| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0034/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/33 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/33
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000370034 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .., ам бүл .. оршин суух ******* /РД: /.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны шөнийн 05:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, ..................... хашаанд орших өөрийн гэртээ У.О-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохих, мөргөх зэргээр зодож, У.******* эрүүл мэндэд хамрын хянга яс дунд 1/3 хэсгээр хугарч зөрсөн, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс *******-т холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнийн 00 цагийн үед Ц, Э хоёрын хамт 0.75 граммийн архи уугаад гэртээ байхад 01 цагийн үед О гаднаас орж ирээд архинаас 2 хундага уусан. Бид нар юм яриад сууж байхад О миний сурч байгаа Монгол Солонгосын хамтарсан коллежийн тухай ярьсан бөгөөд би арван жилийн 2 найз болох Ц, Э нарт ШУТИС-д сурч байгаа гэж хэлсэн байсан юм. Тэгээд найз нарын дэргэд миний сурч байгаа коллежийн талаар яриад байхаар нь миний уур хүрээд Оын нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж, хамар хэсэгт нь 1 удаа мөргөж гэмтэл учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 46, 47-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч ******* өгсөн: “...шөнийн 00 цаг өнгөрч байхад Т-ийн гэрт очиход Т, Э, Ц гурав том өрөөнд орж ирээд бид нар юм яриад сууж байхад Т надад хандаж “Би сургуульд байхдаа том байсан” гээд яриад байхаар нь би тоолгүй хажуу тийшээ хараад сууж байхад Т миний нүүр лүү хамар хавсраад гараараа 1 удаа цохихоор нь би уурлаад босож ирээд Т-тэй барьцалдсан. Тэгэхэд Т миний хамар хэсэг рүү толгойгоороо мөргөсөн. Мөн нүүр лүү 2-3 удаа цохиж, куртикнээс зулгааж урсан, үснээс зулгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13, 14-р хуудас/,
Гэрч ******* өгсөн “...2020 оны 2 дугаар сарын 22-ны шөнө 04-05 цагийн хооронд Багагүний 3-12 тоот буюу найз Т гэрт байхад Т, О-той маргалдаж улмаар түүнийг мөргөж хамарнаас нь цус гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-р хуудас/
Гэрч Б-ын өгсөн “...бид нар ******* гэрт юм яриад сууж байхад Т, О хоёр бие, биенийхээ дээр гарах гээд сургуульд байхдаа хэн нь илүү атаман байсан талаар ярьж байгаад Т эхлээд ******* хацар хэсэгт гараараа алгадаж байгаа юм шиг хүрэхэд О уурлаад босож ирээд хоорондоо барьцалдаж Т нь ******* хамар луу 1 удаа мөргөсөн, үүдний хэсэгт Т, ******* куртикнээс татаж урсан, мөн цохих гэж дайрч байхыг нь харсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26 дахь тал/
Шинжээч эмчийн 09шэ/056 дугаартай “…******* биед хамар ясны шинэ хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн үед учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/
******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 54-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Т нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны шөнийн 05:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, ..................... хашаанд орших өөрийн гэртээ О-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохих, мөргөх зэргээр зодож, ******* эрүүл мэндэд хамрын хянга яс дунд 1/3 хэсгээр хугарч зөрсөн, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Т нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр лүү гараараа цохисон, хамар хэсэгт нь мөргөсөн үйлдлүүдээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…******* биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/056 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч ******* үйлдэл нь ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Хохирогч ******* 200000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Т нь хохирогчид 200.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь мөнгөн шилжүүлэгийн /хх 60-р хуудас/ баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Т нь хохирогч бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн
1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,
36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан ******* мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь 200.000 төгрөгийг хохирогч ******* төлсөн болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧА.БЯМБАЖАВ