Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 513

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Жаргал,

Хохирогч: Д.Ц-, түүний өмгөөлөгч Б.Дамба,

           Шүүгдэгч: Б.Х-, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Х-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905038811392  дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Х-, 1989 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, :::: тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Х- нь гэрээгээр халхавчлан “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 303 дугаар байрны 2 дугаар орцны 7 давхарын 75 тоот 3 өрөө орон сууцыг 8 хувийн зээлд хамруулж худалдана...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас иргэн Д.Ц- нь орон сууцны урьдчилгаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хас банкнаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 44.360.000 төгрөгийг шилжүүлж, улмаар Б.Х- нь 44.360.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Б.Х- шүүх хуралдаанд: “...2019 оны 03 дугаар сард байр зарна гэж зар тавьсан. Тухайн зартай холбогдуулаад утсаар олон хүн холбогдсон. Мөн Ц- гэж өрийн чинь дугаарыг хүнээс авлаа гээд над руу залгасан. Тэгээд бид 2 уулзаад би түүнд хувь лизингээр болон 8 хувийн зээлээр авч болно гэж түүнд хэлсэн. Тэгээд Ц-тэй гэрээ байгуулсан. Түүнээс хойш төлбөрөө хувааж төлсөн. 5 дугаар сард төлбөрөө төлж дуусаад. Би түүний бичиг баримтыг 13 дугаар хорооллын Төрийн банкны салбарт өгч судлуулсан. Төрийн банкнаас тэтгэврийн нас ойртсон тул Ц-д зээл гарахдаа 1 сарын төлөлт нь их гарна. Тиймээс манай банкны шаардлага хангахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би хохирогчид банкнаас таньд зээл олгох боломжгүй гэж байна. Та байраа хувь лизингээр авах боломжтой юу гэж асуусан. Гэтэл Ц- манай хүү Солонгост байдаг. Би Солонгос бэртэй болж байгаа мөн цалин ч хангалттай хүрнэ гэж хэлсэн. Би 2019 оны 5 дугаар сард та одоо мөнгөө буцааж авах уу хоёулаа гэрээгээ цуцалъя гэж хэлсэн. Бидний байгуулсан гэрээнд гэрээ цуцалвал төлбөрийн 10 хувийг хасна гэсэн заалттай. Ц- хэлэхдээ гэрээгээ цуцлахгүй. Солонгосоос хүү, бэр ирэх гэж байгаа. Танай байр таалагдсан болохоор заавал байрыг авна. Тиймээс би өөрөө зээлээ хөөцөлдөнө гэж хэлсэн. Би тухайн үед та яаж зээ авах гэж байгаа юм бэ зээл өгөхгүй байгаа гэж байна гэхэд Хаан банкинд надад таньдаг хүн байгаа. Дүүгийнхээ найзаар яриулаад миний зээл гарах боломжтой гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сард над руу утасдаад миний зээл болох гэж байна. Гэрээ хийж өгөөч ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би та банкны эдийн засагчийг над руу утсаар яриулчих эсвэл би очоод уулзъя гэж хэлсэн. Тэгээд би эдийн засагчтай ярьсан. Би Хаан банкны эдийн засагчаас үлдэгдэл мөнгө нь хэзээ орох вэ гэж асуухад зээл нь судлагдсан олон хүн байгаа тул тодорхой хугацаа хэлэх боломжгүй. 2020 оны 8 дугаар сард ч гарч магадгүй гэж хэлсэн. Би Ц- рүү залгаад 2020 оны 8 дугаар сар хүртэл хүлээж магадгүй гэж хэлж байна. Тиймээс боломжгүй юм байна. Үлдэгдэл 70 хувь нь хэзээ орж ирэх нь тодорхойгүй юм байна гэж хэлэхэд тэгвэл би хувьд лизингээр авна гэж Ц- хэлсэн. Тэгээд би хувь лизингээр байраа зарахаар тохиролцож, Ц-д байрны түлхүүрээ хүлээлгэж өгсөн. Гэтэл 20 гаран хоногийн дараа эгч нь 1 сарын төлөлтийг нь төлж чадахгүй юм байна. Чи түлхүүрээ ав гээд ажил дээр байрны түлхүүр авчирч өгсөн. Тухайн үед таньд банкны зээл олгохгүй байгаа болохоор та хувь лизингээр авчих гэж хэлэхэд эгч нь ипотекийн 8 хувийн зээл авна гэж хэлсэн. 2019 оны 9 дүгээр сард орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт уулзсан. Тухайн үед Ц-, Л- мөн өмгөөлөгчийн хамт 3-уулаа ирсэн. Миний байрны гэрчилгээ тухайн үед хадам аавын нэр дээр байсан болохоор гэрчилгээгээ аваад хадам аавтайгаа хамт очоод 2 цаг гаран хүлээсэн. Гэтэл намайг хэл амаар доромжилж, цохиж, зодсон. Би гэрчилгээгээ Ц-гийн нэр дээр шилжүүлэх бодолгүй байсан бол нотариат дээр очихгүй байсан. Түүний дараа цагдаад гомдол гаргасан байсан. Та яагаад намайг цагдаад өгч байгаа юм бэ хоёулаа гэрээгээ цуцалъя гэхэд чи байрны урьдчилгаа мөнгөнөөс гэрээ цуцалсан 10 хувийг нь суутгах гээд байна гэж хэлсэн. Хохирогч нь гэрээ цуцалвал 10 хувийг суутгах тул гэрээгээ цуцлахгүйгээр цагдаад гомдол гаргасан байсан. 2019 оны 10 дугаар сард миний мөнгө түгжигдсэн байсан тул өөр хүнд өөрийн байраа хувь лизингээр зараад 73 сая төгрөгийг урьдчилгаанд аваад 45 сая төгрөгийг үлдсээн. Надад гомдолтой байна” гэв.

            Хохирогч Д.Ц- шүүх хуралдаанд: “...Намайг 1 жил гаран хохироосон хэрнээ Х- ингэж худал ярьж болохгүй. Тухайн үед хүүгийнхээ Солонгост ажил хийгээд цуглуулсан мөнгө мөн ах, дүү нараасаа мөнгө цуглуулж байрны урьдчилгаа бэлдсэн байсан. 2019 оны 3 дугаар сарын эхээр цахимаар байр хайсан. Учир нь би өмнө нь ипотекийн зээл авч байсан болохоор үндсэн зээлдэгч болох боломж байгаагүй тул өөрийн дүү Л-г үндсэн зээлдэгч болгохоор материалаа бүрдүүлсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр анх гэрээ хийгээд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 44.360.000 төгрөгийг Х-д өгсөн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 1 сарын дотор бүтэх байх гэж бодоод 2019 оны 5 дугаар сарыг дуустал би хүлээсэн. Тэгээд би түүнд бүх материалаа бүрдүүлээд өгсөн. 6 дугаар сард Х- руу ярихад Х- би зээлийг чинь хөөцөлдөж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Буянт-Өргөө ХХК-г төлөөлж байгаа учраас би итгэсэн. Учир нь Х- хэлэхдээ манай компани Төрийн банкнаас зээл авсан юм аа, манай компани Төрийн банктай хамтраад зээл гаргаж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд 6 сар дуустал хүлээгээд 7 дугаар сард Х-гаас материалаа аваад Хаан банкны зээлийн эдийн засагчтай уулзаад материалаа үзүүлэхэд таны материал ипотекийн зээлийн шаардлага хангах юм байна гэж хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зээлийн хүсэлтээ явуулахад 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкнаас таны зээлийн санхүүжилт орсон гэж утсаар ярьсан. Тэгээд би Саппоро дахь Хаан банкны салбарын ахлах эдийн засагч Батжаргалтай уулзахад таны санхүүжилт орж ирсэн. Та Буянт-Өргөө Экспресс компаниас барилгын Улсын коммиссын акт, гурвалсан гэрээ, байрны ордер хэрэв ордер гаргаагүй бол урьдчилсан тэмдэглэгээ зэргийг авчирч өгнө үү гэсэн. Миний зүгээс шаардагдах бүх материал бүрдсэн байсан. Гэтэл Х- өөрийн зүгээс шаардагдах материалаа гаргаж өгөөгүй. Тэгээд Батжаргалын хажууд сууж байгаад та энэ Х-тай яриулсан. Тухайн үед надаас шалтгаалах бүх зүйл болсон байсан. Х- 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ц- гэж хүн манай байгууллагатай хийсэн гэрээгээ цуцалъя гэж байна бид зээлийн гэрээний дагуу 22.800.000 төгрөгийг нэхэмжилж байна гээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байсан. Би зээл болохгүй бол хувь лизингээр авъя гэж хэлсэн. Тэгээд байрны түлхүүрээ аваад 20 гаран хонож байхад Х- байрны түлхүүр аваад ир, авчирч өгөхгүй бол би өөрийг чинь дахиад цагдаа дуудаж өглөө шүү, болохгүй бол би хаалгыг чинь эвдэж ороод хаалганы цоожны голыг сольж чадна гээд байсан болохоор би түлхүүрийг Х-д өгсөн. Х- үл хөдлөхийн бүртгэл дүүгийн нэр дээр гарсан. Манай дүү гадаадад байгаа гэж хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын сүүлчээр байрны гэрчилгээ хадам аавын нэр дээр байгаа гэж хэлсэн. Х- худалдах, худалдан авах гэрээний 2 хувь болох 1.950.000 төгрөгийг төлвөл би таньд байраа өгье гэж хэлсэн. Би за тэгье гэж хэлээд уулзахаар болж зам түгжирсэн тул би хоцорч очсон. Гэхдээ Х-гийн биед гар хүрээгүй. Гэтэл Х- та нартай гэрээ хийхгүй гээд уурлаад, хашхираад байсан. Тэгээд би 2019 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан...” гэв.

            Хохирогч Д.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын орчим фэйсбүүкээр орон сууц хувь лизинг нэртэй хаягаар орж байр хувь линзингээр зарна 8 хувийн ипотекийн зээлэнд оруулж өгнө гэсэн зар байсан. Тэгэхээр нь 99187738 дугаарын утас руу холбогдож асуухад 8 хувийн ипотекийн зээлэнд оруулж өгнө та 94106404 дугаарын утас руу холбогдоорой гэсэн. Тэгээд холбогдоод Х-тай уулзахад Хан богд хорооллын Ви-2 байрын 10 давхар 74 мкв байрыг үзүүлсэн. Би уг байрыг үзээд авахаар тохиролцоод мкв 1.800.000 төгрөгөөр авахаар тохиролцоод урьдчилгаа цувуулаад 1 сарын дотор 44.360.000 төгрөгийг Буянт өргөө экспресс ХХК-ний дансанд Хас банкны Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах төвөөс /5002756788/ бэлэн мөнгөөр хийгээд гэрээ хийсэн. Тэгээд удаагүй байтал 2019 оны 5 дугаар сард Х- гэх эмэгтэй над руу та 76 мкв байр аваа би дүүгээсээ шилжүүлээд авсан юм. Хэрвээ ипотек бүтэхгүй бол би хувь лизэнгээр ч гэсэн авсан болно гэж хэлж санал тавихаар нь зөвшөөрсөн. Тэгээд Хан богд хорооллын 303 дугаар байрны 2 дугаар орцны 75 тоот 3 өрөөг үзүүлсэн. Тэгэхээр нь би энэ байрыг авахаар болоод ипотекийн зээлэнд оруулъя та материал бүрдүүлж бай гэж хэлээд миний бие 2019 оны 4 дүгээр сард Х-д материалаа бүрдүүлээд өгсөн. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын орчим Х-гийн утас руу утсаар залгаад юу болж байна гэсэн чинь надад төрийн банкинд таны материал чанарын шаардлага хангахгүй байна гээд байхаар нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны саппорогийн салбарын эдийн засагч Батжаргал гэдэг хүн утсаар яриад таны зээл гарсан байна, та авах гэж байгаа байрныхаа худалдах, худалдан авах гэрээ, улсын комиссын акт, гурвалсан гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ, зургийг аваад ир гэсэн. Тэгээд Хаан банкны эдийн засагч Х- руу залгаад та шаардлагатай материалыг Д.Ц- гэх хүнд өгөөч зээлийн санхүүжилт ороод ирсэн байна гэж хэлэхэд Х- шаардлагатай материалаа өгөөгүй. Ингээд санхүүжилтийн хугацаа дуусаад байрандаа орж чадаагүй. Х-гаас байраа авъя гэхэд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ манай дүүгийн нэр дээр гарсан байна. Манай дүү гадаадад байгаа гэж хэлээд байрандаа оруулахгүй одоог хүрсэн. Х- миний гар утсыг авахаа болиод алга болоод байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Анх байр авахаар тохиролцоход Төрийн банкинд ипотекийн зээлэнд оруулж өгнө, Төрийн банк төв салбар дээр ажилладаг Сувданчимэг гэх хүнтэй найз байгаа юм, би хүнээр яриулсан байгаа гэж байсан. Тэгээд Х- 8 хувийн зээлэнд оруулж өгөхгүй болохоор нь би өөрөө хөөцөлдье гэж хэлсэн. ...Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах Хас банкны салбарт очиж 5002756788 тоот Буянт өргөө экспресс ХХК гэсэн дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах Хас банкны салбарт очиж 5002756788 тоот Буянт өргөө экспрэсс ХХК гэсэн дансанд 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Түшиг дэлгүүрт байрлах Хас банкны салбарт очиж 5002756788 тоот Буянт өргөө экспрэсс ХХК гэсэн дансад 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Түшиг дэлгүүрт байрлах Хас банкны салбарт очиж 5002756788 тоот Буянт өргөө экспрэсс ХХК гэсэн дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах Хас банкны салбарт очиж 5002756788 тоот Буянт өргөө экспрэсс ХХК гэсэн дансанд 8.360.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 44.360.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Х- орон сууцны зээлд хамруулж өгөхгүй удаад байхаар нь би хөөцөлдөнө гэж бүрдүүлсэн материалаа өөрөө авъя гэж хэлээд авсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 35-40/,

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Эхнэр Ариунжаргал бид хоёр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 303 дугаар байрны 2 дугаар орцны 7 давхрын 75 тоот 3 өрөө байрыг фэйсбүүк зард хувь лизэнгээр зарна гэсэн зарын дагуу 94106404 гэсэн утсаар холбогдоход эрэгтэй хүнтэй уулзаад дараа нь Х- гэх эмэгтэйтэй уулзахад уг байр манай хадам аавын нэр дээр байгаа 2.000.000 төгрөгөөр ав гэхээр нь 1.950.000 төгрөгөөр авахаар болоод 2019.10.04-ний өдөр худалдах худалдан авах гэрээ хийгээд 73.200.000 төгрөгөөр аваад сард 5.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байрны гэрчилгээг ёсоор нь шилжүүлж авсан. Миний эзэмшлийн байр гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 47-48/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Л-, Д.Ц- нар нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр манай банканд орон сууц зээлээр авах хүсэлт гарган анхан шатны зээлийн шаардлага хангаж байсан учраас эх үүсгэвэр үүсгэх зөвшөөрөл авахаар Хаан банкны төв рүү явуулсан. Ингээд эх үүсвэрийн зөвшөөрөл 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ирсэний дагуу Д.Л-, Д.Ц- нарын зээлийг судалж эхэлсэн. Д.Л-, Д.Ц- нарт бүрдүүлэх материалыг боловсруулж байхад худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй байсан. Ингээд би байр зарах гэж байгаа хүн Х-тай утсаар холбогдож худалдах, худалдан авах гэрээ хийх хэрэгтэй байгаа талаар хэлэхэд ойлголоо танай зээлийн мөнгө хэзээ гарах талаар асууж байсан. ...манай банк зээлийг судалж байгаад орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь дутуу байсан учраас зээлийг судалж чадахгүйд хүрсэн. Б.Х- гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 50-51/,

Гэрч Д.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сард дахиад бүрдүүлэхгүй бол бичиг баримтын хугацаа дууссан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиж бүрдүүлж өгөөд Саппоро худалдааны төвд байрлах Хаан банкин дээр эгч Ц-гийн хамт очиж уулзахад орон сууц авах анхны шаардлага хангасан байна, ганцхан худалдан авах байрныхаа эзэнтэй худалдах, худалдан авах гэрээ хийвэл материал бүрэн гүйцэд болж дуусах гээд байна гэж хэлсэн. Тэгээд эгч байр худалдаж авах гэж байсан хүн болох Б.Х-гийн утсаар залгахад худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй утсаа таслаад алга болсон. Мөн банкны ахлах эдийн засагч Батжаргал, Х- руу гэрээ хийх хэрэгтэй байгаа талаар залгасан боловч гэрээгээ хийж өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 52-53/,

Гэрч П.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сар орчим интернэтээр Ханбогд хороололд байр зээлээр зарна, орон сууцны зээлд хамруулж өгнө гэсэн зарын дагуу Б.Х- гэх хүнтэй манай эхнэр Д.Ц- холбогдсон. Тэгээд эхнэр бид хоёр Дөлгөөн нуурын хажууд байрлах Хурд плазад байрлах оффис дээр очиход Буянт өргөө экспресс нэртэй ХХК байдаггүй гээд харуул нь оруулаагүй. Тэгээд утсаар яриад төв номын сангийн эсрэг талд очиж уулзаад анх гэрээ хийж байсан. Тэгээд манай эхнэр мөнгөө увуулж цувуулаад өгсөөр байгаад 44.360.000 төгрөг өгч байрны 30 хувийн урьдчилгааг бүрэн гүйцэд өгч дууссан. Тэгээд мөнгөө өгсөний дараа Б.Х- орон сууцанд оруулах зээл хөөцөлдөж байна гээд утсаа авахгүй удаад байхаар нь арга ядаад манай эхнэр өөрөө орон сууцны зээл хөөцөлдөж эхэлсэн. Өөрөө хөөцөлдөөд зээл гарахаар болоод байхад Б.Х- нь өөрөөсөө шалтгаалах байрны бичиг баримтыг гаргаж өгөхгүй алга болсон. Би эхнэртэйгээ хамт удаа дараа гэрт нь очиж байсан. Очиход Х- гэрээсээ гарч ирэхгүй огт утсаа авдаггүй, хөдөө явж байна гэх мэтчилэн аргалсаар байгаад одоог хүрсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 54-55/,

Хохирогчийн өргөдөл /хх 1-н 9-12/, шүүгдэгч, хохирогч нарын хооронд харилцсан мессежүүд /хх 1-н 13-29/, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 303 дугаар байрны 2 дугаар орцны 7 давхарын 75 тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээний хуулбар /хх 1-н 49/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 76-79/, шүүгдэгч Б.Х-гийн дипозет дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх 1-н 82-119/, байрны урьдчилгааны мөнгө шилжүүлсэн баримтууд /хх 1-н 127-312/, ипотекийн зээлд хамрагдахаар өгсөн баримтууд /хх 1-н 133-166/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч, хохирогч нарын хооронд иргэний эр зүйн харилцаа үүссэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү, эсхүл хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь хохирогч Д.Ц-д 3 өрөө орон сууцыг 8 хувийн зээлд хамруулж худалдана гэж хуурч түүнээс уг байрны урдчилгаа мөнгийг шилжүүлэн авч залилсан нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Х- нь гэрээгээр халхавчлан “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 303 дугаар байрны 2 дугаар орцны 7 давхарын 75 тоот 3 өрөө орон сууцыг 8 хувийн зээлд хамруулж худалдана...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас иргэн Д.Ц- нь орон сууцны урьдчилгаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хас банкнаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 44.360.000 төгрөгийг шилжүүлж, улмаар Б.Х- нь 44.360.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Д.Ц-гийн: “...Тэгээд холбогдоод Х-тай уулзахад Хан богд хорооллын Ви-2 байрын 10 давхар 74 мкв байрыг үзүүлсэн. Би уг байрыг үзээд авахаар тохиролцоод мкв 1.800.000 төгрөгөөр авахаар тохиролцоод урьдчилгаа цувуулаад 1 сарын дотор 44.360.000 төгрөгийг Буянт өргөө экспресс ХХК-ний дансанд Хас банкны Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах төвөөс /5002756788/ бэлэн мөнгөөр хийгээд гэрээ хийсэн. Тэгээд удаагүй байтал 2019 оны 5 дугаар сард Х- гэх эмэгтэй над руу та 76 мкв байр аваа би дүүгээсээ шилжүүлээд авсан юм. Хэрвээ ипотек бүтэхгүй бол би хувь лизэнгээр ч гэсэн авсан болно гэж хэлж санал тавихаар нь зөвшөөрсөн. Тэгээд Хан богд хорооллын 303 дугаар байрны 2 дугаар орцны 75 тоот 3 өрөөг үзүүлсэн. Тэгэхээр нь би энэ байрыг авахаар болоод ипотекийн зээлэнд оруулъя та материал бүрдүүлж бай гэж хэлэхээр нь 2019 оны 4 дүгээр сард Х-д материалаа бүрдүүлээд өгсөн. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын орчим Х-гийн утас руу утсаар залгаад юу болж байна гэсэн чинь надад төрийн банкинд таны материал чанарын шаардлага хангахгүй байна гээд байхаар нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны саппорогийн салбарт өөрөө материал бүрдүүлж өгсөн. Салбарын эдийн засагч Батжаргал гэдэг хүн утсаар яриад таны зээл гарахаар байна, та авах гэж байгаа байрныхаа худалдах, худалдан авах гэрээ, улсын комиссын акт, гурвалсан гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ, зургийг аваад ир гэсэн. Тэгээд Хаан банкны эдийн засагч Х- руу залгаад та шаардлагатай материалыг Д.Ц- гэх хүнд өгөөч зээлийн санхүүжилт ороод ирсэн байна гэж хэлэхэд Х- шаардлагатай материалаа өгөөгүй. Ингээд санхүүжилтийн хугацаа дуусаад байрандаа орж чадаагүй. Х-гаас байраа авъя гэхэд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ манай дүүгийн нэр дээр гарсан байна. Манай дүү гадаадад байгаа гэж хэлээд байрандаа оруулахгүй одоог хүрсэн. ...Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах Хас банкны салбарт очиж 5002756788 тоот Буянт өргөө экспресс ХХК гэсэн дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах Хас банкны салбарт очиж 5002756788 тоот Буянт өргөө экспрэсс ХХК гэсэн дансанд 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Түшиг дэлгүүрт байрлах Хас банкны салбарт очиж 5002756788 тоот Буянт өргөө экспрэсс ХХК гэсэн дансад 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Түшиг дэлгүүрт байрлах Хас банкны салбарт очиж 5002756788 тоот Буянт өргөө экспрэсс ХХК гэсэн дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах Хас банкны салбарт очиж 5002756788 тоот Буянт өргөө экспрэсс ХХК гэсэн дансанд 8.360.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 44.360.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 35-40/, гэрч Д.Б-ын: “...Би эхнэр Ариунжаргал бид хоёр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 303 дугаар байрны 2 дугаар орцны 7 давхрын 75 тоот 3 өрөө байрыг фэйсбүүк зард хувь лизэнгээр зарна гэсэн зарын дагуу 94106404 гэсэн утсаар холбогдоход эрэгтэй хүнтэй уулзаад дараа нь Х- гэх эмэгтэйтэй уулзахад уг байр манай хадам аавын нэр дээр байгаа 2.000.000 төгрөгөөр ав гэхээр нь 1.950.000 төгрөгөөр авахаар болоод 2019.10.04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгээд 73.200.000 төгрөгөөр аваад сард 5.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байрны гэрчилгээг ёсоор нь шилжүүлж авсан. Миний эзэмшлийн байр гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 47-48/, гэрч Б.Б-ын: “...Д.Л-, Д.Ц- нар нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр манай банканд орон сууц зээлээр авах хүсэлт гарган анхан шатны зээлийн шаардлага хангаж байсан учраас эх үүсгэвэр үүсгэх зөвшөөрөл авахаар Хаан банкны төв рүү явуулсан. Ингээд эх үүсвэрийн зөвшөөрөл 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ирсэний дагуу Д.Л-, Д.Ц- нарын зээлийг судалж эхэлсэн. Д.Л-, Д.Ц- нарт бүрдүүлэх материалыг боловсруулж байхад худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй байсан. Ингээд би байр зарах гэж байгаа хүн Х-тай утсаар холбогдож худалдах, худалдан авах гэрээ хийх хэрэгтэй байгаа талаар хэлэхэд ойлголоо танай зээлийн мөнгө хэзээ гарах талаар асууж байсан. ...манай банк зээлийг судалж байгаад орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь дутуу байсан учраас зээлийг судалж чадахгүйд хүрсэн. Б.Х- гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 50-51/, гэрч Д.Л-гийн: “...2019 оны 5 дугаар сард дахиад бүрдүүлэхгүй бол бичиг баримтын хугацаа дууссан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиж бүрдүүлж өгөөд Саппоро худалдааны төвд байрлах Хаан банкин дээр эгч Ц-гийн хамт очиж уулзахад орон сууц авах анхны шаардлага хангасан байна, ганцхан худалдан авах байрныхаа эзэнтэй худалдах, худалдан авах гэрээ хийвэл материал бүрэн гүйцэд болж дуусах гээд байна гэж хэлсэн. Тэгээд эгч байр худалдаж авах гэж байсан хүн болох Б.Х-гийн утсаар залгахад худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй утсаа таслаад алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 52-53/, гэрч П.Төмөрчөдөрийн: “...2019 оны 3 дугаар сар орчим интернэтээр Ханбогд хороололд байр зээлээр зарна орон сууцны зээлд хамруулж өгнө гэсэн зарын дагуу Б.Х- гэх хүнтэй манай эхнэр Д.Ц- холбогдсон. Тэгээд эхнэр бид хоёр Дөлгөөн нуурын хажууд байрлах Хурд плазад байрлах оффис дээр очиход Буянт өргөө экспресс нэртэй ХХК байдаггүй гээд харуул нь оруулаагүй. Тэгээд утсаар яриад төв номын сангийн эсрэг талд очиж уулзаад анх гэрээ хийж байсан. Тэгээд манай эхнэр мөнгөө увуулж цувуулаад өгсөөр байгаад 44.360.000 төгрөг өгч байрны 30 хувийн урьдчилгааг бүрэн гүйцэд өгч дууссан. Тэгээд мөнгөө өгсөний дараа Б.Х- орон сууцанд оруулах зээл хөөцөлдөж байна, утсаа авахгүй удаад байхаар нь арга ядаад манай эхнэр өөрөө орон сууцны зээл хөөцөлдөж эхэлсэн. Өөрөө хөөцөлдөөд зээл гарахаар болоод байхад Б.Х- нь өөрөөсөө шалтгаалах байрны бичиг баримтыг гаргаж өгөхгүй алга болсон. Би эхнэртэйгээ хамт удаа дараа гэрт нь очиж байсан. Очиход Х- гэрээсээ гарч ирэхгүй огт утсаа авдаггүй, хөдөө явж байна гэх мэтчилэн аргалсаар байгаад одоог хүрсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 54-55/ болон фасебүүк цахим хэрэгсэлээр харилцсан цахим захидлууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Х-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Х- нь хохирогч Д.Ц-д байраа 8 хувийн зээлд хамруулж өгч худалдана гэж байрны урьдчилгаа 30 хувь буюу 44.360.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Х-гаас 24.360.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ц-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь хохирол төлөхөөр 15 минутын завсарлага авсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хурал эхлэхийн өмнө хохирогч нь шүүгдэгчээс хохирлын мөнгө хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Х-г гэм буруутай гэж үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Х-г “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР