Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 0379

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Б.Энхбат,

иргэдийн төлөөлөгч Д.Нэргүй,

шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Ю.Батболд /ШТЭД-1958/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Н.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00112 0134 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, зээ нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн ............................ тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн .................................... тоотод түр оршин суух, урьд

            ......................................

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ

- 2019 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 07-08 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ............................ тоот хашаанд иргэн Д.Б-эд хөрөнгийг авахаар түүний “хүзүү, хоолойг боох зэргээр” хүч хэрэглэж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн “хоолойн тус газарт тулган” хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, чэнж эссэ тамхи, асаагуур, бэлэн 6.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Д.Б- 10.300 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 05 цаг 30 минутаас 06 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн орчимд иргэн Б.Ц-эд хөрөнгийг авахаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн “цээж нь тус газарт тулган” хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, хэтэвч, ээмэг, бөгж, кулон зэрэг мөнгөн хослол 2 ширхэг, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэврийн карт, хаан банкны кредит карт, монос эмийн сангийн хөнгөлөлтийн карт, автобусны карт, бэлэн 9.000 төгрөг зэрэг эд зүйлстэй гар цүнхийг дээрэмдэж, Б.Ц-416.100 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 30 минутаас 06 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ....................... тоот хашааны гадна гудамжинд иргэн Д.Э-эд хөрөнгийг авахаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн “цээж нь тус газарт тулган” хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, Айфоне 6 загварын гар утас, гар цүнх, хэтэвч, толь, цаг, түлхүүр, ажлын үнэмлэх, бал, гарын тос, бэлэн 2.500 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Д.Э- 347.500 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 52 минутаас 07 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ..................... тоот хашааны гадна гудамжинд иргэн Д.Г-эд хөрөнгийг авахаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн “цээж нь тус газарт тулган” хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, Айфоне 6 загварын гар утас, бэлэн 12.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Д.Г- 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 172 дугаар яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: хөрөнгийн үнэлгээний тайлан 1хх23-25, хохирогч Б.Ц-хохирол төлсөн баримт /1хх198/, хохирогч Д.Э-, Д.Б-, Д.Г-нарт хохирол төлсөн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх90, 2хх158-161/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох /1хх219-250/ зэргийг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Н.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга болон гэм буруугийн дүгнэлт:

1. Шүүгдэгч Н.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 07-08 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ................................. тоот хашаанд хохирогч Д.Б- хутга тулган, хоолойг боож, хутгална гэж сүрдүүлэн эд зүйлийг авч 10.300 төгрөгний хохирол учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:  

- Иргэн Д.Б-аас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Бусдад дээрэмдүүлсэн...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх3-4/,

- Хохирогч Д.Б-“....Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...................... тоот өөрийн хашаанаас 07 цаг 15 минутын үед хог гаргаж, хаяад буцаад хашаанаас хог гаргах гээд гарах үед, миний ард талд 45-50 орчим насны эрэгтэй зогсож байсан. Тэгээд тухайн эрэгтэй “хогийг чинь хамт гаргалцаад өгье” гээд байхаар нь би “хэрэггүй” гэхэд 45-50 орчим насны эрэгтэй нь бараан өнгийн богино куртик өмссөн, ард нуруундаа бараан өнгийн цүнх үүрсэн, 155-160 см өндөртэй, махлаг, шар царайтай эрэгтэй хүн манай хашаанаас гараад урд талд байрлах нарийн гудамжаар яваад өгсөн. ...20-25 минутын өмнө манай хашаанд орж ирээд хогноос чинь гаргалцаад өгье гээд байсан 45-50 насны эрэгтэй зогсож байхаар нь би тухайн эрэгтэй хүнийг “юу хийгээд түрүүнээс хойш манай хашаагаар эргэлдээд байгаа юм” гэхэд миний өөдөөс тухайн эрэгтэй хүн нь харж зогсож байгаад куртикны баруун талын халааснаас дунд зэргийн хутга гаргаж ирээд миний хоолойнд тулгаад байхаар нь дуу гаргахад “чимээгүй болохгүй бол дүрнэ” гээд байхаар нь би айсандаа чимээгүй болсон. Тэгээд намайг хашааны баруун талын хаалганаас зүүн талын хаалга хүртэл миний хоолойд хутга тулгаад чирж авч яваад газар суулгаад миний хоолой боогоод намайг өргөж босгохоор нь би тухайн эрэгтэй хүнд “танд юу хэрэгтэй юм бэ” гэхэд “чимээгүй байгаарай ах нь шийдсэн хүн, ах нь хамаг юмаа үүрээд явж байдаг хүн” гээд байсан. Тэгээд би тухайн эрэгтэй хүнээс “намайг явуулчих, би хүнд хэлэхгүй” гэхэд намайг “чимээгүй бай” гээд дахиад намайг хоёр гараараа хоолой боогоод ухаан алдахын өмнө гараа суллаад “чамайг орилох юм бол боогоод хутгалаад үлдээнэ” гэхээр нь би айсандаа чимээгүй болоход, тухайн эрэгтэй “намайг чи яамаар байна” гэхээр нь би тамхи татмаар байна, миний кармайнд тамхи байгаа татмаар байна” гэхэд “за тат” гэхээр нь би өөрийн куртикны кармайгаас тамхи гал авахад тухайн эрэгтэй хоёр гараараа миний хоолойд тулгаад байж байсан. Тэгээд би тамхи татаж дуусахад тухайн эрэгтэй зүүн талын гараараа миний халаасанд байсан ченж Эссэ, ногоон өнгийн асаагуур, 6.000 гаруй төгрөг аваад “би тамхи татдаггүй, хэвтэрт байдаг найздаа тамхийг чинь өгнө” гээд зүүн гараараа аваад өөрийн хувцасны кармайнд хийгээд, тухайн эрэгтэй миний хоолойнд баруун тулгаад, зүүн гараараа миний куртикны цахилгаан тайлаад хөхнөөс барьчихаад “чи хүүхэдгүй л юм байна ш дээ” гээд байхаар нь “би хоёр хүүхэдтэй та намайг явуулчих” гэхэд чимээгүй бай” гээд үргэлжлүүлэн миний хөхнөөс бариад “ямар гоё юм бэ” гээд зүүн гараа өмд рүү хийгээд оролдохоор нь би “миний юм ирсэн, миний эрхтэнд битгий хүрээд бай” гэхэд тухайн эрэгтэй “чи даамсаг хэрэглэсэн юм уу” гээд гараа улам лавшруулж хийгээд даамсагнаас барьж үзээд “тийм байна” гээд гараа аваад намайг үнсээд байхаар нь би уруулаа жимийхэд “уруулаа нээ” гээд хоёр гараараа боож байгаад унахын даваан дээр гараа суллаад “би явлаа” гээд манай хашааны зүүн талын хаалгаар гараад урд талын нарийн гудамжаар явсан. ...Миний биед байсан ченж эссэ тамхи, ногоон өнгийн асаагуур, 6000 гаруй төгрөгийг дээрэмдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх15-17/,

- Хохирогч Д.Б-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх19-21/,

- Хохирогч Д.Б-аар таньж олуулах ажиллагаа явуулахад “би шууд таньж байна, Энэ хүний монхор хамар болон майга хөлийн хэлбэрийг хараад таньж байна” гэж шүүгдэгч Н.Э-г заасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх29-32/,

- Шүүгдэгч Н.Э-ы яллагдагчаар өгсөн “...би ойртож очингуутаа биеийг цааш нь харуулаад хойноос нь гараараа боогоод хашааных нь зүүн талд байх амбаарын балгас бололтой нэг газарт аваачаад хананд шахаж хоолойг нь боосон чинь “болиоч ээ би уналаа ш дээ” гэхээр нь гараа сул тавьсан. Тэгэхэд тэр эмэгтэйн өмсөж хувцасныхан энгэр нь задгай хөх нь харагдаад байхаар нь би хөхнөөс нь бариад оролдоод байж байсан чинь “Миний биений юм ирчихсэн шдээ” гэхээр нь би “тэр хамаагүй” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй /дотор давчдаад байна/ би тамхи татаадах уу гээд куртикныхээ халааснаас ченж эссэ тамхи гаргаж ирээд асаагаад татсан. Тэгэхээр нь би тамхи асаагуурыг нь аваад “Би энийг чинь хүнд өгнө” гэж хэлээд аваад хашаанаас нь гараад явсан. Тухайн үед тэр эмэгтэйд туслах гэсэн чинь над руу муухай харьцахаар нь би уураа барьж чадалгүй энэ гэмт хэргийг үйлдсэн юм...” гэсэн мэдүүлэг /1хх50-53/,

2. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 05 цаг 30 минутаас 06 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн орчимд хохирогч Б.Ц-цээж нь тус газарт тулган, дүрнэ шүү гэж сүрдүүлэн   эд зүйлийг нь авч 416.100 төгрөгийн хохирол учруулсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:  

- Шуурхай удирдлагын 102 дугаарын утсанд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр .......дугаарын утсаар “06 цагын үед манай эгч ажилдаа явж байгаад цүнхээ дээрэмдүүлчихлээ...” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх86-87/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх88-91/,

- Хохирогч Б.Ц-“...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад ...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Улаан хүрэн өнгийн” автомашины дугуй засварын /чингэлэг/ газрын хойд талд байх Сонгинохайрхан дүүргийн арын засмал замаар нь зүүн тийш зам хөндлөн гараад ...Дүүхээ төвийн эсрэг талд байх автобусын буудал руу чиглэн алхаж байтал саарал өнгийн гүйдэг төмрөн хаалгатай ...хашааны урдуур болгоомжтой алхаад өнгөрөөд явж байсан чинь нэг үл таних эрэгтэй хүн тэр хашаанаас гарч ирэхээр нь хойшоо эргэж хараад “Автобусын буудал явах гэж байгаа юм байна” гэж бодоод алхаад явж байхад миний хойноос хурдан, хурдан алхаад байхаар нь би бас “хурдан алхаад эхэлсэн” юм. Тэгээд нэг мэдэхэд миний яг ард ирчихсэн, ...тэр хүн “цүнхээ өг” гэж хэлээд хаанаас ч юм мэдэхгүй цагаан иштэй богино хутга гаргаж ирээд миний цүнх барьж байсан зүүн гар луу хутгаараа чичээд байхаар нь би цүнхээ тавилгүй байрьж байсан чинь тэр хутгаа миний зүүн талын цээжний хэсэгт барьж байгаад “Цүнхээ өгөхгүй бол энд дүрчихнэ шүү” гэхээр нь би айгаад цүнхнээсээ гараа авсан... миний цүнхийг дээрэмдсэн үл таних хүн /нэг ажилладаггүй хүнсний дэлгүүрийн/ урдуур алхаад цаашаа яваад өгсөн. ...гар цүнх байсан бөгөөд одоо 150.000 төгрөгөөр үнэлж байна. ...цүнхэн дотор ...ногоон өнгийн гялалзсан хатуу гадаргуутай, гонзгой урт түрүүвч, ...Хар өнгийн дөрвөлжин шигтгээтэй /ээмэг, бөгж, кулоны хамт/ мөнгөн хослол ...Цэнхэр өнгийн шигтгээтэй мөнгөн хослолын бөгж, кулон, гинжтэйгээ ...Миний өөрийн иргэний үнэмлэх, гадаад пасспорт, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэврийн карт, хаан банкны кредит карт, монос эмийн сангийн хөнгөлөлтийн карт, автобусны карт ...Бэлэн 1 ширхэг 5.000 төгрөгийн дэвсгэрт, 2 ширхэг 1.000 төгрөгийн дэвсгэрт, 4 ширхэг 500 төгрөгийн дэвсгэрт нийт 9.000 төгрөг байсан. Тухайн хүн хутга тулган ойртоход архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх183-185/,

- Б.Ц-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх186-190/,

- Хохирогч Б.Ц- “Дээрмийн гэмт хэргийг үйлдсэн этгээд”-ийг зурган хэлбэрээр таньж олуулах ажиллагаа явуулахад шүүгдэгч Н.Э-ыг таньж заасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх173-177/,

- Сонгинохайран дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг хяналтын камерын бичлэгтэй адилтгахаар яллагдагч Н.Э-ыг алхаж явуулсан туршилт, туршилт хийсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх128-129/, /1хх137-138/,

- Дээрх хоёр бичлэгт харьцуулсан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Х.Бат-Эрдэний 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй “Хэргийн газарт алхсан” гэсэн нэртэй хавтаст N01051327 гэсэн нэртэй дүрс бичлэгт дэлгэцийн цагаар 05 цаг 13 минутад, N0105332 гэсэн нэртэй дүрс бичлэгийн 05 цаг 35 минутад бичигдсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн хүний гадаад төрх, үйл хөдлөл нь харьцуулах загвараар ирүүлсэн N0222357, N03223357 гэсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн хүний гадаад дүр төрх, үйл хөдлөлтэй биеийн ерөнхий хэлбэр, хүйс, доод мөчдийн хэлбэр, явдлын онцлог зэрэг шинж тэмдэгээр тохирч байна гэсэн 503 дугаартай дүгнэлт /1хх142-148/,

- Гэрч Ж.Ж- “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө гэрээсээ 05 цаг 45 минутад гэрээсээ гараад Дүүхээ төвийн хажууд алхаж явсан чинь Б.Ц-эгч над руу ..............дугаарын утаснаас 06 цаг 03 миунтанд залгаад “миний цүнхийг хүн авчихаад өгөхгүй байна” гэхээр нь хаана байгааг нь асуугаад урдаас нь яваад Дүүхээ төвийн эсрэг талыг гудамжинд тааралдахад “миний цүнхийг хүн дээрэмдээд аваад явчихлаа” гэхээр ...зам дээр зогсож байсан нэг таксины жолоочийн утсыг нь гуйж байгаад 102-т цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх171-172/,

- Хохирогч Б.Ц-эзэмшлийн ............... дугаарын утсаар гэрч Ж.Ж- эзэмшлийн ............. дугаарын утас руу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 цаг 03 минут 19 секунданд холбогдож, ярилцсан талаар нотолсон гар утасны биллний хуулбар /1хх193/,

3. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 30 минутаас 06 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ....................... тоот хашааны гадна гудамжинд хохирогч Д.Э- хутга тулган ална шүү гэж хүч хэрэглэхээр заналхийлж эд зүйлсийг нь авч 347.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Иргэн Д.Э-гаас 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Бусдад дээрэмдүүлсэн...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх52-53/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх54-57/,

- Хохирогч Д.Э-“...Гэрээсээ гараад гудамжны буланд байх “Дамбо” хүнсний дэлгүүрийн урд руу гараад явган хүний жижиг төмөр гүүрээр гараад 10 метрийн зайд явж байхад төв замын наад талын гудамжны булан хүрэх үед миний өөдөөс 45-55 орчим насны эрэгтэй хүн хажуугаар зөрөхдөө миний биеийг гараараа барьж эргүүлээд хашаа руу шахсан. Тэгээд гэдсээрээ намайг шахаад баруун гараараа богино шар иштэй хутга миний цээжинд тулгаад зүүн гараараа миний цүнхийг барьж авангуутаа “...Дүрчихнэ шүү. Орилвол ална шүү. Өөр өгөх юу байна” гэхээр нь өөрийнхөө гар утсыг нуугаад “энэ цүнх л байна” гэж хэлсэн чинь цүнхийг эхэлж авангуутаа миний куртикны баруун талын халаасанд байсан Айфон 6 маркын гар утсыг гаргаж ирж авангуутаа “Одоо зайл” гэхээр нь би айгаад засмал зам руу явсан бөгөөд тухайн дээрэмдсэн хүн “Төгөлдөр” хүнсний дэлгүүрийн зүг рүү алхаад яваад өгсөн. ...10 цагийн үед “дээрэмдүүлсэн газраа цүнхээ хайж үзье” гээд хайгаад явсан чинь “Төгөлдөр” хүнсний дэлгүүрийн зүүн талд байх явган хүний гүүрэн доор миний цүнхэн доторх эд зүйлсийг аваад цүнхийг нь хаячихсан байсныг нь би олж авсан. ...нилээн гүзээтэй, өвдөгөөрөө тахирдуу, доголон алхаатай юм шиг, майга алхаатай хүн байсан...” гэсэн мэдүүлэг /2хх74-75/,

- Мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Ганзориг нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод оршин суух Н.Э-ы өөрийн гэрээс бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн халдлагын зүйл болох Д.Э-эзэмшлийн Айфоне-6 загварын /Имей код: ................/ гар утсыг яллагдагч Н.Э-аар заалгуулж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх85-86/,

- Н.Э-аас хураан авсан гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх87-88/,

- Н.Э-ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Төгөлдөр хүнсний дэлгүүрийн баруун талд гудмаар явж байхад нэг эмэгтэй төв зам руу чиглээд алхаж байхаар нь би хойноос нь дагаж гүйцэж очиход буцаж эргэж харахаар нь би хар өнгийн цүнхний оосорноос барьж байгаад “Цүнхээ өг” гэхэд цүнхээ тавихгүй зуураад байхаар нь ална шүү гэж хэлсэн чинь цүнхээ тавихаар нь би цүнхийг нь аваад “цаашаа яв” гэж хэлээд төв зам руу алхаж байгаад наад талын гудамжинд нь зогсож байгаад цүнхийг нь уудлаад үзэхэд хүрэн өнгийн түрийвч, 10 гаруй мянган төгрөг, гүүрний будагны жижиг цүнх, ажлын Э- нэртэй иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, хэлхээтэй 2, 3 ширхэг түлхүүр, өөр бичиг баримтууд байхаар нь бичиг баримтууд /ажлын үнэмлэхнийг нь харахад эмнэлэгт ажилладаг бололтой халат өмссөн зурагтай Э-- гэх нэртэй хүний үнэмлэх байсан/ түлхүүрийг нь гялгар уутанд нь хийгээд мөн 10 мянган төгрөгийг куртикнийхээ халаасанд хийгээд цүнхийг нь нэг газар хаясан...” гэсэн мэдүүлэг /2хх93-94/,

4. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 52 минутаас 07 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн .......................... тоот хашааны гадна гудамжинд хохирогч Д.Г- хутга тулган, хутгална гэж заналхийлж эд зүйлийг авч 72.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Иргэн Д.Г-2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Бусдад дээрэмдүүлсэн...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх105-106/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх107-110/,

- Хохирогч Д.Г-“....Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 06 цаг 52 минутын үед гэрээсээ ажилдаа явах гэж гарсан. ...Сонгинохайрхан дүүргийн ........................................................... тоот хашаа өнгөрөөд гудманд явж байтал миний ард талд нэг эрэгтэй хүн явж байсан. ...би эргээд хартал миний цээжин тус газарт /Цээж хэсэгт гараараа зааж үзүүлэв/ гууд хутга тулгасан, тэгээд мөнгө өг гэж хэлээд миний үүрч явсан бор өнгийн шар оосортой гар цүнхний оосрыг хутгаараа тасалсан, тэр үед айгаад би өвдөглөөд доошоо унасан. ...цүнхээ онгойлгоод түрүүвчнээс бэлэн байсан 12.000 төгрөгийг гаргаж өгсөн. Тэгсэн тэр үл таних эрэгтэй хүн мөнгийг шүүрээд авах үед би босоод ирсэн, тэгтэл намайг тэр хүн одоо гар утсаа өг гэж хэлсэн, тэгэхээр нь би “ахаа надад утас байхгүй” гэж хэлтэл, тэр хүн чамайг нэгжээд биенээс чинь утас чинь гарах ирэх юм бол шууд хутга дүүрнэ шүү новш минь гэж хэлсэн. Би айгаад куртикны баруун талын халаасанд байсан айфоне-5 загварын гар утсаа гаргаж өгсөн. ...Намайг дээрэмдсэн эрэгтэй хүн ойролцоогоор 45-50 орчим насны богино куртик өмсөн, куртикны малгай юу эсхүл юүдэнтэй цамцныхаа малгайг толгойдоо өмссөн байсан уу ямар ч байсан малгай өмссөн байсан ба царайг нь харсан тийм пэлцгэр ч юм шиг барзгар ч юм шиг шардуу царайтай хичээл насны нас тогтсон хүн байсан. Нүдний доод хэсэг нь буюу доод зовхи нь үрчлээтэй юм шиг унжсан байдалтай хүн байсан. Би тэр хүнийг харвал танина, тийм содон царай олон тааралдаад байхгүй, их хүйтэн царайтай байсан, миний санаанд тов тод үлдсэн байгаа. Содон шинж тэмдэг гэвэл гүзээтэй, намхан надаас бол намхан бондгор гүзээтэй, майгдуу хөлтэй, сонин хоёр тийш ганхаж явдаг хүн байсан...” гэсэн мэдүүлэг /2хх132-133/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэлд хохирогч шүүгдэгч Н.Э-ыг таньж заасан байдлыг тусгаж, гэрэл зургийн хавсаргасан үзүүлэлтүүд /2хх115-119/,

- Хохирогч Д.Г-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх134-137/,

- “Тэнцвэр Эстимейт” ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1528 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрэмдүүлсэн эд зүйлсийг 60.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх121-123/,

- Мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Ганзориг нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус дүүргийн ................................. тоотод оршин суух Н.Э-ы өөрийн гэрийн 00-ын өрөөнөөс бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн халдлагын зүйл болох Д.Г-эзэмшлийн Айфоне-5 загварын /Имей код: ............./ гар утсыг Н.Э-аар заалгуулж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх144-146/,

- Н.Э-аас хураан авсан гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх147-149/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Э- болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсонг дурдаж байна.

Дээр дурдсан үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Н.Э- нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ хохирогч эмэгтэйчүүд болох Д.Б-, Б.Ц-, Д.Э-, Д.Г-нарын хоолой, цээжин тус газарт хутга тулган “дүрнэ шүү, ална шүү” гэж айлган сүрдүүлж, мөн хохирогч Д.Б-ыг хоолойг боож, чирэх зэргээр эд зүйлийг нь хүчээр авсан нь хохирогч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгчээс эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг дээр дурдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох, хоолой боох зэргээр эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл, мөн ямар нэгэн арга хэрэглэн эд зүйлийг шилжүүлэн авсаны дараа тухайн эд зүйлийг өөртөө үлдээхээр хүч хэрэглэх зэрэг нөхцөл байдал аль аль нь хамаардаг. Хүч хэрэглэхээр заналхийлж авах гэдэгт: “үг хэл”-ээрээ буюу “ална шүү”, “зодно шүү” гэж сүрдүүлэн айлгах хэлбэрээр заналхийлэлтийн халдлага хийж, эд зүйлээ өгөхгүй бол бодитоор хүч хэрэглэхээр дарамтанд оруулж, сэтгэл зүйн хувьд хохирогчийн эсэргүүцлийн дарсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгодог.

Тиймээс шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй буюу хохирогч нарыг эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор дээрэмдэх гэмт хэргийн бүрдэл төгссөн буюу үйлдэл тус бүр бие даасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болохыг дурдаж байна.

Мөн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ хутгатай байсныг хохирогч тус бүр дээр дурдсан мэдүүлэгтээ эргэлзээгүй байдлаар дүрслэн мэдүүлсэн, шүүгдэгчийн гадаад байдал, үйлдлийн талаар мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заажээ. Тухайлбал Д.Г-“...миний гар цүнхний оосрыг хутгаараа тасалсан...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийг зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Н.Э-ыг 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн хохирогч Д.Б-эд зүйлийг зүйлийг дээрэмдэхдээ түүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан эсэхтэй холбоотой асуудлыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокуророос гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэсэнг дурдах нь зүйтэй.    

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Хохирогч Д.Б-дээрэмдүүлсэн эд зүйлийг “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 87 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 4.300 төгрөгөөр үнэлж мөн бэлэн 6.000 төгрөгний хохирол учирсан.

Хохирогч Б.Ц-дээрэмдүүлсэн эд зүйлийг “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 1529 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 407.100 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хохирогч бэлэн 9.000 төгрөгний хохирол учирсан.  

Хохирогч Д.Э-дээрэмдүүлсэн эд зүйлийг “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 034 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 345.000 төгрөгөөр,

Хохирогч Д.Г-дээрэмдүүлсэн эд зүйлийг “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 1528 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 60.000 төгрөгөөр үнэлсэн ба бэлэн 12.000 төгрөгний хохирол учиржээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирогч Д.Б- 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10.300 төгрөг, хохирогч Б.Ц-2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 416.100 төгрөг, хохирогч Д.Э- 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Ай фони-6” маркийн гар утсыг биет байдлаар, бэлэн 45.000 төгрөгийг хамт, хохирогч Д.Г- 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “ай фони-5” маркийн гар утсыг биет байдлаар, бэлэн 12.000 төгрөгийг хамт тус тус хүлээлгэн  өгсөн байна.

Иймд шүүгдэгч Н.Э-ыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэв.   

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгчид Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг, хохирлыг нөхөн төлсөн, түүний насны байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хорих ялыг багасгуулах” дүгнэлт санал гаргасан.

Шүүгдэгч Н.Э-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болохоор” гэж тус тус заажээ.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм. Учир нь шүүгдэгч Н.Э- нь урьд 10 удаа санаатай гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдсэнг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн боловч шунахайн сэдэлтэйгээр дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй, 4 удаагийн үйлдлээр үйлдсэн нөхцөл байдал нь нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээний хувьд их байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлэн үзэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иймд дээрх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Э-д 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.  

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шинжийг харгалзан хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь зүйтэй.

Шийдвэрлэвэлхээ зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Мөн шүүгдэгч Н.Э-ы цагдан хоригдсон 103 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Н.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3  дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Э-д 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.        

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ы урьд цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР

                ШҮҮГЧИД                                 Б.ДАШДОНДОВ

                                                                                                           Г.АЛТАНЦЭЦЭГ