Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 0399

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

улсын яллагч Э.Намуун,

хохирогч Б.У-, иргэний нэхэмжлэгч Б.Б-нарын өмгөөлөгч Г.Энхболд /ШТЭД-2668/,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ШТЭД-0440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1908 05435 0094 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 33 нас, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,......................................................

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 00 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр тойргоос засварын буудлын замд “Хьюндай Верна” маркийн ..-.. УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас Х.Э-жолоочтой “Тоёота Приус” маркийн .... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б.У-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх7-12/, хохирогч Б.У-ын мэдүүлэг /хх23/, иргэний нэхэмжлэгч Б.Б-мэдүүлэг /хх41/, гэрч Х.Э-мэдүүлэг /хх68/, шүүгдэгч Д.Б-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх114-115/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12290 дугаартай дүгнэлт /хх92/, “Ашид Билгүүн” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх99/, тээврийн цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт /хх103-104/,

              Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс /давхцаагүй байдлаар/: хохирлын баримт /хх45-62/, Х.Э-биед шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн 12288 дугаар дүгнэлт /хх87/,  

              Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: шүүх хуралдаанд шинээр гаргаж өсгөн хохирол төлсөн болон шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний лавлагаа зэрэг 5 хуудас баримтыг  шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Д.Б-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, жолооч Д .Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 0,51 хувь гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх7-12/,

2. Хохирогч Б.У-ын “...Би Б- эзэмшлийн машин болох Т.Приус-11 маркийн машины урд талын суудал дээр суугаад Э- эгч машин бариадБ-ах жолоочийн арын суудал дээр сууж байсан. Нэг мэдэхэд өөдөөс машин орж ирээд сууж явсан машинтай мөргөлдөөд зогссон. Жолооч намайг эмнэлэгт байхад 600.000 төгрөг авчирч өгсөн. Жолоочид гомдолтой байна. Эмчилгээ хийлгэж байгаа учраас эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх23/,

3. Иргэний нэхэмжлэгч Б.Б-“...эхнэр Э-, дүү У- хамтаар “Тоёота Приус-11” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хамт найзындаа очхоод буцаад харьж явсан. Тэгтэл урсгал сөрөөд нэг Верна маркийн авто машин гарч ирж мөргөсөн. Тэр үед манай машиныг сүүлд суусан эхнэр болох Э- барьж явсан...одоо миний бие зүгээрээ. Үнэлгээ хийлгэсэн нилээн эвдрэлтэй байгаа. Нийт 2.684.000 төгрөг гарсан байгаа. Машинаа бүтэн болгож авмаар байна...” гэх мэдүүлэг /хх41/,

4. Гэрч Х.Э-“...нөхөрБ-нутгийн дүү У- хамтаар Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах Тойргоос Жанцан орох замд Верна маркийн машин урсгал сөрөөд өөдөөс ороод ирсэн. Тэр үед би тоормоз гишгээд зогссон. Тэгтэл нөгөө машин ирээд мөргөсөн... Одоогийн байдлаар эмчилгээ болон тээврийн үнэлгээгээр нийт 5 сая төгрөг гарсан байгаа. Жолооч тухайн үед 500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх68/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний  өдрийн 12290 дугаартай “...Б.У-ын биед хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний цоорол гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх91/,

            6. Тээврйн цагдаагийн албаны 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай “...Х.Верна маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Б- ньМонгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн...” гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт /хх103-104/

7. “Ашид Билгүүн” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний “авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 2.686.000 төгрөг...” тайлан /хх99/,

8. Шүүгдэгч Д.Б-ы яллагдагчаар өгсөн “...14 цаг өнгөрч байхад хамт ажиллаж байсан хоёр залуу 0.5 литрийн Хараа гаргаж ирээд уусан. Тэр үед би машинтай явж байгаа би уухгүй гэж хэлтэл зүгээрээ үдээс хойш архи чинь гарчихна болохгүй бол унтаж байгаад явчих гээд хэлсэн. Би 17 цаг өнгөрч байхад машиндаа орж унтаад сэртэл 23 цаг өнгөрч байсан. Тэгэхээр нь би босоод машинаа асаагаад явж байтал миний нүд өвдөөд байхаар нь парацитмол эм давхарлаж уугаад Сонгинохайрхан дүүргийн Жанцангаас завсрын буудал өнгөрч байтал нүднээс нулимс гоожоод байсан. Тэгтэл гэнэт гэрэл орж ирээд нэг мэдсэн чинь машинтай мөргөлдсөн байсан...” гэх мэдүүлэг /хх115-116/,

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 00 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хьюндай Верна” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Х.Э-жолоочтой Тоёота приус-11 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргажээ.

            Энэ нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.У-ын  “...Би Б- эзэмшлийн машин болох Т.Приус-11 маркийн машины урд талын суудал дээр суугаад Э- эгч машин бариадБ-ах жолоочийн арын суудал дээр сууж байсан. Нэг мэдэхэд өөдөөс машин орж ирээд сууж явсан машинтай мөргөлдөөд зогссон...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Б-“...эхнэр Э-, дүү У- хамтаар “Тоёота Приус-11” маркийн ...... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хамт найзындаа очоод буцаад харьж явсан. Тэгтэл урсгал сөрөөд нэг Верна маркийн машин гарч ирж мөргөсөн...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.          

            Мөн шүүгдэгч Д.Б- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь цагдаагийн дэслэгч Г.Далайжаргалын “согтуурал шалгахад 0.51 %-ийн согттолттой талаарх тэмдэглэл, гэрэл зургаар...” тогтоогджээ.           

            Зам тээврийн ослын шалтгаан нөцлийг тодорхойлох зорилгоор тусгай мэдлэгийн хүрээнд Тээврийн цагдаагийн газрын мөрдөгч шинжээчийн дүгнэлт байх бөгөөд тус дүгнэлтэд “Х.Верна маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна, Тоёота приус маркийн ..... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Э-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж  тодорхойлжээ.

            Шүүхээс шинжээчийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоон, шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнг үндэслэл бүхий дүгнэсэн нь байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

            Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг.

            Ослын улмаас тухайн үед автомашинд сууж байсан хохирогч Б.У-ын биед “...хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний цоорол...” бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний  өдрийн 12290  дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

            Мөн иргэний нэхэмжлэгч Б.Б-Тоёота приус-11 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 2.686.000 төгрөгийн хохирол учирсан болох нь үнэлгээний байгууллагын дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдлоо.

            Дээр дурдсанаар шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь осол гарах шалтгаан болсон буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр эсрэг урсгал сөрж Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчин эсрэг урсгалаар зорчиж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн осол гаргаж, хохирогч Б.У-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар согтуурсан, хүний эрүүл мэндэд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.У- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 246.660 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Д.Б- нь 600.000 төгрөгийг хохиролд хүлээлгэн өгсөн нь хохирогчийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт,  өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Мөн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул гэмт хэргийн улмаас  учирсан гэм хортой холбоотой буюу цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Б-эд хөрөнгөд 2.686.000 төгрөгний хохирол учиржээ.

Шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Б.Б-болон түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Х.Э-нарт нийтдээ 1.830.000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байна.

Х.Э-хувьд ослын улмаас эрүүл мэндийн хувьд гэмтлийн зэрэг бүхий хохирол учруураагүй энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн боловч 1.554.210 төгрөгний баримт гаргаж хэрэгт хавсаргуулжээ.

Тодруулбал, эрүүгийн 1908 05435 0094 дугаартай Д.Б-д холбогдох хэрэгт Х.Э-нь гэрчээр өгсөн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12288 дугаартай шинжээчийн “...Х.Э-биед цээжинд зулгаралт, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь Х.Э-эрүүл мэндэд учруулсан хохирлоо төлсөн, иргэний нэхэмжлэгчид хохирол төлөөгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь иргэний нэхэмжлэгч Б.Б-болон Х.Э-нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул  эд хөрөнгийн хохирол болон эмнэлэгт үзүүлсэн зардал төлсөн гэж үзнэ.

Тиймээс шүүгдэгчийн Б.Б-, Х.Э-нарт төлсөн 1.830.000 төгрөгнөөс 332.000 төгрөгийг Х.Э-д төлсөн гэж үзэх боломжтой байна. Учир нь түүний хувьд гэмтлийн зэрэг бүхий хохирол учраагүй боловч гэмтэл согог судлалын үндэсний төв, “Мэд Траума” эмнэлэгт толгойн томографик, бүсэлхий нурууны гэмтэл шалгуулсан баримтыг зайлшгүй гарах зардалд тооцох нь зүйтэй. Харин түүний хэрэгт хавсаргуулсан бусад зардлын хувьд хэрэгт хамааралгүй /шатахууны баримт/ баримт гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгчид 1.498.000 төгрөгний хохирол төлсөн, 1.188.000 төгрөгний үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад  зааснаар 1 хугацаагаар хорих ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

Хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэргийн хор уршигийг арилгуулах, хохирол төлүүлэх үүднээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хохирол төлөх үүрэг хүлээлгэх санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтэндээ шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, түүний холбогдсон гэмт хэргийн ангилалын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулимйн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч нь хохирогчид хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдлын хувьд 6 хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцүүлэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан хор уршгийг 6 сарын хугацаанд арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг, мөн “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэхээр шийдвэрлэлээ.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дэх заалтад заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-ыг “гэмт хэргийн хор уршгийг 6 сарын хугацаанд арилгах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-аас 1.188.000 /нэг сая, нэг зуун наян найман мянга/  төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Батбаярт олгуулж, хохирогч Б.У- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын талаар цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР