Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 0411

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

хохирогч П.Т-,

шүүгдэгч Б.Х-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х- холбогдох эрүүгийн 2008 01010 0368 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Долоон болдог” ХХК-д модон эдлэлийн мужаан ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ........................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

.... овогт ................. /РД:............./.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Х-нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ...................... хашаан дотор байрлах П.Т-ын гэрт ирээд “танайд ирэхээр юм алга болоод байдаг” гэж маргалдаж хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний биед зүүн шуу ясны далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт үүсгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч П.Т-ын мэдүүлэг /хх15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 2788 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх8-9/, Б.Х- яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх23-25/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх30/, ял  шалгах хуудас /хх36/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Б.Х-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч П.Т-ын “...2020 оны 02 дугаар сарын 16-ны орой 22 цаг өнгөрч байхад Х- Хархорин дээр байна ирээд аваач гэж согтуу залгахаар нь яваад очсон чинь хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт архи уусан, пабны хүмүүстэй маргалдсан байдалтай байсан. Х- явахгүй хэрүүл маргаан хийж байгаад 100.000 төгрөгөөр торгуулсан. Х-ыг гэртээ авчирч ор засаж байсан чинь “танайд ирэхээр юм алга болоод байдаг юм” гээд бид хоёр маргалдсан чинь миний нүүр рүү 2-3 гараараа цохиод бас түлээний модоор гар луу 1 удаа цохичихоод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх15/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 2788 дугаартай “...П.Т-ын биед зүүн шуу ясны далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх8-9/,

3. Шүүгдэгч Б.Х- яллагдагчаар өгсөн “...Т-ахын гэрт ирээд юм ярьж сууж байгаад танайд ирэхээр эд зүйл, “гар утас алга болоод байдаг шүү” “та хулгайлчихдаг юм биш үү” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаад би нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохиод түлээний савнаас түлээний модоор гар руу нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх23-25/,

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Х-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хэрэгт авагдсан баримт, талуудын мэдүүлгээс хохирогч, шүүгдэгч нар нь урьдны танилууд байх бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн үед шүүгдэгч Б.Х-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ..........................-ийн хашаанд байх хохирогч П.Т-ын гэрт очиж хонохоор түүнийг дуудаж, гэрт нь хамт очсон.

Улмаар хохирогчтой маргалдан түүний нүүрэнд гараар цохиж, түлээний модоор гарыг нь цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсанг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.Х- үйлдлийн улмаас хохирогч П.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 2788 дугаартай “...зүүн шуу ясны далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт ... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Х-нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдогж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Хохирогч П.Т- нь эмчилгээний зардалд баримтаар 147.625 төгрөг, ажилгүй байсан 156 цагийн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний хохирлын нэхэмжилжээ.

Хохирогчийн цалингийн тодорхойлолтод 192 цагийн цалинг 450.000 төгрөг гэсэн байх бөгөөд ажилгүй байсан 156 цагийн цалин нь 365.625 төгрөг болохоор байна.

            Шүүгдэгч Б.Х-нь хохирогчид 717.600 төгрөгний хохирол төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул хохирлыг нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

            Хохирогч П.Т- нь шүүх хуралдаанд гар гүйцэд эдгээгүй, хохирол нэхэмжлэх хүсэлтэй гэсэн байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

            Шүүгдэгч Б.Х- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан байдал, хүний хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдлыг харгалзан үзлээ.

Иймд шүүхээс улсын яллагч эрүүгийн хариуцлагын санал, дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Х- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Батхүүгийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х- 900 /есөн зуу/ нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч П.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР