Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/001082

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03133 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар магадлалтай,

Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Их сургуульд холбогдох,

Б/91 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9.339.600 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, түүний өмгөөлөгч Л.Баасан нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Д.О-, П.Одонтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, өмгөөлөгч Л.Баасан, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвд дэд профессорын албан тушаалд томилогдон ажилласан. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр намайг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессорын албан тушаалд, давхар гүйцэтгэх ажлаар Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол судалгааны төвийн дэд профессорын албан тушаалыг хавсран ажиллуулахаар болсон. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №17/01 тоот мэдэгдлээр япон хэлний багшийн орон тоог цөөрүүлж байгаа үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Иймд МУИС-ийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.О- намайг урьд эрхэлж ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9.339.600 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Их сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: Японы эрх зүйн боловсрол судалгааны төв нь Япон Улсын Нагояагийн их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль хоорондын 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн меморандумын дагуу байгуулагдсан. МУИС-ийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар батлагдсан Монгол Улсын Их Сургуульд профессор багш ажиллуулах журам-аар багшийн жилд гүйцэтгэх сургалт, эрдэм шинжилгээ бусад ажлын багц цагийг тогтоосон бөгөөд Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн ангид япон хэлний зөвхөн 1 багшийн багц цагийн ногдол байдаг.

Иймд Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны зүгээс Хууль зүйн сургуульд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6/2778 дугаар тоот албан бичгийг хүргүүлснээр МУИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 17/01 дугаартай мэдэгдэх хуудсыг Д.О-д хүргүүлсэн. Ийнхүү мэдэгдэл өгсөн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03133 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан МУИС-д холбогдох 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/91 тоот МУИС-ийн захирлын тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Монгол Улсын Их Сургууль нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, түүний өмгөөлөгч Л.Баасан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэргэд Японы Нагояагийн их сургуультай хамтарсан Японы эрх зүй боловсрол судалгааны төв байгуулах тухай МУИС-ийн ХЗС болон Нагояагийн их сургууль хооронд 2006 оны 7 дугаар сарын 1-нд меморандум байгуулсан. Меморандумын 2 дугаар заалтаар тус төвд Японы хэлний 1 багшийн цалинг МУИС-ийн ХЗС хариуцахаар болсон. Эл заалтыг МУИС-ийн ХЗС 2012 оноос эхлэн зөрчиж Япон хэлний 2 багшийг ажиллуулж байсан нь МУИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албанаас тогтоосон. Гэрээг мөрдөж ажиллахыг шаардсан албан бичгийг ХЗС-д Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга хүргүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан тодорхой ажиллагаанууд явагдсаны үндсэнд багш Д.О-ийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/91 дугаар тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Д.О- 2017 оны 1 дүгээр сард өгсөн мэдэгдлийг хүлээн аваад 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэл гаргасан энэ үед түүнийг ажлаас чөлөөлсөн МУИС-ийн Б/91 дугаар тушаал гараагүй байсан, нэхэмжлэлд Б/91 дугаар тушаалын тухай дурдаагүй байсан бөгөөд тэрээр 2017 оны 08 дугаар сарын 22-нд нэхэмжлэлдээ нэмэлт болгон бичгээр ирүүлсэн хүсэлтдээ МУИС-ийн захирлын Б/91 дугаар тушаалыг дурдсан байдаг. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 5-ны өдөр гаргасан магадлалаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулж, хуульд заасан журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх уг алдааг залруулахгүйгээр нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна гэж үзсэн. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудын хуулбар үнэн дарсан нь баримтыг үнэлэх боломжгүй байгаа тухай талууд маргаагүй болно. МУИС-ийн Хууль зүйн сургууль Д.Оююунгэрэлийг ажлаас чөлөөлсөн тушаалыг өөрийн байгууллагын архивын тэмдгээр баталгаажуулсан нь буруугүй болно. Д.О-д хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгсөн нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх үндэслэл биш тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд буй эрх зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэдэг зохицуулалтад хамаарахгүй нь тодорхой. Гэрээг цуцлах мэдээлэл авсан өдрөөс хойш Д.О- ажлаа орхин Япон улсад явсан. Нөгөө талаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр цуцалж 91 дугаар тушаал гарсан. Түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэлх хугацаанд ажлаа хийх эрх нь нээлттэй, тэрээр 2017 оны 3 дугаар сарын 3 өдөр хүртэлх бүх цалинг авсан, эрх зөрчигдсөн буюу Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй болно. Ийм нөхцөлд Д.О-ийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж шүүх дүгнэлт хийсэнд эргэлзэж гайхаж байна.

Иймд Д.О-ийн нэхэмжлэлтэй хэргийг хяналтын шатны шүүх хянасан нь хууль зөрчсөн байх тул 2018 оны 618 дугаар магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-т нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримт хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрийн шаардлага хангаагүй, энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д зааснаар хэргийн оролцогч бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй.

Хариуцагч шүүхэд гаргаж өгсөн зарим бичмэл нотлох баримтын хуулбарыг  өөрөө үнэн зөв гэж батлан ирүүлснийг анхан шатны шүүх хянаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрийн шаардлагыг хангуулах үүргээ биелүүлээгүй байна.

Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4. дэх зохицуулалт хэргийн зохигч талуудаас нотлох баримт гаргах явдалд хамаарахгүй болно.

 Давж заалдах шатны шүүхийн магадлал дурдсанаас гадна анхан шатны шүүх нэхэмжлэлийн “...захирлын 2017 оны 3 дугаар 3-ний өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох...” шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 618 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, өмгөөлөгч Л.Баасан нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ