Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 313

 

Ш.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01245 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Ганбат, Х.Батбаяр болон “Анима интернэшнл” ХХК-д холбогдох

 

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Өргөө Тауэр орон сууцны 1 дүгээр орцны 13 давхарын 149 тоотод байрлах 2 өрөө 56.01 м.кв талбай бүхий орон сууцыг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч П.Ганбат, Х.Батбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Отгонсүрэн,

Хариуцагч П.Ганбат, Х.Батбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Хариуцагч “Анима интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Отгонсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 68 дугаар байрны 21 тоотод буюу тус байрны 1 дүгээр давхрын, баруун тийш харсан 2 цонхтой 2 өрөө орон сууцанд амьдардаг бөгөөд “Анима интернэшнл” ХХК амьдарч буй сууцны маань нарны тусгалыг бүрэн хааж байшин барьснаас эрх, хууль ёсны ашиг сонирхол маань ноцтой зөрчигдөж, улмаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Нийслэлийн Ерөнхий талөвлөгөөний газраас Монгол Улсын хууль тогтоомж, БНБД-ийн заалт, шаардлагыг зөрчин “Анима интернэшнл” ХХК-ийн барих барилгын эскиз зураг, архитектор төлөвлөлтийн даалгаврыг батлан, зөвшөөрөл олгосноос амьдарч буй сууцанд маань тусах нарны тусгал бүрэн хаагдаж, миний болоод гэр бүлийн гишүүдийн маань эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй тул Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Нийслэлийн Барилга, хот төлөвлөлтийн газрын даргаас 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр БГД-67-17/08 тоот даалгавраар “Анима интернэшнл” ХХК-ийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны баруун талд барих 10 давхар барилгын эскиз зургийг баталсан үйлдэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 687 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар “Анима интернэшнл” ХХК-ийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны баруун талд барих 16 давхар эскиз зургийг баталсан үйлдэл, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “Анима интернэшнл” ХХК-д олгосон барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан юм. Тус нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус ажиллагаанд гуравдагч этгээд “Анима интернэшнл” ХХК-ийг төлөөлөн оролцсон Х.Батбаяр, П.Ганбат нар “бид танай гэр бүлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буйгаа хүлээн зөвшөөрч байна, зөрчигдсөн эрхийг тань сэргээж өгье” гэж эвлэрлийн гэрээ байгуулах санал тавьсан. Би тэдний дээрх саналыг хүлээн авч 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээ, тус гэрээг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, тэдгээр гэрээгээр хариуцагч нар өөрсдийн барьж буй барилга нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны 21 тоот хаягт байрлах миний өмчлөлийн орон сууцны нарны тусгалыг бүрэн хаасан болохыг зөвшөөрч, тус орон сууцыг 98 500 000 төгрөгт тооцон авч, тус 98 500 000 төгрөгөөс аливаа зөрүү тооцохгүйгээр өөрсдийн барьж буй “Өргөө Тауэр” орон сууцны 1 дүгээр орцны 13 давхрын 149 тоот хаягт байрлах 2 өрөө 56.01 м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Дээрх гэрээнүүдийг байгуулсанаар би Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч, тус шүүхийн шүүгч 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 4271 дүгээр захирамжаар захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ийнхүү П.Ганбат, Х.Батбаяр нар дээрх байдлаар миний болон миний гэр бүлийн зөрчигдсөн эрхийг сэргээхээ хүлээн зөвшөөрч, миний нөхөр болон надтай 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээ, тус гэрээг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй зугтаж байна. Иймд П.Ганбат, Х.Батбаяр нараас “Өргөө Тауэр” орон сууцны 1 дүгээр орцны 13 давхрын 149 тоот хаягт байрлах 2 өрөө, 56.01 м.кв талбай бүхий орон сууц нь гуравдагч этгээдэд шилжиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байх тул гэрээний үнэ болох 98 500 000 төгрөгийг хохиролд нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч П.Ганбат, Х.Батбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүхэд гаргасан тайлбартаа: П.Ганбат, Х.Батбаяр нар нь тухайн үед уг барилгын гүйцэтгэлийн ажилд оролцож байжээ. Иймд барилгын ажлаа саадгүй явуулахын тулд нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэх гэрээ байгуулсан санагдана гэж тайлбарлаж байна. Үүнд захиалагч, гүйцэтгэгчдийн үйл ажиллагаа ч нөлөөлсөн бололтой. Одоо эвлэрлийн гэрээнд заасан гэх байрыг тэд солих эсэхийг ч хариуцагч нар мэдэхгүй. Нэхэмжлэлд хавсаргасан тухайн үеийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4271 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ш.Отгонсүрэн нэхэмжлэлээ татан авсныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосноос үзвэл П.Ганбат, Х.Батбаяр нарт нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг үүсээгүй байна. Гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсанд маргахгүй. Иймд нэхэмжлэлийн  шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Анима интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Анима интернэшнл” ХХК-ийг хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Тус компани эзэмшиж байсан хуучин барилгаа шинээр барих барилгын зураг төслийн хамт н.Найдан, н.Түвшин нарт худалдсан нь үнэн. Иймд уг хуучин барилгын суурин дээрх шинэ барилгыг н.Найдан, н.Түвшин нар барьсан байх ёстой. Ш.Отгонсүрэнтэй харилцаж байсан П.Ганбат, Х.Батбаяр нар “Анима интернэшнл” ХХК-д ямар ч хамааралгүй хүмүүс юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Х.Батбаяр, П.Ганбат нараас 98 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Отгонсүрэнд олгож, “Анима интернэшнл” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Батбаяр, П.Ганбат нараас 650 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Батбаяр, П.Ганбат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйгээс гадна хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчсөн алдаа гаргав.

1. Шүүхээс нэхэмжлэгчийн Захиргааны хэргийн шүүхэд хариуцагч нартай байгуулсан гэх эвлэрлийн гэрээг үндэслэж хариуцагч нараас 98 500 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин энэхүү эвлэрлийн гэрээг П.Отгонсүрэнтэй байгуулсан П.Ганбат, Х.Батбаяр нар нь уг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид биш байсан. Иймд шүүх уг гэрээг захиргааны хэргийн нотлох баримт мэтээр дүгнэж нэхэмжлэлийг хангах гол үндэслэл болгосон нь буруу юм. Захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4271 дүгээр захирамжид уг эвлэрлийн гэрээ болон одоогийн хариуцагч П.Ганбат, Х.Батбаяр нарын талаар юу ч заагаагүй билээ. Шүүх уг гэрээг П.Ганбат, Х.Батбаяр нартай байгуулсан П.Отгонсүрэнгийн зорилго хуульд нийцэж байгаа эсэхэд анхаарах ёстой байв. Мөн П.Отгонсүрэн нь нэхэмжилж буй орон сууцыг түүнд өгөх, шилжүүлэх ямар ч эрх мэдэлгүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш хүмүүстэй энэхүү эвлэрлийн гэх гэрээг анх байгуулсан байгаад зөв дүгнэлт хийсэн бол 98 500 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэх боломжгүй байв.

2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Гэтэл нэхэмжлэгч нь түүний ямар хууль ёсны ашиг сонирхол, эрх нь яаж зөрчигдсөн, ямар хохирол өөрт нь учирсныг нотолж чадаагүй. Ер нь ямар ч бодитой хохирол учраагүй нь тодорхой байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийлгүй хийсвэрээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн болно.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь ижил тэнцүү хандаж дүгнэлт хийсэнгүй. Энэ нь хариуцагчийн гарган өгсөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4271 дүгээр захирамж зэрэг нотлох баримт, хариуцагчийн тайлбарыг бодитойгоор хуульд заасны дагуу үнэлээгүйгээр нотлогдоно. Тухайлбал, шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь нэхэмжилсэн орон сууц өөр хүнд шилжсэн учраас өгөх боломжгүй гэж тайлбарласнаар өөрөөр мэтгэлцээгүй мэтээр дутуу заажээ.

4. Шүүх нэхэмжлэгч нь шууд 98 500 000 төгрөг нэхэмжилсэн мэтээр өөрөө дүгнэлт хийн хангаж шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн 183/ШШ2016/01245 дугаар шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Өргөө Тауэр” орон сууцны 1 дүгээр орцны 13 давхрын 149 тоот 56.01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ш.Отгонсүрэн нь хариуцагч П.Ганбат, Х.Батбаяр болон “Анима интернэшнл” ХХК-д холбогдуулан гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Отгонсүрэн нь хариуцагч П.Ганбат, Х.Батбаяр нартай 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, мөн уг гэрээг үндэслэн П.Ганбат, Х.Батбаяр нар нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Өргөө Тауэр” орон сууцны 1 дүгээр орцны 13 давхрын 149 тоот 56.01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, Ш.Отгонсүрэнгийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны 214 тоот 2 өрөө 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц буюу 98 500 000 төгрөгт тооцон түүнд шилжүүлэхээр “Орон сууц захиалан бариулах 149 тоот гэрээ” байгуулсан талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээнүүдийг Захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан түүний нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “Анима интернэшнл” ХХК-ийг төлөөлж тэдгээр хүмүүс надтай эвлэрлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлажээ.

 

Харин хариуцагч “Анима интернэшнл” ХХК нь өөрийн эзэмшиж байсан барилгаа шинээр барих барилгын зураг төслийн хамт Ж.Бадрал, Х.Эрдэнэбат, Б.Найдантүвшин, Г.Гарьд нарт шилжүүлсэн гэж тайлбарласан ба хэрэгт 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Үйлчилгээний барилга худалдах худалдан авах гэрээ”, дээрх маргааны зүйл болох 56.01 м.кв орон сууцыг захиалан бариулах тухай Б.Найдантүвшин нь Б.Шинэбаярын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/149 тоот гэрээ тус тус хэрэгт авагдсан байх боловч хэн уг орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулж, бусадтай гэрээ байгуулж хүлээлгэн өгсөн буюу захиран зарцуулах эрх бүхий этгээд нь хэн болох нь тодорхойгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь орон сууц гуравдагч этгээдэд шилжиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан тул гэрээний үнэ болох 98 500 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбар гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчлөх эрхийг нэхэмжлэгч түүнд олгосон эсэхийг тодруулж, хэрэв өөрчилж буй тохиолдолд өөрчилсөн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан авч, мөн хуулийн 72 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж, хариуцагч нарыг мөн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариу тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрх тэгш байдал, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлт эсхүл гэрээ цуцлагдснаас учирсан хохирол шаардаж байгаа эсэхийг шүүх тодруулж, зохигчдын хоорондох маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатай байжээ.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Батбаяраас төлсөн 650 450 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ                                    

                                             ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА                                                                                                            

                                                                                              С.ЭНХТӨР