Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 113/ШШ2018/0011

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “Ж Ч Б Б Х”ХХК, “М а х” ХХК

Хариуцагч: Г, С

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар болон “Ш х” ЗБН-ийн хооронд байгуулсан гэрээг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, тендерийг дахин зарлуулах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч : “Ж Ч Б Б Х”ХХК, “М а х” ХХК хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, гуравдагч этгээд “Ш х” ЗБН-ийн захирал О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: : “Ж Ч Б Б Х”ХХК, “М а х” ХХК модон эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба орон нутагт энэ чиглээлээр хэрэгжиж буй төрийн худалдан авалт, тендерүүдэд хуулийн дагуу оролцохыг эрмэлздэг. Энэ хүрээндээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн тохижилт ажил”-ын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд оролцохоор Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Н.М, Засаг дарга П.А нараас тухайн тендерийн зарлагдах хугцааны талаар байнга лавладаг байсан. Гэтэл уг тендерийг харьцуулалтын аргаар цахим хэлбэрээр хүлээн авахаар 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт нээхээр зарласан байв. Ингэхдээ ТБОНӨБАҮХАТ хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-т заасан “…шаардлага хангасан гурваас доошгүй этгээдэд үнийн санал хүргүүлэхийг мэдэгдэх” гэсэн заалтыг зөрчиж, нэг ч этгээдэд мэдэгдээгүйгээс нэг ч тендерийн материал ирээгүй гэсэн шалтгаанаар шууд гэрээ байгуулах шийдвэр гаргасан.

            Хэдий харьцуулалтын арга амжилтгүй болсон ч энэ нь оролцогч нарт мэдээлэл хүрээгүйтэй холбоотой тул дахин харьцуулалтын аргаар зарлах боломжтой юм. Гэтэл бид дахин оролцохоор уулзсаар байхад шууд гэрээ байгуулах шийдвэр гаргаж байгаа нь хувийн ашиг сонирхол үүсэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

            Бид уг тендер зарлагдсаныг тухайн тендер нээх өдрийн өмнөх орой буюу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн орой Н.Мөнхбаттай тааралдаж мэдэж авсан ба өглөө нээлтэнд оролцохоор очтол Сүмбэр сумын Засаг дарга П.А “…тендерт материалаа ирүүлээгүй хүнийг тендерийн нээлтэнд оролцуулахгүй “ нь ТБОНӨБАҮХАТ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчсөн үйлдэл болсон.

            Түүнээс хойш тухайн тендерийг ямар хэлбэрээр зарлан хэрэгжүүлэх талаар асууж лавласаар шууд гэрээ байгуулахад материалаа ирүүлэх талаар мэдэгдэл хүлээн авсан. Үүний дагуу баримт бичгээ шаардлагын дагуу бүрдүүлэн үнийн саналаа 2 хувь үйлдэн битүүмжлэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагт хүргүүлтэл Н.М “ …хэтэрхий нүсэр материал бүрдүүлж, битүүмжиллээ” хэмээн шоолж хүлээн авсан.

            Шууд гэрээ байгуулахад үнийн саналаа ирүүлэх талаарх мэдэгдэл /хавсралт 5-ын 5 дугаар хуудас ТОӨЗ-ны 2.1-д /-дээ 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 –аг 30 минутанд нээнэ гэсэн боловч бас л нээлтэнд ороцуулаагүй. Шууд гэрээ байгуулах үнийн саналыг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хүлээн авахаар заасан бөгөөд бид тухайн цаг өнгөртөл хүлээсэн боловч хоёроос илүү оролцогч ирээгүй. Тухайлбал одоо гэрээ байгуулаад байгаа Шивээгийн хөгжил ЗБН-ийн үнийн санал ирээгүй. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шалгаруулалтын үр дүнг лавласан боловч хуралдаж шийдвэр гаргаагүй ба шийдвэр гарсан дариуд утсаар мэдэгдэнэ хэмээн буцаасан.

            Мэдэгдэл ирээгүй удсан тул 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гаргасан талаар тодруултал Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Хатантөмөр шийдвэр гарч, оролцогчоо сонгосон талаар танилцуулсан. Үүний дагуу өөрийн байгууллагад хамаарах мэдэгдлийг шаардтал Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын нарийн бичиг нь тун дурамжхан гаргаж өгсөн. Энэ нь  ТБОНӨБАҮХАТ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан оролцогч нарт мэдэгдлийг нэгэн зэрэг хүргэх заалтыг ноцтой зөрчсөн. Түүнээс гадна  ТБОНӨБАҮХАТ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасна мэдэгдэл хүргүүлснээс ажлын 5-аас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулна гэснийг зөрчиж гэрээ байгуулаад байна. Энэ нь аль ч аргын үед хамааралтай заалт.

             Гэрээ байгуулсан Шивээгийн хөгжил ЗБН нь жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байсан туршлагагүй, модон эдлэлийн тавилга тоног төхөөрөмжгүй, түүхий эд материал байхгүй, мужааны мэргэжилтэй ажилтангүй байгууллага юм. Энэ нь хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтыг зөрчиж байна. Мөн тус байгууллага нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн байдлаар материалаа ирүүлээгүй байсан. Эдгээр асуудлууд нь бидний зорилго үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, орон нутагтаа тэгш өрсөлдөх боломжийг хязгаарлаж, илт ашиг сонирхолын зөрчил үүсгэн гэрээ байгуулсанд гомдолтой байна.

            Иймд хууль зөрчиж байгуулсан тухайн гэрээг цуцалж, тендерийг дахин зарлуулж өгнө үү гэжээ.

             Хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга П.А, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Х нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Сүмбэр сумын 2018 оны Орон нутгийн хөгжил сангийн 36.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Ерөнхий боловсролын сургуулийн тохижилтын ажил /сандал, ширээ нийлүүлэх/ буюу бараа нийлүүлэхээр батлагдсан. Уг ажлын нийлүүлэгч сонгон шалгаруулахаар тус сумын Засаг даргын Тамгын газар нь 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй нийлүүлэгч сонгон үнэлгээний хороо байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. 

            “Ерөнхий боловсролын сургуулийн тохижилтын ажил /сандал, ширээ нийлүүлэх/” буюу бараа нийлүүлэх тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалтын онцгой журам болох харьцуулалтын аргаар 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Монгол улсад хэрэгжиж байгаа төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр, цахим хэлбэрээр зарласан мөн Сүмбэр сумын цахим хуудас болон мэдээллийн самбарт тендерийн урилгыг байршуулж ил тод, тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлж ажилласан.

            Уг тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-т заасны дагуу дараах “О х” ХХК, И с ХХК, Ш х ЗБН, гурван этгээдэд тендерийн урилгыг хүргүүлж ажилласан. Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авч, 10:30 минутанд тендерийг нээсэн. Уг тендерийн нээлтэнд үнэлгээний хорооны нарын бичгийн дарга Н.М, үнэлгээний хорооны гишүүн Б.Б, хөндлөнгийн төлөөллөөр “Мөнх авзага хайрхан” ХХК-ны төлөөлөгч н.Б, 3 дугаар багийн иргэн Б.С нар оролцож, тендерт нэг ч үнийн санал ирүүлээгүй талаар тендерийн нээлтийн нээлтийн тэмдэглэлд тусгаж гарын үсгээр баталгаажуулсан. Нийлүүлэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооноос төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг үндэслэн харьцуулалтын аргаар зарласан тендер амжилтгүй болж гэрээ шууд байгуулах захиалагч Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт дүгнэлтийг гаргаж ирүүлсэн.

            Үнэлгээний хорооноос ирсэн дүгнэлтийн дагуу захиалагч байгуулага болох Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээ шууд байгуулахын тулд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дахин орон нутгийн аж ахуй нэгж компанид гэрээ шууд байгуулах үнийн санал ирүүлэх урилга өгсөн. Үүнд:

  • “Жанжин Чойрын бөх бат хийц” ХХК
  • “Мөнх авзага хайрхан” ХХК
  • “Шивээгийн хөгжил” ЗБН

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж байгаа нөхцөлд үнийн санал авахдаа үнийн санлын нээлт хийж, үнийн саналын нээлтэнд оролцогчдыг оролцуулна гэсэн хуулийн заалт байхгүй тул сонгон шалгаруулахдаа үнийн саналын баримт бичгийн битүүмжилсэн байдлыг задлаж холбогдох баримт бичгийг хянаж үзээд, “Шаардлагад нийцсэн хамгийн бага үнийн санал” ирүүлсэн өмнө ижил төстэй бараа нийлүүлж байсан “Ш х” ЗБН-тэй гэрээ байгуулсан” гэжээ.

            Гуравдагч этгээд “Ш х” ЗБН-ийн захирал О.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...”О.Т миний бие Сүмбэр сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 36.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Ерөнхий боловсролын сургуулийн тохижилтын /сандал, ширээ нийлүүлэх/” буюу бараа нийлүүлэхээр батлагдсан ажлын нийлүүлэгч сонгон шалгаруулалтанд оролцоно уу гэсэн хүсэлтийг Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/259 тоот албан бичгээр ирүүлсэн.

               “Ерөнхий боловсролын сургуулийн тохижилтын /сандал, ширээ нийлүүлэх/” буюу бараа нийлүүлэх тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалтын онцгой журам болох харьцуулалтын аргаар 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Монгол цлсад хэрэгжиж байгаа Төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудас болон мэдээллийн самбарт тендерийн урилгийг байршуулж ил тод, тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлж ажилласан.

            Эхний зарласан тендерт Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан тул оролцож чадаагүй.

            Уг тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг хүртэл цахим хэлбэрээр авч, 10:30 минутанд тендерийг нээж, тендерт нэг ч үнийн санал ирүүлээгүй тул хүчингүй болсон талаар мэдэгдсэн. Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас Төрийн болон орон нутгийн өмгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээ шууд байгуулахаар болсон материалаа, үнийн саналтай ирүүл гэсэн. Үүний бүх материалыг бүрдүүлж, үнийн саналаа хамт хүргүүлсэн.

            2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 36.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Ерөнхий боловсролын сургуулийн тохижилтын /сандал, ширээ нийлүүлэх/” гэрээ шууд байгуулах үнийн саналд танай ирүүлсэн санал хамгийн сайн үнэлэгдсэн тул 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирж бараа нийлүүлэх гэрээ байгуулна уу” гэсэн албан бичиг ирсэн.

            Үүний дагуу Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Х, “Ш х” ЗБН-ийн захирал О.Т миний бие 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №ГСАССЗДТГ/201812001 дугаартай  “Ерөнхий боловсролын сургуулийн тохижилтын ажил” хийх тухай гэрээ байгуулсан.

            “Ш Х” ЗБН нь гэрээнд заасан ажлын шаардлагын дагуу сандал ширээнүүд хийгээд одоогийн байдлаар 30 хувьтай ажлын гүйцэтгэл хийгдээд явж байна.

            Миний хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу метриал бүрдүүлж өгсөн ба дээрх шууд гэрээ нь ямар нэгэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж холбогдох баримт бичгийг хянаж үзээд “Шаардлагад нийцсэн хамгийн бага үнийн санал” ирүүлсэн өмнө ижил төстэй бараа нийлүүлж байсан “Ш х” ЗБН-тэй гэрээ байгуулсан гэж  үзэж байна.

            Иймд “Жанжин : “Ж Ч Б Б Х”ХХК, “М а х” ХХК -ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.   

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч : “Ж Ч Б Б Х”ХХК, “М а х” ХХК-иуд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга болон тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулж “Г Т болон “Ш х” ЗБН нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн тохижилтын ажил /Багш, сурагч ширээ сандал нийлүүлэх/ гэрээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, мөн тендерийг дахин зарлуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч нар, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй Үнэлгээний хороог байгуулж, тус хороо нь Ерөнхий боловсролын сургуулийн тохижилтын ажил /Багш сурагч ширээ сандал нийлүүлэх/  тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн гуравдугаар бүлэгт заасан “Тендер шалгаруулалтын онцгой журам”-д хэрэглэдэг тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасан “харьцуулалт”-ын аргаар 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр, цахим хэлбэрээр зарлаж, мөн Сүмбэр сумын цахим хуудас болон мэдээллийн самбарт тендерийн урилгыг байршуулсан[1] байна.

Мөн уг тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-т “техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хангаж байгаа 3 болон түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэх” гэж заасны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/258, А/259, А/260 дугаар албан бичгүүдээр “О х” ХХК, “И с” ХХК, “Ш х” ЗБН нарт тендерийн урилгыг хүргүүлжээ.

 Уг тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг хүртэл цахим хэлбэрээр авч, 10:30 минутад нээхэд тендерт нэг ч үнийн санал ирээгүй тул харьцуулалтын аргаар хийсэн тендерийг амжилтгүй болсон гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “энэ хуулийн 30.4.3, 33.4-т заасан тохиолдолд”, 33 дугаар зүйлийн 33.4-т “Харьцуулалт амжилтгүй болсноос гэрээ байгуулах эрх олгоогүй бол шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэж болно” гэж заасны дагуу “гэрээ шууд байгуулах”-ыг зөвлөсөн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” Үнэлгээний хорооны дүгнэлт гарсан нь дээрх хуулийн заалтуудад заасантай нийцсэн байна.

Ингээд тус сумын Засаг даргын Тамгын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээ шууд байгуулахаар 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр : “Ж Ч Б Б Х”ХХК, “М а х” ХХК, “Ш х” ЗБН нарт “...гэрээ шууд байгуулах үнийн саналаа 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ирүүлнэ үү” гэсэн албан бичиг /урилга/ өгчээ. Үүний дагуу “Ж Ч б б х” ХХК 35,460.000 төгрөгийн үнийн санал, “М А х” ХХК 31,779.000 төгрөгийн үнийн санал, “Ш х” ЗБН 31,330.000 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасны дагуу үр ашигтай, хэмнэлттэй байх үүднээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Ш х” ЗБН-тэй гэрээ шууд байгуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Нэгэнт дээрх гэрээг хууль ёсоор байгуулагдсан гэж дүгнэж байгаа тул уг тендерийг дахин явуулах шаардлагагүй гэж үзлээ.

Иймд Говьсүмбэр аймгийн С Т болон “Ш х” ЗБН нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн тохижилтын ажил /Багш, сурагч ширээ сандал нийлүүлэх/ гэрээг хуулийн дагуу байгуулсан байх тул нэхэмжлэгч нарын гаргасан “Г Т  болон “Ш х” ЗБН нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн тохижилтын ажил /Багш, сурагч ширээ сандал нийлүүлэх/ гэрээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, мөн тендерийг дахин зарлуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 33 дугаар зүйлийн 33.4, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч : “Ж Ч Б Б Х”ХХК, “М а х” ХХК-иудын нэхэмжлэлтэй Г Т  холбогдуулан гаргасан “Г Т  болон “Ш х” ЗБН нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн тохижилтын ажил /Багш, сурагч ширээ сандал нийлүүлэх/ гэрээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, мөн тендерийг дахин зарлуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                         Б.МӨНХЗУЛ

 


[1] Хавтаст хэргийн 31, 34-36 дугаар талууд