| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0359/Э |
| Дугаар | 0386 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 0386
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Э.О-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О-холбогдох эрүүгийн 2008 01363 0489 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Клаймакс” ХХК-нд борлуулалтын туслах ажилтай, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ........................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
.....................................................................
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.О-нь 2020 оны 3 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ......................... байрны гадна иргэн Н.Х-зодож, эрүүл мэндэд нь “зулайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгний язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Н.Х-мэдүүлэг /хх10-11/, гэрч Э.Г-мэдүүлэг /хх25/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3588 дугаартай дүгнэлт /хх38-39/, Э.О-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх51-52/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх58/, ял шалгах хуудас /хх53/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх57/, ажлын газрын тодорхойлолт /хх60/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Э.О-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Н.Х-“...2020 оны 3 дугаар сарын 11-ний орой ... 22 цагийн үед Б-гэрээс гараад М-, Г-, О- бид дөрөв М-ийн гэрийн гадна буюу Сонгинохайрхан дүүргийн ..........байрны гадна ирээд Г- машинд бид дөрөв 0.75 граммтай нэг шил архи хувааж уусан. Тэгээд уг архийг уугаад архи дуусах дөхөж байхад 23 цаг өнгөрч байх үед М- гэр рүүгээ орсон ба харин О-, Г- бид гурав үлдээд архиа дуусгаад ахин нэг шил архи аваад уг архиа хувааж ууж байсан. ... 00 цаг өнгөрсөн байх үед нэг мэдэхэд би машины хойд суудал дээр суусан, миний хажууд О-, урд талын суудал дээр Г- сууж байсан бөгөөд О- гэнэт л миний толгойны ар дагз руу гараараа нэг удаа, нүүр рүү гараараа 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би яаж байна гээд О-ын цээж рүү нь гараараа түлхсэн. ...Зодуулснаас болж миний биед хоёр нүдний хэсэгт хөхөрч хавдсан гэмтэл учирсан байсан. Би 8000 төгрөгөөр шүү эмнэлэлт үзүүлж, 120.000 төгрөгөөр томографийн зураг авахуулсан. Өөр ямар нэгэн эмчилгээний зардал гараагүй ба О-аас уг эмчилгээний зардлыг авбал өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх10-11/
2. Гэрч Э.Г-“...О-, Х- бид гурав үлдээд архи ууж байхад би М-ийн гэрийн гадна ирээд л архи уусан ба уг архинаас нилээн уугаад согтоод байсан. Тэгтэл машины хойд талын суудал дээр О-, Х- хоёр хамт суусан байсан ба гэнэт О- Х-ийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод авах шиг болсон. Би тухайн үед согтсон байсан болохоор О-ыг яг ямар учир шалтгааны улмаас Х-ийн нүүр лүү цохисоныг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх25/
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3588 дугаартай “...Н.Х-биед зулайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгний язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх38-39/
4. Э.О-яллагдагчаар өгсөн “...Г-, Х- бид гурав үлдээд архиа ууж байхад Х- ах ажлын талаар ярьж байгаад Г- бид хоёрыг та хоёр муу бацаан гээд өөрөө олон жил ажилласан болохоор хүндлүүлэх гэсэн маягтай юм яриад байхаар нь би согтсон байсан болохоор миний уур хүрээд Х- ахын толгой болон нүүр рүү нь гараараа тус бүр нэг нэг удаа цохисон Тэгэхэд Х- ах намайг яаж байна гээд Миний цээж рүү гараараа түлхээд Г- хажуугаас боль гээд бид хоёрыг холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх51-52/
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.О-нь 2020 оны 3 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................. байрны гадна согтууруулах ундааны зүйл уусан үедээ хохирогч Н.Х-зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.О-үйлдлийн улмаас хохирогч Н.Х-эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3588 дугаартай “...зулайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгний язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирлыг нөхөн төлж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.О-хохирогч Н.Х-эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.О-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Э.О-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР