| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2020/0795/З |
| Дугаар | 221/МА2020/0676 |
| Огноо | 2021-12-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2020/0676
О.А-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гуравдагч этгээд “Н ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нарыг оролцуулан О.А-гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 648 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 648 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3.1, 38.3.2-т заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан О.А-гийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 01 сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан “Ц” ХХК-ийн газар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 17/246 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах, О.А-гийн газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийн дагуу, О.А-д газар эзэмших гэрчилгээ гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх илт хариуцагч талын эрх ашгийг хамгаалж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчсөн.
Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг анх авахдаа л 7 удаа буцаасан байдаг. Шүүх хурлын хэлэлцүүлгийн үед хариуцагчаас нэхэмжлэгч эрх шилжүүлэх хүсэлтээ өгөөгүй биз дээ гэж шууд тулгаж асуудаг, хариуцагч газрын эрх шилжүүлэх хүсэлт гэж манай журамд бичгээр хүсэлт гаргаж авдаггүй, авдаг материалд байхгүй, газрын эрх шилжүүлсэн гэрээ болон эрхээ шилжүүлж байгаа этгээдийн хүсэлт байдаг, журамд заасан бусад материалуудыг өгдөг гэж тайлбарлаад байхад л шүүх эрх шилжүүлэх хүсэлт бичгээр нэхэмжлэгч бичиж өгөөгүй биз дээ гэж өөрөө тайлбарлаж шийдвэрлэж байгаа нь илт хариуцагч талын эрх ашгийг хамгаалсан.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба О.А-гийн эрх шилжүүлэн гэрээ хийж авсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 14 дүгээр захирамжийн дагуу авсан Баянголын аманд байрлах “Ц” ХХК-ийн 10.300 м.кв газрын төлбөрийг сүүлийн 5 жил төлүүлээгүй байсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5 дахь заалтуудыг зөрчсөн, газрын төлбөрийн төлөөгүй байсан 5.253.400 төгрөгийг төлөөлөгч, уг газар битүүмжлээгүй газрын эрх шилжүүлэхэд ямар ч асуудалгүй гэж О.А-д итгүүлэн уг мөнгийг төлүүлж газрын талбайгаас хасуулж, өөр бусдад өгүүлсэн атлаа Газрын алба нь газрын төлбөрөө нэг жил төлөхгүй байхад л газрын эрхийг хүчингүй болгох хуулийн заалт байсаар байтал 5 жил газрын төлбөрийг төлүүлээгүй, төлүүлэхгүй байгаа эс үйлдэл, мөн 15 хоногт эрх шилжүүлэх хууль байсаар байхад 70 хоногт шийдвэрлээгүй байгаа зэрэг хариуцагчийн ажлаа хугацаанд нь хийхгүй байгаа эс үйлдлүүдийг анхан шатны шүүх зөвтгөж байгаа нь уг газарт нийтдээ 100 гаруй сая төгрөг зарцуулсан, газрын 5 жилийн төлбөрийг төлсөн иргэнийг хохироож байна. Өөрөөр хэлбэл, төрийн албыг зөвтгөж байгаа нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албыг буруутгахгүй байх давуу эрхийг хуулиар биш анхан шатны шүүх олгоод байгаа нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхийн өмнө бүгд адил тэгш эрхтэй байх зарчим алдагдаж, төрийн албаны буруутай үйлдлийг өөгшүүлж Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1,40.1.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байдаг.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3 дахь заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үүнд: “Маршалын арлуудын “Ц” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/679 дүгээр захирамж гарч тус компанийн газрын талбайн хэмжээ 9857 м.кв болж өөрчлөгдсөн байна” гэж тайлбарлаад хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна.
Энэ нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл,сум дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай бичсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана.”, 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана.” гэж заасан байхад, анхан шатны шүүх энэ хуулийг зөрчин 15 хоногт гаргах байсан Засаг даргын шийдвэр 2 сар 10 хоногийн дараа гаргасан буюу хуулийн хугацаанаасаа бүтэн 2 сарын дараа гаргасан Засаг даргын шийдвэрийг зөвтгөж байгаа нь ямар нэгэн аргаар хариуцагчийг зөв болгох гэсэн ашиг сонирхол харагдаж илт дээрх хуулийг заалтыг зөрчсөн байдаг.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.А- нь шүүхэд анх “2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хөдөлгөөн хийлгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон мэргэжилтэн нараар хангуулах” агуулга бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “О.А-гийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан “Цэлмэг ази констранкшн” ХХК-ийн газар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 17/246 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах, О.А-гийн газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийн дагуу О.А-д газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;”, 38.2.3-д “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу аливаа газар эзэмших эрхийг шилжүүлэхэд албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт зэрэг хуульд заасан холбогдох баримтуудыг бүрдүүлэн тухайн шатны Засаг даргад газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг гаргах үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.А- нь “Ц” ХХК-тай гэрээ байгуулан, газрын төлбөрийг төлж, газрын давхцалыг арилгасан гэж тайлбарлах хэдий ч О.А- нь газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу гаргасан гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй, мөн газрын давхцалтай үед буюу 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан, уг гэрээг хавсарган газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүсэлт гаргасан нь тогтоогдож байх тул түүнийг газар эзэмших эрхийг түдгэлзүүлсэн албан бичиг гарахаас өмнө хүсэлт гаргасан гэж үзэхээргүй байхаас гадна гуравдагч этгээд “Ц” ХХК-аас газрын зөрчлийг арилгаж, эзэмшил газрын хэмжээг 9857 м.кв болгон өөрчилж гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаснаас өөрөөр нэхэмжлэгчээс хуульд заасан баримтыг бүрдүүлж хандаагүй байх тул хариуцагч Засаг даргыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу ажлын 15 өдрийн дотор эрх шилжүүлсэн шийдвэр гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй буюу хариуцагчийг О.А-гийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.
Нэхэмжлэгчээс “Хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэрхэн шийдвэрлэхтэй холбоотой мэдээллийг амаар өгсөн” гэж тайлбарлаж байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг түдгэлзүүлсэн 17/246 дугаар албан бичиг гарахаас өмнө гаргасан нэхэмжлэгчийн эрх шилжүүлэх хүсэлттэй холбоотой тэмдэглэл, бүртгэл гэх зэрэг баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй байхаас гадна нэгэнт хуульд заасан журмын дагуу эрх шилжүүлэх хүсэлт, холбогдох бусад баримтуудыг эрх бүхий албан тушаалтанд гаргаагүй нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу “... газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн “...анхан шатны шүүх хуулийг зөрчин 15 хоногт гаргах байсан Засаг даргын шийдвэр 2 сар 10 хоногийн дараа гаргасан буюу хуулийн хугацаанаасаа бүтэн 2 сарын дараа гаргасан Засаг даргын шийдвэрийг зөвтгөж байгаа нь ямар нэгэн аргаар хариуцагчийг зөв болгох гэсэн ашиг сонирхол харагдаж илт дээрх хуулийг заалтыг зөрчсөн...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Түүнчлэн гуравдагч этгээд “Н ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02866 дугаар шийдвэрээр “Ц” ХХК-аас 121.244.284 төгрөг гаргуулахаар болсон ... зээлийн төлбөрт Баянзүрх дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар 60.000.000 төгрөгөөр борлуулсан ... үлдэх зээлийн төлбөрт өнөөдрийг хүртэл ажиллагаа явуулж байгаа бөгөөд “Ц” ХХК-ийн нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 10.300 м.кв газар бүртгэлтэй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хуульд заасан эрхийн дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэсэн тайлбараас үзэхэд маргаан бүхий газар нь эрхийн зөрчилтэй бөгөөд эрхийн зөрчилтэй газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч О.А-гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй.
Тодруулбал, даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд тодорхой асуудлаар шийдвэр гаргуулахаар хандсан боловч захиргаа хууль бусаар татгалзсан эсхүл огт шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргасан байх тохиолдол бодитоор бий болсон, шүүх тэрхүү татгалзал, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх учиртай.
Гэтэл маргааны энэ тохиолдолд нэхэмжлэгчээс хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ