| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0402/Э |
| Дугаар | 0445 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 0445
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч/хохирогч Г.Б-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /ШТЭД-1476/,
шүүгдэгч/хохирогч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-, Б.Б-нарт холбогдох эрүүгийн 2008 00000 0544 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “...........-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ....................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
...............................................
2. Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Хамаг Монгол хотхонд барилгын сантехникийн ажил хийж байгаа, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ...................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
.......................................
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б- нь 2020 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө ..........................орчимд Б.Б-хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Б.Б-харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд “хүзүүнд шарх, духанд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б-нь 2020 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө .............. орчимд Г.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Г.Б-тай харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүтэй далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Г.Б-ы мэдүүлэг /хх29-31/, хохирогч Б.Б- мэдүүлэг /хх20-21/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3997 дугаартай дүгнэлт /хх33-34/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3775 дугаартай дүгнэлт /хх39-40/, гэрч З.Ч-мэдүүлэг /хх46-47/, гэрч Р.Ч-мэдүүлэг /хх51-52/, Г.Б-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх94-95/, Б.Б-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх104-106/, шүүгдэгч Б.Б-иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх75, 76/, хаан банкны дипозит даснсны хуулга /хх81-82/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх83, 84-86/ судалсан.
Өмгөөлөгч Ч.Даваасүрэн: шүүгдэгч Г.Б-ы иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх57, 58/, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх56, 62/, хаан банкны депозит дансны хуулга /хх65-67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх68, 69-72/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Г.Б-, Б.Б-нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Г.Б-ы “...би Б-дээр очиход Б-миний дух хэсэгрүү гараараа цохисон юм. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун талын чамархай орчим хэсэгт нь гараараа 2 удаа цохисон юм...Ч-, Ч- нар бид хоёрыг салгасан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд салаад нөгөө талруу явж байх үедээ Б- чи эгчтэйгээ унтдаг, танай эгч чинь янхан эцэггүй хүүхэдтэй гээд хэл амаар доромжилсон юм. Тэгсэн Б-буцаж гүйж ирээд чи манай гэр бүлийг доромжиллоо гэж хэлээд баруун гараараа заамдаж барьж байгаад миний нүүр, зүүн нүд, хамар орчим зүүн гараараа 3-4 удаа цохихоор нь би цохиулсандаа шар хөдлөөд араас нь гүйж очоод ар нуруу хэсэг рүү нь жийгээд унагаасан юм...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх29-31/
2. Хохирогч Б.Б- “...Б- бид хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ цохиод авсан юм. Тэр үед манай найз болох Ч-, Ч- нар салгасан... танай эгч чинь янхан гэж хэлэхээр нь миний уур хүрээд нүүр, нүд хамар орчим нь гараараа 3-4 удаа цохисон юм. Тэгээд байж байтал Б- миний араас гүйж ирэж хөлөөрөө өшиглөсөн юм... мөн миний толгой хэсэгрүү гараараа 1-2 удаа цохисон...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх20-21/
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3997 дугаартай “... Г.Б-ы биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүтэй далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх33-34/
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3775 дугаартай “... Б.Б-биед хүзүүнд шарх, духанд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх39-40/
5. Гэрч З.Ч-“...Ч- бид хоёр Б-, Б-нар зодолдож магадгүй гэж санаа зовоод ардаас нь гарсан юм. Тэгсэн Б- Б-нар хоёр биенийгэ цохиод байсан...Б- Б- араас нь гүйж байгаад нэг удаа жийж унагаасан. Б-босч ирээд Б-ы нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон. Б- Б-нүүр рүү мөн 1-2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх46-47/
6. Гэрч Р.Ч-“...Тэр хоёр бие биенийгээ гараараа цохиод байхаар нь Ч- бид хоёр дундуур нь орж салгасан... Б- аваад барилга руу орох үед Б- гүйж ирээд Б- нурууруу 1 удаа жийсэн... тэгсэн Б-уурлаад Б-ы нүүр, хамар орчимд 1-2 удаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг /хх51-52/
7. Г.Б-ы мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаарх мэдүүлэг /хх94-95/
8. Б.Б-мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаарх мэдүүлэг /хх104-106/
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Б-, Б.Б-нар нь 2020 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .................... орчимд хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь дээр дурдсан шүүгдэгч нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, тухайн үед хамт байсан гэрч З.Ч-, Р.Ч- нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б-ы үйлдлийн улмаас хохирогч Б.Б-эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3775 дугаартай “...биед хүзүүнд шарх, духанд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр,
Шүүгдэгч Б.Б-үйлдлийн улмаас хохирогч Г.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3997 дугаартай “...зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүтэй далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, харилцан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Б-, Б.Б-нарын хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-, Б.Б-нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь тус тус 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч Г.Б-, Б.Б-нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Г.Б-, Б.Б-нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-, Б. Б-нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-, Б.Б-нарт тус тус 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Б- нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР