Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 314

 

Х.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01445 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Батбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Энх-Өглөө” ХХК-д холбогдох

 

Дутуу олгосон цалин, хөлсний үлдэгдэл 7 696 903 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гүнтэвчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Батбаяр миний бие 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Энх-Өглөө” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж механик инженерээр ажилд орсон. Тус ажиллаж байсан жил бүрт хөдөлмөрийн гэрээ автоматаар сунгагдаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй хариуцсан ажлаа сайн хийж байсан. Үүнийг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Би өөрөө техникум төгссөн механик мэргэжилтэй. Миний тушаалыг гаргахдаа механик инженерээр гаргасан.

Миний бие өвдөөд би 11 дүгээр сард ажлаа орхиод эмнэлэгт хэвтсэн. 2016 оны цагаан cap буюу шинийн нэгнээс хойш нуруу татаад ажилдаа очоогүй орхиж явсан. Ажиллаж байх хугацаандаа 8 730 000 төгрөгийн цалин авсан. Энэ тал дээр маргахгүй. 2016 оны 01 дүгээр сард би 1 000 000 төгрөгийг авсан. Хариуцагчийн хэлээд байгаа 1 300 000 төгрөгийг аваагүй.

2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан хөдөлмөрийн хөлсний үлдэгдэл 7 696 903 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Батбаяр хамаатан садангийн хүрээгээр “Энх-Өглөө” ХХК-нд 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс механик албан тушаалд томилогдон сарын 700 000 төгрөгөөр цалинжуулахаар хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилд томилогдсон байдаг. Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба тэр гэрээ нь олдохгүй байна. Хөдөлмөрийн гэрээний нэг хувь нь ажилтанд байх ёстой.

Х.Батбаяр 2014 оны 11 дүгээр сард ажлаа хаяж явснаар 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 73/2014 захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Нэхэмжлэгч өөрөө дахин ажилд орох хүсэлт тавьснаар 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр захирлын 10/2015 тушаалаар туслах ажилтнаар ажилд авч сарын 500 000 төгрөгөөр цалинжуулсан.

Ажиллаж байх хугацаанд нь нэхэмжлэгчийг гэр бүлтэй цуг компанийн байранд үнэ төлбөргүй байлгаж зохих хоол хүнсээр хангаж, нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүйгээр төлж байсан. Бусад ажилтан нарыг бодвол компаниас тусламжийг их авч байсан байдаг.

Би тус компанид нягтлан бодогчоор ороод удаагүй байгаа. Гэхдээ энэ хүнийг ажлаа хаяад явсан ажилгүй байх хугацаанд ч нийгмийн даатгалыг тасралтгүй төлж, орон байр, хоол хүнсээр хангах зэрэг их л уян хатан хандаж байсан байхад харин ч баярлаж талархахын оронд ямар хүний үгэнд орж ийм үйлдэл хийгээд байгааг гайхаад байгаа. Нийтдээ 8 730 000 төгрөгийн цалин олгосон. Манай компанийн улирлын чанартай ажилладаг учраас санхүүжүүлэлт орж ирэхээр цалинг бөөн олгодог тохиолдол байдаг.

Х.Батбаяр нь 2016 оны цагаан сарын шинийн 2-ны өдрөөс ажлаа хаяад ор сураггүй алга болоод 02 дугаар сарын 01-ний өдрөөс 05/2016 захирлын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрхөгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 46 дугаар зүйлийн 46.1, 128 дугаар зүйлийн 128.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Батбаярын нэхэмжлэлтэй хариуцагч “Энх-Өглөө” ХХК-д холбогдох цалин хөлсний зөрүү 7 696 903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Батбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01445 дугаар шүүхийн шийдвэрийг аваад, эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Х.Батбаяр миний бие 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл “Энх-Өглөө” ХХК-д ажилласан. Тус хугацаанд ажиллахдаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй. Эрхэлсэн ажилдаа хоёргүй сэтгэлээр хандаж, чин үнэнчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд “Энх-Өглөө” ХХК нь цалинг бүтнээр нь нэг ч удаа өгч байгаагүй. Захирал Т.Халиуны нөхөр н.Баттогтох намайг ажиллаж байхад захирал байсан. Тэр хэлэхдээ “Та шилэн хоргонд мөнгөө хадгалуулж байна л гэж бод. Цалин мөнгийг чинь бөөгнүүлж байгаад нэг мөсөн өгнө. Ахиухан мөнгө нэг дор авбал танд ч бас амар биз дээ. Шинэ хашаа байшин авахад чинь нэмэр шүү дээ” гэж хэлэхэд нь миний бие захирлын үгэнд итгэж, урамшиж ажлаа чин сэтгэлээсээ хийж, амралт ч байхгүй зүтгэдэг байсан. Эцэстээ эрүүл мэнд минь муудаж, бие дийлэхээ байгаад арга буюу эмнэлэгт хэвтсэн.

Ингээд бие дийлэхээ байгаад ажлаасаа гарсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр “Энх-Өглөө” ХХК-иас ажлаас халж байсан, ажилд нь буцаан авч байсан тушаалуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Үүнд миний бие маш их гайхаж байна. Эдгээр тушаалуудыг надад тухайн үед нэг ч мэдэгдэж байгаагүй. Би ажлаа хийсээр л байсан. Яагаад ийм тушаалуудыг гаргаж байсныг би ойлгохгүй байна. Миний ажлаа хийж байсан нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар шимтгэл төлж байснаар нотлогдоно.

Хүний хөдөлмөрийг цаг наргүй, амралт ч байхгүй ажиллуулчихаад яаж ингэж хэлж байгааг би ойлгохгүй байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь судлан шинжлэхгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргаж, цалин мөнгөө өгдөггүй компанид ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 7 696 903 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Дутуу олгосон цалин, хөлсний үлдэгдэл 7 696 903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Энх-Өглөө” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Х.Батбаяр гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Энх-Өглөө” ХХК-д нэхэмжлэгч Х.Батбаяр нь 2014 оны 5 дугаар сарын 12-ний өдрийн тус компанийн захирлын 25/2014 тоот тушаалаар механик инженерийн үүрэгт ажилд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05/2016 тоот захирлын тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 7 696 903 төгрөгийг олгоогүй” гэж тайлбарлаж байх боловч шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэснийг зөрчжээ.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаас цалин, хөлсний дутууг авах талаар өргөдөл гаргаж байгаагүй ба 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс ажлаа орхиж явсан, ажлаас халсан тушаалыг мөн оны 02 дугаар сарын 16-ны өдөр авсан, хариуцагч компанийн захирлаас цалин, хөлсөө шаардаж 1 сар үүдийг нь сахисан гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарлаж байх бөгөөд Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацаа тасалдсан, түр зогссон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хэргийн 90, 94 дүгээр тал/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хоорондох маргааны зүйл болох ажилласан хугацааны цалин, хөлс, түүнийг шаардах эрхийн хугацааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгүүдийг хэрэглэлгүй, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 46 дугаар зүйлийн 46.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгүүдийг баримтласан нь буруу байх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар шүүхэд гаргасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэсний дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал шүүх нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэснийг тус тус залруулах боломжтой юм. Мөн нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа дээрх хуульд заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний төлсөн тэмдэгтийн хураамжийг мөн буцаан олгох нь зүйтэй болно.

Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                     

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01445 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Энх-Өглөө” ХХК-иас цалин, хөлс 7 696 903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Батбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Батбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар түүний 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 1165105733 тоот дансанд төлсөн 138 100 төгрөгийг буцаан олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 100 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ  

                       

                                                          ШҮҮГЧИД                            Т.ТУЯА     

                    

                                                                                          С.ЭНХТӨР