| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01557/и |
| Дугаар | 142/ШШ2016/01571 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Хадгалалт, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2016/01571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 5-17 тоотод оршин суух, Дархчууд овгийн Лхагвын Дашдорж /ФБ40070292/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Музейд холбогдох
“Худалдсан зүйлсээ буцаан гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Дашдорж, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхтуяа, прокурор Ч.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Дашдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Л.Дошдорж нь Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул иргэн юм. Миний аавыг Чимидийн Лхагва гэдэг ба өвөг эцэг Ц.Чимид нь Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул хүн болно. Миний өвөг эцэг Ц.Чимидэд “Дилавхутагт” Жамсранжаваас хадгалж яваарай гээд бэлэглэж өгсөн ногоон алаг нум сум, иж бүрэн мөнгөн хэрэгсэлтэй тоноглолтой уран хийцтэй хаш гаанс, ногоон чүнчиг норов хөөрөг зэрэг эд зүйлийг нь би өөр дээрээ ааваасаа уламжилан хадгалж ирсэн болно. Хөөрөг нь надад өнөөдрийг хүртэл хадгалагдаж байгаа юм. 1982 онд “Дилавхутагтын өвөөд бэлэглэсэн нум сумыг, 2000 онд гаансыг Орхон аймгийн Музейд хадгалуулахаар тус тус хүлээлгэж өгсөн. 1995 онд аавынхаа алаг манан хөөргийг гэрээсээ хулгайд алдсан байсан ба уг хөөргийг маань Маналжав гэдэг хүн Музейд байна гэж хэлэхэд очиж үзэхэд миний хөөрөг байсан. Хөөргийг маань манай нутгийн Батсүх гэдэг архи уудаг хүн гэрээс хулгайлаад Музейд 250 000 төгрөгөөр зарчихсан байна лээ. Батсүх гэдэг хүн дам өөр хүнээр Музейд заруулсан байсан. Музейд хөөргөө үзэнгээ тэр үед Музейн дарга хийж байсан Ломбо гэдэг хүнтэй уулзаж, би хөөргөө хулгайд алдсан тухайгаа хэлж байсан юм. Тэр үед би хөөргөө авалгүй Музейд хадгалуулахаар үлдээж байсан юм. Гэтэл миний Музейд хадгалуулахаар өгсөн Монгол улсын түүх соёлын үнэт өвийг минь зүй ёсоор хадгалаагүйн улмаас хэлбэрээ алдаж хугарсан байдалтай, гаансны маань соруул солигдчихсон, гаансны хэрэгслийн сэтгүүр алга болсон, цохиур нь солигдчихсон байна. Би өөрөө бөөгийн онгод сахиустай хүн бөгөөд гэнэт унаж тусаад байхаар нь онгод сахиусаас асуухад эртний эд зүйлсийн маань иж бүрэн байдал нь алдагдаж байгаа тухай хэлж эд зүйлсээ эргүүлж авахыг хэлсэн. “Дилавхутагт” Жамсранжаваас хадгалж яваарай гээд бэлэглэж өгсөн ногоон алаг нум сум, иж бүрэн мөнгөн хэрэгсэлтэй тоноглолтой уран хийцтэй хаш гаансыг манай нутгийнхан шүтэж, мөргөж байдаг юм. Би уламжлагдан ирсэн өв зүйлийг Музейгээс буцааж аваад нутагтаа очиж “Дилавхутагт”-ын хөшөөнд тавихыг хүсэж байгаа юм. Иймд иргэн Л.Дашдорж миний нэхэмжлэлийн шаардлага болох Музейд хадгалуулсан эд зүйл болох нум сум, гаанс, хөөрөг зэргийг буцаан авах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хангаж хуулийн дагуу олгож өгнө үү. Хөөргийг бол би өөрөө музейд өгөөгүй... гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймгийн Музей нь анх 1983 онд байгуулагдсан. Түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалж хамгаалах, судлан шинжлэх, нийтийн хүртээл болгох үүрэг бүхий соёлын байгууллага юм. Иргэн Л.Дашдоржоос музейн нэр дээр ирүүлсэн нэхэмжлэлийг байгууллагын архивын баримт материал болон улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан, үзмэрийн ерөнхий бүртгэлүүдээс шүүн шалгасны үндсэн дээр хариу тайлбарыг хүргүүлж байна. Л.Дашдорж нь манай байгууллага дээр /бие нь өвдсөн үедээ/ байнга ирж өөрийн хүсэлтээр музейн сан хөмрөгт худалдсан хаш соруул бүхий гаанс, хавтага, нумыг үзэж, үзүүллэгт дэлгэсэн байгааг харан түүнээсээ шилэн хоргоны цаанаас адис авсаар ирсэн. Гэхдээ 2016 оны хавраас эхлэн ирж үзсэнийхээ дараа удалгүй дахин ирж өмнөх үзсэнээс хойш миний өгсөн эд зүйл солигдон алга болсон байна гэх мэтээр ярьж ирдэг болсон. Гэвч дахин үзээд хэвээр байгааг хэлдэг боловч хэд хонож байгаад ирээд солигдож алга болсон байна гэж хэлдэг. Энэ байдал нь манай ажилчид болоод, манай байгуулагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт суусан ахмад ажилтан мөн манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байдаг. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр бичсэн нэхэмжлэл барин эд зүйлээ буцаан авах тухай шүүхэд хандахаар болсон тухайгаа хэлж бичсэн нэхэмжлэлээ бидэнд үзүүлсэн. Нэхэмжлэлд мөн эд зүйл алга болсон тухайгаа бичсэн байсан. Бид хамгийн сүүлд 06 дугаар сарын 10-ны өдөр Л.Дашдоржийн охины хамт болоод тухайн үед ажиллаж байсан өндөр настнаа дуудан авчирч үзүүллэг дэх шилэн хоргыг холбогдох бүх ажилчидаа байлцуулан нээн эд зүйлсийг өөрт нь үзүүлсэн. Энэ үйл явцыг бид дүрс бичлэгээр баримтжуулж авч үлдсэн. Өөрийн эд зүйлсийг үзээд мөн болох, бүрэн бүтэн хадгалагдаж байгааг үзээд талархал илэрхийлээд явсан. 10, 11 саруудад мөн музейгээр орж эд зүйлээ хараад явсан байдаг. Л.Дашдорж эд зүйлээ худалдах үедээ музейтэй ямар нэг гэрээ хийгээгүй бөгөөд өөрийн хүсэлтээр худалдсан байна. Л.Дашдорж музейн сан хөмрөгт худалдсан эд зүйлсийн талаар тодруулахад 1982 онд Музейд өгсөн гэх нум сум нь сумгүй дан ганц нум бөгөөд 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдөр алаг нумыг музейд тухайн иргэнээс хүлээн авч, 07 дугаар сарын 31-ны өдөр үнийн комиссын хурлаар оруулан сан хөмрөгт авахаар шийдвэрлэн 08 дугаар сарын 05-ны өдөр бэлэн мөнгийг олгосон байна. Мөн өөрөө 2000 оны 11 дүгээр сарын 24-нд нумны тухай товч түүх бичиж өгсөн байдаг бөгөөд түүндээ зөвхөн нумны тухай бичсэн байгаа нь энэ сумгүй нум болохыг тодорхойлж байна. Улсын болон орон нутгийн музейн үзмэрүүдийг жил бүр тодорхой тоо төлөвлөгөөний дагуу мэргэжлийн байгааллага болох Монгол улсын Соёлын өвийн төвд мэргэжлийн сэргээн засварлагчид засварладаг. Энэ дагуу 2011 онд манай музей тухайн нумыг тус төвд хүлээлгэн өгч сэргээн засварлуулсан. Цагаан хаш соруултай гаансыг 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр музейд хүлээн авч, үнийн комиссын хурлаар оруулан үнэ тогтоож, 12 дугаар сарын 20-ны өдөр бэлэн мөнгө хүссэн өргөдөл бичиж, мөнгийг бэлнээр авч иргэн Л.Дашдорж эд зүйлсээ музейн сан хөмрөгт худалдан төрийн өмч болгосон байна. Мөн Орхон аймгийн хөрөнгийн үнэлгээний төвөөр гаанс, хөөргөндөө үнэлгээг тогтоолгож байсан баримт, болон музейгээс аймгийн санхүү эдийн засгийн бодлогын хэлтэст тухайн үед сан хөмрөгт үзмэр авахаар санхүүжилт хүсч байсан албан бичиг байна. Тухайн үед музейгээс ганц гаанс үнэтэй байна авахгүй гэж буцааж байсан боловч гаансаа худалдахаар санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр нилээн хөөцөлдөж байсныг гэрчлэх гэрчүүд байдаг. Мөн хавтага нь элэгдэж хуучирсан гээд сүүлд хийлгэсэн улаан хоргой оруулан хүрэн хилэнгээр хийсэн голдоо жижиг шүрэн шигтгээтэй, хамар угалз, цэцэг навчин хээтэй цутгуурын аргаар хийсэн хавчаараар хавчсан, төмөр утсаар сэтгүүр хийсэн, дугуй цагирган гинжээр холбосон энгийн хонх хэлбэрийн цохилуур бүхий тамхины уутыг өгсөн байна. Уг эд зүйл нь музейн сан хөмрөгт орон үзүүлэлт тавигдсанаас хойш өнөөдрийг хүртэл хэвээр байна. Гаансны соруул нь жижигхэн шар толботой ба Л.Дашдорж нь толбоо сайн мэдэж байгаа бөгөөд бусад эд зүйлээ бүрэн бүтэн байгаа гэдгээ бичлэг дээр хэлсэн байдаг. Хөөрөгний тухайд манай сан хөмрөгт алаг манан хөөрөг авсан бүртгэл байхгүй. Монгол улс 2007 оноос эхлэн музейн сан хөмрөг, үзмэрийг бүртгэлжүүлэх улсын нэгдсэн цахим бүртгэлтэй болсон бөгөөд тухайн үзмэрийн талаар бүх мэдээллийг агуулсан RCH программыг нэвтрүүлсэн. Үүнээс хойш 2011 онд уг программыг сайжруулан шинэчилж Register цахим бүртгэлд бүртгэж, энэхүү мэдээлэл нь Монгол улсын соёлын өвийн төвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд шууд хадгалагдаж байгаа юм. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу улс болон орон нутгийн музейн үзмэрийн улсын тооллого 4 жилд нэг удаа болдог. Тус тооллогоор музейн үзмэрийг зурагжуулж, хэмжилт хийн тодорхойлолт бичигдэн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэгддэг. Тооллогын дүнгийн тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээс гадна нэгдсэн тооллогын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцдэг. Музейн стандартын 12.12-т зааснаар музейн сан хөмрөгийг Монгол улсын үндэсний баялагт тооцож төрийн хамгаалалтад байлгадаг. Музейн үзмэр бол төрийн өмч. Төв музейгээр дамжуулан түүх, соёлын өвөө хамгаалуулж, нийтэд дэлгэн сурталчилдаг. Музейн сан хөмрөг нь олон жилийн турш бүрэлдэн бий болдог төрийн өмч учраас эд өлгийн зүйлийг тухайн үед эзэн нь өөрийн хүсэлтээр сан хөмрөгт худалдсан учраас буцааж эзэндээ олгогдоггүй гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Дашдорж нь хариуцагч Орхон аймгийн Музейд холбогдуулан “Худалдсан зүйлсээ буцаан гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Дашдорж нь 1982 онд Дилавхутагтын өвөөдөө бэлэглэсэн гэх нумыг, 2000 онд цагаан хаш чулуун соруултай гаансыг Орхон аймгийн Музейд хадгалуулахаар худалдсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...Музейд хадгалуулахаар өгсөн Монгол улсын түүх соёлын үнэт өвийг минь зүй ёсоор хадгалаагүйн улмаас хэлбэрээ алдаж хугарсан байдалтай, гаансны маань соруул солигдчихсон, гаансны хэрэгслийн сэтгүүр алга болсон, цохиур нь солигдчихсон байна. Би өөрөө бөөгийн онгод сахиустай хүн бөгөөд гэнэт унаж тусаад байхаар нь онгод сахиусаас асуухад эртний эд зүйлсийн маань иж бүрэн байдал нь алдагдаж байгаа тухай хэлж эд зүйлсээ эргүүлж авахыг хэлсэн. “Дилавхутагт” Жамсранжаваас хадгалж яваарай гээд бэлэглэж өгсөн ногоон алаг нум сум, иж бүрэн мөнгөн хэрэгсэлтэй тоноглолтой уран хийцтэй хаш гаансыг манай нутгийнхан шүтэж, мөргөж байдаг. Би уламжлагдан ирсэн өв зүйлийг Музейгээс буцааж аваад нутагтаа очиж “Дилавхутагт”-ын хөшөөнд тавихыг хүсэж байгаа ... гэсэн.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ ... Л.Дашдорж эд зүйлээ худалдах үедээ музейтэй ямар нэг гэрээ хийгээгүй бөгөөд өөрийн хүсэлтээр худалдсан байна. Л.Дашдоржийн 1982 онд Музейд өгсөн гэх нум сум нь сумгүй дан ганц нум бөгөөд 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдөр алаг нумыг музейд тухайн иргэнээс хүлээн авч, 07 дугаар сарын 31-ны өдөр үнийн комиссын хурлаар оруулан сан хөмрөгт авахаар шийдвэрлэн 08 дугаар сарын 05-ны өдөр бэлэн мөнгийг олгосон байна. Мөн өөрөө 2000 оны 11 дүгээр сарын 24-нд нумны тухай товч түүх бичиж өгсөн байдаг бөгөөд түүндээ зөвхөн нумны тухай бичсэн байгаа нь энэ сумгүй нум болохыг тодорхойлж байна. Улсын болон орон нутгийн музейн үзмэрүүдийг жил бүр тодорхой тоо төлөвлөгөөний дагуу мэргэжлийн байгааллага болох Монгол улсын Соёлын өвийн төвд мэргэжлийн сэргээн засварлагчид засварладаг. Энэ дагуу 2011 онд манай музей тухайн нумыг тус төвд хүлээлгэн өгч сэргээн засварлуулсан. Цагаан хаш соруултай гаансыг 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр музейд хүлээн авч, үнийн комиссын хурлаар оруулан үнэ тогтоож, 12 дугаар сарын 20-ны өдөр бэлэн мөнгө хүссэн өргөдөл бичиж, мөнгийг бэлнээр авч иргэн Л.Дашдорж эд зүйлсээ музейн сан хөмрөгт худалдан төрийн өмч болгосон байна... Мөн хавтага нь элэгдэж хуучирсан гээд сүүлд хийлгэсэн улаан хоргой оруулан хүрэн хилэнгээр хийсэн голдоо жижиг шүрэн шигтгээтэй, хамар угалз, цэцэг навчин хээтэй цутгуурын аргаар хийсэн хавчаараар хавчсан, төмөр утсаар сэтгүүр хийсэн, дугуй цагирган гинжээр холбосон энгийн хонх хэлбэрийн цохилуур бүхий тамхины уутыг өгсөн байна. Уг эд зүйл нь музейн сан хөмрөгт орон үзүүлэлт тавигдсанаас хойш өнөөдрийг хүртэл хэвээр байна. Гаансны соруул нь жижигхэн шар толботой ба Л.Дашдорж нь толбоо сайн мэдэж байгаа бөгөөд бусад эд зүйлээ бүрэн бүтэн байгаа. Хөөрөгний тухайд манай сан хөмрөгт алаг манан хөөрөг авсан бүртгэл байхгүй... гэсэн.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба, уг гэрээгээр “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан.
Нэхэмжлэгчийн, Монгол улсын түүх соёлын үнэт өвийг минь зүй ёсоор хадгалаагүйн улмаас хэлбэрээ алдаж хугарсан байдалтай, гаансны маань соруул солигдчихсон, гаансны хэрэгслийн сэтгүүр алга болсон, цохиур нь солигдсон байна гэж буй нь нотлогдоогүй. Шүүх хуралдаан дээр Музейд хадгалуулсан дээрх эд зүйлсийг авчирч судалсан бөгөөд гаансны соруулд шар толбо гэж яриад байгаа зүйл нь байсан. Өмнө нь энэ гаанс ямар байсан талаар хэрэгт нотлох баримт ирүүлээгүй, мөн нумыг хэлбэрээ алдсан гэж үзэхээргүй байна. Музейд хадгалуулсан зүйлүүд нь нэгэнт “худалдах худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр Музейн сан хөмрөгт орж, төрийн өмч болсон байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хөөргийг Музейд өөрөө өгөөгүй гэдгээ шүүх хурал дээр тайлбарласан.
Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасан байна.
Нэхэмжлэгч Л.Дашдорж нь Дилавхутагтын өвөөдөө бэлэглэсэн гэх нумыг 1982 онд, цагаан хаш чулуун соруултай гаансыг 2000 онд Орхон аймгийн Музейд хадгалуулахаар худалдсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Л.Дашдоржийн, “Орхон аймгийн Музейд худалдсан үнэт зүйлсээ буцаан гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА