Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 127/2017/0019/3

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           

Нэхэмжлэгч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга болон Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагч нарт холбогдох

 

            Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2005.3.22-ны өдрийн 22 тоот захирамжийн З.Хишигжаргал, 2005.11.29-ний өдрийн 75 тоот захирамжийн Г.Хишигсүрэн, Ц.Одсүрэн нар, 2007.01.04-ний өдрийн 02 тоот захирамжийн Т.Балжинням, О.Эрдэнэмөнх нар, 2008.3.11-ний өдрийн 14 тоот захирамжийн Д.Оюунбаатар, Г.Содбилэг нар, 2008.4.14-ний өдрийн 30 тоот захирамжийн Б.Батмөнх, 2008.8.28-ны өдрийн 74 тоот захирамжийн Б.Алагаа, 2008.10.22-ны өдрийн 86 тоот захирамжийн Д.Хонгорзул, Т.Балжинням нар, 2008.11.05-ний өдрийн 95 тоот захирамжийн Б.Эрдэнэтунгалаг, 2009.5.05-ны өдрийн 45 тоот захирамжийн Л.Баатар, Б.Цогжавхлан, Ц.Пүрэвцэрэн, Н.Баасандагва, Б.Аахүү нар, 2009.6.08-ны өдрийн 59 тоот захирамжийн Б.Ваанчиг, Ц.Бүргэд, Х.Лхагва, Л.Энэбиш, Л.Батбаяр нар, 2010.5.11-ний өдрийн 46 тоот захирамжийн Ө.Бямбасүрэн, 2011.2.15-ны өдрийн 16 тоот захирамжийн Н.Оюунбаатар, Д.Тунгалаг, Д.Хаянхярваа нар, 2011.11.22-ны өдрийн 109 тоот захирамжийн О.Эрдэнэбат, Д.Чинзориг, Ж.Энэбиш нар, 2013.11.27-ны өдрийн 98 тоот захирамжийн Э.Төрбат, Ц.Амаржаргал, Ж.Жигжээ, Д.Батсайхан, Ч.Энх-Амгалан нар, 2014.6.19-ны өдрийн 75 тоот захирамжийн Б.Түвшинтөгс, Н.Баттөр, Ч.Амарсайхан нарт тус тус холбогдох хэсэг болон 2014.12.31-ний өдрийн А/162, 2015.02.04-ний өдрийн А/09, 2016.09.29-ний өдрийн А/91 тоот, 2016.09.05-ны өдрийн А/83, 2016.12.22-ны өдрийн А/128 тоот захирамжууд нь Улсын тусгай хэрэгцээний газар, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүсэд өвөлжөө хаваржааны газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэрүүд тул илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрээ хэлцэл, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Э, хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга О.А, Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагч С.Б, гуравдагч этгээд Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн малчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус багийн Засаг дарга Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 185 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны газар нутгийн зарим хэсгийг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч хилийн цэсийг баталсан.

Энэхүү улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтыг 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №187 тоот Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа өөрийн чиг үүргийн хүрээнд уг тогтоолын хавсралтаар батлагдсан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журмын дагуу гүйцэтгэж байна.

Тухайлбал: Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед Монгол орны зүүн бүсийн малчин иргэд энэхүү аймаг дундын отрын бэлчээр ашиглахад бэлэн байлгах үүднээс тус байгууллага нь Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээрийг хамгаалах, ашиглах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажилладаг болно.

Түүнчлэн уг журмын 4.7-д зааснаар аймаг дундын отрын бэлчээрт өвөлжиж, хаваржих мал сүргийг нутаглуулах өвөлжөө, хаваржааны зөвшөөрлийг орон тооны бус зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа олгодог.

Гэтэл Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отрын бүст буюу улсын тусгай хэрэгцээний газарт Дэлгэрхаан сумын Засаг дарга, Хэрлэнбаян-Улааны тосгоны захирагч нар нэр бүхий иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгосон байна. Улмаар тухайн малчин өрхүүд тус байгууллагын зөвшөөрөлгүйгээр отрын бүсэд нэвтрэн өвөлжиж, хаваржиж байна.

Өөрөөр хэлбэл: Дэлгэрхаан сумын Засаг дарга, Хэрлэнбаян-Улааны тосгоны захирагч нарын улсын тусгай хэрэгцээний газар, ашиглах эрх олгосон хууль бус, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журмыг зөрчсөн шийдвэр нь тус байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хэвийн үйл ажиллагаагааг тасалдуулж байна.

Иймд Газрын тухайн хуулийн 18 дугаар зүйл, 18.1.2, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам зөрчиж нэр бүхий иргэдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон Дэлгэрхаан сумын Засаг дарга, Хэрлэнбаян-Улааны тосгоны захирагчийн хууль бус шийдвэрийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулахаар харьяаллын дагуу Хэнтий аймгийн захиргааны хэргийн шүүхэд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл, 60.1-д “...Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ...”, 60.1.4-д “...бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх...” гэсний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

            Сумын Засаг дарга нь өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа ямар нэгэн давхцал байгаа эсэхийг тодруулах ёстой.

            Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам” батлагдсан. Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын  27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ийг шинэчлэн баталсан. Уг журамд, улсын тусгай хэрэгцээний газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар өмчлүүлж, эзэмшүүлэхгүй байхаар заасан. Хэрлэнбаян-Улааны отрын бэлчээр нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаар эдгээр дүрэм, журам, Газрын тухай хууль  зөрчигдсөн.

            Отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас уг газарт уст цэг, хашаа хороо барьж байгуулах зэргээр 900-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Эдгээрийг гэрээ байгуулан малчдад ашиглуулах ёстой байхад малчид хувьдаа ашиглаж байна. Малчдын өвөлжөө, хаваржааны газрын гэрчилгээг хүчингүй болгосноор нутгаас нь хөөж явуулах гээгүй, өөр онцлог байдлаар зохицуулагдана.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

            Хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга О.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас отрын бүс нутагт олгогдсон өвөлжөөг хүчингүй болгуулах албан тоотыг хүлээн авсан. Албан тоотын дагуу Аварга, Долоод, Хэрлэнбаян-Улаан багийн иргэдийн нийтийн хурлуудад оролцож отрын бүс нутагт шинээр өвөлжөө эзэмшүүлэхгүй талаарх мэдээллийг иргэдэд өгсөн. Мөн эзэмших гэрчилгээ авсан иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр бус гэдгийг мэдэгдэж ажиллаж байна” гэжээ.

            Хариуцагч О.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай сумын газар нутгийн ихэнх хувийг Аймаг дундын отрын бэлчээр эзэлдэг. Нутаг дээрээ амьдарч байгаа малчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай юм. Миний бие тус сумын Засаг даргаар 2016 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллаж байна. Малчдад өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх шийдвэрүүдийг өмнөх Засаг дарга нар гаргасан. Цаашид ийм шийдвэрүүд гарахгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2017 оны 01 дүгээр сараас эхлэн мал бүхий иргэдийг тус суманд шилжүүлэн авахыг хориглосон” гэв.

            Хариуцагч Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагч С.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг сумын Засаг дарга гаргадаг тул багийн Засаг даргад энэхүү эрх хамаарахгүй болно.

Газрын тухай хуулийн 18 дүгээр зүйлийн 18.1.2-ыг Дэлгэрхаан сумын Засаг дарга болон Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагч нар нь огт зөрчөөгүй болно.

Энд Засгийн газрын бүрэн эрхийг заасан, мөн 2007 оны 187 дугаар тогтоолын 4 болон 7 дахь заалтыг ч мөн зөрчөөгүй харин ч уг журмын заалтыг баримтлан өвөлжиж хаваржуулах зөвшөөрөл албан ёсоор Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас хүсч өвөлжүүлж хаваржуулж байсан.

Улмаар нутгийн иргэд малчдын санал багийн иргэдийн нийтийн хурал, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдэж аймаг сумын тухайн жил жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дараа сумын Засаг дарга шийдвэр гаргаж өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх эрх олгож байсан. Өвөлжиж хаваржих боломжгүй хашаа хороо бууцгүй тал хээрийн буюу Хэрлэн голын сав газраар л манай тосгоны малчид хаваржиж, зусаж, намаржиж байгаа тул Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны ашиг сонирхолд нийцэхгүйгээр хөндөж байсан тохиолдол байхгүй болно.

1988 оноос хүн амын бүртгэлийг төгөлдөржүүлэх үүднээс хүн бүрт регистрийн дугаар олгосон бөгөөд тус тосгоны регистрийн дугаарын сери “СЧ” үсэг болно.

Иймд сумын Засаг даргын захирамжаар өвөлжөө хаваржаа эзэмшиж байгаа малчдаас “СЧ” серийн регистрийн дугаартай иргэд нь тус тосгоны уугуул иргэд бөгөөд өмнө нь /1998 оноос өмнө/ өвөлжөө хаваржаа эзэмшиж байсан иргэд болно.

Газар эзэмших гэрчилгээ нь 3-4 удаа шинэчлэгдэж солигдсоны улмаас манай тосгоны уугуул иргэдийн гэрчилгээ мөн шинэчлэгдэж захирамжууд сүүлд гарсан болно.

Мөн тэдний үр хүүхдүүд эцэг, эхээс өвлөн авсан малаа маллаж эцэг, эхийн өвөлжиж, хаваржиж байсан өвөлжөөг үргэлжлүүлэн эзэмшиж байгаа болно” гэжээ.

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д өвөлжөө хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасан байдаг учир нутгийн иргэд өвөлжөө хаваржаа эзэмших эрхтэй.

Сумын Засаг дарга нь Газрын харилцааны талаар “Газрын тухай хууль”-ийн 21.4.3-д заасны дагуу /Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулахаас бусад газар/ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлж өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр захирамж гаргах эрхтэй.

Газрын нэгдмэл сангийн ангилалд /Газрын тухай хуулийн 10 дугаар зүйл/ Тусгай хэрэгцээний газар гэж заасан бөгөөд 16.1 дугаар зүйлд тусгай хэрэгцээний газарт хамаарах 14 газрыг заасан байдаг. Үүний 16.1.6-д Аймаг дундын отрын бэлчээр гэж заасан байдаг ч тусгай хэрэгцээний газарт өвөлжөө хаваржааны газар эзэмшүүлэхийг хориглосон заалт байхгүй байгаа болно.

Газрын тухай хуулийн 18  дугаар зүйл /Засгийн газрын бүрэн эрх 18.1.2-т 16.1.6 зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх/ гэж заасны дагуу Засгийн газрын 2007 ны 187 тоот тогтоолоор баталсан Аймаг Дундын Отрын Бэлчээр Ашиглалтын нийтлэг журамд мөн өвөлжөө хаваржааны газрыг эзэмшихийг хориглосон заалт байхгүй болно.

Иймд сумын Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд /Монгол улсын Үндсэн хуулийн 63.1/ орон нутгийнхаа малчин иргэдэд /Монгол улсын Үндсэн хуулийн 16.18/ хууль тогтоомжид нийцсэн захирамж гаргаж өвөлжөө хаваржаа эзэмшүүлсэн болно.

Сумын Засаг даргын ч, нутгийн иргэдийн ч баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг /Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл/ хязгаарлахыг хүссэн Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг үл зөвшөөрч байна” гэв.

 

            Гуравдагч этгээд, Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн зарим малчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай багаас гуравдагч этгээдээр татагдсан 26 малчны 25 нь нутгийн уугуул иргэд. Манай багийн эдгээр малчдын өвөлжөө нь Хэрлэнбаян-Улааны отрын бэлчээрийн бүсэд байгаа тул тэнд зөвхөн өвөлждөг, бусад улиралд тэнд байдаггүй тул отрын бэлчээрт хүндрэл учруулдаггүй. Харин орон нутагтаа амьдарч байгаа нутгийн уугуул иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгддөг. Нутагтаа амьдрахдаа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаатай гэрээ байгуулан, газраа эзэмшиж, ашиглах болж байна” гэв.

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь тус шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа, нийт 63 иргэний нэрсийг дурдаж, Хэнтий аймгийн Хэрлэнбаян- Улааны отрын бүс нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших эрх олгосон Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга, Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа, Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2004-2016 онуудын холбогдох захирамжууд, Хэрлэнбаян- Улаан тосгоны захирагчийн 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн  38, 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 95, 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 59 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Нэхэмжлэгч нь 3 дахь удаагаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “...Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2005.3.22-ны өдрийн 22 тоот захирамжийн З.Хишигжаргал, 2005.11.29-ний өдрийн 75 тоот захирамжийн Г.Хишигсүрэн, Ц.Одсүрэн нар, 2007.01.04-ний өдрийн 02 тоот захирамжийн Т.Балжинням, О.Эрдэнэмөнх нар, 2008.3.11-ний өдрийн 14 тоот захирамжийн Д.Оюунбаатар, Г.Содбилэг нар, 2008.4.14-ний өдрийн 30 тоот захирамжийн Б.Батмөнх, 2008.8.28-ны өдрийн 74 тоот захирамжийн Б.Алагаа, 2008.10.22-ны өдрийн 86 тоот захирамжийн Д.Хонгорзул, Т.Балжинням нар, 2008.11.05-ний өдрийн 95 тоот захирамжийн Б.Эрдэнэтунгалаг, 2009.5.05-ны өдрийн 45 тоот захирамжийн Л.Баатар, Б.Цогжавхлан, Ц.Пүрэвцэрэн, Н.Баасандагва, Б.Аахүү нар, 2009.6.08-ны өдрийн 59 тоот захирамжийн Б.Ваанчиг, Ц.Бүргэд, Х.Лхагва, Л.Энэбиш, Л.Батбаяр нар, 2010.5.11-ний өдрийн 46 тоот захирамжийн Ө.Бямбасүрэн, 2011.2.15-ны өдрийн 16 тоот захирамжийн Н.Оюунбаатар, Д.Тунгалаг, Д.Хаянхярваа нар, 2011.11.22-ны өдрийн 109 тоот захирамжийн О.Эрдэнэбат, Д.Чинзориг, Ж.Энэбиш нар, 2013.11.27-ны өдрийн 98 тоот захирамжийн Э.Төрбат, Ц.Амаржаргал, Ж.Жигжээ, Д.Батсайхан, Ч.Энх-Амгалан нар, 2014.6.19-ны өдрийн 75 тоот захирамжийн Б.Түвшинтөгс, Н.Баттөр, Ч.Амарсайхан нарт тус тус холбогдох хэсэг болон 2014.12.31-ний өдрийн А/162, 2015.02.04-ний өдрийн А/09, 2016.09.29-ний өдрийн А/91 тоот, 2016.09.05-ны өдрийн А/83, 2016.12.22-ны өдрийн А/128 тоот захирамжууд нь Улсын тусгай хэрэгцээний газар, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүсэд өвөлжөө хаваржааны газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэрүүд тул илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай” гэж тодруулсан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            1. Нэхэмжлэгч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор, тухайн үеийн нэрээр, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан захиргааны байгууллага байна. Уг тогтоолд зааснаар, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь тусгай хэрэгцээний газарт авсан аймаг дундын отрын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д тус тус заасны дагуу, захиргааны байгууллага нь хуульд тусгайлан заасан бол нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

            Тусгай хэрэгцээний газар болох Аймаг дундын отрын бэлчээрийн талаар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2 дахь заалтаар тус тус зохицуулсан. Мөн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д, “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” шийдвэрлэнэ, 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1...-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийвэрлүүлнэ” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь  Хэрлэнбаян-Улааны отрын бэлчээрийн талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шүүх үзэв.

            Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт газар эзэмшүүлсэн хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын захирамжуудын талаар нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

            2. Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн “Говийн бүсийн аймгуудын малын тэжээлийн болон усан хангамжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 185 дугаар тогтоолын 3 дугаар заалтаар, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны нутгийг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн цэсийг тогтоосон байна. Энэхүү тогтоолд заасан хилийн цэсийн дагуу Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээрийн тусгай хэрэгцээний газар нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд тусгай хэрэгцээний уг газартай Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг буюу Хэрлэнбаян-Улаан тосгоны газар нутаг бүхэлдээ, 2 дугаар баг буюу Долоод баг, 3 дугаар баг буюу Аварга багийн  газар нутаг хэсэгчлэн  давхцалтай болох  нь хариуцагч нарын тайлбар болон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 470 дугаар тогтоолоор Отор, тэжээлийн аж ахуй нэртэйгээр байгуулагдсан ба БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны 204 дүгээр зарлигаар Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан хороо болон зохион байгуулагдсан. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 130 дугаар зарлигаар Хэрлэнбаян-Улаан хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсийг дахин баталгаажуулжээ. Улсын Их Хурлын 1994 оны 36 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улаан хороог татан буулгаж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд нэгтгэн, харьяалуулсан байна. Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 185 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улааны нутгийг улсын тусгай хэрэгцээнд авчээ.

            БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 130 дугаар зарлигаар баталсан Хэрлэнбаян-Улаан хорооны хилийн цэс, Засгийн газрын 1998 оны 185 дугаар тогтоолоор тогтоосон Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээр нутгийн хилийн цэс ижил, бүрэн давхцалтай байгааг дурдах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч нь Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээрийн зориулалттай тусгай хэрэгцээний газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн нь хууль бус гэх үндэслэлээр эдгээр газрыг эзэмшүүлсэн хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг даргын холбогдох захирамжуудын нийт 85 малчдад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн. Үүний улмаас тус сумын 1 дүгээр баг буюу Хэрлэнбаян-Улаан тосгоны нийт 51 малчин, 2 дугаар баг буюу Долоод багийн нийт 27 малчин, 3 дугаар баг буюу Аварга багийн нийт 7 малчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдсан болно.

            3. Нэхэмжлэгч нь, “Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-ын 7-д “...отрын бэлчээрт өвөлжиж, хаваржих мал сүргийг нутаглуулах өвөлжөө, хаваржаа болон ашиглуулах худаг, уст цэгийн зөвшөөрлийг Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа олгоно” гэж заасан байхад хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга нь захирамж гаргаж, малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласныг шүүх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв.

- Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээр нь Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэртэй бүхэлдээ, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэртэй тодорхой хэмжээгээр давхцалтай тул хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга нь тус сум, нутаг орондоо амьдарч байгаа малчиддаа өвөлжөө, хаваржааных нь газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

            Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “...Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг, бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж, 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус заасан.

            - Хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга нь малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  тогтоолуудыг үндэслэн гаргаж байсан болох нь хариуцагчийн гаргасан захирамжууд болон хэрэгт авагдсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох тогтоолуудаар тогтоогдож байгаа[1] бөгөөд эдгээр тогтоолууд нь хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

            - Хариуцагч нь өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарын тухайд,

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг шинэчлэн баталсан. Уг журмын 5.1.2-т, улсын тусгай хэрэгцээний газраас  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлж, эзэмшүүлэхгүй байхаар заажээ. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий захиргааны актууд нь үүнээс өмнө буюу 2005-2016 онуудад гаргасан захиргааны актууд тул Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан уг журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 

Засгын газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-д улсын тусгай хэрэгцээний газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэхийг хориглох тухай заалт байхгүйг дурдах нь зүйтэй.

            - Хариуцагчийн 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр захирамжаар иргэн Б.Алагаад, 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар захирамжаар иргэн Ө.Бямбасүрэнд, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 98 дугаар захирамжаар иргэн Ч.Энх-Амгаланд, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А.128 дугаар захирамжаар иргэн Д.Батжаргалд тус тус эзэмшүүлсэн газрууд нь Аймаг дундын отрын бэлчээрт бус, түүнээс гадна байрлалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

            Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

                       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.7, 52.9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2005.3.22-ны өдрийн 22 тоот захирамжийн З.Хишигжаргал, 2005.11.29-ний өдрийн 75 тоот захирамжийн Г.Хишигсүрэн, Ц.Одсүрэн нар, 2007.01.04-ний өдрийн 02 тоот захирамжийн Т.Балжинням, О.Эрдэнэмөнх нар, 2008.3.11-ний өдрийн 14 тоот захирамжийн Д.Оюунбаатар, Г.Содбилэг нар, 2008.4.14-ний өдрийн 30 тоот захирамжийн Б.Батмөнх, 2008.8.28-ны өдрийн 74 тоот захирамжийн Б.Алагаа, 2008.10.22-ны өдрийн 86 тоот захирамжийн Д.Хонгорзул, Т.Балжинням нар, 2008.11.05-ний өдрийн 95 тоот захирамжийн Б.Эрдэнэтунгалаг, 2009.5.05-ны өдрийн 45 тоот захирамжийн Л.Баатар, Б.Цогжавхлан, Ц.Пүрэвцэрэн, Н.Баасандагва, Б.Аахүү нар, 2009.6.08-ны өдрийн 59 тоот захирамжийн Б.Ваанчиг, Ц.Бүргэд, Х.Лхагва, Л.Энэбиш, Л.Батбаяр нар, 2010.5.11-ний өдрийн 46 тоот захирамжийн Ө.Бямбасүрэн, 2011.2.15-ны өдрийн 16 тоот захирамжийн Н.Оюунбаатар, Д.Тунгалаг, Д.Хаянхярваа нар, 2011.11.22-ны өдрийн 109 тоот захирамжийн О.Эрдэнэбат, Д.Чинзориг, Ж.Энэбиш нар, 2013.11.27-ны өдрийн 98 тоот захирамжийн Э.Төрбат, Ц.Амаржаргал, Ж.Жигжээ, Д.Батсайхан, Ч.Энх-Амгалан нар, 2014.6.19-ны өдрийн 75 тоот захирамжийн Б.Түвшинтөгс, Н.Баттөр, Ч.Амарсайхан нарт тус тус холбогдох хэсэг болон 2014.12.31-ний өдрийн А/162, 2015.02.04-ний өдрийн А/09, 2016.09.29-ний өдрийн А/91 тоот, 2016.09.05-ны өдрийн А/83, 2016.12.22-ны өдрийн А/128 тоот захирамжууд нь Улсын тусгай хэрэгцээний газар, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүсэд өвөлжөө хаваржааны газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэрүүд тул илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.БАЛЖМАА

 


[1] Хавтаст хэргийн 184-198 дугаар хуудас,