Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 928

 

      Х.Б-д холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Мөнхбаяр,         

хохирогч Л.Г, түүний өмгөөлөгч Д.Т,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч О.Б,  

иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,  

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч О.Б, хохирогч Л.Г-ийн өмгөөлөгч Д.Т, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Х.Б-д холбогдох 201626030448 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Х-н Б, 19... оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэс заслын эмч мэргэжилтэй, “Г” эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 26 дугаар хороо, .......... хотхоны ........ дүгээр байрны .... оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ХБ..../

Х.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байхдаа 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эмчлүүлэгч Л.Г-ийн биед цөсний хүүдийг авах дурангийн мэс ажилбар хийх үедээ элэгний сувгийг гэмтээж, өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Б-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Б-ийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Г” ХХК-иас 23.181.892 төгрөг гаргуулж, Л.Г-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг болон иргэний нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжилсэн 32.008.950 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангахгүй орхиж, хохирогч Л.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу “Г" эмнэлэг ХХК-иас, иргэний нэхэмжлэгч “Г” ХХК нь өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу гэм буруутай этгээдээс тус тус нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компьютер томографийн 14 ширхэг зураг, 1 ширхэг сиди-г хохирогч Л.Г-д буцаан олгож, ЭХО-ны зураг 8 ширхэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын "Анам" эмнэлэгт хийгдсэн үзлэг шинжилгээ, шинжилгээ хариу, өвчтөний түүх болон бусад холбогдох материал нийт 122 хуудас баримтыг, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн телевизийн нэвтрүүлэг бүхий 1 ширхэг сиди, 2014 оны 4 дүгээр сарын 9606 дугаартай соронз сэтгүүл 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн 201626030448 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Х.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглож хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр "Г" эмнэлэгт мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа иргэн Л.Г-д өөрийнх нь хүсэлтээр, төлөвлөгөөт журмаар цөсний хүүдийг хэвлийн дурангийн аргаар авах мэс ажилбарыг хийсэн. Мэс заслын өмнөх үзлэг зөвлөгөөний үеэр өвчтөнд цөсний хүүдийн чулуужих өвчин гэж юу болох, түүний шинж тэмдгүүд, эмчилгээний аргууд болон мэс заслын нээлттэй ба хэвлийн дурангийн аргууд болон мэс заслын эмчилгээний эрсдэл, хүндрэлийн талаар зурган дээр сайтар тайлбарлаж мэдэгдсэн болно. 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, мэс заслын явцад өвчтөнд цөсний хүүдийн цоргогүй хүүдий гэж нэрлэгддэг цөсний замын төрөлхийн гаж хөгжил тодорхойлогдсон. Мэс заслын явцад тохиолдсон энэхүү ээдрээтэй байдлыг харгалзан, тухайн нөхцөл байдалд тохирсон холбогдох арга хэмжээг авч, хэвлийд 1 трокарь (мэс заслын багаж оруулах зориулалт бүхий тусгай орц-багаж) нэмэлтээр байрлуулан, цөсний хүүдийг ретроград буюу ардаас нь хуулж авах техникээр мэс заслыг 1 цаг 51 минутанд хийж гүйцэтгэсэн болно. Мэс заслын явцад цус алдах, цөсний хүүдий болон цөсний замын хажуу зэргэлдээх хөндий эрхтнүүд (ходоод, нарийн, бүдүүн гэдэс) гэмтэх, цоорох зэрэг өвчтөний эрүүл мэнд, амь насанд аюултай хүндрэлүүд гараагүй. Мэс заслын дараа хагалгааны явц, тохиолдсон нөхцөл байдал ба тухайн үед авсан арга хэмжээ, хагалгааны дараа учирч болох эрсдэл (цөсний ерөнхий суваг, цөсний хүүдийн ёроол 2-н завсар босоогоор, дээр доороос нь угтуулан тавьсан 2 клип буюу хавчаарууд цөсний ерөнхий сувагт хэт шахагдаж тавигдсан байх), гарч болох хүндрэл, хэрэв эрсдэл нь бодит болж хүндрэл гарвал түүнийг засах боломжит эмчилгээний арга, хагалгааны дараах 24-48 цагийн турш өвчтөнийг ажиглах тактик баримтлах тухай зэргийг өвчтөн болон өвчтөний ар гэрт сайтар тайлбарлан хэлж, зурж ойлгуулсан. Мөн мэс заслын тэмдэглэл, хууль эрх зүйн баримт бичиг болох өвчтөний түүх зэрэгт анхааруулан тэмдэглэж, бичиж, зурж үлдээсэн байдаг. Харамсалтай нь мэс заслын дараах 2 дахь өдөр буюу 5 дугаар сарын 23-нд өвчтөнд механик шарлалт эхэлсэн. Маргааш өглөө нь буюу 5 дугаар сарын 24-нд өвчтөн Л.Г-д "Г" эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч А хэвлийн нээлттэй аргаар цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбох мэс ажилбарыг хийж гүйцэтгэсэн. 2015 оны 6 сарын эхээр өвчтөн эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад, мэс заслын дараах үед буюу хяналтад байх хугацаанд өвчтөнд үе үе хоолны дуршил алдагдах, хэвлийн дээд хэсэг, аюулхай орчмоор таталдаж өвдөнө гэсэн зовиурууд илэрч байсан ба "Г" эмнэлэгт хийлгэсэн шинжилгээнүүдээр цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоос нарийссан гэсэн онош тавигдсан. Уг холбоосны нарийсалтыг засуулахаар өвчтөн Солонгос улс руу явсан. Солонгос улсад эхний удаад 2015 оны 10 дугаар сарын 29-нд хэвлийн эхографийн хяналтан дор арьсны гаднаас зүүгээр хатгалт хийн цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоосны нарийсалтыг тэлж засах ажилбар хийсэн боловч энэ нь үр дүнгүй болсны улмаас 2015 оны 11 дүгээр сарын 9-нд мөн эмнэлэг дээр хэвлийн нээлттэй аргаар дахин мэс засал хийж цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоосны нарийссан хэсгийг засварлаж, дээш өгссөн нарийн гэдэсний хэсэг бүдүүн гэдэсний урдуур дамнаж тавигдсан байсныг бүдүүн гэдэсний араар буюу хэвийн байрлалд оруулж хийсэн.

Энэ бүгдийн эцэст өвчтөн Л.Г Монголд ирээд улмаар 2016 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст миний эсрэг гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хэт нэг талыг барьсан, бодит байдлыг мушгин гуйвуулсан, үндэслэлгүй, шударга бус шийдвэр боллоо гэж үзэн эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна. Мэс заслын шинжлэх ухааны бүхий л түүхийн туршид болон өнөөгийн бодит практик ажиллагаанд мэс заслын эрсдэл, хүндрэл болон алдаатай ажиллагаа гэсэн 3 ухагдахуунуудыг маш ойлгомжтойгоор ялгаж зааглан тэмдэглэсэн байдаг. Бүх мэс ажилбарууд их бага хэмжээгээр өөрсдийн гэсэн эрсдэлүүдийг агуулж байдаг ба эрсдэлтэй учирсан мэс засалчдыг хүн төрөлхтөний түүхэнд болоод олон улсын практикт буруутган шийтгэж, гэм буруутайд тооцдоггүй. Мөн мэс заслын эмчилгээний улмаас эсвэл боломжит эрсдэлүүд бодитоор тохиолдож өвчтөний эрүүл мэндийн байдалд төрөл бүрийн хүндрэл гарах тохиолдолд үүнийг гэм буруутай үйлдэл гэж үздэггүй. Дэлхий даяар болон олон улсын практикт хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн мэдлэг боловсрол, ур чадвар, арга техник болон ёс зүйн хэм хэмжээ, стандарт, норм, нормативуудыг илт зөрчин өвчтөнд буруу эмчилгээ үйлчилгээ хийж түүний эрүүл мэнд, амь насыг хохироосон тохиолдолд тухайн эмч мэргэжилтнийг алдаатай ажиллагаа явуулсан гэж үзэн гэм буруутайд тооцдог. Өвчтөн Л.Г-ийн гомдлын дагуу миний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад хэргийн материалд тулгуурласан шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын 2 удаагийн дүгнэлт гэх баримтууд гарсан. Харамсалтай нь шинжлэх ухааны ямар ч баталгаа нотолгоогүй, хувь хүний үзэл бодол шингэсэн, бодит үнэнийг мушгин гуйвуулсан, ямар ч мэргэжлийн бус (элэг цөс, нойр булчирхайн нарийн мэргэжлийн мэс засалч уг багт ороогүй), нэг нь нөгөөдөө хөтлөгдсөн, мөн шинжээч эмчийг дахин байцаахад урьдах мэдүүлэг, дүгнэлтээ үгүйсгэсэн зэрэг илт эргэлзээтэй дээрх 2 баримтыг үндэслэн улсын яллагч миний эсрэг “элэгний сувгийг гэмтээж, өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн" хэмээн яллах дүгнэлт үйлдсэн.

2017 оны 10 дугаар сарын 9,10,11-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мэтгэлцээний зарчмаар явагдсан шүүх хуралдааны үеэр шүүх эмнэлгийн эмч, анагаахын сургуулийн багш, ерөнхий мэс заслын эмч нараас бүрдсэн шинжээч эмч нар илт өөрсдийн урьд гаргасан дүгнэлтүүд гэх зүйлүүдээ үгүйсгэн будилж, мөн энэ дүгнэлт нь зөвхөн миний хувийн бодол юм, Х.Б эмч өвчтөний түүхэнд өөртөө зориулж хувийн тэмдэглэл хөтөлсөн байх, цөсний хүүдийг дурангийн аргаар авах үед цөсний зам гэмтэх эрсдэл, хүндрэл байдаг, эсвэл элэгний болон цөсний ерөнхий суваг хоёрыг хоёуланг нь хавчиж тасалсан байх гэх зэргээр ямар ч мэргэжлийн ур чадваргүйгээ харуулж байсан. Мөн тус хурлыг ахалж байсан шүүгч миний шинжээч эмч нарт асуулт тавих эрхийг огтхон ч хангаагүй болно. Шүүгч "...Хагалгааны явцад өвчтөн Г-д " цөсний замын гаж хөгжилтэй нь тодорхойлогдсон гэж дүгнэчихээд цөсний хүүдийг дурангаар явах явцдаа ... цөсний хүүдийн цоргонд тавих байсан хавчаарыг цөсний хүүдийн ерөнхий сувагт буюу буруу газар тавьж гэмтээсэн" хэмээн хүний биеийн анатоми бүтэц болон анагаахын шинжлэх ухаанд огт байхгүй нэр томъёо шинээр гарган намайг ялласан нь ойлгомжгүй байдлыг үүсгэж, уг шийдвэрийг хүлээн авах ямар ч боломжгүй болгож байна. Өвчтөнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэн албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа мэс заслын бодит эрсдэлтэй тулгарч уг эрсдэлээс үүдэлтэй хүндрэл гарвал хэрхэх тухай бүгдийг урьдчилан анхааруулан бичиж тэмдэглэж, өвчтөн болоод ар гэрийнхэнд нь сануулсаар байтал намайг зохих ёсоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүйн улмаас гэмтэл учруулсан гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн нь шударга бус шийд боллоо гэж үзэж байна. Монгол улс болон дэлхий дахинд эрсдэлтэй учирсан мэс засалч бүрийг буруутган шийтгэж бодит үнэнийг мушгин гуйвуулах аваас мэс заслын шинжлэх ухаан балран алга болох юм. Анхан шатны шүүхийн шийдвэр шударга үнэнд нийцэхгүй байх тул уг шийдвэрийг хянан үзэж, шударга үнэнийг тогтоож, намайг гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 277 дугаартай шийтгэх тогтоолд дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний бие нь Х.Б-ийн өмгөөлөгчөөр 2017 оны 8 дугаар сараас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шилжсэн шүүх хэрийг шүүхээр хянан хэлэлцэх захирамж гарсан үед хэргийн баримттай танилцаад 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 18 хуудас нотлох баримт хүргүүлсэн. Эдгээр баримтыг яаралтай хүргүүлэх болсон үндэслэл нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарчихсан улсын яллагч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг буюу эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж ял халдаасан байхад АШУҮИС багш зөвлөх эмч С.Э, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 613 ба 1132 дугаартай дүгнэлтүүд гарсан боловч эдгээр дүгнэлт ба гэрч нарын мэдүүлэгт мэс заслын өмнөх болон дараах оношийг хэн ч шалгаагүй. Түүнийг шалгаж тогтоох гол нотлох баримт болох Биопси, мэс заслын сорьцын шинжилгээний илгээлт ба түүний Шинжилгээний хариу хавтаст хэрэгт огт авагдаагүй байсан болно. Өөрөөр хэлбэл эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж ял халдааж байгаа гэх боловч эмчийн өвчтөндөө тавьсан "цөсний төрөлхийн гажигтай" гэсэн оношийг хэн ч шалгахгүйгээр гэм бурууг хэлэлцэх ямар ч боломжгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх заалт огт хэрэгжээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан нөхцөл байдал тогтоогдсон. Гэвч энэ нөхцөл байдлыг хэлсээр сануулаад байхад шүүх гэм буруутай хэмээн шийтгэх тогтоол гарсан болно. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтыг зөрчсөн байна. Учир нь:

1. Энэ хэргийн субъект нь эмнэлгийн тусгай мэдлэг эзэмшсэн эмч Х.Б бөгөөд өвчтөнд мэс засал хийхийн өмнөх үзлэг зөвлөгөөний үеэр "цөсний хүүдийн чулуужих өвчин" гэсэн оноштой байсан. 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, мэс заслын явцад өвчтөнд "цөсний хүүдийн цоргогүй хүүдий" гэж нэрлэгддэг цөсний замын төрөлхийн гаж хөгжил тодорхойлогдсон байгаа юм. Гэтэл энэ хэргийг мөрдөн шалгасан мөрдөгч, прокурор шинжээчээр оролцсон ба АШУҮИС багш зөвлөх эмч С.Э, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 613 ба 1132 дугаартай дүгнэлтүүдийг шинжээч нар мэс заслын өмнөх ба дараах оношийг хэн ч шалгаагүй бөгөөд түүнийг шалгаж тогтоох, зайлшгүй цуглуулах гол нотлох баримт болох Биопси, мэс заслын сорьцын шинжилгээний илгээлт ба түүний Шинжилгээний хариу ч хавтаст хэрэгт байхгүй байхад шинжээчийн дүгнэлт гарсан, дүгнэлтийнхээ талаар шинжээч эмч нар мэдүүлэг өгсөн түүнийг нотлох баримт болгож улсын яллагч яллах дүгнэлт үйлдсэн. Энэ баримт нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 дугаар тушаалаар баталсан тусгайлан маягт гаргаад Биопси, мэс заслын сорьцын шинжилгээний илгээлт, түүнийг шалгасан Шинжилгээний хариу зэрэг баримтыг үндэслэн мэс заслын эмч алдаа гаргасан эсэхийг шинжлэх ухааны үүднээс тогтоох Эрүүл мэндийн салбарт дагаж мөрдөх хэвшүүлэн тогтоосон нийтээр дагаж мөрдөх маягт юм. Өөрөөр хэлбэл энэ Биопси, мэс заслын сорьцын шинжилгээний илгээлтэд мэс заслын өмнөх эмнэл зүйн урьдчилсан үндсэн онош тавигдах бөгөөд Шинжилгээний хариу маягтад мэс заслын хагалгаагаар авсан сорьцод патанатомин шинжилгээ хийж микроскопоор томруулан харж цөсний хүүдийн суваг байхгүй төрөлхийн гажигтай цөсний хүүдийн архаг үрэвсэл гэсэн хариу гарсан байгааг хэн ч шалгаагүй байж шинжээчийн дүгнэлт гаргасан байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь заалтууд огт хэрэгжээгүй байхад шийтгэх тогтоолын үндэслэл болоод байна.

2. Эмч хүн эхлээд өвчтөнд онош тавьж байж эмнэлгийн тусламж үзүүлэх бөгөөд онош тавихгүйгээр эмчилж, Эрүүгийн хуульд заасан Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг биш бусдыг санаатай алах гэсэн гэмт хэрэг болно. Эмчийн тавьсан оношийг шалгахгүйгээр гэм буруутай гэж үзэж болохгүй. Энэ хамгийн гол анхдагч нотлох баримт болох "Биопси, мэс заслын сорьцын шинжилгээний илгээлт, түүний Шинжилгээний хариу"-г шүүх зөв ойлгож хүлээж авсан бол шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх" гэсэн гол зарчмаа зөрчсөн болохыг ойлгох цаашлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 зүйлийн 1.2, 1.3 дахь гэсэн заалтыг зөрчсөн шүүхийн шийдвэр гарахгүй байжээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 зүйлийн 1.2, 1.3 дахь заалтыг зөрчсөн шүүхийн шийдвэр гарахгүй байжээ. Мөн 2002 оны эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх, 2015 оны Эрүүгийн хуулийн 15.1-д заасан гэмт хэргийн субъект нь эмнэлгийн ажилтан тул "эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй" гэдгийг Улсын Дээд шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолын 14 дэх заалтад “... Мөн зүйл, хэсэгт заасан "зохих ёсоор биелүүлээгүй" гэдэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.1.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй байхыг ойлгоно" гэсэн тайлбарыг баримтлан шийдвэрлэх ёстой бөгөөд "эмч нь өөрийн үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах" гэж заасныг зөрчсөн гэх ямар баримт бичиг хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хавтаст хэрэгт байгаа "Монгол улсын стандарт ММ35665-1:2006 цөсний хүүдийн цочмог үрэвслийн оношлогоо эмчилгээ стандартыг" шинжээч нар баримтлахгүй гэж шүүх хуралдааны явцад мэдүүлсэн болно. Мөн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 613 ба 1132 дугаартай дүгнэлтүүд, шинжээч эмч нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт дараах зөрүү байдаг бөгөөд 613 дугаартай дүгнэлтэд 16-д "...цөсний ерөнхий сувгийг дурангийн хагалгааны үед хэрэглэдэг клипс буюу хавчаараар хавчсанаас үүссэн гэж үзэж байна" 1132 дугаар дүгнэлтэд мөн үг үсэггүй хуулсан байх бөгөөд энэ дүгнэлтийн 3-т цөсний ерөнхий сувгийг гэмтээсэн..." гэж бичсэн байдаг. Тэгэхээр Х.Б мэс заслын эмч нь хавчаар тавьж цөсний ерөнхий сувгийг хаагаад цөс урсахгүй байгаагаас механик шарлалт өгсөн үү, эсвэл эмч мэс заслын үед яг юуг нь, яаж таслаад, ураад, цоолоод, зүсээд гэмтээсэн юм уу гэсэн асуулт үүснэ.

Хавтаст хэрэгт авагдсан нээлттэй аргаар Амгалан эмчийн хийсэн 2 дахь хагалгааны тэмдэглэлд "дотор эрхтэнд ямар нэгэн шингэн байхгүй" гэж тодорхой бичигдсэн тул гэмтээсэн гэж дүгнэх ямар баримт алга байна. Шинжээч нар зөвхөн хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан бөгөөд нээлттэй хийсэн 2 дахь хагалгааны тэмдэглэлд хавчаар буруу тавьсан гэж бичигдээгүй бөгөөд байхад 613 ба 1132 тоот дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээ хязгаараас хийсвэр дүгнэлт гаргажээ. Энэ нь Шүүхийн Шинжилгээний тухай хуулийн шинжээчийн үүрэг буюу 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх" мөн зүйлийн 14.1.2-т "шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах" гэсэн үүргээ зөрчсөн дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл хуулийг зөрчсөн буюу нотлох баримт гэж үнэлэгдэхгүй билээ.

Мөн гэрчийн 1132 дугаар дүгнэлтийг гаргасан шинжээч М.Ганбаатар нь “асуулт ...эхний мэс ажилбарын заалт гол зорилго нь юу байсан бэ? Энэхүү мэс ажилбарын эрсдэлүүд, хүндрэлийг нэрлэнэ үү? гэсэн асуултад хариулт: хагалгааны гол зорилго нь цөсний хүүдийн чулуужилтаас үүдсэн цөсний чулуутай архаг үрэвсэлтэй цөсний хүүдийг авах юм. Энэхүү мэс ажилбарын хүндрэл, эрсдэл нь гэвэл

-цөсний ерөнхий суваг гэмтэж хэвлийд цөс шүүрэх

-цөсний хүүдийн ойролцоох эрхтэн гэмтэх /элэг дэлүү, 12 хуруу гэдэс, судас/

-цөсний ерөнхий сувагт хавчаар буруу байрлуулах, тавигдах цөсний ерөнхий суваг талалдах гэх мэт/...гэж хариулсан байна. Гэтэл эрсдэл хүндрэлийг алдаа гэж үзсэн шүүхийн шийдвэр гарчээ.

4.  Мөн шүүгч өмгөөлөх талын мэтгэлцээний үндэслэл нотолгоог анхаарсан бол энэ хавтаст хэрэгт авагдсан баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтууд хэрэгжээгүйг тогтоох бүрэн боломжтой байжээ.

5.  Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж" үзэж байна. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн заалтыг хэрэглэх ёстой юм.

Шүүхийн шийтгэх тогтоолын нотлох баримтыг шинжлэн судалсан хэсэг буюу шийтгэх тогтоолын 18 дахь тал дороосоо 3 дахь доголд "Прокурорын 2017 оны 31/ 1 тоот яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт "элэгний сувгийг гэмтээж" гэж бичсэнийг шүүх элэгний, эсхүл цөсний суваг гэмтээсэн эсэхийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэж засах боломжтой гэж үзэв...мөн талын дороосоо 1 дэх доголд....Ингэж цөсний хүүдийг араас нь хуулах аргаар авахдаа хоёр ширхэг хавчаарыг цөсний сувагт тавьсныг эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл цөсний хүүдийн цоргонд тавих байсан хавчаарыг цөсний хүүдийн сувагт буюу буруу газар тавьж эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал үүссэн үйл баримт тогтоогдож байна" гэсэн дүгнэлт хийжээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан ямар ч анхдагч нотлох баримт болох 4 удаагийн мэс заслын тэмдэглэл, өвчний түүх, эхо болон томографийг зураг, түүнийг буулгасан сиди зэрэгт энд тэнд хавчаар тавьсан байрлалыг тодорхойлсон гэсэн ямар ч бичвэр ба дүрс зураг байхгүй билээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нар мэдүүлгээрээ ийм баримт байхгүй болохыг өмгөөлөх тал хангалттай нотолсон, мэтгэлцсэн билээ. Гэтэл шүүгч хаанаас хавчаар тавьсан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд шийтгэх тогтоолын 19 дэх талын 6 дахь доголд шинжээч С.Эрдэнийн шүүх хурал дээр "...2 цорго тайрсан гэж нэг нь элэг, нөгөө нь цөсний цорго байж таарч байна...цөсний суваг гэмтсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнээд яллах дүгнэлтэд бичигдсэн "элэгний сувгийг гэмтсэн" гэснийг "цөсний суваг гэмтсэн" гэж үзсэн болно" гэжээ.

Шүүх "гэмтсэн" гэсэн үг хэллэг хэрэглэсэн байх бөгөөд эмч мэс заслын үед яг юуг нь, яаж таслаад, ураад, цоолоод, зүсээд гэмтээсэн гэж хаанаас ямар баримтад үндэслэн дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь мэс засалч эмч онош буруу тавьж буруу газар буруу эрхтэнд мэс засал хийсэн бол энэ нь алдаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар оношоо шалгаагүй. Өөрөөр хэлбэл гол цуглуулах нотлох баримтаа цуглуулж бэхжүүлж аваагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн байгаа.

Биопси, мэс заслын сорьцын шинжилгээний илгээлтийн Шинжилгээний хариунд цөсний хүүдийн суваг байхгүй төрөлхийн гажигтай цөсний хүүдийн архаг үрэвсэл гэсэн хариу гарсан байхад шүүгч байхгүй “...цөсний хүүдийн цоргонд" тавих ёстой байсан..." гэж дүгнэлт хийжээ. Гэтэл 1-р хавтаст хэргийн 110 дугаар талд байгаа "мэс заслын тэмдэглэлд "...цөсний хүүдийг ретроград аргаар салгаад хүүдий рүү явсан /дээрээс дороос ирсэн зам/ бүрэн харж хянаж дараа хавчаар тавьж тайрлаа...." Шүүгдэгчийн шүүхэд өгсөн мэдүүлэгт –Г-д цөсний хүүдийн цорго байхгүй учраас хойноос нь хуулж авчраад цөснийхөө ерөнхий суваг уруу орчиж байгаа хүүдийг доороос суллаад дөхүүлж аваачсан. Тэгээд цөснийхөө хүүдийг дээр доороос нь угтуулж 2 хавчаар тавьсан..." гэх мэдүүлэг байгаа.

6. Шүүх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 цаг 36 минутад уншсан "гэм буруутай үндэслэлээ тайлбарлахдаа "...мэс заслыг бэлдэх явцад цөсний хүүдийн гаж хөгжилтэй болох нь мэдэгдсэн... цөсний хүүдийн цоргонд тавих байсан хавчаарыг цөсний хүүдийн ерөнхий сувагт тавьсан нь энэ нь эмч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэх үндэслэл боллоо..." гэсэн "...элэгний суваг биш цөсний суваг гэмтсэн нь шинжээчийн дүгнэлт гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ” гэсэн. Гэтэл хүний биеийн анатомийн бүтцэд ба анатомийн шинжлэх ухаанд "цөсний хүүдийн ерөнхий сувагт" гэсэн нэршил байхгүй бөгөөд цөсний хүүдийн суваг /цорго/ байхгүй гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон гэж дүгнээд түүндээ хавчаар тавих ёстой байсан гэсэн дүгнэлт хийж болохгүй билээ. Шүүх хуралдааны тэмдэглэлд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 цаг 36 минутад уншсан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг огт тэмдэглэгдээгүй байгаа Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9-д "анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол" гэсэн зөрчил гаргажээ. Энгийнээр тайлбарлавал элгэнд үүссэн цөс гэх шүлтлэг шингэн нь элгэн доторх цөсний замаар дамжин, элэгнээс элэгний зүүн ба баруун сувгаар урсан гарч, хоорондоо нийлдэг.Энэ хүртэлх цөсний замыг элэгний суваг гэж нэрлэх ба үүнээс доош үргэлжлэн 12 нугалам гэдэс рүү орох хүртэлхийг цөсний ерөнхий суваг гэж анагаахын шинжлэх ухаанд нэрлэдэг. Цөсний хүүдий гэдэг нь элэгний дор наалдсан байрлалтай, дотроо цөс агуулсан уутанцар, хүүдийг хэлэх бөгөөд жирийн анатоми бүтэцтэй хүнд цөсний хүүдий нь цөсний ерөнхий сувагтай цөсний цоргоор холбогдож байдаг. Энэ хүнд ийм анатомийн бүтэц байхгүйг шүүх ба эмгэг анатомийн шинжилгээ тогтоосон бөгөөд нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн шийдвэрт шүүгчийн дүгнэлтээр тодорхой тусгагдсан болно. Гэтэл шүүх "цорго" тайрсан гэж дүгнээд байгаа бөгөөд цорго гэдэг чинь нэг тал нь онгорхой шингэн зүйл урсах хоолойг хэлэх бөгөөд БНСУ хийсэн хагалгааны орчуулга гэх баримтад "ус зайлуулах хоолой, цорго” гэх мэтээр сантехникийн үг хэллэгээр орчуулсан тул үнэн зөв орчуулга гэж үзэхгүй тул анатомийн шинжлэх ухааны үг хэллэгээр орчуулуулж өгсөн билээ. Насанд хүрсэн хүнд хоногт элэгнээс 1 литр орчим цөс ялгардаг ба хэрэв элэгний ч юм уу, цөсний ерөнхий сувгийг бүрэн хааж, хавчиж тасалсан тохиолдолд цөс элэгнээс гадагшлан урсах ямар ч боломжгүй болон цусны судас руу орж, уг өвчтөнд 2-3 цагийн дараа л механик шарлалт үүсэж, цусны хүчил шүлтийн тэнцвэрт байдал алдагдаж, уг өвчтөн хордлогод орж амь нас эрсдэх магадлалтай. Гэтэл өвчтөн Г-д цөсний хүүдийг хэвлийн дурангийн аргаар авах мэс засал хийгдсэнээс 2 хоногийн дараа шарлалт үүсэж эхэлсэн нь элэгний эсвэл цөсний ерөнхий суваг хаагдаж таслагдаагүй, харин цөсний замд нарийсалт үүссэнийг нотолж байгааг шүүгч анхаарч ойлгосонгүй. Энэ цөсний суваг нарийссан нь алдаа юу, эрсдэл үү, хүндрэл үү гэсэн асуулт үүсэх бөгөөд Монгол улсын стандарт ММ35665-1:2006 цөсний хүүдийн цочмог үрэвслийн оношлогоо эмчилгээ стандартын 12.2.2-т "дурангаар авах боломжтой бол дурангаар цөсний хүүдийг авах мэс засал хийнэ" 13-т "хагалгааны үед болон дараа гарч болох эрсдэл, хүндрэл цус алдах, цөсний ерөнхий цорго гэмтэх, элэг урагдах, цөсний хүүдийг авсны дараа хагалгаанаас шалтгаалсан хам шинж илэрсэн цөсний хүүдийн урт ёзоорыг тайрах, чулуу авах, цөсний замын нарийслыг чөлөөлөх залгаасаар засах хагалгаа хийнэ" гэж заасан байгаагаас үзвэл мэс заслын үед тохиолдох гэмтэл, нарийсал зэргийг гарч болох хүндрэл гэж стандартад заажээ.

7. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дахь заалтыг шийтгэх тогтоол зөрчсөн байна. Учир нь: 39.8 дахь зүйлийн 1.6-д "шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй" гэж заасан бөгөөд миний 3 өдрийн үргэлжилсэн шүүх хуралдаанд биечлэн оролцон өмгөөллийн мэтгэлцээн явуулсан байхад шийтгэх тогтоолд огт дурдагдаагүй байна. Шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 201626030448 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 13-нд хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 13 цаг 30 минутаас эхлэн мөн өдрийн 22 цаг хүртэл, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагаас эхлэн 23 цаг 38 минут хүртэл, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагаас эхлэн 15 цаг 20 минут хүртэл үргэлжилсэн болно. Хавтаст хэрэгт 91 тал бүхий шүүх хуралдааны тэмдэглэл байхад.

8.  Шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т "шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл" огт тусгагдаагүй байна. Шүүх хохирогчид Монгол улсад хийсэн 2 мэс засал, БНСУ хийсэн 2 мэс заслын аль мэс заслаас болж энэ хүн хүндэвтэр гэмтэл авсан болохыг тогтоосон үйл баримтгүй хэний ямар үйлдлээс болж групп тогтоолгов гэсэн асуултад хариулалгүй тогтоол гаргасан гэж үзэж байна.

Мөн зүйлийн 2.4-т "шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт" хийсэн хэсгийн талаар огт дурдаагүй бөгөөд энэ заавал дурдахыг шаардсан 39.8 дугаар зүйлийн заалтыг шаардлага хангахгүй шийтгэх тогтоол үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна. Иймд Х.Б-д холбогдох 277 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримтлан хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч Л.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийг хүртэл миний биеийн байдал дээрдээгүй, эмнэлэгт үзүүлээд шинжилгээ хийлгэж байгаа. Анх “Г” эмнэлэгт үзүүлсэн ба Х.Б надад “хэзээ нэгэн цагт хагалгаанд орох ёстой” гэж хэлсэн. Нэг ёсондоо би энэ хүний эмч гэдэг үгэнд итгэж хагалгаанд орсон. Эхний хагалгаа хийгдээд эхний 1 дэх хоногт мэдэгдэх зүйл байгаагүй. 2 дахь хоногоос миний бие шарлаж, ногоорч эхэлсэн. Намайг цөсний замын гажигтай байсан гэж хэлсэн. Гэтэл гажигтай гэдгийг баталж чадаагүй. Одоо 1 биш 3 гажигтай байсан гэж хэлж байна. Чанарын албаны ажилтан Хишигсүрэн нь Х.Б-г алдаа гаргасан талаар бичиг хийж өгсөн. Шинжээч нар зөв дүгнэлт гаргасан. Энэ хүн ямар үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаагаа тайлбарлаж чадахгүй байна. Х.Б-н анхны хийсэн алдаанаас болж би олон дахин хагалгаанд орж, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохирч байна. Эдгээр хүмүүс хохироогүй, “Г” эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Одоо Х.Б нь хувийн эмнэлэг байгуулаад ажиллаж байгаа. Х.Б хагалгаа хийж чадаагүй тул Амгалан эмчийг дуудаж дахин хагалгаа хийлгэсэн. Сүүлдээ чадахгүй болоод 3, 4 дэх хагалгааг Солонгост хийлгэсэн. Намайг Монгол улсад эмчлүүлэх боломжгүй, Солонгос явах хэрэгтэй гэсний дагуу явсан болохоос биш би дурандаа Солонгос явж хагалгаанд ороогүй. Х.Б эхний хагалгааг хийчихээд алга болсон. 2 хоногийн дараа миний бие шарлаад эхлэхэд “чиний цөс гажигтай байсан” гэж хэлсэн. Дундаас нь элэгтэй холбоотой хэсгийг нь тасалчихсан юм чинь элэг рүү хамаг шар, ногоон шингэн нь орно. Үүнийгээ тайлбарлахгүй, огт өөр биопси гэсэн зүйл яриад байгааг нь ойлгохгүй байна. Үнэхээр энэ хүн алдаа хийсэн бол хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйхад хангалттай байсан. Би шунахайн сэтгэлээр “Г” эмнэлгээс мөнгө нэхэмжлээгүй. Одоо миний элэг өвдөж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зөв гарсан гэж үзэж байна...” гэв.

            Хохирогч Л.Г-н өмгөөлөгч Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 277 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Уг шийтгэх тогтоолоор Х.Б-ийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, иргэний хариуцагч “Г” ХХК-иас 23.181.892 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 16.017.717 төгрөгийг хангахгүй орхисон. Үүнийг гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

1. Хэдийгээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал боловч хохирогч нь эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн улмаас тэрээр хохироогүй байсан бол түүнээс өмгөөлөгчийн хөлс гарах ямар ч шаардлага үүсэхгүй байсан гэдэгт анхан шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш гэж дүгнэсэн нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт заасан эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

2. Хохирогчид бусдын асаргаа зайлшгүй шаардлагатай болсны улмаас эгч Б.Э нь 2015 оны 5 дугаар сарын 2-ноос 29-ний өдөр, 7 дугаар сарын 27-оос 29-ний өдөр, 8 дугаар сарын 17-ноос 19-ний өдрийг хүртэл нийт 9 хоногийн, түүний нөхөр С.С нь 2015 оны 11, 12 саруудад ажлаасаа чөлөө авч түүнийг асарсан 2 сарын цалин болон хохирогч өөрөө 2015 оны 5 сараас 2017 оны 1 хүртэлх хугацааны цалин, мөн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн хамт нэхэмжилснийг анхан шатны шүүхээс хангалттай баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэн хангахгүй орхисныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ. Анхан шатны шүүх хохирогчийн 2015 оны 5 сараас 2016 оны 11 сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1.331.000 төгрөгийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй бөгөөд хэргийн 2 дугаар хавтаст авагдсан хохирогчийн Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг тогтоох боломжтой нотлох баримт ба мөн “Э” ХХК-ийн 2016 оны 7 сарын 5-ны өдрийн №А/04, №А/05, №А/06 дугаартай албан тоот, хохирогчийн нөхөр С.С-ийн Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, Эрдэнэт үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирлын тушаал, чөлөө олгох хуудас гэх мэт баримтуудаар хангалттай нотлогдож байгаа болно.

Хохирогчийн нөхөр С.С-н нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаа болон цалинг нь тогтоох бүрэн боломжтой нотлох баримт ба Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт зааснаар аж ахуй нэгж нь албан журмаар ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлсэн баримт мөн байхад анхан шатны шүүх үнэлсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.5-д заасны дагуу иргэний хариуцагч “Г” ХХК-иас 39.199.609 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулахаар үнийн дүнд нь өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 277 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шийтгэх тогтоолоор Х.Б-г үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцож, үүнтэй уялдуулан иргэний хариуцагч "Г" ХХК-иас 23,181.892 төгрөгийг гаргуулж Л.Г-д олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь шүүгдэгч Х.Б нь "Г" ХХК-д мэс заслын Тасгийн эрхлэгч, мэс заслын их эмчээр ажиллаж байхдаа өвчтөн Л.Г-д дурангийн хагалгааг хийх явцад өвчтөн Л.Г нь цөсний замын гаж хөгжилтэй болох нь тодорхойлогдож улмаар цөсний хүүдийг авч хагалгааг амжилттай дуусгасан байдаг. Х.Б-ийн хувьд хагалгааг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд хагалгааны дараа үүсэж болох эрсдэлүүдийг ч хагалгааны тэмдэглэл дээр тэмдэглэн үлдээж, өвчтөнд болон ар гэрийнхэнд бодит нөхцөл байдлыг тайлбарлаж өгсөн болох нь нотлогдсон. Мөн өвчтөн Л.Г-ийн биенээс хагалгааны үед биопси дээж авч шинжилгээнд илгээсэн нотлох баримт, лабораториос ирүүлсэн шинжилгээний хариугаар Л.Г нь цөсний архаг үрэвсэлтэй, гаж хөгжилтэй байсан болох нь бүрэн нотлогдсон. Иймд цөсний гаж хөгжилтэйн улмаас дурангийн хагалгааны дараа үүссэн наалданги, нарийсалт зэрэг нь хагалгааны дараа үүсэж болох эрсдэл юм. Энэ нөхцөл байдал нь ч МУ-ын МNS85665-1:2006 "Цөсний хүүдийн цочмог үрэвслийн оношлогоо эмчилгээ" стандартад зөвшөөрөгдсөн хагалгааны дараа үүсэж болох эрсдэлүүд гэдэг нь нотлогдсоор байтал үүнийг техникийн алдаа гаргасан гэж шинжээчийн дүгнэлтүүдээр үндэслэлгүйгээр гүтгэсэн байдаг. Шинжээч эмч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсээр байтал удаа дараа шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүхээс тэднийг албадуулан ирүүлж байсан. Шүүх хуралд оролцсон шинжээч эмч С.Эрдэнэ нь шүүгдэгчийн өмгөөлөгч болон иргэний хариуцагч, нэхэмжлэгч миний тавьсан асуултад хариулахдаа өөрийн гаргасан дүгнэлтээ үндэслэлтэйгээр нотолж чадаагүй, дүгнэлтээ өөрийн бодлоор ингэсэн байх гэж бодож таамаглаад бичсэн гэдгээ хүлээсэн төдийгүй, 2 дахь удаагийн шинжээчийн дүгнэлт гаргахад оролцохоос татгалзах үүрэгтэй байсан боловч татгалзаагүй оролцсон гэдгээ хүлээсэн. Ингэж оролцохдоо "мөрдөн байцаагчийн болон бусад шинжээч нарын шахалтаар оролцсон, гэхдээ өмнө нь миний гаргасан дүгнэлтийг яг байгаагаар нь хуулаад бичсэн дүгнэлт дээр намайг гарын үсэг зур гээд байхаар нь би шууд зураад явуулчихсан" хэмээн анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Шинжээч Ганбаатар, Ганболд нар ч шүүх хуралдаанд өөрсдийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээ хамгаалж чадаагүй, тэвдэж будилж, гаргасан дүгнэлтээ үндэслэлгүй болохыг нотолсон болно. Шинжээч нар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т заасан үүргээ зөрчиж, хууль бус дүгнэлтээр үүргээ зохих ёсоор биелүүлсэн эмчийг буруутгах үндэслэлгүй дүгнэлт гаргасан болох нь шүүх хуралдааны явцад бүрэн тогтоогдсон.

Гэтэл шүүгч шүүх хуралдаанд болсон асуулт, хариулт болон мэтгэлцээний явцад тогтоогдсон үнэн бодит байдал, шинжээч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судлаагүй, харьцуулан үнэн зөв дүгнэлт гаргаж чадаагүйн улмаас шийтгэх тогтоол гаргаж, гэм буруутай нь тогтоогдохгүй байхад шүүгдэгч Х.Б-д ял оноож, өршөөн хэтрүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээгээ зохих ёсоор стандартын дагуу үзүүлсэн “Г" ХХК-иас их хэмжээний хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна. Мөн Шүүх хуралдаан 3 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг орой 23 цаг 38 минут хүртэл хийж, шүүн таслах ажиллагааны журмыг зөрчсөн. Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчиж, түүний шинжээч эмч нарт асуулт тавьж, хариулт авах эрхийг хангаагүй. Хохирогчийн биеийн эрхтэн системийн гаж хөгжлөөс үүдэлтэй мэс заслын дараах эрсдэлийг шинжээч нар “Мэргэжлийн алдаа, техникийн алдаа гаргасан, гэмтэл үүссэн" гэж хийсвэрээр, нотлох баримтгүйгээр дүгнэснийг шүүх үндэслэлээ болгон шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Х.Б-ийн гэм буруутай болох нь тогтоогдоогүй учраас харин ч эрх зүйн хувьд "Цагаатгах тогтоол" гаргах үндэслэл бүрдсэн байсан гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг үнэн зөв хууль зүйн үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Прокурор Г.М тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Х.Б-д холбогдох хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн. Эмч зохих ёсоор эмчилгээ хийгээгүйн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан... Ямар учраас зохих ёсоор эмчилгээ хийгээгүйгээс хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан бэ гэдгийг эрүүл мэндийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж, тогтоох шаардлагатай болсон. Тийм учраас тусгай мэргэжлийн хүрээнд шинжээчийн 1132, 613 дугаартай дүгнэлт гаргасан... Эхлээд хохирогч эмнэлэгт эмчлүүлээд эхний хагалгаанд орсон. Хагалгааны явц байдлыг өвчний түүх дээр бичсэн байгаа. Хагалгааны дараа нөхцөл байдал хүндрээд ирэхээр Клиникийн 1 дүгээр эмнэлгийн эмч буюу тухайн үед “Г” эмнэлэгт зөвлөх эмчээр ажиллаж байсан эмч Амгаланг дуудаж хагалгаа хийлгэсэн. Энэ хагалгааг хийгээд амжилтгүй болсон учраас дараагийн хагалгааг Солонгос улс руу явуулж хийлгэхээр болсон. “Г” эмнэлэг хохирогчтой эмнэлгийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд гэрээ хийсэн. Гэрээ хийгээд хохирогчийг Солонгос улс руу явуулах асуудал тавигдсан. “Г” эмнэлэг хохирогчийн Солонгос руу явах зардлыг төлсөн. Гэтэл хохирогчийг тухайн эмнэлэгт очиход нь өөр нэртэй эмнэлэг хэлсэн боловч тэр эмнэлгээс нь хүмүүс ирж уулзаагүй. Харин хохирогчийн ар гэрийнхэн хөөцөлдөж байгаад “Аннам” гэх эмнэлгийг олсон. Энэ эмнэлэгт уг хагалгааг аппаратаар хийх хагалгаа байсан. Үүнийг хийгээд хохирогчийн биеийн байдал сайжраагүй учраас хамгийн сүүлд нээлттэйгээр хагалгааг хийсэн нь амжилттай болж биеийн байдал дээрдсэн. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шинжээч Ганболд, Отгонбаатар, С.Эрдэнэ гэсэн бүрэлдэхүүнтэй 613 дугаар шинжээчийн дүгнэлт гаргасан. С.Эрдэнэ нь Анагаах ухааны үндэсний их сургуулийн мэс заслын ахлах багш, клиникийн профессор, мэс заслын зөвлөх хүн юм. Энэ хүн онолын талаасаа оролцсон... Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс С.Эрдэнийг, мөн шүүгдэгч талаас Ганболд гэх хүнийг оролцуулж, мэтгэлцээн дээр 2 талын тэгш эрхийн дагуу явагдсан... Мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтүүдийн зарим нь зөрүүтэй гарсан тул дахин дүгнэлт гаргуулж өгөөч гэсэн хүсэлтийг шүүгдэгчийн талаас гаргасан. Мөн хавтаст хэргийн хүрээнд дахин шинжээч томилж, 5 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар болсон. Тэгээд одоо ажиллаж байгаа, мэргэшсэн мэс заслын эмч нарыг оролцуулж дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзээд Эрүүл мэндийн яамны мэс заслын салбар зөвлөлийн гишүүн, Шастины 3 дугаар эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч, гавьяат эмч Н.Ганбаатар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4 шинжээчийг оролцуулж дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийг гаргасны дараа шүүгдэгчийн зүгээс удаа дараа 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсныг хүлээн аваагүй. Учир нь дахин шинжээч томилох шаардлагагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Шүүх хуралдаанд шинжээчээр Ганболд, Ганбаатар, Эрдэнэ гэсэн 3 хүнийг оролцуулсан. Эдгээр хүмүүсээс өөрсдийнх нь гаргасан шинжээчийн дүгнэлтийн утга агуулга, яригдаад байгаа элэгний цорго гэж юу вэ, суваг гэж юу вэ гэдгийг тайлбарлуулсан ба элэгний суваг гэдгийг улсын яллагч бичсэн нь буруу гэж яригдсан. Тийм учраас шүүхээс улсын яллагчийн элэгний сувгийг гэмтээж гэж бичсэн нь буруу байна, үүнийг шүүх хуралдаанаар засах боломжтой гэж үзсэн. Цөсний хүүдийг араас нь хуулж авахдаа 2 хавчаарыг цөсний хүүдийн сувагт тавьсан нь эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн ба өөрөөр хэлбэл цөсний хүүдийн цоргонд тавьсан хавчаарыг буруу тавьснаас хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна гэж үзсэн... Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хагалгааны дараах явц буюу эд эрхтэн гарсны дараа шинжилгээнд явуулж, үзээгүй байж эмчийн буруутай эсэхийг шүүж байгаа нь буруу” утга бүхий давж заалдах гомдол гаргасан байна. Хавтаст хэрэгт хагалгаанд орсон мэс заслын эмчийн өөрийнх нь мэс ажилбарын тэмдэглэлүүд дээр мэс засал хэзээ хийсэн, ямар шинж тэмдэгтэй байсан, хаана хэдэн хавчаар тавьсан зэргийг бичсэн байгаа... Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн гомдолд ямар стандартыг зөрчсөн бэ гэдэг асуудлыг өмгөөлөгч Б яриад байна. Энэ нь Монголын улсын МNS85665-1:2006 “Цөсний хүүдийн цочмог үрэвслийн оношилгоо эмчилгээ, стандарт” гэж байгаа. Тэгэхээр цөсний хүүдийн хагалгаатай ямар нэгэн хамаарал байхгүй. Нийтдээ  39.199.609 төгрөгийн хохирол яригдсан. Түүнээс Солонгос улс руу явуулсан гэх зардлаа хасаад нийт 23.000.000 гаруй төгрөгийг “Гранд мед” эмнэлгээс гаргуулах ёстой гэсэн... Х.Б-ийг цагаатгах үндэслэл байхгүй тул Д.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирлын хувьд үлдсэн 16.017.717 төгрөгийг Х.Б-с иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь хохирогчид нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Х.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байхад хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх ба эхний буюу 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 613 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Л.Г-ийн биед цөсний хүүдийг дурангийн мэс ажилбарааар авах үед элэгний сувгийг гэмтээсэн байна...” гэсэн бол хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1132 тоот дүгнэлтээр “...ШШҮХ-н шинжээчдийн болон АШУҮИС-н багш, зөвлөх С.Эрдэнэ нарын №613 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Эмч Х.Б нь Л.Г-ийн биед цөсний хүүдийг дурангаар авах мэс заслын үед цөсний ерөнхий сувагт хавчаар тавьснаас хүндрэл үүсчээ...” /хх 2-н 168/ гэжээ. 

Дээрх хоёр шинжээчийн дүгнэлтээс харахад Х.Б нь Л.Г-ийн цөсний хүүдийг дурангийн мэс ажилбараар авах үед “элэгний сувгийг гэмтээсэн” эсхүл “цөсний ерөнхий сувагт хавчаар тавьснаас хүндрэл үүссэн” аль нь болох, мөн Х.Б нь эмч ямар үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хохирогч Л.Г-ийн бие махбодид хүндэвтэр хохирол учирсан болохыг хангалттай нотолж тогтоогоогүй байна. 

Иймд шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Б-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн прокуророос Х.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх өөрчлөөгүй атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулан хууль хэрэглээний алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон тул шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч О.Б, хохирогч Л.Г-ийн өмгөөлөгч Д.Т, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй орхисныг дурдах нь зүйтэй.