Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 514

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: А.Марал,

Хохирогч: Э.У-,

Шүүгдэгч: А.Б-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005005810533  дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Б-, 1993 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, .... тоот регистртэй,

Шүүгдэгч А.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Танан” алжаал тайлах төвд хохирогч Э.У-тай маргалдан зодож зулайн хуйх, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт, зулгаралт, баруун тохой, зүүн шуу, баруун гуя, шилбэний цус хуралт, баруун шууны зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч А.Б- шүүх хуралдаанд: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Танан саунд ээжийнхээ хамт тус бүр 20.000 төгрөгийн үйлчилгээний багц аваад, хүү 5.000 төгрөгөөр бид нийт 45.000 төгрөгөөр үйлчлүүлэхээр болсон. Би 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хийсвэр хагалгаагаар төрсөн. Дараа нь хэвлийн цус алдалттай байсан тул дахин хагалгаанд орсон. Гэрчийн мэдүүлсэн хөхрөлтийн тухайд тарианы сорвийг хөхрөлт гэж хэлсэн байсан. Тухайн үед Танан сауны ажилтанд миний хэвлий хэсгээр битгий үрээрэй хөндүүртэй байгаа бусад хэсгээр үрж болно зүгээр гэж хэлж байсан. Үйлчилгээгээ хийлгэж дуусаад ээж эхэлж хувцсаа өмсөөд 45.000 төгрөгийн тооцоо хийсэн. Хүү бид 2 гутлаа өмсөөд байж байтал ээж 45.000 төгрөгийн НӨАТ-ийн баримтаа авъя гэж хэлсэн. Гэтэл У- миний ээжийг балай авгай минь хир буртгаа угаалгачихаад НӨАТ-ийн баримт нэхээд байх юм гар, зайл гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би чи настай хүнийг яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэж хэлэхэд намайг гөлөг минь чи зайл, чамайг ална шүү гээд авч шидсэн зүйл нь миний нүүрийг цохисон. Тэгээд намайг ална гээд над руу дөхөөд ирсэн. Тэгэхээр нь би биеэ хамгаалсан. Миний ээж намайг хамгаалаад чи миний охиныг алж байхаар намайг ал гэж хэлсэн. Тэгээд ээж бид 2-ыг салгаад би цагдаа дуудсан. Дуудлага өгөөд цагдаа ирэх хугацаанд У- манай ээж рүү салаавч өгөөд 3 гуйлгачин минь гар, зайл, халтайсан хар гуйлгачид минь гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би чи анх биднийг орж ирэхэд 3 гуйлгачин минь гар үйлчлэхгүй гэж хэлсэн бол бид гараад явах байсан. Чи согтуу байгаа юм уу гэж түүнээс асуусан. Гэтэл биднийг хэл амаар доромжлоод буйдан дээр байсан бидний тортой хувцас, хүүхдийн тоглоом, гоо сайхны бүтээгдэхүүнийг авч лифт рүү шидсэн. Тэгээд над руу ална чамайг гээд дайрсан. Би биеэ хамгаалсан. Учир нь би 2 удаа ойрхон хагалгаанд орсон байсан тул миний хэвлий рүү У- өшиглөсөн бол би дахиж хагалгаанд орох асуудал ч үүсч болох байсан тул би өөрийн биеэ хамгаалсан. Ээж намайг хамгаалсан. Манай ээжийг муу долир авгай минь чамайг ална гэж хэлээд ээжийг өшиглөсөн. Тэгээд би тухайн үед ээжийгээ ингэж доромжлуулна гэж юу байх вэ гэж бодсон. Би хохирогчийн тийм үйлдлийг хараад цочирдоод У-тай барилцаж авсан” гэв.

            Хохирогч Э.У- шүүх хуралдаанд: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед ажилдаа дээрээ очсон. Намайг ирэхэд 1 эрэгтэй хүүхэдтэй 2 эмэгтэйг оруулсан байсан. Тэгээд тэдний тооцоо 45.000 төгрөг болсон байсан. Б- хүүтэйгээ гутлаа өмсөж байхад ээж нь карт уншуулж тооцоогоо хийсэн. Тэгээд би эмэгтэйчүүдийн үйлчлүүлдэг сауны газарт эрэгтэй хүүхэд оруулж болохгүй дахиж үйлчлэхдээ хүүгээ битгий авчраарай гэж хэлсэн. Б-ы ээж танайх өмнө нь зүгээр л оруулдаг байсан. Чи л дандаа олон юм ярих юм аа, бид нар хэнийг ч авчирсан байсан яадаг юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл дараагийн удаа таньд үйлчлэхгүй шүү гэтэл Б-ы ээж НӨАТ-ын баримтаа авъя, танай байгууллага өмнө намайг үйлчлүүлэхэд НӨАТ-н баримт өгч байгаагүй гэж орилсон. Тэгэхээр нь би та картаа өгч бай би таны тооцоог уншуулаад НӨАТ-н баримт өгье гэтэл картаа өгөхгүй байсан. Би Б-ы ээжийг хэл амаар доромжлоогүй надад 55 минутын дуутай бичлэг байгаа. Б-ы ээж намайг биеэ үнэлдэг, сауны янхан, 00 цагаас хойш биеэ үнэлээд бичил дээр зогсдог биз дээ гэж хэл амаар доромжилсон. Тэгээд би та нар бага насны хүүхдийн хажууд хүнтэй хэрүүл хийхээсээ ичихгүй байна уу гэтэл чамд бидний амьдрал хамаагүй гэж хэлсэн. Тухайн үед танай хүүхэд хэдэн настай юм бэ гэж асуухад Б- 8 настай гэж хэлж байсан. Би Б-ыг эхэлж цохиогүй бичлэгт тодорхой байгаа. Шүүгдэгчийн ээж нь миний цээжийг самардаад байхаар нь би өөрөөсөө холдуулж түлхсэн. Цагдаа дуудах гээд гарах гэтэл чи гарч цагдаа нартай хуйвалдах гэж байна гэж Б- хэлсэн. Б- болон түүний ээж манай байгууллагын үйлчлүүлэгчдийн тав тухыг алдагдуулсан. Б-ы ээж бүх маргааны эх үүсвэр болсон. Би хэнийг ч хэл амаар доромжлоогүй. Б- 100 хувь худал ярьж байна. Би тортой зүйлийг нь лифт рүү авч шидсэн нь үнэн. Энэ талаар би мөрдөн байцаалтын шатанд ч мөн адил мэдүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 21, 25-ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын газарт манай байгууллагын талаар иргэний гомдол ирсэн гээд шалгалт хийсэн. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн дараа 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Татварын хэлтэст А- манай байгууллагыг НӨАТ-н баримт өгдөггүй гэж өргөдөл гомдол гаргасан байсан. А-, Б- нар нь танай байгууллагыг болон чамайг би зүгээр орхихгүй гэж өнөөг хүртэл намайг сүрдүүлж байсан. Мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс манай байгууллагын үйл ажиллагаатай танилцаад, хяналт, шалгалт хийсэн. А-, Б- нар намайг чи цагдаад мөнгө өгсөн байна. Одоо шүүх хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө байх гэж байнга дарамталж байсан...” гэв.

Хохирогч Э.У-мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Танан эмэгтэйчүүдийн ажлаал тайлах төв” ажил дээр ирээд тэкен дээр сууж байхад, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй жоохон хүүхэд гурав манайхаар үйлчлүүлээд гарах гээд тооцоогоо хийе гэсэн. ...би тооцооны 49.000 төгрөг авах гэхэд эгч “нөат-гүй үнээр орно 45.000 төгрөг уншуулчих” гэсэн. Би 45.000 төгрөгөөр картыг нь уншуулсан. Тэгэхэд тэр эгч “танайх НӨАТ-ийн баримт өгөх ёстой, 1.000 төгрөг байсан ч НӨАТ-ын баримт өгөх ёстой” гээд над руу хашхираад намайг охинтойгоо хэл амаар доромжилж элдвээр хараасан. Би “бусад үйлчлүүлж байсан хүмүүсээ хүндэл, замбараатай бай” гэхэд “яадаг юм би НӨАТ-ын баримтаа авч байж гарна” гэсэн. ...Би текэн дээр байсан нэрийн хуудасны сав аваад далайгаад цохиход уг нэрийн хуудасны савыг охин нь гараараа хаагаад бариад буцаагаад над руу шидсэн. Тэгэхэд ээж нь дундуур орж ирээд миний цээжнээс зулгааж маажсан. Тэгээд дахиад маргалдаад уг хоёр эмэгтэйг гаргах гээд гар гээд текний араас гарч лифтээр буу гээд хувцсыг нь лифт рүү хийгээд гар гэхэд гарахгүй байсан. Тэгэхэд намайг үсдээд дарахад би буйдан дээр унахад миний дээрээс дарсан. Тэгэхэд манай ажлын У- ирж салгасан. Би ажлынхаа У-аг цагдаа дууд гэсэн. Би гутлаа өмсөж буцаж ирээд ээж нь тэк цохиод орилоод байхаар нь “дуугүй бай” гээд уг эгчийн гутал руу өшиглөсөн. Тэгээд охин нь цаанаас хүрч ирээд намайг үсдээд газар унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/,

Гэрч У-мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ...Танан алжаал тайлах төвд тэкен дээр ажлаа хийгээд байж байхад гаднаас 40 гаран насны эгч 20 гаран насны эгч нэг жоохон эрэгтэй хүүхэдтэй хамт орж ирээд 20.000 төгрөгийн сауны багцад орно гэсэн. Би юмнуудыг нь бэлдэж өгөөд оруулсан. Тэгээд биеэ үрүүлье гэсэн. Би араас нь ороход хувцсаа сольцгоож байсан. Тэгэхэд охиных нь нүд нь хөхөрсөн нилээн хавдсан, нилээн олийж хараад байсан. Тэгээд би саунд уг охиных нь биеийг нь үрсэн. Тэгэхэд биеийнх нь баруун гуя, хөл, гар хэсэг нь хөхөрсөн байсан. Намайг үрж байхад хөхрөлттэй хэсгийг битий дараарай өвчтэй байгаа гэсэн. Би биеийг нь үрж дуусаад гараад өөр хүнд үйлчилгээ хийж байхад гадаа коридорт орилолдоод байхаар нь гараад харахад цагдаа ирсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 48-49/,

Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ...ажлаа хийж байхад ...миний биеийг нь үрж өгсөн эгч охинтойгоо манай ажлын У-тай хэрэлдээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд нь би хүн үйлчлүүлж байна жоохон чимээгүй бай гэж хэлэхэд та нар олуулаа дайрлаа гээд байсан. У- уг хоёр эмэгтэйтэй маргалдаж байх хооронд У-аг охин нь үсдээд ээжийг минь цохилоо гээд байсан. Тэгээд би салгаад У- тэр эгчийг та цаашаа бай яв, тантай юм ярихгүй гээд хөл рүү нь өшиглөсөн. Тэр эгч орилоод тек цохиод элдэв янзаар орилоод хэл амаар доромжлоод байсан. ...Уянгын цээж нь майжигдсан, үс нь ихээр унасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/,

Шинжээчийн 1823 тоот дүгнэлтэд: “...Э.У-биед зулайн хуйх, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт, зулгаралт, баруун тохой, зүүн шуу, баруун гуя, шилбэний цус хуралт баруун шууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн мэдүүлэг /хх-н 62-64/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...У- текэн дээр байсан сав авч шидэхэд Б- гараараа хаана. ...урд урдаасаа гараа саван Б- цаашаа алхан эргэж алхан утсаар ярина. У- текны араас гарч ирж А-, Б- нар маргалдаж А-, У- нарын голоор хар подболктой эмэгтэй орно. хоёр тийш салган текны наана цаанаас А-, У- хоёр маргалдаж байхад Б- цаанаас ирж буцаж цааш алхан ...У-, А- хоёр маргалдаж байгаад У- текны араас гарч ирэхэд А-, У-аг түлхэн У- цааш алхаж хаалга хаагаад У- лифтний хаалга онгойлгож юм шиднэ. У-, А- хоёр маргалдан хоёр тийш алхан текны хажууд маргалдан А- гараараа тек цохин У- А-ын хөл хэсэг рүү өшиглөн цаанаас Б- ирж Уянгын үснээс татахад хажуунаас нь хүмүүс салгахад У- текны араар орж зогсон А-, У-, Б- нар маргалдаж...” гэжээ /хх-н 75-76/,

Яллагдагчаар А.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-нд би ээж хүү хоёртойгоо хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо “Танан” эмэгтэйчүүдийн алжаал тайлах төвд ороод үйлчлүүлсэн. Тэгээд гарахдаа тооцоогоо хийгээд манай ээж “нөат-ийн баримтаа авъя” гэхэд уг ажилтан эмэгтэй нь манай ээжийг хэл амаар доромжилсон. Тэгээд бид нарын хувцсыг лифт рүү шидээд гар гээд байсан. Тэгээд бид нар маргалдаж байхад текэн дээрээ байсан хуванцар савыг аваад “дуугүй бай” гээд над руу шидсэн. Би уг эмэгтэйг ээжийгээ доромжлуулсандаа уурлаад эсэргүүцээд үсдэж маргасан. Тэгээд салаад цагдаа дахиад дуудаад тэгээд уг эмэгтэй дахин хэл амаар доромжлоод дахиад намайг гар гээд татаад байсан. Би хариу үйлдэл үзүүлсэн. ...Над руу текэн дээр байсан хуванцар сав авч шидсэн, миний нүдний шил газар унасан. Би хэд хоногийн өмнө машины хаалга онгойлгох гэж байгаад нүдээ хөхрүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 82/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирлын баримт /хх-н 71/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 85-95, 104-105/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, сэтгэл санаа нь хүчтэй цочирдон давчидсан тул түүнийг цагаатгаж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээж авах үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тухайн хэрэг болсон нөхцөл байдлыг харуулсан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо маргалдсан үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...У- А-ын хөл хэсэг рүү өшиглөн цаанаас Б- ирж Уянгын үснээс татахад хажуунаас нь хүмүүс салгахад У- текны араар орж зогсон А-, У-, Б- нар маргалдаж...” гэжээ.

Дээрх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичлэгээр хохирогч, шүүгдэгч болон гэрч А- нарын хооронд маргаан болсон бөгөөд тухайн маргаан үргэлжилж байх үед шүүгдэгч А.Б- нь хохирогчийг үсдэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учруулсан нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзлээ.

Мөн өмгөөлөгчийн сэтгэл санаа нь цочрон давчидсан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч А.Б- нь тухайн үед санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоохгүй байна.

Шүүгдэгч хохирогч нар хоорондоо маргалдаж тухайн үйл явдал удаан хугацаагаар үргэлжилж байх үед шүүгдэгч нь хохирогчийг үсдэж улмаар гэмтэл учруулсан ба дээрх үйлдлийг хийж байх үед шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 1829 тоот дүгнэлтэд шүүгдэгч А.Б-ы биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тухайн гэмтэл нь хэрэг болохоос өмнө учирсан болох нь гэрч У-мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Танан” алжаал тайлах төвд хохирогч Э.У-тай маргалдан зодож зулайн хуйх, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт, зулгаралт, баруун тохой, зүүн шуу, баруун гуя, шилбэний цус хуралт, баруун шууны зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Э.У-: “...уг хоёр эмэгтэйг гаргах гээд гар гээд текний араас гарч лифтээр буу гээд хувцсыг нь лифт рүү хийгээд гар гэхэд гарахгүй байсан. Тэгэхэд намайг үсдээд дарахад би буйдан дээр унахад миний дээрээс дарсан. Тэгэхэд манай ажлын У- ирж салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/, гэрч Б.М-ийн: “...У- уг хоёр эмэгтэйтэй маргалдаж байх хооронд У-аг охин нь үсдээд ээжийг минь цохилоо гээд байсан. Тэгээд би салгаад У- тэр эгчийг та цаашаа бай яв, тантай юм ярихгүй гээд хөл рүү нь өшиглөсөн. Тэр эгч орилоод тек цохиод элдэв янзаар орилоод хэл амаар доромжлоод байсан. ...Уянгын цээж нь майжигдсан, үс нь ихээр унасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/, шинжээчийн 1823 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б- нь хохирогч Э.У-тай маргалдан, түүний үснээс зулгааж бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.У-биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримт болох хохирогчийн томографикт үзүүлсэн 120.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.У-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт толгойгоо бариулсан гэж мэдүүлж байх боловч тухайн толгой бариулсан талаарх баримт байхгүй, хавтаст хэрэгт авагдаагүй тул хохирогч нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.Б-г гэм буруутай гэж үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч А.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн оногдуулсан торгох ялаас доогуур торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-аас 120.000 төгрөг гаргуулж хохирогч Э.У-д олгосугай.
  6. Хохирогч Э.У- нь хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР