Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 0441

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч Н.С-, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ШТЭД-2185, томилолтоор/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сүхчулуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05780 0236 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, карказны мужаан  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ..................... оршин суух, урьд

..................................

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.С- нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг .......................... тоотод оршин суух Б.О- эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 290.000 төгрөгний үнэтэй эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Б.О- мэдүүлэг /хх19/, гэрч С.Х-мэдүүлэг /хх26/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолт /хх36/, шүүгдэгч Н.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх45-46/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн явцад авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх5-9/, хохирогч Б.О-“эд зүйлийг буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй тухай” хүсэлт /хх97/,  шүүгдэгч Н.С-ын иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, урьд ял шийтгэл эдэлж байсныг нотлох шийтгэх тогтоолын хуулбарууд /хх52-82/, зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Н.С-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.О-“...Би Сонгинохайрхан дүүргийн ............... тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг юм. Манай нөхөр Б-хүүхэд бид гурав 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад найз С- гэртээ дуудсан юм. Тэгээд нөхөр бид гурав 05 литрийн хоёр шил “Хараа” архи хувааж ууцгаасан юм. Тэгээд маргааш нь манай найз С- шартаад байна гээд манай нөхөр Б- цуг гарсан. Удалгүй С- ганцаараа том пивоны талыг бариад ороод ирсэн. С- тэр том пивоо ууж байгаад бид 2 цуг гарсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хаалгыг эвдээд гэрт байсан ЛЖ загварын 32 инчийн телевизор алга болсон байсан... Өөр алдагдсан эд зүйлс байхгүй. Уг зурагтыг С- бусдад зарсан байснаа буцаан авч манайд хүлээлгэн өгсөн учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай гэрийн цоож нь эвдрээгүй байсан. Харин даруулга төмрийг далийлгаж байгаад хаалга онгойлгосон байсан. Тиймээс би цоожийг нэхэмжлэхгүй. Мөн даруулга төмрийг тэгшлээд хэрэглэж байгаа тул нэхэмжлэхгүй. ...Би гомдол саналгүй учир шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хх18-22/

2. Гэрч С.Х-“...Би Хархорин худалдааны төвийн хойд талд гадна ном зардаг. 2019 оны 11 сарын эхээр зүс таних залуу ирээд намайг зурагт авах уу гэхээр нь ямар телевизор юм бэ гэхэд 32 инчийн зурагт байна гэсэн. Харин тэр залууд хэдэн төгрөгөөр зарах юм гэхэд 100.000 төгрөгөөр зарна гэхээр нь “за юу гэж дээ 50.000 төгрөгөөр авбал” гэхэд жаахан байж байгаад “авбал ав” гэж хэлсэн. Би тэр залуугаас хулгайн зурагт юм биш биз дээ гэхэд “юу гэж хулгайн зурагт байх юм манайх зурагтаа сольсон юм” гэж хэлж байсан. Би тухайн үед өөрт  байсан 40.000 төгрөгөө өгөөд явуулсан. Дараа нь надаас 10.000 төгрөгөө нэмж авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх26/

3. “Мастер үнэлгээ” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19/143 дугаартай “Зурагт LG фирм 32 инч 2019 онд худалдаж авсан 290.000 төгрөг, ил цоож 8.000 төгрөг нийт 298.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт /хх36-37/,

          4. Хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь хэлтсийн төв байрнаас хойд зүгт 2500 метрийн зайд орших Сонгинохайрхан дүүргийн ......................... тоот төмөр хаалгатай хашаа байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх5-9/,

          5. Шүүгдэгч Н.С-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө босоод би Б-0,33 литрийн 1 шил архи уугаад Б- ажилдаа явсан тул би О-1 том пиво уусан юм. Тэгээд би нэлээн согтсон учир О-намайг гаргаж өгөөд автобусны буудал руу очоод тэндээсээ 2 тийшээ салсан юм. Тэгээд би буцаад Б-гийн гэрт очиход гэр нь цоожтой байхаар нь хаалгыг нь татсан чинь цоожны цүү нь мултараад цоожтойгоо гараад ирсэн юм. Тэгэхээр нь хаалганы хажууд нь цоож цүүг нь шидчихээд гэрт нь ороод хэсэг хугацаанд хэвтэж байгаад хүн ирэхгүй болохоор нь гэрийн хойд талд нь зурагтын тавиур дээр байсан зурагтыг нь аваад гарч явсан юм. Тэгээд би Хархорин зах дээр очоод Хархорин зах дээр ном зардаг эгчээс “авах уу” гэж асуусан чинь “50.000 төгрөгөөр авья” гэхээр нь уг хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн. Зурагтыг худалдаж авсан хүнд хулгайн зурагт гэж хэлээгүй манай зурагт гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх44-46/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Н.С-:

Шүүгдэгч Н.С-, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод байрлах хохирогч Б.О-гийнд, түүний нөхөр Л.Б-, шүүгдэгч Н.С- нар архи согтууруулах ундааны зүйл ууж хоносон.

Маргааш өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч Н.С- нь хохирогч Б.О-тай хамт гарсны дараа буцаж хохирогчийн гэрт очин цоожийг эвдлэн орж 32 инчийн зурагтыг авсан болох нь:  

хохирогчийн “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хаалгыг эвдээд гэрт байсан ЛЖ загварын 32 инчийн телевизор алга болсон байсан... ...зурагтыг С- бусдад зарсан байснаа буцаан авч манайд хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Х-“...32 инчийн зурагт ...100.000 төгрөгөөр зарна гэхээр нь “за юу гэж дээ 50.000 төгрөгөөр авбал” гэхэд, жаахан байж байгаад “авбал ав” гэж хэлсэн. Би тэр залуугаас хулгайн зурагт юм биш биз дээ гэхэд юу гэж хулгайн зурагт байх юм манайх зурагтаа сольсон юм...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна. 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар хохирогч Б.О- алдагдсан “LG” фирмийн 32 инчийн зурагтыг 290.000 төгрөг, хаалганы ил цоож 8.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хохирогч хаалганы цоож эвдлээгүй тул нэхэмжлэхгүй гэж мэдүүлэгтээ дурьдсан байх тул үнэлгээний тодорхойлолтонд тусгагдсан хаалганы цоожны 8.000 төгрөгийг хасаж тооцож,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 290.000 төгрөгөөр тогтоох нь зөв байна.  

Шүүгдэгч Н.С- нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсанаар хулгайлах гэмт хэргийн бүрдэл төгссөн, энэхүү гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Мөрдөн байцаалтын шатанд 32 инчийн LG фирмийн зурагтыг хохирогч Б.О-д биет байдлаар хүлээлгэн өгсөн талаар мэдүүлсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.С-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд: шүүгдэгчид Н.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Н.С- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Н.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.С- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.С-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.С-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
  6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР