Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Балжмаа |
Хэргийн индекс | 127/2018/0005/З |
Дугаар | 09 |
Огноо | 2018-05-29 |
Маргааны төрөл | Газар, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2018/0005/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: И Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Мөрөн сумын З Д холбогдох
Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, түүний өмгөөлөгч П.Б, хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө, оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.М, Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И Н ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас 2016 оны 5 дугаар сард зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд оролцож, Чингис хаалганаас 100 м зайтай газарт Шатахуун түгээх станц барих зориулалттайгаар 1500 м2 газар эзэмших эрхийг авсан.
Үүний дагуу Мөрөн сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А/65 тоот захирамж гарсан ба уг захирамжийг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон.
Ингээд эзэмшсэн газар дээрээ шатахуун түгээх станц, супермаркет, зоогийн газрын зориулалтаар баригдах барилга байгууламжийн техникийн нөхцөл, байршлын зураглалыг комиссоор хянуулан, баталгаажуулж, холбогдох компаниудад барилга байгууламжийн зургийн захиалга өгч, гүйцэтгүүлэн, 1000 м цахилгаан дамжуулах агаарын шугам татуулсан. 2017 оны 9 дүгээр сард банкнаас 210 сая төгрөгийн зээл авсан ба барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч, барилгын ажлыг эхлүүлсэн.
2018 оны 3 сарын 1-ны байдлаар барилга байгууламжийн 80 гаруй хувь нь хийгдсэн бөгөөд одоогоор 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.
2018 оны 2 сарын 27-ны Хэнтий аймгийн Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Дарханбаатар утсаар холбогдож, сонсох ажиллагааны мэдэгдэл өгөх талаар хэлсэн. Энэ үед манай нөхөр өвчтэй, Улаанбаатар хотод эмнэлэгт байсан тул очих боломжгүйгээ хэлж, и-мэйл хаягаараа сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээж авсан. “Танай компани Мөрөн суманд эзэмшиж байгаа газрын төлбөрөө төлөөгүй байна. 2 дугаар сарын 28-ны 15 цагийн дотор төлбөр төлөөгүй шалтгаанаа мэдэгд” гэсэн тул уг төлбөрийг /2016, 2017, 2018 онуудын нийт 30 мянган төгрөг/ 2 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн дотор бүрэн төлж, хариу тайлбарыг төлбөр төлсөн баримтын хамт Дарханбаатарт и-мэйлээр явуулсан.
Маргааш нь Мөрөн сумын газрын даамал Мөнхбаатар утасдаж, манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 90 хоногийн дотор газрыг чөлөөлөх тухай Мөрөн сумын Засаг даргын 21 тоот захирамж гарсан тухай мэдэгдсэн. Ингээд би 3 дугаар сарын 5-нд хотоос ирээд Дарханбаатартай уулзахад, шийдвэр нэгэнт гарсан, явдаг газраа яв гэсэн тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Манай компани Шатахуун түгээх газрын зориулалтаар эзэмшиж байгаа бусад газруудынхаа төлбөрийг төлдөг байсан. Чингис хаалганы ойролцоо эзэмшсэн газрын хувьд газар эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын захирамж 2016 оны 7 дугаар сард гарсан боловч газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаагүй байсан тул хэдэн төгрөг, аль дансанд тушаах нь тодорхойгүй байсан. Газар эзэмшүүлэх гэрээг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулж, улиралд 3000 төг төлнө, гэрээ нэг жилийн хугацаатай байгуулагдсан гэдгийг ойлгосон. Газар эзэмших эрхийн гэрчилгээ удаа дараа солигдсон тул гэрээ өөрчлөгдөж магадгүй гэж бодоод газрын төлбөрөө төлөөгүй байсан. Сонсох ажиллагааны мэдэгдэл ирсний дагуу уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Үүнээс өмнө газрын төлбөрийн талаар мэдэгдэж, шаардаж байсан зүйл байхгүй.
Газрын төлбөрөө төлсөн байхад манай компанийн газрын гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна. Уг хууль бус шийдвэрийн улмаас манай компанийн үйл ажиллагаа доголдож, их хэмжээний хохирол учирч байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч И Н ХХК-ийг газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газрын гэрчилгээг нь хүчингүй болгосон. Уг компанийн газар эзэмшлийн асуудалд төрийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаа харагддаг. Газар эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын захирамж гарсан ч газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, 2017 оны 3 дугаар сарын 22-нд байгуулсан. Ажлаа эхлүүлэх гэхэд газрын кадастр зөрсөн гэх мэт хүндрэлүүд гарч байсан байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд, газар эзэмших гэрээнд тусгах зүйлүүдийн талаар заасан байдаг. Уг зүйлд, газрын байршил, заагийг харуулсан зургийг гэрээнд тусгахаар заасан.
И Н компанитай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийг улирал бүр төлөхөөр зааснаас гадна уг төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлүүлэхээр заасан байна.
Чингис хаалганы орчимд шатахуун түгээх газар барьсан талаар иргэдийн гомдол ирсэн гэж байна. Энэ талаар ямар нэгэн баримт байхгүй байгаа. Хариуцагч нь Золзаяа гэдэг хүний өргөдлийг хавсарган ирүүлсэн байгаа ч уг хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн нь тодорхойгүй байгаа.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, “Чингис хаалганы ойролцоо шатахуун түгээх газар барьсан нь иргэдэд таалагдахгүй байна” гэж тайлбарлаж байгаа ч тэдэнд иргэдийг төлөөлөх эрх байхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1-т заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг тухайн үед утсаар мэдэгдэж, И Н ХХК-ийн цахим хаягаар хүргүүлсэн.
Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын дагуу мэдэгдэлд тусгах асуудлыг бүрэн тусгаж, энэ хуулийн 27.5, 27.6 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан тул нэхэмжлэгч сонсох ажиллагааны мэдэгдэл авсны дараа газрын төлбөрөө төлсөн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, Газар эзэмшүүлэх гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Сонсох ажиллагааны мэдэгдлийн хариу тайлбар гаргахдаа “Шатахуун түгээх станцын барилгыг улсын комисст хүлээлгэн өгч газрын төлбөрийг барагдуулах төлөвлөгөөтэй байсан тул уг төлбөрийг зохих хугацаанд барагдуулаагүй болно” гэж хариу ирүүлсэн нь хуульд заасан үүргийг биелүүлээгүй болон мэдсээр байж төлбөр төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.
Иймд Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21 тоот дугаартай захирамж үндэслэлтэй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрөн сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д зааснаар туслалцаа хүссэний дагуу биднийг томилсон тул И Н ХХК-ийн газрын төлбөрийн тухай сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу явуулсан.
И Н ХХК нь Чингис хаалганы ойролцоо эзэмшдэг газрын төлбөрийг газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу цаг тухайн үед нь төлөөгүй байсан. Энэ асуудлыг хэлэлцэхээр сонсох ажиллагааны мэдэгдэл өгөхөөр холбогдоход Улаанбаатар хотод байна гэсэн тул и-мэйл хаягаар нь мэдэгдлээ хүргүүлж, хариу тайлбар авсан. Тус компани нь хариу тайлбартаа газрын төлбөр төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд 30000 төгрөг төлсөн баримт хавсаргаж ирүүлсэн.
Газар эзэмшигч нь хууль тогтоомжийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй. Газар эзэмшүүлэх гэрээнд, газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөхөөр заасан байхад нэхэмжлэгч үүнийг биелүүлээгүй байсан. Иймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гарсан.
Хэнтий аймгийн Чингис хаалганы ойролцоо И Н компани Шатахуун түгээр газар барьж байгаатай холбогдуулан иргэдээс маш их гомдол санал ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уулзалт дээр ч иргэд санал хэлж байсан. Мөрөн сумын Засаг даргад ч гомдол их ирсэн. Үүний дагуу судлаад үзэхэд И Н компани нь газрын төлбөрөө төлөөгүй байсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн ёслол хүндэтгэл бүхий Чингис хаалганы ойролцоо И Н ХХК Шатахуун түгээх газар барьж байгаа нь иргэд, олон нийтэд таалагдахгүй, шүүмжлэл дагуулж байсан. Чингис хот нь ирээдүйд аялал, жуулчлалын хот болох зорилттой...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И Н ХХК нь хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч И Н ХХК нь Хэнтий аймгийн Мөрөн суманд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр газрын дуудлага худалдаанд оролцож, ялалт байгуулсан ба тус сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/65 дугаар захирамжаар Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мянганы замын дагуу, Чингис хаалганы ойролцоо 1500 м2 газрыг Шатахуун түгээх газар байгуулах зориулалтаар И Н ХХК-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь холбогдох бэлтгэлүүдийг ханган, эзэмшсэн газар дээрээ 2017 оны 9 дүгээр сард барилгын ажлыг эхлүүлж, ажлын 80 гаруй хувь нь хийгдсэн тухай тайлбарласан ба шүүхээс тухайн газарт хийсэн үзлэгээр шатахуун түгээх газрын зориулалттай барилга байгууламж, зам талбай баригдсан байгаа нь тогтоогдсон болно.
Хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг дарга нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 21 дүгээр захирамж гаргаж, нэхэмжлэгч И Н ХХК-ийг газар эзэмшүүлэх гэрээнд заасан хугацааны дагуу газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгохоор шийдвэрлэж, газрыг 90 хоногийн дотор чөлөөлөхийг мэдэгдсэн байна.
Уг маргаан бүхий захиргааны акт гаргахын өмнө хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу, нэхэмжлэгч И Н ХХК-д мэдэгдэл хүргүүлж, тайлбар, санал авах зэргээр “Сонсох ажиллагаа” явуулсан байна.
Нэхэмжлэгч И Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А болон түүний өмгөөлөгч П.Б нар, “газрын төлбөрийг улирал бүр цаг тухайн үед нь төлөөгүй боловч “Сонсох ажиллагаа”-ны мэдэгдэл хүлээн аваад газрын төлбөрийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус” гэж, хариуцагч Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Э.М нар, “тус компани нь газрын төлбөрийг улирал бүр төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй нь тогтоогдсон, энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болно” гэж тус тус маргаж байна.
Шүүх дараах үндэслэл, нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ:
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.5-д сумын газрын даамал “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах” эрх хэмжээтэй гэж, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.10-д, татварын улсын байцаагч “албан татвар, төлбөр, хураамж, алданги, торгуулийг хуульд заасан хугацаанд хурааж төсөвт оруулах” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тус тус заасан. Хариуцагч нь, нэхэмжлэгч И Н ХХК-иар газрын төлбөр төлүүлэх арга хэмжээг сумын газрын даамал авсан эсэх, газрын төлбөр төлөлтөд татварын улсын байцаагчаас хяналт шалгалт хийж, акт, дүгнэлт бичих, хариуцлага ногдуулах гэх мэт ажиллагаа хийсэн эсэхийг тогтоолгүй, зөвхөн төлбөр төлөгчийг буруутган, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгохоор шийдвэрлэж, өрөөсгөл хандсан гэж үзэхээр байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан. Хуулийн тухайн зохицуулалт нь газар эзэмшигч газрын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх, газар эзэмшигчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглахад нь хөшүүрэг болох зорилго агуулсан хуулийн заалт юм.
Нэхэмжлэгч И Н ХХК нь газрын төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлсөн байхад хариуцагч Мөрөн сумын Засаг дарга нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 21 тоот захирамж гаргаж, нэхэмжлэгч И Н ХХК-ийг газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл дурдаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд, тухайлбал, 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, шүүх хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд, И Н ХХК нь Хэнтий аймгийн ёслол хүндэтгэл бүхий Чингис хаалганы ойролцоо Шатахуун түгээх газар барьж байгаа нь иргэд, олон нийтэд таалагдахгүй, дургүйцлийг төрүүлж байгаа, энэ талаар иргэдийн гомдол, санал ирсэн тухай тайлбарласан боловч маргаан бүхий 21 дүгээр захирамжид тухайн асуудлын талаар тусгагдсан зүйл байхгүй тул шүүх дүгнэлт хийх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 23 дугаар зүйлийн23.4, 23.4.5, 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч И Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 21 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын ажлын алба- Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И Н ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 42 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАЛЖМАА
[1] Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.7, 7 дугаар зүйлийн 7.4.11, 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.6, 47 дугаар зүйлийн 47.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх заалтууд