Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 0398

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Д.Ганчимэг /томилолтоор/,

хохирогч С.З-,

шүүгдэгч П.Р-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Болор-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Р-холбогдох эрүүгийн 1908 06548 0208 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Ди эм би эн эн” ХХК-д экскеваторын оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ................... тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ...................тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

.....................................................

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Р-нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .......................... тоот хашааны гадна иргэн С.З-ыг “эцэг Д.П-маргалдаж, зууралдлаа” гэх шалтгаанаар чирж, хашаанаас гарган хавсарч унагасны улмаас баруун шагайн гадна хавчаар ясны хугарал, баруун өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч С.З-ын мэдүүлэг /хх25-26, 29-30/, гэрч Д.П- мэдүүлэг /хх32/, гэрч С.Б-мэдүүлэг /хх34/, гэрч З.А-мэдүүлэг /хх38/, гэрч Б.О-мэдүүлэг /хх40/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх18/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 416 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх42-43/, шинжээч эмч Т.Номинцэцэгийн мэдүүлэг /хх46/, шүүгдэгч П.Р- яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх56/, шүүгдэгч иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх71/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх67/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хх69/, ял шалгах хуудас /хх82/, хохирогч С.З-ын эмчилгээний зардал хүлээн авсан тэмдэглэл /хх83-84/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч П.Р-  гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч С.З-ын “... 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд манай охиныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс рүү цагдаа нар аваад явчихлаа гээд бага охин ороод ирсэн. Тэгэхээр нь би цагдаа руу очиж уулзъя гэж бодоод замаараа П- дэлгүүрээр орж П- хамт “цагдаагийн хэлтэс рүү явъя” гээд дагуулаад гартал П- булан тойроод дэлгүүрийнхээ арын хаалгаар орчихсон. Тэгэхээр нь би араас нь хашаа руу нь яваад ортол П- “чи яах гээд байна аа” гээд намайг заамдаад авахаар нь би “хоёулаа цагдаа дээр хамт очно” гэтэл цаанаас нь хүүхэд нь болох Р- гарч ирээд миний араас зуураад чирэхээр нь би “байж бай, би аавтай чинь ярьж байна” гэсэн чинь “ална шүү” гээд чирж, хашаанаас гаргахаар нь би дэлгүүрийнх нь хаалгаар орох гэтэл Р- дахиж намайг чирж, холдуулж байгаад хавсарч унагачихаад, дэлгүүр лүүгээ орчихсон. Би босоод явах гэтэл хөл эвгүй болчихсон байхаар нь би эхнэр лүүгээ залгаад, дараа нь цагдаад мэдэгдсэн. ...Намайг аавтай нь хашаанд маргалдаад байхаар нь ирж аавыгаа өмөөрөөд хавсарч унагасан. ...чирч байгаад зогсоод намайг хавсрахад би газар унасан бөгөөд би босох гэхэд баруун хөл эвгүй болчихсон, гишгэж болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх25-26, 29-30/,

2. Гэрч Д.П- “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ө- манай гэрийн орцонд зогсож байхаар нь манай эхнэр цагдаад дуудлага өгөөд өгч явуулсан юм. Тэгтэл Ө-ийн аав нь намайг дэлгүүр дээр сууж байхад орж ирээд “чи муу хөгшин төгцөг хүүхэд шоронд орууллаа. Хоёулаа цуг явъя” гэсэн. Тэр үед дэлгүүрт хүн ихтэй байсан болохоор би дэлгүүрээс гараад зугтаад, хашаа руугаа орох гэтэл надаас зуураад явуулахгүй байсан ба миний араас өшиглөж, ноцолдож байгаад хашаа руугаа орсон. Тэгтэл манай хүү Р- гарч ирээд намайг салгаж аваад “та орж бай” гэж намайг оруулаад, Ө-ийн аавыг нь хашаанаас аваад гарсан. Намайг гэртээ байж байхад манай бэр “цагдаа ирж байна. Гараад ир” гэхээр нь гараад очтол дэлгүүрийн хажуу талын хашааны хажууд Ө-ийн аав нь хашааны хундам дээр сууж байсан. Мөн эхнэр, хүүхэд нь ирчихсэн байсан. ...З- сууж байгаад, цагдаа ирэхэд боссоноо “миний хөл эвгүй болчихлоо” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх32/

3. Гэрч С.Б-“...Тухайн хэрэг болсон гэх өдөр 19 цаг өнгөрч байх үед манай нөхөр З- над руу залгаад “дэлгүүрийн хүмүүс намайг зодчихлоо. Би гишгэж чадахгүй байна. Намайг ирээд аваадах” гэж залгасан. ...манай нөхөр З- хашлага налаад сууж байсан ба “цагдаа дуудчихсан” гэж хэлж байсан. Цагдаа ирэх хооронд манай нөхөр ёолоод гишгэж чадахгүй байсан ба цагдаа ирэнгүүт өндийж байгаад, цагдаа дамжилж байгаад машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирж, өргөдөл гаргаж өгчихөөд гэмтлийн эмнэлэг рүү Р-гийн хамт очиж үзүүлэхэд “баруун хөл нь хугарсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх34/,

4. Гэрч З.А-“...П- эхнэр нь тааралдаад “чи юу хийж яваа юм. Манай нөхөртөй уулзах гэж байна уу?” гээд явуулахгүй байснаа цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд намайг хэлтэс дээрээ аваачсан. ...Би П-той танилцаад 5 жил болж байна. Уулздаг болоод 3 жил болж байна. Өнгөрсөн наадмаар П- эхнэр нь бид хоёрыг явдагийг мэдээд, согтуу манай гэрт ирээд хэрүүл маргаан болоод цагдаа дээр очиж байсан. ...би эцгийгээ ямар хүн байдгийг мэдээсээ гэж охиных нь фэйсбүүк хаяг руу зургаа явуулсан...” гэх мэдүүлэг /хх38/,

5. Гэрч Б.О-“...хашааны эзэн болох ах, нэг ахтай зууралдаад байсан. Тэгтэл тэр хашааны эзэн ахын хүү нь гарч ирээд тэр хоёрыг салгаад нөгөө зуураад байсан хүнийг нь аваад гарсан. Тэгээд би гэрлүүгээ орчихоод хэсэг байж байгаад юу болсон юм бол гэж бодоод гартал хашааны гадна дэлгүүрийн хажууд нөгөө хашааны эзэн ахтай зууралдаад байсан ах хашааны буланд суучихсан “хөл эвгүй болчихлоо” гэж хэлж байсан. ...Р- мушгиад унагачихсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх40/

6. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 416 дугаартай шинжээч эмчийн “...С.З-ын биед баруун шагайн гадна хавчаар ясны хугарал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хх42-43/,

7. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тус тус мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь хавсарч унагах болон дагуулж мушгин унагах үед аль алинд үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /хх46/

8. Шүүгдэгч П.Р- ийн яллагдагчаар өгсөн “... 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, орой 19 цагийн үед би гэртээ унтаж байтал, манай дэлгүүрт ажилладаг эмэгтэй орж ирээд “аавыг чинь зодоод байна” гэж надад хэлсэн. Би дөнгөж нойрноос сэрээд “юу? Ямар хүн юм” гэхэд, “чи гялс гараад ир” гэхээр нь би гэрээсээ гадуур хувцсаа өмсөлгүй шууд гартал хашаан дотор А- гэгчийн аав нь гэх З- манай аав П-ийг газар унагаачихсан дээрээс нь заамдаад байж байсан. Тэгэхээр нь би очоод хоёуланг нь татаж босгоод З- ахад “та нар одоо бүр давраад хашаанд ирээд хэрүүл хийдэг боллоо” гэж хэлээд түлхээд хашааны хаалганаас гаргаад, хаалга түгжсэн. ...би гадуур хувцсаа өмсөөд, дэлгүүрийн хаалгаар тойроод гарахад, З- ах орилоод зогсож байхаар нь би куртикных нь энгэрээс нь бариад чирээд явсан ба замдаа маргалдаж явсан. Чирээд явж байхад З- ах араас цохих гээд байхаар нь би тэр үед зүүн гараараа куртикных нь захнаас барьж явсан болохоор намайг цохих гэхэд нь бултаад, дагуулаад татсан. Тэгтэл З- ах унаад “хөл эвгүй болчихлоо” гэсэн...”гэх мэдүүлэг /хх56/,

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Р-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч П.Р-нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .................. тоот хашаанаас хохирогч С.З-ыг “эцэг Д.П-маргалдаж, зууралдлаа” гэх шалтгаанаар чирж, хашаанаас гаргасан.

Улмаар хэрүүл маргаан үүсгэлээ гэж дахин чирж, дэлгүүрээсээ холдуулан хавсарч унагасан болох нь хохирогчийн “...Р- гарч ирээд миний араас зуураад чирэхээр нь би “Би аавтай чинь ярьж байна” гэсэн чинь “ална шүү” гээд чирж, хашаанаас гаргахаар нь би дэлгүүрийнх нь хаалгаар орох гэтэл Р- дахиж намайг чирж, холдуулж байгаад хавсарч унагачихаад, дэлгүүр лүүгээ орчихсон. Би босоод явах гэтэл хөл эвгүй болчихсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.О-“...хашааны эзэн болох ах, нэг ахтай зууралдаад байсан. Тэгтэл тэр хашааны эзэн ахын хүү нь гарч ирээд тэр хоёрыг салгаад нөгөө зуураад байсан хүнийг нь аваад гарсан. Тэгээд би гэрлүүгээ орчихоод хэсэг байж байгаад юу болсон юм бол гэж бодоод гартал хашааны гадна дэлгүүрийн хажууд нөгөө хашааны эзэн ахтай зууралдаад байсан ах хашааны буланд суучихсан “хөл эвгүй болчихлоо” гэж хэлж байсан. ...Р- мушгиад унагачихсан гэж байсан...” гэх мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Р- үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй буюу хохирогчийг хүчээр мушгин, хавсарч унагаасан гэж үзнэ. Энэхүү унагаасан үйлдлийн шууд шалтгаант холбоогоор хохирогч хөлдөө гэмтэл авсан байх тул хохирол, хор уршигийг зориуд буй болгосон гэж үзэх үндэслэлтэй.  

Хохирогч С.З-ын биед “...баруун шагайн гадна хавчаар ясны хугарал, баруун өвдөгт зулгаралт...” бүхий хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 416 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Р-  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Хохирогч нь эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжлээгүй бөгөөд эмчилгээнд 320.000 төгрөг, ажилгүй байсан хугацаанд 480.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Шүүгдэгч П.Р-нь хохирогч С.З-ын эмчилгээнд нь 800.000 төгрөг хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь шүүх хуралдаанд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч П.Р-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1400 нэгж буюу 1.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2  дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч П.Р-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П. Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Р-1.000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч С.З- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР