| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01562/и |
| Дугаар | 142/ШШ2017/00056 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2017/00056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 13а-17 тоотод оршин суух, Шаавай овгийн Жийдээгийн Сарнай /ОЭ78051768/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд холбогдох
“2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Орхон аймгийн БОЭТ-ийн захиралын Б/450 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, эрүү нүүрний мэс заслын их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сарнай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Сарнай миний бие 2002 оноос хойш Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 14 жил ажилласан. Үүнээс 2010 оноос Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төв /цаашид БОЭТ гэх/-д ажиллаж байна. 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Орхон аймгийн БОЭТ-н захирлын Б/133 тоот тушаалаар Тусламж үйлчилгээний төрөлжсөн тасагт Шүдний эмч албан тушаалаар ажилд орсон. Улмаар 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 тоот тушаалаар цусны салбар банкны эмч, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/376 тоот тушаалаар Захиргаа, аж ахуйн тасагт чанарын хяналтын менежер, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/73 тоот тушаалаар Амбулаторийн тасгийн эрүү нүүрний мэс заслын их эмчээр томилогдсон. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Харин 2012 онд Орхон аймгийн Засаг даргын жуух бичиг, мөнгөн шагналаар шагнагдаж байсан. Гэнэт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/450 тоот тушаалаар Амбулаторийн тасгийн эрүү нүүрний мэс заслын их эмчийн үүрэгт ажлаас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн шийдвэр гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/450 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэлгүй хууль зөрчин гаргасан гэж үзэж байна. Уг тушаалын үндэслэл хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” заалтыг үндэслэсэн байна. Иймд 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/133 тоот тушаалаар Тусламж үйлчилгээний төрөлжсөн тасагт Шүдний эмч албан тушаалд орсон. Тусламж үйлчилгээний төрөлжсөн тасаг бүтцийн өөрчлөлт хийж орон тоо цөөрүүлсэн учир Хөдөлмөрийн тухай хууль 36 дугаар зүйл 36.2 "Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.” Гэсэн заалтын дагуу 2011 оны Б/50 тоот тушаалаар цусны салбар банкны эмч, 2014 оны Б/376 тоот тушаалаар Захиргаа, аж ахуйн тасагт чанарын хяналтын менежер, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/73 тоот тушаалаар Амбулаторийн тасгийн эрүү нүүрний мэс заслын их эмчээр тус томилогдсон байгаа тул Ж.Сарнай нь хэн нэгний оронд эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр томилогдоогүй. 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 тоот тушаалаар Намнандоржийн Орхоныг амбулаторит эрүү нүүрний их эмчээр томилсон. Улмаар 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/72 тоот тушаалаар Намнандоржийн Орхоныг амбулаторийн тасгийн шүдний кабинетын их эмчийн албан тушаалаас чөлөөлсөн. 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/73 тоот тушаалаар Ж.Сарнайг амбулаторийн тасгийн эрүү нүүрний мэс заслын их эмчээр томилогдсон. Н.Орхон эмч өөрийн хүсэлтээр ажпаас чөлөөлөгдсөн тул Н.Орхон эмчийн сул орон тоон дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь заалтын дагуу Ж.Сарнайг амбулаторийн тасгийн эрүү нүүрний мэс заслын их эмчээр томилсон. Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 842 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 08-р сарын 19-ний 136 дугаартай магадлалаар ажилд эргүүлэн томилогдож байгаа М.Алтанхуяг нь ажил олгогчтой 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Ажпын байрны буюу албан тушаалын нэр: Хүүхдийн шүдний эмч, ажлын байрны тодорхойлолтын Нэгжийн нэр: Хүүхдийн шүдний кабинет Ажлын байрны нэр: Нүүр амны их эмч гэж тус тус заасан. Энэ нь Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 842 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 08 дугаар сарын 19-ний 136 дугаартай магадлалаар батлагдаж байна. Шүүхийн шийдвэрээр М.Аптанхуягийг Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн хүүхдийн шүдний эмчийн ажилд эргүүлэн тогтоохыг даалгасан. Ж.Сарнай ажил олгогчтой 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1, 2-д Ажлын байр буюу албан тушаалын нэр: Поликлиникийн тасаг нүүр амны мэс заслын их эмч, ажлын байрны тодорхойлолтын Нэгжийн нэр: Амбулатори, Шүдний кабинет Ажлын байрны нэр: Эрүү нүүрний мэс заслын их эмч гэж заасан байна. Иймд Ж.Сарнай, М.Алтанхуяг нар нь өөр өөр албан тушаалаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажпын байрны тодорхойлолт байгуулсан тул дээрх үндэслэлүүдээр Ж.Сарнай нь ажилд эргүүлэн томилогдсон М.Алтанхуяг гэгчийн оронд эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтан биш гэж үзэж байна. Мөн Ж.Сарнайг ажлаас чөлөөсөн тухай тушаалд “Ж.Сарнайгийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн”, “Тав.Ж.Сарнайд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар өөр ажлаар хангахад тус ажлыг хийхгүй талаараа бичгээр мэдэгдсэнийг дурьдсугай” гэж тус тус заасан нь илт гүтгэн хүсээгүй хүсэлт, байхгүй бичгийг байгаа мэтээр Ж.Сарнайгийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараан хамт олон болон бусад иргэдэд буруу ойлголт төрүүлсэн нь Монгол улсын Үндсэн хуулинд зааснаар Монгол улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, нэр төрийг нь доромжилж болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна, Ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан БОЭТ-н Захирал Ч.Цэрэндавга, хуулийн зөвлөх М.Ганзориг нарт маш их гомдолтой байгаа. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/450 тоот ажлаас чөлөөлсөн тушаалд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 08-р сарын 19-ний өдрийн 132 дугаартай магадлалыг үндэслэсэн байна. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаартай магадлал нь БОЭТ-тэй огт хамааралгүй болохыг мэдэгдэж байна. Иймд БОЭТ-н Захирлын тушаал нь захиргааны эрх зүйн акт болохын хувьд илт гүтгэсэн, худал үндэслэлтэй, хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус тушаал гэж үзэж байна. Миний бие хөдөлмөрийн гэрээгээр хууль ёсны дагуу хөдөлмөр эрхэлж байгаа тул 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/450 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, хуучин албан тушаалдаа эргүүлэн тогтоолгон, ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох хүртэлх цалингаа гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймээс ажилтан миний Монгол улсын үндсэн хууль, хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрхийг хамгаалан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Сарнай нь Орхон аймаг дахь бүсийн оношлогоо, эмчилгээний төвд холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухаа” нэхэмжлэл гаргасантай танилцлаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Орхон аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төв нь 2016 оны 01 сарын 20-ны өдөр 2016 онд ажиллах орон тоог захирлын тушаалаар баталсан бөгөөд Поликлиникийн тасагт нийт 50 ажилчинтай байхаар тушаалд заасан байдаг. Энэхүү орон тоо баталсан тушаалд шүдний 3 эмч ажиллахаар тусгасан бөгөөд хүүхдийн шүдний эмч 1, шүдний их эмч 1, шүдний эмч 1 ажиллахаар тус тус тусгагдсан. Хүүхдийн шүдний эмчээр Алтанхуяг, шүдний их эмчээр О.Ариунболор, шүдний их эмчээр С.Будмаа нар ажиллаж байгаа ба хүүхдийн шүдний эмч Алтанхуягийн ажиллаж буй ажлын байранд, албан тушаалд Ж.Сарнай нь ажиллаж байсан. Нэхэмжлэлд бичсэнээр Ж.Сарнай нь Эрүү нүүрний мэс заслын их эмчээр ажиллаж байсан гэсэн байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь эрүү нүүрний мэс заслын эмч /нүүр ам судлалын эмч/ гэдэг нь ажпын байр, албан тушаалын ерөнхий нэр бөгөөд эрүү нүүрний мэс заслын эмч нь дотроо хүүхдийн шүдний эмч, шүдний эмч хэмээн ангилагддаг юм. Ж.Сарнайгийн хувьд Хүүхдийн шүдний эмчээр 2015 онд томилогдон хүүхдийн шүдний эмчээр ажиллаж байсан Алтанхуягийн оронд ажиллаж байсан бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 142/ШШ2016/00842 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 132 дугаартай магадлалаар М.Алтанхуягийг Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн шүдний эмчийн ажилд эргүүлэн тогтоосон юм. Иймээс М.Алтанхуягийн оронд ажиллаж байсан Ж.Сарнайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсэгт зааснаар бололцооны дагуу цусны салбар банкны эмчийн ажил санал болгосон боловч үүнийг хүлээн зөвшөөрөлгүй хүүхдийн шүдний эмчээ хийнэ эсвэл хал гэсэн тайлбарыг гаргасан ба энэхүү тайлбараа бичгээр өгөхийг хүсэхэд бичгээр тайлбар өгөхгүй тухайгаа хэлсэн тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл, 37.1.5 дахь хэсэгт зааснаар ажпаас нь чөлөөлсөн болно. Ж.Сарнайд өөр ажпын байр санал болгоход тэр ажлыг хийхгүй “халагдах хүсэлтэй” байгаа тухайгаа хэлж буй бичлэгийг шүүхэд гаргаж өгөх болно. Нэхэмжлэгч Ж.Сарнай нь нэхэмжлэлдээ эрүү нүүрний мэс заслын эмчээр ажиллаж байсан гэсэн байна. 2016 оны орон тоо батлах тухай Б/23 дугаартай тушаалаар 2016 онд БОЭТ ажиллах орон тоог 1 дүгээр хавсралтаар, 2 дугаар хавсралтаар зэргийн нэмэгдэл олгох эмч ажиллагчдын нэрсийг тус тус баталсан бөгөөд 1 дүгээр хавсралтад эрүү нүүрний мэс заслын их эмч гэсэн орон тоо байхгүй юм. 2 дугаар хавсралтад заасан зэргийн нэмэгдэл олгох эмч ажиллагсадын нэр дотор Полкилиникийн тасгийн эмч нарын нэрсийн №21-д Шүдний эмч Ж.Сарнайгийн нэр байдаг, гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүүхдийн шүдний эмчээр М.Алтанхуягийн оронд ажиллаж байгаагүй мэт худал бичсэн байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөө талаас Ж.Сарнайгийн нэхэмжпэлд ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгуулна гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь ажлаас чөлөөлөх тухай тушаал нь ажил олгогчийн зүгээс санаачлан түүнийг ажлаас халсан бус Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсоныг баталгаажуулсан тушаал юм. Ж.Сарнайг ажлаас чөлөөлсөн БОЭТ-ийн захирлын 2016 оны 10 сарын 21-ний өдрийн Б/450 дугаартай тушаал нь Ж.Сарнайг ажлаас чөлөөлсөн тухай тушаал болохоос биш түүний нэр хүндэд халдсан түүнийг гутаасан шинж байхгүй. Мөн энэхүү тушаал нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хүрээнд байгууллагын удирдлагаас гарч байгаа, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн бус Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчийг ажпаас чөлөөлөх тухай тушаал тул захиргааны акт биш юм. Нэхэмжлэгч нэхэмжпэлээ үндэслэлтэй үнэн зөв, бодит үнэнд нийцүүлэн гаргах шаардлагатай байна. Ж.Сарнай нь хүүхдийн шүдний эмчээр ажиллаж байсан болохыг нотлох хангалтай баримтууд, бодит үнэнийг мэдэх гэрч нар байгаа тул хариу тайлбарын үндэслэлээ нотлох болно. Иймээс Орхон аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирлын 2016 оны 10 сарын 21-ны өдрийн Б/450 дугаартай Ж.Сарнайг ажлаас чөлөөлөх тухай тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сарнай нь Бүсийн оношологоо эмчилгээний төвд холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Б/450 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.
Ж.Сарнайг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захиралын Б/450 дугаартай тушаалаар, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2016/00842 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 132 дугаартай магадлал, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт, тус төвийн захиралын Б/437 дугаартай тушаал, Ж.Сарнайгийн өөрийнх нь хүсэлтийг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлсөн гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Сарнайг 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Орхон аймгийн БОЭТ-н захирлын Б/133 тоот тушаалаар /хэргийн 6 хуудас/ Тусламж үйлчилгээний төрөлжсөн тасагт Шүдний эмчээр ажилд авч, 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 тоот тушаалаар цусны салбар банкны эмч, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/376 тоот тушаалаар Захиргаа, аж ахуйн тасагт чанарын хяналтын менежер, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/73 тоот тушаалаар Амбулаторийн тасгийн эрүү нүүрний мэс заслын их эмчээр тус тус томилон ажиллуулж байсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Орхон аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төв нь 2016 онд ажиллах орон тоо захирлын тушаалын дагуу Поликлиникийн тасагт нийт 50 ажилчинтай байхаар заасан. Энэ тушаалд шүдний 3 эмч байхаас хүүхдийн шүдний эмч 1, шүдний их эмч 1, шүдний эмч 1 ажиллахаар тус тус заасан. Хүүхдийн шүдний эмчээр Алтанхуяг, шүдний их эмчээр О.Ариунболор, шүдний их эмчээр С.Будмаа нар ажиллаж байгаа ба хүүхдийн шүдний эмч Алтанхуягийн ажиллаж буй ажлын байр, албан тушаалд Ж.Сарнай нь ажиллаж байсан. Нэхэмжлэлд бичсэнээр Ж.Сарнай нь Эрүү нүүрний мэс заслын их эмчээр ажиллаж байсан гэсэн байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь эрүү нүүрний мэс заслын эмч /нүүр ам судлалын эмч/ гэдэг нь ажпын байр, албан тушаалын ерөнхий нэр бөгөөд эрүү нүүрний мэс заслын эмч нь дотроо хүүхдийн шүдний эмч, шүдний эмч хэмээн ангилагддаг юм. Ж.Сарнайгийн хувьд Хүүхдийн шүдний эмчээр 2015 онд томилогдон хүүхдийн шүдний эмчээр ажиллаж байсан Алтанхуягийн оронд ажиллаж байсан... гэж татгалзжээ.
Ж.Сарнайг шүдний эмчийн ажил албан тушаалд томилохдоо 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б/72 дугаар тушаалаар Н.Орхоныг ажлаас нь чөлөөлөөд, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б/73 тоот тушаалаар БОЭТ-ийн амбулаторийн эрүү нүүрний мэс заслын их эмчийн ажилд томилсон болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дээрх тушаалуудаар нотлогдож байна.
Түүнчлэн Ж.Сарнайг шүдний эмчийн ажилд томилохдоо хүүхдийн шүдний эмчийн орон тоонд томилсон гэж үзэх боломжгүй байна. Учир нь түүнийг ажилд томилсон тушаал болон ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд хүүхдийн шүдний эмч гэж тодотгосон зүйл үгүй, мөн хүүхдийн шүдний эмч Алтанхуягийн оронд хүүхдийн шүдний эмчээр ажиллаж байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хариуцагч талаас ирүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/23 дугаартай 2016 онд ажиллах орон тоо батлах тухай БОЭТ-ийн захиралын тушаалын хавсралт 1-ийн Поликлиник хэсгийн 16, 17-д бичигдсэн шүдний их эмч /ЭНМЗасал/, шүдний эмч /хүүхдийн/ гэсэн нь, нэхэмжлэгчийн БОЭТ-ийн архиваас гаргуулж авсан дээрх тушаалын хавсралт 1-ийн 16, 17-д бичигдсэнтэй зөрүүтэй. Өөрөөр хэлбэл дээрх тушаалын хавсралт 1-ийн 16, 17-д бичигдсэн шүдний их эмч, шүдний эмч гэсний ард ЭНМЗасал, хүүхдийн гэсэн тодотгол нэмсэн нь нотлох баримтыг засварласан гэж үзэхээр байх ба, уг тушаал нь хариуцагчийн татгалзлын үндэслэл болохгүй байна. Гэсэн хэдий ч 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/23 дугаартай орон тоо баталсан БОЭТ-ийн захиаралын тушаал нь, Ж.Сарнайг ажлаас чөлөөлсөн Б/450 дугаартай тушаалын үнэслэл болоогүйг дурьдах нь зүйтэй.
Ж.Сарнайг шүдний их эмчийн ажилд томилохдоо, ажлаасаа чөлөөлөгдсөн эмч Алтанхуягийн оронд томилсон гэдэг нь нотлогдоогүй, энэ үндэслэлээр Ж.Сарнайг Орхон аймгийн БОЭТ-ийн Эрүү нүүрний мэс заслын их эмчийн ажлаас чөлөөлсөн БОЭТ-ийн захиралын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/450 дугаартай тушаал үндэслэлгүй байна.
Иймд Ж.Сарнайг Орхон аймгийн БОЭТ-ийн Эрүү нүүрний мэс заслын их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 1 706 755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Ж.Сарнайгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн талаар нөхөн бичилт хийж, зохих байгууллагад шилжүүлэхийг БОЭТ-д даалгаж шийдвэрлэлээ. /Нэхэмжлэгчийн цалинг хөдөлмөрийн гэрээнд зааснаар бодсон бөгөөд нэг өдрийн цалин 29 943 төгрөгийг ажилгүй байсан хугацаа буюу ажлын 57 хоногоор тооцож бодов/
Харин нэхэмжлэгчийн гаргасан Б/450 дугаартай БОЭТ-ийн захиралын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулна гэснийг нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгож хүчингүй болгох шаардлагагүй, нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэл буй байдал гэж ойлгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс улсын тэмдэгтийн хураамжаар 42 248 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ж.Сарнайг, Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Эрүү нүүрний мэс заслын их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, БОЭТ-өөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 1 706 755 төгрөгийг гаргуулан Ж.Сарнайд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Ж.Сарнайгийн цалинтай тэнцэх олговор 1 706 755 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Орхон аймгийн БОЭТ-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс 42 248 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА