Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 927

 

    Н.Г, Б.М нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

 шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч С.С,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Н,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэбаярын бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Н.Г, Б.М нарт холбогдох 201701080185 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овгийн Н-н Г, 19.. оны 3 дугаар сарын 12-ны өдөр ...... аймгийн ............ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .............. дүүргийн .. дугаар хороо, ... хэсэг 182 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ............ дүүрэг .......... 6 дугаар хороо, ........... ... газарт түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ВК......./;

2. А овгийн Б-н М, 19... оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ........... аймгийн ............ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ........... дүүрэг, 1 дүгээр хороо, ................ 1 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ИЖ.........../;

Н.Г, Б.М нар нь бүлэглэн “Мустанг-5” загварын мотоцикл ашиглан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж тамхи, гоймон, талх, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 1.639.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Н.Г, Б.М нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Г-ийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, Н.Г-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н.Г-т 2 жил хорих ял шийтгэж, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Г-т оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хяналтын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хураан авах тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй "Мустанг" загварын мотоциклыг Н.Г-т буцаан олгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Г-т оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 Прокурор С.Эрдэнэбаярын бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.М-ийн үйлдлийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Н.Г-ийн тайлбарт "...Бид хоёрыг яваад очтол Уугий гэх ах нь бид хоёрыг пиво аваад ирсэн юм болов уу хурдан ирээрэй гээд яриад байсан ба тэднийд жоохон сууж байгаад Б.М бид хоёр пиво авахаар тэдний гэрээс 23 цаг өнгөрч байхад гарсан... Бид хоёр ярилцаж байгаад Буян-Налайхын буудлын хажуу талын дэлгүүрт орохоор болсон. Тэр дэлгүүрийн цонхны хаалтыг татаж гагнаасыг нь салгаад цонхыг нь түлхэж онгойлгоод бид 2 цонхоор нь ороод тус дэлгүүрт архи байхгүй байхаар нь тамхи, шүдэнз, асаагуур, чихэр, печень, хиам, ундаа, молоко… бэлэн гоймон болон дижитал аппарат зэргийг авсан. М “камертай юм байна яах вэ” гэхээр нь дэлгэц төхөөрөмжийг нь салгаж аваад камер нь өөр дээрээ бичдэг байж магадгүй гэж бодоод 3 ширхэг камерийг тасалж аваад тэнд байсан шуудайтай төмсийг асгаад шуудайд хулгайлсан юмнуудаа хийгээд хойд хаалгыг нь уяагаар уячихсан болохоор нь тайлж гараад мотоциклоо хашааны үүдэн дээр нь авчраад юмнуудаа ачиж яваад М-н гэрт 04 цагийн үед очсон..." гэж мэдүүлсэн бөгөөд яллагдагчаар байцаагдсан мэдүүлэгт дээрхтэй адил агуулга бүхий мэдүүлгийг тогтвортой өгч байсан.

2. 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Н.Г өмгөөлөгч Г.Н-ын хамт яллагдагчаар өгсөн "...М бид хоёр тамхинд хамт явахаар болсон. Гордок орж "Нокиа" загварын гар утсаа тавьж, тамхи авах гэсэн боловч дэлгүүрийн худалдагч нар нь үгүй гэсэн. Тэндээс Налайх орж утсаа тавих гэсэн боловч ломбард хаасан байсан... Бид хоёр явж байгаад Буян-Налайхын дэргэд очсон. Би М-г мотоцикл харж бай гээд үлдээчхээд “Ц” гэх дэлгүүр дээр очсон. Цонхоор нь харсан нь хүн байгаагүй, цонхыг нь түлхсэн чинь онгойхоор нь гаднах хаалт төмрийг нь татаж аваад цонхоор нь орсон... Би цонхыг нь эхэлж түлхэж онгойлгосон, хаалт төмрийг нь бид хоёр татаж салгасан, эхлээд би түрүүлж орсон. Араас М орж ирсэн. Бид хоёр дэлгүүрт байсан төмс хийсэн шуудайг асгаад хоёулаа нэг нэг шуудайг нь барьж байгаад дэлгүүрээс хүнс барааны эд зүйлс авсан..." гэсэн мэдүүлэг.

3.  Гэрч Б.П-ийн өгсөн "...Г-той хамт ирсэн залуу нь үлдсэн. Би тэр бандиас тэр хоёрыг асуухад “Налайх орчоод ирнэ, утсаа зарна гээд явлаа” гэсэн… 22 цаг өнгөрч байхад нөгөө бандийн хамтаар гэртээ унтаж амарсан. Өглөө сэрэхэд ширээн дээр хиам, ундаа, боов, бэлэн хоол зэрэг байхаар нь “хаанаас юу аваад ирсэн юм бэ” гэхэд Г “Налайхаас авч ирсэн би, мөнгө гаргаж авсан” гэсэн. Би тэр хоёрын авч ирсэн бэлэн гоймон хоолыг нь идээд хонио услахаар гараад явсан.

4. Б.М 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр өгсөн "...мөнгөгүй байсан болохоор Г-ийн утсыг нь зараад тамхи авахаар болоод дэлгүүрүүдээр ороход утас авахгүй гэсэн. Бид хоёр Налайх орж утсаа ломбардад тавина гээд Г-ийн мотоциклтой Налайхад 23 цагийн үед ирэхэд онгорхой ломбард байхгүй байсан ба бид хоёр буцахаар болоод явж байтал Г нэг дэлгүүрийн гадаа очиж зогсоод буугаад цонхоор нь харж байснаа хамгаалалт төмрийг нь татаж салгаад цонхны салхивчийг түлхэж нээгээд дотогш орсон. Тэгээд би мотоциклын хажууд хүлээгээд зогсож байтал Г тортой юм барьчихсан гарч ирээд мотоциклоо бариад шууд манай гэрт ирээд тортой зүйлсийг үзэхэд тамхинууд, ундаа, печень, камер гэх мэт зүйлс байсан. Ингээд бид 2 тамхиа татаад авсан юмнуудаа ууж идчихээд унтаад өгсөн.

2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Б.М-ийн яллагдагчаар өгсөн "...Буян-Налайхын худалдааны төвийн хажууд байх дэлгүүрийн урд очиж зогсоод Г намайг мотоцикл дээрээ сууж бай би дэлгүүр орчоод ирье гэж хэлж яваад 30 орчим минутын дараа 2 шуудайтай эд зүйл авч ирээд шууд мотоцикл дээрээ ачаад манай гэр рүү явсан. Ингээд манай гэрт очоод шуудайтай эд зүйлсийг гаргаж үзэхэд идэх юмнууд байсан ба Г-той ирсэн залуу Уугий бид 4 ундааг нь задалж уугаад, гоймонгоо идээд цаг орой байсан учир унтацгаасан...Тэгээд өглөө нь босоод Г шуудайтай юмнуудаа аваад явсан ба Уугий бид хоёр тамхи ундаа зургийн аппарат зэрэг эд зүйлсийг үлдээгээд явсан..." гэх мэдүүлэг, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Б.М-ийн яллагдагчаар өгсөн "...Авчирсан зүйлийг нь ах болон Г-той хамт ирсэн залуу хараад юу аваад ирж байгаа юм бэ гэж Г-оос асуухад Г дуугараагүй, Г манайд хоночихоод өглөө нь явсан..." гэсэн мэдүүлэг.

5. Хэргийн газрын үзлэг хийсэн дэлгүүрийн хойд талын хэсэгт мотоциклын дугуйны мөр байсныг фото зургийн аргаар бэхжүүлж авсан. Энэ нь Н.Г, Б.М нар тухайн үед мотоциклыг дэлгүүрийн арын хаалганд ойртуулан авч ирсэн байгааг нотолж байна. Үүнээс үзэхэд Б.М нь Н.Г-той хамт явж түүнийг хулгай хийхээр дэлгүүрт орсон, хулгайн эд зүйлийг дэлгүүрийн арын хаалгаар авч гарч ирснийг лавтай сайн мэдэж байсныг нотолж байна. Н.Г нь анхны тайлбар болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө дэлгүүр лүү Б.М-тэй хамт орсон, бид хоёр нэг нэг шуудай аваад эд зүйлийг шуудайд хийгээд дэлгүүрийн арын хаалгаар гарсан гэж мэдүүлгүүдээр тогтоогдож байхад шүүхээс Б.М-ийн үйлдлийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт Б.М, Н.Г нарын мэдүүлгийг үндэслэж Б.М-ийн үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна. Иймд Б.М, Н.Г нарт холбогдох анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Г тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.М, Н.Г нар нь оюун ухааны хөгжил доогуур бөгөөд мал малладаг, эцэг эхийн хараа хяналтаас гарч үзээгүй хүмүүс юм. Эцэг эхийн хараанаас гараад энэ үйл явдал болсон нь харагддаг. Б.М-ийн хувьд хулгайн гэмт хэрэгт идэвхитэй оролцоо байхгүй гэдэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нотлогдсон. Хамтран оролцоод үүргээ хуваарилсан зүйл байхгүй. Бусдад учруулсан хохирлоо барагдуулсан учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагч хавтаст хэрэгт байгаа шүүгдэгч нарын тайлбар мэдүүлэгт үндэслэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тухайн хэрэгт холбогдсон этгээдийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдсон тохиолдолд яллах үндэслэл болно гэж заасан. Улсын яллагч Б.М-ийн тайлбарт үндэслэж түүнийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Мөн бичиг үсэг мэддэггүй яллагдагч Б.М-ээс тайлбар мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж авсан тайлбар, мэдүүлэг нь нотлох баримт болохгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх Б.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийн газрын үзлэгээр Б.М нь тухайн обьектод нэвтэрч, хулгай хийсэн гэх нотлох баримт тогтоогдоогүй. Б.М хулгайн гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, мотоциклийг хаалганы хажууд авчирсан гэж үзэж байгаа бол эд мөрийн баримтаар хураагдсан мотоцикл гэмт хэрэг үйлдсэн мотоцикл мөн эсэхийг тогтоох ёстой байсан. Прокурор мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч нарыг тус тусад нь өмгөөлөгчөөр хангах үүднээс нэмэлт ажиллагаа хийлгэсэн. Гэтэл Н.Г нь тухайн хэргийг Б.М-тэй үйлдээгүй болох нь нэмэлт ажиллагааны явцад тогтоогдсон. Н.Г нь хохирол төлбөрийг хувааж төлөхийн тулд Б.М-тэй бүлэглэж үйлдсэн гэж мэдүүлсэн болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд Б.М-ийн сэтгэцийг шалгуултал тэрээр 60 хувийн групптэй, оюун ухааны хомсдолтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Б.М нь Н.Г-той бүлэглэж хулгай хийсэн гэдэг няцаагдаж байна. Улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                                        ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.Г, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна.

Анхан шатны шүүх Н.Г-ийг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Б.М-ийн үйлдлийг нотлогдож тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Н.Г 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би цонхыг нь эхэлж түлхэж онгойлгосон, хаалт төмрийг нь бид хоёр татаж салгасан. Эхлээд би түрүүлж орсон, араас М орж ирсэн. Бид хоёр дэлгүүрт байсан төмс хийсэн шуудайны төмсийг нь асгаад хоёулаа нэг нэг шуудайг нь барьж байгаад дэлгүүрээс хүнс барааны эд зүйл авсан...” /хх-118/ гэсэн мэдүүлэг авагдсан байхад энэ баримтыг шүүх хэрхэн үгүйсгэсэн, эсхүл нотлох баримтаар үнэлэхгүй талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр “бодитой үйлдэл хийгээгүй буюу санаатай нэгдсэн гэх субьектив шинжийг бүрэн хангахгүй” гэж Б.М-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.    

Иймд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Н.Г, Б.М нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүх Н.Г-т оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй.  

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар, харин 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор тус тус хуульчилжээ. Эдгээр хуулиудын зохицуулалтаас үзэхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор хуульчилсан 2015 оны Эрүүгийн хуулийн зохицуулалт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо прокурорын яллах дүгнэлтийн “машин механизм хэрэглэсэн, орон байр агуулах саванд нэвтэрсэн” гэсэн хоёр хүндрүүлэх шинжийн нэгээр нь буюу “машин механизм хэрэглэсэн” гэж хүндрүүлж, орон байр агуулах саванд нэвтэрсэн гэх шинжид нь хууль зүйн зохих дүгнэлт хийлгүй орхигдуулж шийдвэрлэсэн нь буруу болохыг тэмдэглэж байна.