын 39000 га газрыг улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Төлөөлөгчдийн 100 хувийн саналын дэмжлэгтэйгээр Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулах саналыг Засгийн газарт уламжлаад байна. Хэнтий аймгийн ард иргэдийн төлөөлөл болсон манай байгууллагын шийдвэр нь Онон голын сав дагуух газар нутгийн хөрсний болон гүний ус эргэн сэргээгдэхгүйгээр бохирдох аюулаас урьдчилан сэргийлэх гэсэн нутгийн ард зоны хүсэлт, зорилгод тулгуурлан гарсан тул таны ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариу ирүүлсэн юм. Ямарваа нэгэн төрийн байгууллагаас гарч байгаа тогтоол, шийдвэр нь аль нэгэн хүний эрх ашиг хөндөгдөх гэж байгаа бол хүний хүсэл сонирхолд нийцэж гарах уу, эсхүл тодорхой хууль тогтоомжид нийцэж гарах уу гэдгийг харж үзэх ёстой. Мөн тухайн хариу ирүүлсэн албан тоотод “Гутайн даваанд уул уурхайн нөлөөгөөр байгаль орчинд үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын тогтоосныг хүргүүлэв” гэсэн байдаг. Энэ утгаараа би байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхийг тогтоох эрх бүхий субьект Хэнтий аймгийн Байгаль орчны газар мөн эсэхийг ярьсан. Захиргааны ерөнхий хуулийг төрийн захиргааны албан тушаалтнууд мөрдлөгө болгосон бол маргаан бүхий 03 тоот тогтоол гарахгүй байх байсан. Монгол улсын Засгийн газраас “Алт”-1, “Алт”-2 гэсэн төсөл хэрэгжүүлсэн.
Энэ асуудал энэ маргаанд хамааралгүй ч гэсэн Монгол улс Алт-2 гэдэг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа. Үндэсний хөтөлбөр гэдэг нь Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа баримт бичиг юм. Энэ баримт бичигтэй холбогдуулаад, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдаас бүх аймгийн Засаг дарга нарт албан тоот хүргүүлсэн байгаа (хавтаст хэрэгт байгаа). Энэ албан тоотод чиглэлийг тодорхой заагаад өгчихсөн байхад яагаад манай компаниас санал аваагүй юм бэ. Мөн дараагийн асуудал бол бид тухайн тогтоолыг түр түдгэлзүүлэх хүсэлтээ гаргаж байхад, хариуцагч талаас “бидний зүгээс зөвхөн санал уламжилсан, тухайн компанийн эрх ашиг зөрчигдөөгүй байна” гэж тайлбарласан. Гэтэл тогтоол гарсантай холбогдуулаад Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Гутайн даваа орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад оруулах судалгааг хийх гээд тендер зарласан. Энэ нь бидний эрх ашгийг зөрчиж байна. Улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай газар мөн эсэх, улсын тусгай хамгаалалтад авахдаа ямар хамгаалалтад авах эсэх, байгалийн цогцолборт газар юм уу, байгалийн нөөц газар юм уу, яг ямар ангиллаар авах юм гэдэг нь тодорхойгүй. Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 10/5371 тоот Хэнтий аймгийн Засаг дарга Ганбямба танаа гэсэн албан тоотод “... Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” тавдугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг үндэслэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, суурь судалгаа хийх, үндэслэл боловсруулах ажлын хүрээнд Онон Балжийн байгалийн цогцолборт газрын өргөтгөлд Гутайн даваа, Хөмөл Балжийн голын эх орчмын газруудыг хамруулан судалгаа хийлгэхээр тендер зарлагдаад байна” гэсэн байгаа юм. Бидний эрх зөрчигдөж байгаа гол асуудал нь энэ юм. Манай төсөл хэрэгжиж байгаа Батширээт сумын нутгийн иргэдэд, багийн иргэдэд, мөн тухайн сумын иргэдийн Төлөөлөгч нарт болон Засаг даргын тамгын газарт төслийн талаар ойлгуулаад таниулах ёстой байсан. Тэгсэн бол энэ асуудал үүсэхгүй байх байсан. Харин төсөл хэрэгжиж байгаа Биндэр суманд 2015 онд манай компани “440 га газрыг буцааж өгөх саналтай байна” гэсэн албан тоот явуулсан боловч тодорхой хариу одоо болтол ирээгүй байна. Гол асуудал нь бидний өнөөдрийн ажил зогсчихоод байна. Бид уулын ажлыг эхлүүлж чадахгүй байна. 2017 оны 5 дугаар сард энэ асуудал үүсээгүй байсан бол бид 2017 оны хагас жилд уулын ажлыг эхлүүлээд явах байсан. Мөн алтны уурхайн үйл ажиллагааг эхлүүлчихсэн байх байсан. Гэтэл энэ шийдвэртэй холбогдуулаад хөрөнгө оруулагч нар хөрөнгөө татсан зэрэг асуудал байгаа. Хэрэв энэ хугацаанд тогтоол гараагүй байсан бол бид төслийнхөө тавны нэгд орчихсон байх байлаа. Энэ он дуусахад төслийнхөө 20%-г гүйцэтгэсэн байх байсан. Хэрэв шахуу ажилласан бол 50 хувьд орох байсан. Ийм эрх ашиг зөрчигдөж байна. 2012 онд нөөцөө тогтоолгосон. Зөвхөн хөрөнгө оруулалт гэхэд 6,7 тэрбум төгрөг гарчихаад байгаа юм. Ийм учраас манай компанийн эрх ашиг зөрчигдөөд байна. Мөн маргаан бүхий тогтоол нь хууль эрх зүйн шаардлага хангахгүй байна гэж үзэж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч компаний хууль ёсны эрх ашиг зөрчигдөөд байгаа Байгаль орчны яаманд тус газрыг тусгай хамгаалалтад авах талаар судалгааны тендер зарлагдчихсан байна. Үнэхээр энэ газар маань тусгай хамгаалалтанд орвол /хураагдчихвал/ бид маш их санхүүгийн алдагдалд орох гээд байна. Хариуцагч талаас бид нар зүгээр л тусгай хамгаалалтад авах санал гаргасан гээд байдаг. Зүгээр л санал гаргах асуудал байх ёсгүй, эрх зүйн үндэслэлтэй байх ёстой. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай саналыг дээд шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу Засгийн газарт уламжилна гэж байгаа. Тус хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар аймгийн Засаг дарга өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах талаар санал боловсруулж зохих байгууллагад уламжлах гэсэн хуульд заасан бүрэн эрхийг эдэлдэг юм. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал боловсруулах эрх байхгүй. Санал боловсруулах эрх зөвхөн аймгийн Засаг даргад байдаг. Хариуцагч тал үүнийг сайн ойлгох хэрэгтэй байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд аймгийн Засаг даргад олгосон бүрэн эрхэд халдаж болохгүй, бүрэн эрхэд халдахаар шийдвэр гаргаж болохгүй гэж заасан. Байгаль орчны яамны сайдын 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 тоот тушаалаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” журам байдаг. Нэршил нь ийм боловч газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудалтай холбоотой байгаа юм. Уг журмын 4.1-т зааснаар аймгийн Засаг дарга нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай саналаа боловсруулж зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж байгаа. Энэ нь юу хэлээд байна вэ гэвэл журмаараа ч гэсэн маргаан бүхий тогтоолын эрх зүйн үндэслэл нь Засаг даргаас санал авах тухай асуудал юм. Санал боловсруулна гэдэгт нь ямар ойлголт яваад байгаа юм бэ гэвэл Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад “Газар зохион байгуулах журам”-д зааснаар газар зохион байгуулалтын бичиг баримтыг бүрдүүлэх юм. Энэ бичиг баримтыг хийхдээ улсын тусгай хэрэгцээний газрын хил, заагийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох газар зохион байгуулалтыг заавал хийдэг юм. Уг хавсралтын 8.2-т зааснаар энэ газар зохион байгуулалтыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагын шийдвэрээр тухайн газарт хийдэг. Манай хэргийн хувьд бол аймгийн Газрын алба хамаарч байгаа юм. 11 дүгээр зүйлд Газар зохион байгуулалтыг 5 үе шатаар хийнэ гэж заасан. 1-т бэлтгэл үе шат юм. Бэлтгэл үе шатад тухайн газрын нөхцөл, нөөц, газрын өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбогдсон мэдээллийг бүрдүүлж, газар зохион байгуулалтын ажилд шаардагдах зураг, техник хэрэгслийг бэлэн болгоно гэсэн байгаа. Энэ ажлыг хийгээгүй, үүнийгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Нийтийн ашиг сонирхол зөрчигдөнө гэсэн хэдий ч тэр талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдийг хариуцагч тодорхойлох үүрэгтэй. Лицензтэй хүмүүсийн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөнө, лиценз цуцлагдвал улсад ямар ашигтай юм бэ гэдгийг төрийн байгууллагууд хоорондоо зөвшилцөж санал хүргэх ёстой. Эдгээр зүйлүүд байхгүй учраас хариуцагч тал үндэслэлгүй шийдвэр гаргаад байна. “Ю энд Би” ХХК-ны уул уурхайн лецинзийг цуцалсан байсан. Тэр цуцалсан ажиллагаанд ашигласан үндэслэл бүхий материалыг дахиад л энэ хэрэг дээр оруулаад ирсэн. Үндсэн үйл ажиллагаа бол аймгийн Засаг даргын санал байгаа юм. 2 үндэслэлээр асуудлыг яриад байгаа. Энэ нь орон нутгийн иргэдийн санал, хурлаас гарсан шийдвэр гэж ярьж байгаа. Шийдвэрийн агуулга бол “Гутайн даваа” ХХК-ны ашиглалтын лицензийг хүчингүй болгуулах тухай юм. Өмнө нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд “Гутайн даваа” ХХК-ны лицензийг цуцлах асуудлыг дэмжсүгэй, биелэлтийг Дархантөрд үүрэг болгосугай” гэсэн байсан. Дархантөр үүргийн биелэлтийг хангах гээд маргаан бүхий тогтоолыг санаачилж оруулсан байсан. Дархантөр бол эрх бүхий дүгнэлтийг гаргах шинжээч биш юм. Хурлын тэмдэглэлийг харахад 8 төлөөлөгч хуралдсан гэж харагдаж байгаа. Хурлын тэмдэглэлийн төгсгөлийг харахад олонхийн саналаар шийдвэрлэсэн байсан. Компанид хариу ирүүлэхдээ “100 хувийн саналаар” дэмжсэн гэсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал бол 40 төлөөлөгчтэй. Хамгийн багадаа 21 төлөөлөгч ирсэн байх ёстой. Хэд нь дэмжсэн, хэд нь дэмжихгүй гэсэн санал өгсөн нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Та бүхнийг ирц бүрдүүлээгүй хуулийн шаардлага хангаагүй шийдвэр гаргасан гэж дүгнэж байна. Дараагийн асуудал бол сонсох ажиллагаа хийгээгүй. Үүнд маш их ач холбогдол өгч байна. Захиргааны ерөнхий хуулийн шаардлагыг захиргааны шүүх шаардахгүй юм бол өөр хэн шаардах юм бэ. Хариуцагч тал бол нийтийн эрх ашиг зөрчигдөөд байна гэсэн тайлбар хэлээд байгаа. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд миний бие оролцсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ирсэн байсан. Мөн л нийтийн ашиг сонирхол зөрчигдөөд байна гэж ярихад давж заалдах шатны шүүх түүнд холбогдох баримтууд байхгүй байна гэж шийдвэрийг хэвээр үлдээж байсан. Та нар сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Хуульд зааснаар бид нарт мэдэгдэл хүргүүлэх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд оролцогчийн эрхийг зааж өгсөн байдаг. Гэтэл бидний эрхийг эдлүүлэх биш эрхийг маань хаасан. Үүнээс болж манай эрх, ашиг сонирхол зөрчигдөөд байна. Шүүхээс үзлэг хийхэд уг газарт 2 удаа түймэр гарсан байсан. Мөн Дархантөрийн дүгнэлтэд гүний ус бохирдож болзошгүй гэсэн. Хавтаст хэрэгт байгаа усны дүгнэлтэд усны давхаргын дээд талд чулуулаг нягтаршилтай учир нэвтрэх боломжгүй гэсэн байгаа. Та нар бол гадаргын усаар дамжаад “Онон” гол руу орно гээд байгаа. 5 километрийн зайтай байхад Онон гол руу орох уу гэдэг асуудал байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиас харахад газар нутгийг тусгай хамгаалалтад авахдаа тодорхой үе шаттайгаар авдаг. Аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Байгаль орчны яамтай зөвшилцөх ёстой байсан. Одоогоор манай үйлчлүүлэгч компани газрыг маань хүчингүй болгох байх гэсэн айдастай, нэг шон ч хатгаж чадахгүй байна. Уурхайн амыг нээгээд олборлолтоо хийгээд эхэлчихсэн байх ёстой байтал энэ ажиллагааг хийж чадахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн.
... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зааснаар шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Харин хариуцагч тал байгалийн ямар нөөцийг хамгаалах гээд байгаагаа нотолж чадаагүй. Манай компани энэ тогтоолоос болж төрийн эрх бүхий олон байгууллагууд болон төрийн бус байгууллагатай хамтран ажилласан 17 жилийн маань хөдөлмөр хүч хөлс үргүйдэх гээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч, өмгөөлөгч нар тодорхой тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлага бол Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгоё гэж байсан. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад зөвхөн “Пегматит майнинг” ХХК-нд холбогдож байгаа 779.32 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байгаа. “Пегматит майнинг” ХХК-ны лицензит газар нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр суманд хамаарагддаг. 2015 онд Хэнтий аймгийн Биндэр суманд хамаарагдах 403.26 га талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс хэсэгчлэн хасуулах тухай саналыг манай үйлчлүүлэгч компани Ашигт малтмалын газарт гаргаж байсан.
Бид 2015 оны 11 дүгээр 26-ны өдрийн 2015/33, 2015/34 гэсэн албан тоотоор Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга Алтангэрэл /тухайн үед ажиллаж байсан/ Хэнтий аймгийн Биндэр сумын байгаль орчны улсын байцаагч Сурмаажав нарт 403.26 га буюу Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт хамаарах талбайг хэсэгчлэн буцаан өгч, ямар нэгэн өр төлбөргүй ажилласан тухай тодорхойлолт авъя гэсэн албан бичиг хүргүүлж байсан боловч ямар нэгэн хариуг өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Гэтэл Биндэр сумын удирдлагууд манай газар нутгийг хөндөх гээд байна, манай газар нутагт хохирол учруулж, сөрөг нөлөө үзүүлэх гээд байна гээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагч талтай зөвшилцвөл Биндэр суманд байгаа тусгай зөвшөөрлийн газрыг буцаан өгье гэхэд хүлээж авахгүй гэсэн. Бид Биндэр сумын нутаг руу орж үйл ажиллагааг явуулахгүй юм.
Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хууль ёсны дагуу хуралдаж, санал оруулсан гэх зүйл огт харагдахгүй байна. Зөвхөн санал оруулсан гишүүдийн тоог бичсэн гэж тайлбарлаж байгаа боловч хуралдааны тэмдэглэлээс харахад 8 хүн уг хуралд оролцсон мэт харагдаж байна. Аймаг, нийслэлийн Хурлын бүрэн эрхийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж заасан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг үндэслээд Батширээт, Биндэр сумын хил дамнасан “Гутайн” орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах газрын хилийн цэс, үндэслэлийг хавсралтаар баталсугай гээд тогтоочихсон. Яг ямар төрөлд хамааруулж, аль нөөцөд оруулаад байгаа нь тодорхойгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд байгалийн нөөц газрын тодорхойлолтыг, 20 дугаар зүйлд байгалийн нөөц газрыг 5 ангилсан байдаг. 1. байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий байгалийн иж бүрдлийн нөөц газар, 2 ховор ховордсон ургамал, амьтныг хамгаалах, тэдгээрийн нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий биологийн нөөц газар, 3. эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилго бүхий байгалийн түүхэн олдворын нөөц газар, 4. газрын өвөрмөц тогтоц, илэрц, тэдгээрийн бүтцийг байгалийн байдлаар нь хадгалах зорилго бүхий геологийн нөөц, 5. Мөрөн, гол, усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны нөөц газар гэж 5 ангилдаг. Хавтаст хэргийн 52 дугаар хуудаст Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 27 тоот тогтоолд “...Гутайн даваа болон бусад компаниудын ашиглалтын лицензийг цуцлах саналыг дэмжсүгэй...” гэсэн тогтоол гарсан. Хавтаст хэргийн 30 дугаар хуудаст байгаа Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “...Гутайн даваа компанийн ашиглалтын зөвшөөрлийг дэмжихгүй байсугай...” гэсэн тогтоол гарсан байгаа юм. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах зорилготой хүсэлтүүд гаргасан байхад, яагаад ямар үндэслэлээр уг газрыг улсын тусгай хамаалалтад авах гээд байгаагаа хариуцагч тодорхой зааж өгөөгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудын цаад зорилго нь зөвхөн ашиглалтын лицензийг цуцлуулах зорилготой байсан. Мөн Дадал, Норовлин, Баян-Адрага сумдын тогтоолууд нэхэмжлэлийн шаардлагад ямар ч хамааралгүй байна.
Хариуцагч тал хариу тайлбартаа хуулиар тусгайлан олгосон эрхээ эдэлсэн гэж тайлбарлаад байгаа. Тухайн бүс нутагт хамаарч байгаа Онон гол, Хурхын гол, Шургадагийн гол, Ламын булаг, Амын булаг, Аргантайн рашаан, Цагаан нуур гэх мэт нийт 847,7 га газар, 66013,7 куб метр модны нөөцтэй гэсэн тоо баримтыг гаргаад эдгээр байгалийн унаган төрхийг хадгалахын тулд улсын тусгай хамгаалалтад авна гээд байдаг. Дээрх дурдагдаад байгаа гол, рашаан, ус нь манай лицензит талбайтай яаж холбогдоод байгаа юм бэ. Тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа 3 компанийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй талаар ямар судалгаа хийсэн юм бэ гэдэг нь тодорхойгүй. Энэ акт гараад, санал уламжилж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөд байна. Хариуцагч талаас манайх төлөвлөгөөнд заагдсан ажлаа хийж байна, зөвхөн санал уламжилсан, санал шийдвэрлэхэд танайх эрх ашгаа яаж хамгаалах нь танай асуудал гэж хэлээд байгаа нь хуульд нийцэхгүй байна. Энэ захиргааны акт манай компанийн болон нөгөө 2 компанийн эрх ашгийг зөрчсөн акт гарчихаад байхад хариуцагчаас гадагш чиглэсэн акт биш гээд байгаа нь үндэслэлгүй байна. Энэ бол шийдвэр юм.
...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Оролцогчийг сонсох ажиллагааг зохион байгуулаагүй тухайд: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үндсэн зарчмыг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн. Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн эрх ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэж заасан.
Иймд Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн сумдын иргэд нийтийн эрх ашгийг илэрхийлж, иргэдийн төлөөлөл болсон Баян-Адрага, Биндэр, Дадал, Норовлин сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг дэмжсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаа гэж үзэж байна.
3ахиргааны Ерөнхий хуульд сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдлуудыг дурдсан байдаг ба тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д “...нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулашгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол... сонсох ажиллагааг хийхгүй байж болно" гэж заасан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчил, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ” гэж заасанчлан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээрх 4 сумын 10.000 гаруй иргэнийг төлөөлсөн төлөөллийн байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан хэрэгжүүлсэн.
Мөн Биндэр, Баян-Адрага, Дадал, Норовлин сумдаас ирүүлсэн тогтоолын тухайд: Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоол нь Дадал, Баян-Адрага, Норовлин, Биндэр сумдаас ирүүлсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолд Тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоол үндэслэж гэсэн үг өгүүлбэр байхгүй байгааг анхаарах нь зүйтэй.
‘‘Гутайн даваанд уул уурхайгаар байгаль орчинд үүсч болзошгүй сөрөг нөлөөлөл” танилцуулга мэдээллийн тухайд: Энэ талаар Батширээт сумын олон иргэд, төрийн бус байгууллагаас гомдол, санал ирүүлснийг холбогдох байгууллагаар удаа дараалан шалгуулж, ажиллаж байсан. Гутайн даваанд алт олборлосноор Онон гол болон бусад гол, нуурын гадаргын усыг бохирдуулах, загасны тоо толгой буурах, тухайн газар нутагт амьдрах амьтад дайжих, хорогдох, бохирдсон ус, хөрсөөр дамжин голын урсац дагуух сумдын иргэд, малчдын эрүүл мэнд, эрх, ашигт сөргөөр нөлөөлөх юм.
Алт-2 хөтөлбөр болон 01/444 тоот чиглэлийн тухайд: Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумдын хурлуудад "Алт-2” хөтөлбөриийг хэрэгжүүлэх албан даалгавар, чиглэл ирээгүй ба энэ талаар Хэнтий аймгийн Засаг даргаас хурлын байгуулагад “Алт-2” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх, нэр бүхий сумдыг хамруулах талаар албан хүсэлтийг гаргаагүй болно.
Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Баян-Адрага Норовлин сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 тоот тогтоолууд нь тухайн байгууллагын ашиг сонирхлыг зөрчсөн эцсийн шийдвэр биш юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага хуулиар олгогдсон эрхийн дагуу олонхийн саналаар Газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах шийдвэрийг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “байгалийн нөөц газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахуулахаар тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай саналыг дээд шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу Засгийн газарт уламжлах” гэсэн заалтын дагуу Засгийн газарт саналаа уламжилсан.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн заагийг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн саналыг харгалзан тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасан.
Газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах талаар уламжилснаар нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх нөлөөлөл байхгүй байгааг дурьдах нь зүйтэй” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нар газар зохион байгуулах ажлыг хийх ёстой гэж ярьж байна. Энэ асуудал Монгол улсын иргэнд газрыг өмчлөх, эзэмшүүлэхэд хамааралтай. Мөн намайг шинжээч биш гээд байна. Би албан тушаалаараа Хэнтий аймаг дахь байгаль орчны шинжээч мөн юм. Хоёрдугаарт байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх дүгнэлт гаргасан гэж яриад байна. Энэ бол дүгнэлт биш, танилцуулга юм. Манай байгууллага ерөнхий үнэлгээ хийнэ, Байгаль орчны яам нарийвчилсан үнэлгээ хийнэ. Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийхэд ямар ч хуулийн заалт байхгүй. Улсын тусгай хамгаалалтад газрыг авахад ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Улсын тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэнэ. Түүнээс биш нэхэмжлэгч талын хэлээд байгаа шиг ерөнхий үнэлгээний дүгнэлт гэсэн зүйл байхгүй. Тийм учраас манайх дүгнэлт гаргахгүй, танилцуулга хийсэн байгаа. Нэхэмжлэгч 2 удаа тухайн газрын ой шатсан байна гэсэн зүйл ярьж байна. Шатсан ой сэргэх бүрэн боломжтой юм. Ойн судалгааг хөгжлийн төвөөс гаргасан байгаа. Шатсан ч гэсэн ойн санд оруулах ёстой. Дараагийн асуудал нь заавал аймгийн Засаг даргаас санал авах шаардлагатай гэсэн байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийн иргэдээс авсан саналыг уламжилж байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яам уул уурхайн үйл ажиллагаанд дүгнэлт гаргана. Түүнээс биш тусгай хамгаалалтад авахад ямар нэгэн дүгнэлт гаргахгүй, сүүлд нь гаргана. Яам бол эцсийн шийдвэр гаргаж, дүгнэлт гаргана. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор шийдвэр гаргаагүй, санал уламжилсан юм. Дархан цаазат газар, нөөц газар, дурсгалт газрын аль нэгээр нь хамгаалалтад авдаг. Улсын тусгай хамгаалалтад авахдаа тухайн байгалийн унаган байдал, хэв шинж хадгалагдсан байдал, биологийн төрөл зүйлийг хамгаалахад чиглэж тусгай хамгаалалтад авдаг. Зөвхөн ойг хамгаалах гэж тусгай хамгаалалтад авдаггүй юм. Энэ бол бүс нутгийн хэмжээнд авагддаг. Бид яагаад энэ газрыг тусгай хамгаалалтанд авах болсон бэ гэвэл Монгол улсын тусгай хамгаалалттай газруудын хоорондох талбайг буюу Онон, Балжийн сав газрыг улсын тусгай хамгаалалтад авах санал уламжилсан. Тусгай хамгаалалттай Алтай, Аргантай гэсэн газрууд байгаа. Мөн үндэсний хөтөлбөрийн дагуу үүний суурь судалгаа хийгдэх ёстой. Мөн Биндэр суманд хэсэгчлэн газрыг буцаан өгөх тухай санал өгсөн гэж байна. Сумаас байгаль орчинд нөлөө үзүүлэх үү гэдэг дүгнэлт авдаг болохоос биш өр төлбөртэй эсэх тухай дүгнэлт авдаггүй юм. Мөн хурлын тогтоолыг үндэслэлгүй гэж байна. Батширээт сумын 48 иргэн энэ лицензийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж, гарын үсэг зурж иргэд өөрсдөө хүсэлт гаргасан. Тогтоолын нэгдүгээр заалтад “Гутайн орчмын газрыг байгалийн нөөц газар гэж ангилж, Засгийн газарт уламжилна” гэсэн байгаа. Засгийн газарт уламжилсан. Засгийн газар бүрэн эрхийнхээ дагуу байгалийн нөөц газар, дурсгалт газрын хилийн заагийг тогтоох гэсэн учраас энэ тогтоол шийдвэр бол хуулийн дагуу гарсан юм. Иймд уг тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэж байна
... Иргэдийн төлөөлөгчдийн Хурал гэдэг нь орон нутгийн иргэдийн төлөөлөл гэсэн үг. Нэхэмжлэгч компани тухайн газар үйл ажиллагаа явуулахдаа цианит, натри хэрэглэнэ.
Цианит, натри гэдэг бол хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах бодис учраас иргэдийн эрүүл мэндийг бодож энэ тогтоолыг гаргаж байгаа. Нэхэмжлэгч далд уурхайн амны зураг харуулаад байна. Хор хохиролтой талаас нь харуулахгүй байгааг шүүх харгалзаж үзнэ үү. Ингээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хурлын тэмдэглэлд Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай 03 тоот тогтоолыг батлав гэсэн байгаа. Мөн тэмдэглэлд хурлын дарга Батсайхан нь “танилцуулгатай холбоотой асуулт асууя” гэсэн байгаа. Үүнийг анхаарах хэрэгтэй, тухайн хуралд 8 төлөөлөгч суугаагүй юм. Хэрэв 8 төлөөлөгч суусан бол тэр хурал хуралдахгүй байх байсан. Дараагийн асуудал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг танилцуулсан бол энэ тогтоолыг гаргахгүй байсан гэж яриад байна. Хурлаас тогтоол гарах эсэх нь хурлын Төлөөлөгчдийн эрх юм. Энэ хурлаас 8 тогтоол гарсан байдаг. Бусад тогтоолууд нь энэ хэрэгт холбогдолгүй байсан учраас зөвхөн холбогдох хэсгийг нь хуулбарлаж өгсөн юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 8 төлөөлөгч оролцсон гэсэн зүйл байхгүй.
... Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар сонсох ажиллагаанд оролцох эрх нь нэхэмжлэгч талд нээгдсэн байсан. Иймд манай тогтоол хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч эрх ашиг хөндөгдлөө, энэ асуудал удаж байна, үйл ажиллагаа явуулж чадахгүй байна гэж ярьж байна. Энэ нэхэмжлэлийг танай компани гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоос болоод асуудал шийдэгдэхгүй байгаа гэх зүйл байхгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал гаргаад тэр асуудал нь Засгийн газарт хэлэлцэгдэж байхад нэхэмжлэгч тал энэ асуудлаа тавиад эрх ашгаа хамгаалаад явах боломжтой. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудлыг ярьж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгч тал бүрэн эрхийн дагуу нэг бол хурал энэ асуудлыг шийдлээ, нэг бол тэргүүлэгч энэ асуудлыг шийдлээ гэж яриад байна. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоол бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдсэн тогтоол юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдэх асуудлыг ямар нэгэн өөр албан тушаалтан шийдсэн асуудал байхгүй. Нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг уламжилж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь “сугай, сүгэй” гэсэн хэлбэртэй гарсан учраас захирамжилсан шинжтэй акт байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдсан тохиолдолд тогтоол гарч байгаа юм. Төрийн албан хэргийн хөтлөлтийн стандартад тогтоол нь захирамжлах шинжтэй юм. Тийм учраас “сугай, сүгэй” гэсэн захирамжилсан шинжтэй тогтоол гарч байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны талаар ярьж байна. Захиргааны акт гаргах үйл явцад Захиргааны ерөнхий хуулийг баримтална. Захиргааны акт гэж юу вэ гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заагаад өгчихсөн байгаа. Захиргааны акт гэдэг нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан бусад арга хэмжээ /үйлдэл, эс үйлдэхүй/ болон захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэр /зарлиг, тогтоол, дүрэм, заавар, журам/-ийг захиргааны актад хамааруулна гэсэн байдаг. Хэрэв эдгээр шаардлагыг хангаагүй бол захиргааны акт болохгүй. Санал бол гадагш чиглэсэн харилцаа биш. Төр буюу төрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үндсэн хуулийн дагуу олгогдсон, өөрөө удирдах эрхтэй байгууллага шийдвэрээ гаргаж байгаа. Үр дагавар гаргаад шийдвэр гаргасан зүйл байхгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь шууд шийдвэр биш, санал болгож байгаа юм. Энэ нь ч өөрөө улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаар хэн гаргах вэ гэдгийг заагаад өгчихсөн байгаа. Үүнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эцэслэн шийдвэрлэнэ гэсэн зүйл байхгүй. Аливаа асуудлыг эцэслэн шийдвэрлэж байж тухайн акт маань захиргааны акт болдог. Түүнээс биш захиргааны байгууллагууд хоорондоо харьцаж явуулж байгаа албан бичгийн улмаас миний эрх ашиг хөндөгдөөд байна гэдэг байдлаар хандаж хугацаа алдаж байгаа нь та бүхний эрхийн асуудал. Энэ бүх үйл явц яаж явагддаг талаар өөрсдөө мэдэж байна. Танай компаний үйл ажиллагаа зогссон зүйл харагдахгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад танай компани бүх дүгнэлтүүдээ гаргуулж байгаа ба уулын ажлын төлөвлөгөөг 2017 оны сүүлээр батлуулсан байна. Байгаль орчны яаманд үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг мэдэж байна, цаашид Их хурал, Засгийн газарт энэ түвшинд яригдаж байгаад шийдэгдэнэ гэдгийг мэдэж байна. Ямар байдлаар шууд үр дагавар үүсээд байгаа юм бэ, үүнийг тодорхой тайлбарлах хэрэгтэй. Мөн энэ акт гадагшаа чиглэж байгаа эсэх нь харагдахгүй байна. Энэ 2 байдлаар захиргааны актын шинж харагдахгүй байгаа. Мөн суурь судалгааны тендер зарлагдсан гэж ярьж байна. Эрх ашиг нь ямар байдлаар зөрчигдсөнийг тодорхойлж чадахгүй байна. Энэ бол захиргааны актад хамаарах захиргааны шинжтэй хэрэг биш юм.
...Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар үйл ажиллагааг хянаж дүгнэлтээ гаргадаг. Нэхэмжлэгч тал дүгнэлтийг хийж чадахгүй байна. Гадагш чиглэсэн захиргааны акт хэнд чиглэж байгаа вэ гэвэл Засгийн газарт чиглэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар сонсох ажиллагаа хийх шаардлагагүй.
Нэхэмжлэгч өөрөө уг тогтоол нь манай газрыг авах эхлэл шүү гэдгийг мэдээд байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх маргаанд энэ маргаан хамаарахгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан тул шүүх энэ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Энэ бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасан захиргааны харъяаллын маргаан биш юм. Харин ч энэ асуудлаа нэхэмжлэгч тал Засгийн газарт тавих ёстой. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Гутайн Даваа” ХХК нь Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан.
Тухайн нэхэмжлэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна.
Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоолыг мэдсэнээс хойш 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон аймгийн Засаг даргад гомдол гаргажээ. Улмаар 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 130 тоот хариу албан бичгийг 5 хоногийн дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан бөгөөд уг захиргааны актын талаар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Гутайн Даваа” ХХК нь оноосон нэрээ өөрчилж “Пегматит Майнинг” ХХК болсныг[1] дурдах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэлийн шаардлагаа: “...Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” 03 тоот тогтоолын 1 дэх хэсгийн хавсралтад заасан Улсын тусгай хамгаалалтад авах Гутайн орчмын газрын Батширээт, Биндэр сумын хэсгийн зураглалаас “Пегматит Майнинг” ХХК-ний лицензит талбайн 779,32 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”[2] гэж тодруулсан бөгөөд энэ хүрээнд маргааныг хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаад дараахи үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших “Шургадагийн гол” нэртэй MV-019023 тоот[3] 779,32 гектар талбайн ...ашигт малтмал.. ашиглах тусгай зөвшөөрлийг, “Гутайн Даваа” буюу “Пегматит Майнинг” ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2045 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд /уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч/ олгожээ. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй дээрхи газар нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт хамаарч байна.
Нэхэмжлэгч “Пегматит Майнинг” ХХК нь тус ордыг ашиглахад шаардлагатай зөвшөөрлүүдийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгүүлэн дүгнэлт гаргуулсан байна. Тухайлбал: Үндсэн ордын нөөцийг хүлээн авч бүртгэсэн[4], Техник эдийн засгийн үндэслэлийг Ашигт малтмалын газар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр[5] хүлээн авч, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт орших MV-019023 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Гутайн алтны ордыг далд аргаар ашиглах, уусгалтын аргаар баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргажээ. Мөн Уул уурхайн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэн орон нутагт танилцуулж, Онон багийн иргэдийн нийтийн хуралдаанаар хэлэлцүүлж санал авсан байна. Усны боломжит нөөцийн дүгнэлтийг “Монгол-Ус” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас[6] гаргуулсан ба Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас “...MV-019023 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл нь ойн сан бүхий газрын хилтэй бүтэн давхцалтай байгаа боловч Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолын далд уурхайгаар олборлох нөөц нь ойн сан бүхий газрын доор, газрын доорхи усны нөөц бүхий давхаргаас дээрх орших”[7] шаардлагад нийцэж байна гэсэн дүгнэлтийг, Ойн судалгаа, хөгжлийн төвөөс ойн сангийн үзүүлэлтийг[8], Гидрогеологийн судалгааны ажлын дүгнэлтүүдийг тус тус гаргуулсан байна. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу лицензит талбайд Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгээр угсаатны зүйн судалгааны ажил болон археологийн хайгуул судалгааны ажлууд[9]-ыг хийж гүйцэтгүүлжээ. Стратиграфи-палеонтологийн судалгааны төв[10]-өөр дүгнэлт хийлгэсэн гэх мэт шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоол[11]-оор, нэхэмжлэгч “Пегматит Майнинг” ХХК-ийн эзэмшдэг, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий MV-019023 дугаар талбайг бүхэлд нь хамруулан “...байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлахаар” шийдвэр гаргажээ. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “...Онон Балжийн байгалийн цогцолборт газрын өргөтгөлд Гутайн даваа, Хөмөл Балжийн голын эх орчмын газруудыг хамруулан судалгаа хийлгэх”-ээр тендер[12] зарласан байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг бүхэлд нь хамруулж “...байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлахаар” шийдвэр гаргасан нь дараахь байдлаар хууль зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
1. Маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй “Пегматит Майнинг” ХХК-д мэдэгдээгүй, төрийн байгууллага албан тушаалтан мэдэгдэх зарчмаа хэрэгжүүлээгүй нь хариуцагчийн “... нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэсэн учир мэдэгдэх шаардлагагүй гэж үзсэн...”[13] гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь “...байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлахаар” шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа “Пегматит Майнинг” ХХК-д мэдэгдээгүй буюу сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй, тэдэнд тайлбар, санал хүсэлтээ гаргах боломж олголгүйгээр шийдвэрлэсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт, гэрээ батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тайлбар, санал авах ажиллагааг явуулах талаар зохицуулсан.
Хариуцагчаас “...Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдлуудыг дурдсан ба тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д ...нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагагүй бол сонсох ажиллагааг хийхгүй байж болно...” гэж тайлбар гаргасан боловч захиргааны байгууллагаас “сонсгох” ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй тул шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Учир нь захиргааны актыг батлан гаргахаас өмнө дээрх хуулиар зохицуулсан ажиллагааг захиргааны байгууллага хийх ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас өмнө эдгээр ажиллагаанууд хийгдсэн байх учиртай бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар тухайн үүссэн нөхцөл байдлын улмаас захиргааны шийдвэр нэн даруй гаргахгүй бол нийтийн ашиг сонирхол, хувь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учирч болзошгүй тохиолдолд хойшлуулшгүй арга хэмжээ авч шийдвэр гаргахаар байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “... энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй” гэж заасан. Хуульд заасны дагуу хариуцагч Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэн даруй шийдвэрлэх шалтгаан нөхцөл байдлаа тодорхойлж, нотолж чадаагүй байна.
Түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг гаргах үед буюу 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тэмдэглэл[14]-ээс үзвэл “Пегматит Майнинг” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай багтаж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон болох нь тодорхой байна. Үүнээс үзвэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу “Пегматит Майнинг” ХХК-ийн төлөөллийг байлцуулан сонсох ажиллагааг хийх боломжтой байжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу сонсох ажиллагаа хийхгүй байх нь эрх ашгийг нь хөндсөн өөр этгээд байхгүй байх тохиолдлыг зохицуулсан тул энэ үндэслэлээр сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэх тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хариуцагч хэрэгжүүлээгүй байна гэж шүүх үзлээ.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 12 дугаар зүйлийн 12.1.4-д “...Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах...” гэж заасны дагуу орон нутгийн өөрөө удирдах байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авахын тулд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахаар зохицуулжээ.
Гэтэл хариуцагч Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д “...тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг ... тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, 25 дугаар зүйлийн 25.1.5-д “...тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох...” ... газар зохион байгуулалтын зураг, төслүүдийг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт зааснаар боловсруулж, газар зохион байгуулалт хийх, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 11-16-д “...тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгохтой холбогдсон газар зохион байгуулалтыг аймгийн газрын алба хариуцан бэлтгэл ажлыг хангаж, ...судалгааны ажил хийж гүйцэтгэн, холбогдох саналыг газар зохион байгуулалтын баримт бичгийн хамт боловсруулах...”-аар журамласныг мөрдөөгүй, уг шийдвэр нь Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.5-д заасан шаардлагад тус тус нийцээгүй байна.
Тухайлбал Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоолоороо “Пегматит Майнинг” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамруулан “...байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах” тухай шийдвэр гаргахдаа, холбогдох газрын албанаас газар нутгийг тусгай хамгаалалтад авахтай холбоотой газар зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангуулж, судалгаа дүгнэлт хийлгүүлж, санал боловсруулан Засаг даргад танилцуулах журмыг мөрдөөгүй байна.
Мөн хариуцагч Гутайн даваанд уул уурхайгаар байгаль орчинд үүсч болзошгүй сөрөг нөлөөлөл, холбогдох судалгаа шинжилгээний ажил хийгдсэн, Дадал, Норовлин, Биндэр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Гутайн Даваа” ХХК-ийн алтны ашиглалтын зөвшөөрлийг цуцлуулах тогтоол гарсан. Батширээт сумын олон иргэд, Төрийн бус байгууллагаас гомдол, санал ирүүлснийг холбогдох байгууллагуудаар удаа дараа шалгуулж ажилласан гээд: “Гутайн даваанд уул уурхайгаар байгаль орчинд үүсч болзошгүй сөрөг нөлөөлөл”[15], /танилцуулга/ “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ...Онон Улз голынхон ТББ, ...Монгол Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хороо гэх мэт...”[16], холбогдох байгууллагад хүргүүлж байсан албан бичгүүдийг шүүхэд ирүүлсэн боловч эдгээр нь маргаан бүхий захиргааны актыг гаргахтай холбогдуулан хийгдсэн үндэслэл бүхий судалгаа, дүгнэлт мөн гэдгийг /хариуцагч/ нотолж чадаагүй болно.
3.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар санал боловсруулж зохих байгууллагад уламжлах” гэж зааснаар газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх зохицуулалттай байхад “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” асуудлыг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр танилцуулж[17] шийдвэрлүүлсэн нь хуульд тусгайлан заасан журам зөрчсөн байна. Засаг даргад өөрт нь хуулиар шууд олгосон эрх, үүргийг газрын дарга төлөөлөн хэрэгжүүлэх эрхгүй юм.
Мөн Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, хуралдаанд оруулсан саналын танилцуулгаас үзвэл уг саналыг аймгийн газрын алба судалсан байдал тогтоогдохгүй байхын зэрэгцээ 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх нь тодорхойгүй байна.
Шүүх Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 тоот тогтоолыг гаргах шаардлага, үндэслэл байсан уу, хууль журмын дагуу “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” шийдвэр гаргасан уу гэдгийг шалгасан төдийгүй хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүд[18], маргаж буй газарт хийсэн үзлэг[19]-ээр илэрсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж уг газрыг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай тогтоол нь зорилгодоо нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “...хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхтэй...”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “...нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай саналыг дээд шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу Засгийн газарт уламжлах...” гэж заасан тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ асуудлаар шийдвэр гаргах эрхтэй эсэх талаар маргаагүй, харин шийдвэр гаргахдаа хууль тогтоомжоор тусгайлан заасан журмыг баримталсан эсэх, хуульд нийцсэн эсэх, үндэслэлтэй эсэх талаарх маргааны хүрээнд хянаж үзээд, маргаан бүхий захиргааны акт хууль тогтоомжид нийцээгүй байна гэж шүүх үзлээ.
Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Пегматит Майнинг” ХХК-ийн төлөөллийг байлцуулан MV-019023 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг “...байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах” асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин шийдвэрлэх ажиллагааг энэхүү шүүхийн шийдвэр хамаарахгүйгээр шийдвэрлэх боломжтойг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “...Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” №03 тоот тогтоолын 1 дэх хэсгийн хавсралтад заасан Улсын тусгай хамгаалалтад авах Гутайн орчмын газрын Батширээт, Биндэр сумын хэсгийн зураглалаас “Пегматит Майнинг” ХХК-ний лицензит талбайн 779,32 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд оруулах тухай” №03 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийн хавсралтад заасан “Гутай” орчмын газрын Батширээт, Биндэр сумын зураглалаас “Пегматит майнинг” ХХК-ны талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН
[1] 1-р Хавтаст хэргийн 174-179-р хуудас
[2] 1-р Хавтаст хэргийн 248-249-р хуудас
[3] 1-р Хавтаст хэргийн 17-20-р хуудас
[4] 2-р Хавтаст хэргийн 21-р хуудас
[5] 1-р Хавтасат хэргийн 36-р хуудас
[6] 2-р Хавтаст хэргийн 68-70-р хуудас
[7] 2-р Хавтаст хэргийн 75-76-р хуудас
[8] 2-р хавтаст хэргийн 102-106-р хуудас
[9] 1-р Хавтаст хэргийн 45-47-р хуудас
[10] 2-р хавтаст хэргийн 113-р хуудас
[11] 1-р Хавтаст хэргийн 140-152-р хуудас
[12] 1-р Хавтаст хэргийн 188-р хуудас
[13] 1-р Хавтаст хэргийн 121-123-р хуудас
[14] 1-р Хавтаст хэргийн 171-172-р хуудас
[15] 1-р Хавтаст хэргийн 58-62-р хуудас
[16] 1-р Хавтаст хэргийн 124-133-р хуудас
[17] 1-р Хавтаст хэргийн 171-р хуудас
[18] 1-р Хавтаст хэргийн 243-247, 2-р хавтаст хэргийн 14-15-р хуудас
[19] 2-р Хавтаст хэргийн 37-46-р хуудас