| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0044/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/44 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/44
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000240029 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Хохирогч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр .... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ....... ажилтай, ам бүл..., ... хамт .......... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Б... овгийн ******* /РД:..../.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 43 минутын үед ......... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн “Д” баарны зааланд *******-ийн зүй бус харьцаанд дургүйцэж, улмаар пивоны бор өнгийн шилээр *******-ийн толгойн тус газарт нэг удаа цохисны улмаас түүний биеийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс ******* холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...20... оны ... дүгээр сарын ...-ний өглөө ажлаасаа буугаад 10 цагийн үед Д-д яваад очиход Б.С, Б.Т, Д.П, Б.Ж, Д.С, У.Б нар байсан. Тэд нар баарнаас архи худалдаж авч байсан. Би архи уудаггүй учраас 2 шил пиво уусан. Тоглож байхад Д.П согтчихоод Б.С маргаад та нарын үе дууссан, гараад үзэх үү гээд агсараад байсан. Ер нь Д.П тэнд байсан хүмүүс рүү агсараад пизда нар, банди нар минь гэх зэрэг хараалын үгийг хэлээд байсан. Өдрийн 14 цагийн үед бид нар ... 1 давхарт байрлах баар луу орж 1 шил архи, 2 шил пиво захиалаад сууж байхад Б.Т-ийн найз гэх зүс мэдэх залуу орж ирээд хамт суусан. Удалгүй бид нар гарч тамхи татаж байхад Доржпүрэв Б.Т-ийн найзын малгайг харчихаад “чи хужаа юм уу” гээд хүн доромжлоод байхаар нь би Д.П-ийг болиулсан юм. Тэгээд буцаж баар луу ороход Баттөрийн найз архи хундагалаад Д.П өгсөн бөгөөд Д.П архийг уучихаад хундагаа над руу сарвайж “хужаа минь би чамаар архи хундгалуулж уумаар байна” гэхээр нь би дуугүй байсан. Гэтэл дахин “хөөе хужаа, пизда минь, би чамаар сөн түшүүлмээр байна” гээд байхаар нь гэнэт уур хүрээд ширээн дээр байсан пивоны шилээр ******* толгойн тус газарт нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 108, 109-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 24-ний өглөө 9 цагт ажлаасаа буугаад Б, Д, Б, Б, У нарын хамт биллъярд тоглохоор ... ХХК-ийн биллъярд руу орсон. Тэнд тоглонгоо 1 шил архи уусан. Бид нарыг тоглож байхад ******* ирчихсэн байсан. Бид нар биллъярд тоглож байхдаа хэдэн шил архи уусан гэдгийг би сайн санахгүй байна. Би уусан архиндаа согтоод ухаанаа алдсан байсан. Нэг мэдэхэд би Доуны гадаа зогсож байсан ба манай эхнэр намайг ирж авч байсан. Ямар асуудлаас болж *******-д цохиулсанаа санахгүй байна. Хагалгаанд ороод 12 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтэж гараад дахиад 10 хоног дахин хувийн эмнэлэгт хэвтэж эм тариа хийлгэсэн. Шүүгдэгчийн зүгээс нийт 8 546 000 төгрөгийг өгсөн. 90 хоногийн акт дуусч байгаа, үргэлжлүүлээд ээлжийн амралтаа аваад үзүүлж харуулж байгаад ажилдаа орно. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 56, 57-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч ******* өгсөн “...20... оны .. дүгээр сарын ..-ний өдрийн үдээс хойш 15:20 цагийн орчимд манай нөхөр Д утсаар яриад ... баарны гадаа байна ирээд аваач гэхээр нь такси бариад очсон. Намайг очиход Д нь Б ахтай зогсож байсан бөгөөд миний толгой өвдөөд байна гээд байсан. Тэгээд гэртээ хариад байж байхад Д ухаан алдаад уначихсан. Мөн миний хэлж байгаа зүйлийг сонсохгүй байна гээд 2-3 удаа бөөлжисөн. Би яагаад байгаа талаар асуухад Д “намайг баарнаас гарахад миний толгой руу нэг хүн хүнд юмаар цохисон” гээд байсан. Би маргааш нь Д-ийг аваад Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт хэвтүүлж 20.. оны ... дүгээр сарын ...-ны орой тархины хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-р хуудас/
Гэрч ******* өгсөн “...20... оны ... дүгээр сарын ...-ний оройн ... цагийн үед ... дугаар байрны ... тоот хаягт дуудлагаар очиход хүнд зодуулсан гэх эрэгтэй хүн байсан ба биеийн байдлыг үзэхэд амин үзүүлэлт хэвийн, толгой их өвдөнө, бөөлжинө гэх зовиуртай, ил харагдах шарх гэмтэлгүй байсан. Толгойн оройн хэсэг хавдсан, архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байдалтай байсан. Өөрөө асуумж өгөх боломжгүй, эхнэр нь асуумж өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 63-р хуудас/
Гэрч ******* өгсөн “...Д надад хандаж “чи урд зүгийн хүн үү, урд зүгийн малгай өмсчихсөн байна” гээд байхаар нь би түүнийг согтуу байсан болохоор чимээгүй өнгөрсөн. Тэгээд бааранд архи тойруулаад байж байхад Д, А бид хоёрыг нүдний шил зүүсэн 2 хужаа гээд байсан. Тэгэж байгаад Д “хужаагаар сөн түшүүлнэ” гэж хэлээд уусан архиныхаа хундагыг А-д өгөөд зангаад байсан. Гэтэл А ширээн дээр байсан пивоны шилийг аваад Д-ийн толгойн тус газарт цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх-н 73-р хуудас/
Шинжээч эмчийн 1992 дугаартай “…*******-ийн биед гавлын баруун зулай, чамархайн ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун зулай хэсгийн тархины эдийн голомтлог цусархаг няцрал, цусан хурааг авах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархины эдийн цусархаг няцрал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 91-93-р хуудас/
“...” ХХК-ийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “... ******* хундагаа *******-д дахин чиглүүлж өгөх үед буюу 14 цаг 43 минут 57 секундэд ******* ширээн дээр байсан пивоны бор өнгийн шилийг баруун гартаа бариад суудал дээрээсээ босч ирээд *******-ийн зулайн баруун хэсэгт 1 удаа цохиод цохисон шилээ буцааж ширээн дээр тавьж суудал дээрээ суув...” гэсэн тэмдэглэл /хх-н 14-р хуудас/
*******-ийн ажил байдлын тодорхойлолт /хх-122 хуудас/, нийгмийн даатгалын тодорхойлолт /хх-116 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх хуудас /хх-н 113-118-р хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа /хх-н 113-117 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байгаа. Гарсан хохирлоос илүү хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн..“ гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 20... оны .. дүгээр сарын ...-ний өдрийн 14 цаг 43 минутын үед .... дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн “Д” баарны зааланд *******-ийн зүй бус харьцаанд нь буюу “хөөе хужаа, пизда минь, би чамаар сөн түшүүлмээр байна” гэж хэлсэнд дургүйцэж, улмаар пивоны бор өнгийн шилээр *******-ийн толгойн тус газарт нэг удаа цохисны улмаас түүний биед гавлын баруун зулай, чамархайн ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун зулай хэсгийн тархины эдийн голомтлог цусархаг няцрал, цусан хураа бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд мөн.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт пивоны шилээр цохисон үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүнд хохирол болох нь шинжээчийн “…Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэсэн 1992 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-ийн үйлдэл нь *******-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хохирогчоос эрүүл мэндийн хохиролд нийт 2.618.118 төгрөгийн баримт гарган нэхэмжилж хэрэгт /хх-н 18-24 хуудас/ баримтуудыг хавсаргажээ.
Шүүгдэгчээс 3.239.400 төгрөгийг эмчлүүлэх үед гаргасан /хх-н 40-45 хуудас/ мөн 5.357.200 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгсөн баримтууд шүүхэд ирүүлжээ
Хохирогч ******* “...хохиролд нийт 8.546.600 төгрөгийг авсан нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлжээ.
Мөн улсын яллагчаас “...Хохирогчид цаашид эмчилгээний зардал гарвал нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэжээ.
Иймд шүүгдэгчээс хохиролд нийт 8.546.600 төгрөгийг хохирогчид төлснийг дурдаж хохирогч цаашид гарах зардалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч ******* хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 / арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Хохирогчийн зүй бус харьцааны улмаас энэ байдал үүссэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд харагдаж байгаа. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй хувийн байдлын хувьд гэр бүлтэй, тогтмол орлоготой. Торгуулийг төлөх бүрэн чадвартай, хамт олон найз нөхдийн дунд нэр хүндтэй, монгол улсын нэр хүндийг гаргаж яваа тамирчин хүн. Цаашдаа эмчилгээ үйлчилгээ гарахыг үгүйсгэхгүй. Иймээс эрүүгийн хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж өгөөч. Ингэхдээ 10 000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгож мөн ялын хугацааг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдэж өгнө үү... “ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг, уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд хохирогчийн буруутай үйлдэл байгаа зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дэх заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн толгойг бор өнгөтэй пивоны шилээр нэг удаа цохиж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохиролд 8.546.600 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тогтмол ажил эрхэлдэг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтүүдийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /тодорхой ажил эрхлэн орлого олдог болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдсон/-ийг үндэслэн шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд буюу 2022 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн CD-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 / арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2022 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******-ээс гэм хорын хохиролд 8.546.600 төгрөг хохирогчид төлснийг дурдаж, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардалаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн CD-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧА.БЯМБАЖАВ