Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0350

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Н.М-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М- холбогдох эрүүгийн 2008 00783 0228 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ..........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

.....................................

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.М-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод түр оршин суух өөрийн гэртээ 2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө эхнэр Э.Ө-толгой болон нүүрэн тус газарт гараараа цохиж түүний биед духны баруун дээд хэсэгт цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Э.Ө-мэдүүлэг /хх22-25/, гэрч Н.Д-мэдүүлэг /хх26-27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ бүхий 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №2252 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх29-30/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх8-9/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх10-14/, Н.М-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх41-44/, шүүгдэгч Н.М- иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх57, 45, 46-54/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч  Н.М- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

              1. Хохирогч Э.Ө-“...Манай нөхөр намайг унтаж байхад согтуу орж ирээд яагаад гар утсаа авсангүй гээд надад агсан тавьж байгаад миний үснээс зулгаагаад нүүр, толгой руу гараараа нэг нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. ...Би шүүх эмнэлгийн №2252 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг надад миний нөхөр Мөнгөндөш учруулсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх22-25/

              2. Гэрч Н.Д-“...Тэгээд манай хүү бэр хоёр хоорондоо маргалдаад байсан ба миний бие өвдөж байсан болохоор босч чадаагүй тэгтэл нэг харахад манай бэрийн хамар нь хөхөрчихсөн цохиулсан байсан юугаар яаж цохисоныг нь би бол хараагүй тэгэхээр нь би босоод тэднийг битгий хэрэлдэж муудалцаж бай гэж загнаж болиулаад унтуулцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх26-27/

              3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №2252 дугаартай шинжээчийн “...Э.Ө-биед духны баруун дээд хэсэгт цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн  дүгнэлт  /хх29-30/

              4. Н.М-яллагдагчаар өгсөн “...Би гараараа эхнэр Ө- дух хамар хавьцаа нэг удаа цохисон... Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Манай эхнэр намайг цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх41-44/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хохирогч Э.Ө-, шүүгдэгч Н.М-нар нь албан ёсны гэрлэлтийн бүртгэлгүй боловч 6 жил хамтран амьдарсан, дундаасаа нэг хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны засаг даргын оршин суугаа хаягийн болон ам бүлийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч Н.М-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод 2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө эхнэр Э.Ө-толгой болон нүүрэн тус газарт гараараа зодсон болох нь хохирогчийн “...миний үснээс зулгаагаад нүүр, толгой руу гараараа нэг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч  Н.Д-“...Тэгээд манай хүү бэр хоёр хоорондоо маргалдаад байсан ба миний бие өвдөж байсан болохоор босч чадаагүй тэгтэл нэг харахад манай бэрийн хамар нь хөхөрчихсөн цохиулсан байсан юугаар яаж цохисоныг нь би бол хараагүй тэгэхээр нь би босоод тэднийг битгий хэрэлдэж муудалцаж бай гэж загнаж болиулаад унтуулцгаасан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Н.М-үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Э.Ө-биед “...духны баруун дээд хэсэгт цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлийн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №2252 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

Мөн хэрэгт авагдсан аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтад шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж согтуурхдаг, зодож цохидог нөхцөл байдал тогтоогдсонг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Н.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Хохирогч Э.Ө- нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.М- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.М-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч нь одоогоор хөдөлмөр эрхэлж байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Н.М-үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, торгуулийн ял биелүүлэх боломжтой гэснийг харгалзан шүүгдэгч Н.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.М-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М- 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-нь торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР