Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймагт 1989 онд төрсөн, 28 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт амьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 8-22 тоотод оршин албан ёсны хаягтай, одоо Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд түр оршин суух, Чойр хайрхан сүмбэр ХХК-ны дэлгүүрт худалдагч ажилтай, Боржигон овогт Одгэрэлийн Наранцэцэгийн /РД: ЕЙ89060305/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд суманд 1987 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 1,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, БОС-ын1-30 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Хондого Чойр овогт Баттайваны Батзолбоод /РД: ЕЮ87030918/ холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч О.Наранцэцэг, хариуцагч Б.Батзолбоо нар оролцов.                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Наранцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Батзолбоотой 2010 оны 08 сард танилцан хамт амьдарч 2011 оны 11 сарын 30-ны өдөр охин Б.Анударийг төрүүлсэн. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй боловч охиноо эцгээр нь овоглон гэрчилгээ авсан. Ингээд хамт амьдарч байх хугацаанд архи ууж, агсам тавьж, зодож, үндэслэлгүй зүйл зохиож ярьж хардаж дарамталдаг байсан учраас аргагүй эрхэнд 2014 оны 05 сараас эхлэн тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарсан цагаас хойш охин Анударь бид 2-ын дунд ээлжлэн, ирж очин амьдардаг байсан. Тэгээд Батзолбоотой уулзаж хүүхдээ өөр дээрээ авъя гэж ярихад доромжлоод салсан. Миний зүгээс Батзолбоог охинтойгоо уулзахад татгалзах зүйл байхгүй. Охин маань одоо ирэх жил сургуульд орох болохоор өөрийнхөө асрамжид албан ёсоор авч амьдармаар байна, тэгэхгүй бол  цэцэрлэгт явуулах боломжгүй байна. Охин Анударийг сүүлд нэхэмжлэл гаргахдаа Батзолбоогоос өөр дээрээ авсан. Шивээговь суманд цэцэрлэгт оруулсан. Миний хувьд хүнтэй суусан нь үнэн. 2016 оны 10 сараас эхлэн хамт амьдарсан. Дээд боловсролтой хүн байгаа, одоо  хүмүүсийн ухамсар өөрчлөгдсөн, шинэ хууль батлагдан гарч байна, охиныг минь хойд эцгийн хатуу ширүүн зан үзүүлнэ гэж бодохгүй байна. Батзолбоогийн хувьд ч гэсэн эхнэр, хүүхэдтэй болсон гэсэн. Охиноо асарч хамгаалах нь миний үүрэг учраас өөрийн асрамжид өсгөн хүмүүжүүлмээр байгаа тул охин Анударийг миний асрамжид үлдээж, Батзолбоогоос тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Батзолбоо шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Наранцэцэг нь хүнтэй суусан гэсэн. Би охиноо хойд эцгийн гар харуулмааргүй байна. Наранцэцэг өөрөө хойд эцэгтэй өссөн, хойд эцэг нь өөрийнхөө хүүхдийг төрсөний дараа 3 настайгаас нь зоддог байсан талаар ярьдаг байсан. Тэгэхээр тэр хүнийх нь хүүхэд төрөхөөр мөн адил ийм асуудал үүснэ. Мөн Анударийг миний зөвшөөрөлгүй цэцэрлэгт өгсөн байсан, надаас асууж болно шүү дээ. Мөн би хүүхдээ дэлгүүр хоршоо дагуулж явах, цэцэрлэгээс нь авах эрхтэй юм байгаа биз дээ, мөн хүүхдийг минь нэг удаа надтай уулзуулахгүй байсан. 2015 онд Сайншанд суманд очиж, гэр барьж, Наранцэцэгтэй хамт амьдрахаар очиж байсан, охин бид 2-ыг хаяад л явж байсан. Хамт амьдарч байхдаа ганц нэг удаа зодох цохих асуудал байх нь байсан, гэхдээ дандаа тийм зүйл болж байгаагүй. Охиноо Наранцэцэгт өгөхгүй гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  О.Наранцэцэг нь хариуцагч Б.Батзолбоод холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно. Үндэслэл нь:

Зохигчид нь 2010 оны 08 сараас хойш хамтран амьдарч, 2011 оны 11 сарын 30-ны өдөр охин Б.Анударийг төрүүлж, гэрлэлтээ батлуулаагүй хэдий боловч охин Б.Анударийг эцгээр нь овоглосон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, охин Б.Анударийн төрсөний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид нь 2010 оны 08 сараас эхлэн хамтын амьдралыг эхлүүлсэн байх ба тэдний хооронд энэ хугацаанд хувийн таарамжгүй харьцаа үүсч, улмаар хариуцагч Б.Батзолбоо нь архи дарс уух, нэхэмжлэгчийг зодох зэрэг явдал бий болж , дээрх хүчин зүйлийн улмаас 2014 оны 05 сараас эхлэн одоог хүртэл тус, тусдаа амьдарч, нэхэмжлэгч О.Наранцэцэг нь одоо бусадтай хамтын амьдрал зохиосон зэрэг нөхцөл байдал нь хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад тогтоогдож байна.

Хариуцагч Б.Батзолбоо нь нэхэмжлэгч О.Наранцэцэгийг бусадтай хамтын амьдралтай болсон, охин Анударийг хойд эцгийн гар харуулахгүй, эх О.Наранцэцэгийн асрамжид үлдээхгүй гэж маргаж байгаа болно.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “ Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж заасан хэдий боловч Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.7-т “ долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан байна.

Хэргийн материалд авагдсан охин Б.Анударийн төрсөний гэрчилгээний хуулбараас үзэхэд тэрээр 2011 оны 11 сарын 30-ны өдөр төрсөн, одоо 5 настай болох нь тогтоогдсон байх тул охин  Б.Анударийн саналыг авах боломжгүй байна.

Хүүхдийн  эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-т “ ...  шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж, түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т “ хүүхдийн насны байдал болон ахуй нөхцөл,  эцэг, эхийн халамж,  ёс суртахууны байдал ...зэргийг харгалзан эцэг, эхийн хэн нэгний асрамжид асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Иймд шүүх охин Б.Анударь насны хувьд бага насны ангилалд хамаарч байгаа, одоо ээжийн асрамжид хүмүүжиж байгаа, түүнчлэн ахуй нөхцөл, өсч торних орчин, түүнчлэн эх О.Наранцэцэг нь ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан охин Б.Анударийг эх О.Наранцэцэгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Нэгэнт охин Б.Анударийг эх О.Наранцэцэгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр эцэг Б.Батзолбоогоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Охины Б.Анударийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч энэ хэргийн зохигчид нь Хүүхдийн эрхийг тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан болон Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2011 оны 11 сарын 30-ны өдөр төрсөн охин Батзолбоогийн Анударийг эх О.Наранцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 11 сарын 30-ны өдөр төрсөн охин Батзолбоогийн Анударийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Батзолбоогоор /РД: ЕЮ87030918/ тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэг жил төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс хамаарч 28,209 төгрөгийг улсын орлого болгосугай.

5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    А.ЦЭРЭНХАНД