| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0318/Э |
| Дугаар | 0364 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 0364
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Г.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сансарсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-эд холбогдох эрүүгийн 2008 00796 0418 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, том оврын машины жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ............................... тоотод оршин суугаа, урьд
................................
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Б.Э-биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж, “таксины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь зүүн шанаа, зүүн нүдний дээд зовхи, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, хаван хавдар бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Б.Э- мэдүүлэг /хх23-24/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2106 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх10-11/, Г.Ц-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх98-102/, шүүгдэгч Г.Ц-ийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх54/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтэрийн хуулбар /хх55, 73,76-80/, Мөнх Алтан зам трейд ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хх72/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх38/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх41-49/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Г.Ц-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Б.Э- “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ ганцаараа байж байхад манай нөхөр Ц- гаднаас орж ирээд такси бариад ирлээ мөнгө өг гэсэн. Тэгэхээр нь би архи дарс уулаа, надад мөнгө байхгүй, ээжид байгаа ээжээс очиж ав гэхэд картаа яахаараа ээжид өгдөг юм гээд маргалдсан. Тэгтэл Ц- гараараа хацар руу нэг удаа алагдаад гэрт байсан сандал авч шидээд миний зүүн шанааг онож хавдсан. Бид 2 маргалдаж байхад гал тогооны шүүгээн дээр байсан төмөр цоожийг аваад надруу шидсэн. Цоож миний зүүн хөлний шилбэнд онож хөхрүүлж хавтгасан...” гэсэн мэдүүлэг /хх23-24/
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2106 дугаартай шинжээчийн “...Б.Э- биед зүүн шанаа, зүүн нүдний дээд зовхи, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, хаван хавдартай гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэсэн дүгнэлт /хх10-11/
3. Шүүгдэгч Г.Ц-ийн ялладагчаар өгсөн “... такси бариад гэр рүүгээ 19 цагийн үед харьсан. Эхнэр гэртээ ганцаараа зурагт үзээд хэвтэж байсан. ...бид хоёр маргалдаад би гал тогооны шүүгээ дээр байсан аягыг аваад шидсэн эхнэрийг оноогүй. Тэгэхээр нь би сандал аваад зүүн шанаа руу нь цохисон. Би их согтолттой байсан зарим зүйлээ санахгүй байна. Би Э- жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Эхнэр рүүгээ сандал авч шидэж гараараа цохисон. Би эхнэр Энхцэцэгийн биед учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх98-102/
Гэм буруугийн дүгнэлт:
Хохирогч Б.Э-, шүүгдэгч Г.Ц- нар нь албан ёсны гэрлэлтийн бүртгэлгүй боловч 12 жил хамтран амьдарсан, дундаасаа 2 хүүхэдтэй, хохирогч нь одоогоор 5 сартай жирэмсэн гэр бүлийн хамаарал бүхий эхнэр нөхөрийн харилцаатай болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, жирэмсэн эмэгтэйн хөтөч дэвтэр зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Э-“таксины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар зодсон болох нь дээр дурдсан хохирогч болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ц-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.Э- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2106 дугаартай “зүүн зүүн шанаа, зүүн нүдний дээд зовхи, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.
Хохирогч нь шүүгдэгчид хэрэг болохоос 2 сарын өмнө зодуулж байсан талаар мэдүүлэгтээ дурдсанг дурдах нь зүйтэй.
Мөн хохирогч Б.Э- нь тухайн цаг хугацаанд 5 сартай жирэмсэн, шүүгдэгч нь энэ тухай мэдэж байсан нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчийг жирэмсэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Мөн хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрч хамт амьдарч байгааг бичгээр илэрхийлсэн байна. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Ц- нь эхнэр болох хохирогч Б.Э-жирэмсэн, биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Г.Ц-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР