Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/41

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т холбогдох эрүүгийн 1904002540020 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                             З.Ганцоож

 Улсын яллагч                                              Б.Буяндэлгэр

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Л.Г

 Шинжээч эмч                                           Ө.Ш

 Шүүгдэгч                                                  Б.Т нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 31 дүгээр байрны 41 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Э овгийн Б Т /РД: /

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Т нь 2019 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 31 дүгээр байрны 41 тоотод орших өөрийн гэртээ хохирогч Р.Н хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг сууж байсан сандлаас нь зүүн тийш түлхэн унагахад хохирогч Р.Н зүүн талын 6, 7, 8, 9 дүгээр хавирга нь хугарч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Н нь манай ахын найз. 2019 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай гэрт Н ах бид хоёр нэрмэл архи халааж уусан. Би бие засчихаад гал тогооны өрөөнд орж ирэхэд Н ах нус цэрээ хаяснаас болж муудалцсан. Би Н ахын баруун мөрнөөс нь түлхтэл зүүн талаараа сандал дээрээс унасан. Тухайн үед Н ахыг гэмтсэн гэж мэдээгүй, манай эхнэр Н ахыг шатаар буулгаж өгсөн. Би хохирол төлбөрт 650.000 төгрөг өгч эвлэрсэн, гэм буруугийн талаар маргаан байхгүй..” гэх мэдүүлэг,

Хохирогч Р.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ингээд шөнө 00 цагийн үед Т бид хоёр Л гэрээс гарсан. Харин Т гэрт орсноо санахгүй байна. Т саванд нэрмэл архи халааж байхдаа надтай маргалдсан. Т намайг түшлэгтэй сандал дээрээс түлхэж унагаад, нүдний шил маань газар унахад авч өгч байсныг санаж байна. Нэг санахад гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын үүдний хэсэгт сууж байгаад босох гэтэл цээж хөндүүрлээд байхаар нь хөлний ороолтоо тайлаад цээжээ ороогоод архи гараад гайгүй байсан болохоор эмнэлгээс гарч таксигаар гэртээ хүргүүлсэн. Би эхнэр хүүхэддээ “Т намайг дахиад зодчихлоо” гэж хэлсэн. Би нийт 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа, үүнээс 650.000 төгрөгийг авсан, үлдэгдэл 850.000 төгрөгийг 2020 оны 5 сарын 1-ний дотор төлж барагдуулахаар гэрээ хийсэн цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42, 45/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Н мэдүүлсэн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн үед ажилдаа явахаар охин Н хамт хашаанаас гарахад гэрийн үүдэнд такси ирээд зогстол манай нөхөр сууж ирсэн бөгөөд тэрээр “миний бие өвдөөд байна, Т намайг дахиад  зодчихлоо” гэж хэлээд цээж хэсгээ заагаад “нэлэнхүйдээ хөндүүрлээд байна өвчин намдаагч байна уу” гээд хөлнийхөө ороолтоор гэдсээ тойруулаад ороосон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55, 71/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.А мэдүүлсэн: “...Тухайн үед аав цээжнийхээ зүүн талаар заагаад “энэ тал мэдээгүй болчихож, аавыг нь Т зодчихлоо аав нь үхвэл Т  холбоотой шүү” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Л мэдүүлсэн: “...Би Т луу залгаад Н машинд суулгаж өгсөн үү гэж асуухад “Н ах бид хоёр манайд байна” гэж хэлсэн. Н манайхаас гараад зүгээр алхаад явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/

Мөрдөн байцаалтад гэрч З.Э мэдүүлсэн: “...1 цаг өнгөрч байхад Галуут-10-аас “31 дүгээр байрны үүдэнд биеэ авч явах чадваргүй, согтуу хүн байна” гэсний дагуу би энгэрийн камераа асаагаад 31 дүгээр байрны 1 дүгээр орцны Мини макс талаасаа 1 дэх цонхны харалдаа явган хүний зам дээр сууж байсан эрэгтэй хүн дээр очиход 40-50 орчим насны эрэгтэй хүн, нилээн архи үнэртүүлсэн байдалтай, баруун хөлөө нугалаад зүүн хөл дээрээ суучихсан, ажлын куртикээ тайлаад бэлхүүсээрээ уячихсан, ямар ч үг дуугарах тэнхэлгүй, матийгаад сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/

Мөрдөн байцаалтад гэрч О.Х мэдүүлсэн: “...31 дүгээр байрны урд осголтын байдалтай согтуу хүн байна гэсэн дуудлагаар очсон. Шууд 103-ны машинаар тухайн иргэнийг тээвэрлэж хүлээн авах тасагт ирсэн. Хүнд зодуулсан байж болохоор хүн байна гээд Ч сувилагчийн хяналтад үлдээгээд гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Б мэдүүлсэн: “...Би 2 цаг 20 минутын үед 50 орчим насны эрэгтэй хүний биед үзлэг хийхэд зовиураа хэлэхгүй, маш их согтолттой, баруун нүд нь хуучин сорвижилттой, зүүн нүдэндээ бага зэргийн өнгөц хөхрөлттэй байсан. ...Архийг нь гартал өөрийг нь анализ болон зовиураа хэлэх чадвартай болтол ажиглах өрөөнд унтуулж эрүүлжүүлэхээр шийдвэрлэж архи гарсны дараа ахин үзлэг хийж рентгенд харахаар төлөвлөсөн. Тухайн үед биеийн гадна үзлэг хийсэн боловч хавирга хугарсан эсэхийг биеийн гадна хэсгийг харж оношлох боломжгүй байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Ч мэдүүлсэн: “...40-50 гаруй насны биеэр намхавтар, туранхай, жижиг биетэй, шал согтуу, шүлс нь гоожсон эрэгтэй хүнийг суганаас нь дэмжээд хүлээн авах руу гүйцэт оруулалгүй нөгөө хүн нь ханараад гуйваад үүдний сандал дээр хэвтчихсэн. Ингээд барагцаагаар 6 цаг 30 минутын үед эм тариагаа тоолж хүлээлцэхээр бэлдэж байх хооронд зөвшөөрөлгүй гараад явчихсан байсан. Эмнэлэгт шөнө 2 цагт ирснээс хойш өглөө болтол хүлээн авах тасгаас 1 ч удаа гарч яваагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/

Мөрдөн байцаалтад гэрч Р.Б мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэс заслын тасгийн эрчимт эмчилгээний тасагт Р.Н нь биеийн байдал хүндэвтэр, цээжний зүүн талын 6-9 дүгээр хавирга хугарч, уушиг хатгасан, цээжний хөндийд бага зэрэг хий хурсан байсныг цээжний зүүн талд гуурс тавьж соруулж авсан. Цээжний хөндийн хий, шингэн нэмж үүсээгүй учраас цээж нээж хагалгаа хийх шаардлагагүйгээр цээж цоолж гуурс тавьж эмчилсэн. Эмчлүүлэгч Р.Н 2019 оны 12 дугаар сарын 20-ны өглөө хүнд зодуулсан талаар ярьж байсан. Р.Н биед учирсан гэмтэл нь гүн согтолтын үед зовиур мэдрэгдэхгүй байх боломжтой. Уг гэмтэлтэй хүн эрүүл, согтуу аль ч үед мөлхөж чадна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №09шэ/011 дугаартай дүгнэлтэд: “Р.Н биед зүүн талын 6, 7, 8, 9 дүгээр хавирганы зөрсөн хугарал, цээжний хөндийд хий шингэн хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр учирсан хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зодуулсан гэх зүүн нүдэнд учирсан цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 107/,

Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Хохирогч Р.Н эрүүл мэндэд учирсан 6,7,8,9-р хавирганы зөрсөн хугарал гэмтэл нь хатуу мохоо биет зүйлээр цохих цохигдох, өшиглөх, хатуу биет, ирмэгтэй зүйл дээр нэг удаа унах ойчих үед нэгэн зэрэг үүссэн байх боломжтой ба уг хугарлаас үүдэлтэй цээжний хөндийд шингэн хий хуралдсан байх боломжтой. Уушиганд үүссэн шингэн хий хуралт нь амь насны заалттай хагалгаанд орох зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж гэмтлийн зэрэг өөрчлөгдөх боломжтой. Р.Н уушигт бага зэргийн шингэн хий хурсан байсныг цээжний хөндийд гуурс тавьж эмчилгээ хийгдсэн ба үзлэг хийхэд хагалгаанд ороогүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113/

Яаралтай тусламжийн хуудсаар “...Р.Н 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 цаг 20 минутад согтуу зовиур хэлэх чадваргүй, зүүн нүд хөхөрсөн...” гэжээ. /хх-ийн 103-104/

Хэргийн газарт үзлэг хийсэн “2019 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 01 цагийн үед иргэн Р.Н нь бусдад зодуулсан гэх хэрэгт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 31 дүгээр байрны, 3 дугаар орцны 5 давхарт зүүн гар тийш эргээд 41 тоот хаалгыг тогшиход хаалгыг Түмэнбаяр тайлж, уг тоотод үзлэгийг явуулав. Үзлэг хийхэд хохирогч Р.Н оролцуулав. Т түшлэгтэй сандал байдаг эсэхийг асуухад ногоон өнгийн төмөр түшлэгтэй сандал 2 ширхэг байдаг гэснийг Н харуулахад “миний сууж байсан сандал байна би тухайн үед Т маргалдахад намайг энэ сандалтай түлхсэн” гэж хэлж байв. Р.Н түшлэгтэй ногоон сандал дээр би суусан гэсний дагуу “1” гэсэн дугаараар тэмдэглэж, уг сандал дээрээс зүүн тийш намайг түлхэж унагасан гэснийг “2” гэсэн дугаараар, Т сууж байсан гэх сандлыг “3” гэсэн дугаараар тус тус тэмдэглэв” гэсэн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд. /хх-н 5-6, 10-11, 155/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр “...31 дүгээр байрны 3 дугаар орцноос бараан куртиктэй эмэгтэй хүн цацруулагчтай хувцастай эрэгтэй хүний суганаас түшин гарч ирээд эрэгтэй нь гэрлийн шонгийн араар харагдахаа байхад бараан куртиктэй эмэгтэй дээш нь татаж босгоод сугадаж түшээд 31 дүгээр байрны баруун үзүүр буюу 1 дүгээр орц тал руу зам хөндлөн гуйвж дайваад эрэгтэй нь зогсоолд байсан машин түшин зогсоход эмэгтэй нь гар утсаар ярьчихаад цацруулагчтай хувцастай эрэгтэйг чирч гулдран 31 дүгээр байрны баруун үзүүр буюу камер тусахгүй газар луу явж өнгөрөв. Ингээд 3-р орцноос бараан хувцастай эрэгтэй гарч ирж байрны баруун үзүүр лүү явж камер тусахгүй хэсэг рүү орж 4 секундын дараа бараан хувцастай эрэгтэйг бараан куртиктэй эмэгтэй сугадан 3 дугаар орцны зүгт явахад эмэгтэй нь эргэн харсаар орц луугаа орж байв...” гэжээ. /хх-ийн 32-33/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Багануур дүүргийн 3 дугаар хороо, 31 дүгээр байрны 41 тоотод оршин суугч Б.Т гэрт ахуйн хэрэгцээнд ашиглагддаг гэх ногоон өнгийн түшлэгтэй төмөр сандал тавцан хэсэг нь зөөлөвчтэй, тавцангийн диаметр 35 см, нарийн мушгиа хээтэй сараалжин түшлэгтэй, сандлын өндөр шалнаас түшлэг хүртэл 88 см, сандлын шалнаас тавцан хүртэл өндөр 40 см хэмжээтэй хагарч, цуурч, эвдэрсэн зүйлгүй сандал байв...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 152-154/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “Эрүүгийн 1904002540020 дугаартай хэрэгт Б овогтой Т ахуйн хэрэгцээнд ашиглагддаг гэх ногоон өнгийн түшлэгтэй төмөр сандал тавцан хэсэг нь зөөлөвчтэй, тавцангийн диаметр 35 см, нарийн мушгиа хээтэй сараалжин түшлэгтэй, сандлын өндөр нь шалнаас түшлэг хүртэл 88 см, сандлын шалнаас тавцан хүртэлх өндөр нь 40 см хэмжээтэй хагарч, цуурч, эвдэрсэн зүйлгүй ногоон өнгийн төмөр сандлыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх тогтоол /хх-н 151/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “Эрүүгийн 1904002540020 дугаартай хэрэгт Б овогтой Т эзэмшлийн “Note-4 Sumsung” маркийн гар утасны санах ойд 2019 оны 12 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цаг 22 минутад хадгалагдсан 29 секундын хугацаанд бичигдсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг DVD дискийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх тогтоол /хх-н 38/

Эвлэрлийн “Б.Т нь Р.Н эмчилгээний зардал 800.000 төгрөг, олох байсан орлого 600.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгөөс 650.000 төгрөгийг 2020 оны 1 сарын 20-ны өдөр бэлнээр төлсөн, үлдэгдэл 850.000 төгрөгийг 2020 оны 5 сарын 1-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэсэн гэрээ /хх-н 26/

Хохирогч Р.Н “Миний хувьд Т гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 650.000 төгрөг авсан” гэсэн хүсэлт /хх-н 170/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Э овгийн Б Т...” гэжээ.  /хх-н 130/,

Шүүгдэгч Б.Т нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 136/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Т нь согтуугаар хохирогчийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00-01 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 31 дүгээр байрны 41 тоотод орших өөрийн гэртээ хохирогч Р.Н архидан согтуурах явцдаа “гэрт нус цэрээ хаялаа” гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүнийг сууж байсан сандлаас нь зүүн тийш түлхэн унагахад хохирогч Р.Н зүүн талын 6, 7, 8, 9 дүгээр хавирга нь хугарч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би Н ахыг сандал дээр сууж байхад баруун мөрнөөс нь түлхтэл зүүн тал руугаа газар уначихсан” гэсэн мэдүүлэг,

-Мөрдөн байцаалтад хохирогч Р.Н “Б.Т намайг түшлэгтэй сандал дээр сууж байхад түлхэж унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/,

-гэрч Б.Н “Р.Н “миний бие өвдөөд байна Т намайг дахиад додчихлоо” гээд эвхрэлдээд цээж хэсгээ заасан” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55, 71/,

-гэрч Н.А “Тухайн үед аав цээжнийхээ зүүн талаар заагаад “энэ тал мэдээгүй болчихож, аавыг нь Б.Т зодчихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66/,

- гэрч Д.Л “Би Түмэнбаяр луу залгаад Н машинд суулгаж өгсөн үү гэж асуухад Н ах бид хоёр манайд байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/,

- гэрч З.Э “явган хүний зам дээр сууж байсан эрэгтэй хүн дээр очиход 40-50 орчим насны эрэгтэй хүн, нилээн архи үнэртүүлсэн байдалтай, баруун хөлөө нугалаад зүүн хөл дээрээ суучихсан, ажлын куртикээ тайлаад бэлхүүсээрээ уячихсан, урдаас ямар ч үг дуугарах тэнхэлгүй, матийгаад суугаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/,

- гэрч О.Х “31 дүгээр байрны урд осголтын байдалтай согтуу хүн байна гэсэн дуудлагаар очсон. Хүнд зодуулсан байж болохоор хүн байна шүү гээд Ч сувилагчийн хяналтад үлдээгээд гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/,

- гэрч Ч.Б “50 орчим насны эрэгтэй хүний биед үзлэг хийхэд зовиураа хэлэхгүй, маш их согтолттой байсан. Тухайн үед биеийн гадна үзлэг хийсэн боловч хавирга хугарсан эсэхийг биеийн гадна хэсгийг харж оношлох боломжгүй байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/,

- гэрч Ч.Ч “40-50 гаруй насны шал согтуу, шүлс нь гоожсон эрэгтэй хүнийг суганаас нь дэмжээд хүлээн авах руу гүйцэт оруулалгүй нөгөө хүн нь ханараад гуйваад үүдний сандал дээр хэвтчихсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/,

- гэрч Р.Б “2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэс заслын тасгийн эрчимт эмчилгээний тасагт Р.Н нь цээжний зүүн талын 6-9 дүгээр хавирга хугарч, уушиг хатгасан, цээжний хөндийд бага зэрэг хий хурсан байсныг цээжний зүүн талд гуурс тавьж соруулгын аппратаар шингэнийг соруулж авсан. Эмчлүүлэгч Р.Н 2019 оны 12 дугаар сарын 20-ны өглөө хүнд зодуулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76/,

-хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №09шэ/011 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107/,

-Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “Хохирогч Р.Н эрүүл мэндэд учирсан 6,7,8,9-р хавирганы зөрсөн хугарал гэмтэл нь хатуу мохоо биет зүйлээр цохих цохигдох, өшиглөх, хатуу биет, ирмэгтэй зүйл дээр нэг удаа унах ойчих үед нэгэн зэрэг үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн болон крХэргамерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр хэргийн бодит байдал гүйцэд тодорхойлогдсон байна. Шүүгдэгч Б.Т нь мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан ба гэмтлийн эмчийн үзлэгийг үндэслэн гэмтлийн зэргийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, шинжээч эмч нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд дүгнэлтийнхээ үндэслэлийг тайлбарласан байна.

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж шүүх дүгнэлээ.

 

Б.Т нь хохирогч Р.Н “гэрт нус цэрээ хаялаа” гэсэн хувийн сэдэлтээр сандлаас түлхэж унагаасныг санаатай үйлдэл гэж дүгнэх ба тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай, зүй бус үйлдэл болон шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь нөлөөлсөн байна.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч Б.Т үйлдэл нь иргэн Р.Н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-д халдсан байна.

 

Шүүгдэгч Б.Т нь хохирогч Р.Н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Т дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Н биед зүүн талын 6, 7, 8, 9 дүгээр хавирганы зөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгч, хохирогч нарын дунд байгуулсан эвлэрлийн гэрээнд “Б.Т нь Р.Н эмчилгээний зардал 800.000 төгрөг, олох байсан орлого 600.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгөөс 650.000 төгрөгийг 2020 оны 1 сарын 20-ны өдөр бэлнээр төлсөн, үлдэгдэл 850.000 төгрөгийг 2020 оны 5 сарын 1-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ. /хх-н 26/ Иймд шүүгдэгч Б.Т 850.000 төгрөг гаргуулж хохирогч Р.Н олгохоор шийдвэрлэв.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “торгох ялын төрөлтэй маргахгүй, хамгийн доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

Б.Т “ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2, 1.4 дэх хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын гэм хорын зардалд 650.000 төгрөг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс Б.Т нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэм буруутай этгээдэд ялыг сонгож хэрэглэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн болон тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг буюу хувиараа мал аж ахуй эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ногоон өнгийн түшлэгтэй сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э овгийн Б Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э овгийн Б Т 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Б.Т мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Т мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Т 650.000 төгрөгийг хохирогчид төлснийг мөн Б.Т гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хор уршгийн зардалд 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Р.Н олгохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг ногоон өнгийн түшлэгтэй сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Т буцаан олгох, 1 ширхэг Сидиг  /DVD диск/ хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдсугай.

8. Б.Т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА