Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/001081

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02740 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 524 дүгээр магадлалтай,

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ф” ХХК, Э.Ц-т холбогдох,

Гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 40.801.000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 33.113.442 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 38.400.000 төгрөг, алданги 6.912.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Пүрэвхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Шинэ-эрдэнэ, өмгөөлөгч Н.Хишигзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Пүрэвхүү, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Ө” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 02 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Гэрэлт хотхоны 1 дүгээр давхрын 170 м.кв талбайг үсчин, гоо сайхны зориулалтаар түрээслэхээр “Ф” ХХК-ийн захирал Э.Ц-тэй тохиролцож, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 04/016 тоот Түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. Ингээд 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөг, түрээсийн гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 09-ны өдөр 20.801.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Бид түрээсийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 60 сарын хугацаагаар байгуулж, 1 м.кв талбайн түрээсийн үнийг 40.000 төгрөгөөр тооцож, төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс тооцож эхлэхээр тохиролцсон. Ийнхүү төлбөр тооцож эхлэх өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэгч нь түрээсийн байр руу орох нийтийн хэрэглээний дулаан, цахилгааны монтаж, халуун хүйтэн, бохир усны шугам, усны тоолуур, шалны халаалтыг цутгалтын хамт хийх, 2016 оны 6 дугаар сарын 01-ны өдөр гэхэд гадна зогсоолын талбайг ашиглалтад оруулах, түрээслэгч талыг үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай нөхцөл боломжоор хангах гэх мэт ажлуудыг хийхээр тохирсон. Гэвч гэрээ байгуулснаас хойш түрээслүүлэгч гэрээгээр тохиролцсон ажлуудаа хийгээгүйгээс манай компани  заслын ажлаа хийх боломжгүй болсон. Мөн түрээсэлсэн талбайн хэмжээ дутуу байсан тул 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний хавсралтыг байгуулан, талбайн хэмжээг багасган, түрээсийн төлбөр тооцож эхлэх хугацааг хойшлуулж, гадна тохижилт зэрэг ажлуудыг бүрэн хийж дуусгах, мөн түрээслүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслэгч тал дангаар гэрээг цуцлах эрхтэй байх, түрээслүүлэгч тал гарсан бүх зардлыг үл маргах журмаар бүрэн барагдуулах үүргийг хүлээсэн. Гэвч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд “Ф” ХХК-тай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04016 тоот Түрээсийн гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Гэрээний хавсралтаас татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 40.801.000 төгрөг, энэ хугацаанд манай компаниас гарсан зардал буюу гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол буюу  хөлслөн авсан талбайд салгаж авах боломжгүй засварын зардал 33.113.442 төгрөг, нийт 73.914.442 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ф” ХХК, Э.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “Ө” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 04/016 тоот Түрээсийн гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Гэрээний хавсралт /нэмэлт өөрчлөлт/-ийг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 1 давхрын 170 м.кв складны зориулалттай талбайг үсчин, гоо сайхны чиглэлээр түрээслэхээр харилцан тохирсон. “Ө” ХХК нь гэрээний дагуу 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нийт 40.801.000 төгрөгийг төлсөн бөгөөд үүний 6.800.000 төгрөг нь барьцаанд, 34.001.000 төгрөг нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 5 сарын түрээсийн төлбөрт тооцож шилжүүлсэн. “Ө” ХХК нь түрээсийн талбайг өөрсдөө цоожилж, уг түрээсийн талбайд хийж байсан засварын ажлыг зогсоож, бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “Ф” ХХК, Э.Ц- нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани гэрээний дагуу түрээсийн талбайг шилжүүлсэн учир төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 38.400.000 төгрөг, алданги 6.912.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Ө” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Уг түрээсийн гэрээ нь түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хэрэгжих боломжгүй болсон бөгөөд талбайг түрээсийн зориулалт буюу үсчин, гоо сайхны зориулалтаар ашиглах боломж гараагүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02740 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 233 дугаар зүйлийн 233.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ф ХХК-иас түрээсийн төлбөрт урьдчилан шилжүүлсэн 40.801.000 төгрөг, гэрээнээс татгалзсан 5.900.000 төгрөг, нийт 46.701.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27.213.440 төгрөгийг болон Э.Ц-т холбогдох гэрээнээс татгалзаж, гэрээнээс учирсан хохиролд 73.914.442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ф ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45.312.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ө ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 506.610 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 20.913 төгрөг, хариуцагч Ф ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 321.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 267.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 391.455 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 524 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02740 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Пүрэвхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.12-ны өдрийн 183/ШШ2017/02740 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018-02-23-ны өдрийн 524 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг тус шүүхэд гаргаж байна.

“Ө” ХХК-ийн “Ф” ХХК-д хүргүүлсэн 2016-05-13-ны өдрийн 9 дүгээр “Мэдэгдэл хүргэх нь” албан бичигт “...манай заслын ажилд саад учирч цаашид засал хийх нөхцөл бололцоогүй болсон. Иймд 3 хоногийн дотор дээвэр болон гадна тохижилт /Үүнд: гадна талбайн гар зураглал, авто зогсоол, шат зам гэх зэрэг/-ын ажлуудыг хийж өгөх асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс тус албан бичгийг нотлох баримтаар үнэлээгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан байдаг бөгөөд 2017-07-04-ны өдрийн шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн уг түрээсийн гэрээнээс татгалзаж байгаагаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Түрээслүүлэгч тал уг шүүх хурал дээр л түрээслэгчийг гэрээнээс татгалзаж байна гэж үзсэн. Иймд уг түрээсийн гэрээ байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байсан бөгөөд уг гэрээнээс татгалзах эсхүл цуцлах тухай мэдэгдлийг түрээслүүлэгч талд гаргаагүйг шүүх авч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Талууд уг гэрээний үүргийг 2016-06-01-ний өдөр хүлээлцэхээр харилцан тохиролцсон байсан бөгөөд түрээслэгч тал нь 2016-05-20-ны өдрөөс хойш түрээсийн талбайг цоожлоод ирээгүй бөгөөд уг түрээсийн талбайг ашиглаж үр шимээ хүртэх эрхээ эдлээгүй нь түрээслүүлэгч талын буруутай үйлдэл биш болохыг шүүхээс анхаарч үзээгүй. Түүнчлэн хариуцагчийн зүгээс хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох бичлэгийг шүүхэд гаргаж өгч уг нотлох баримтад үзлэг хийлгэн нотлох баримтаар хэрэгт авахуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.12-ны өдрийн 183/ШШ2017/02740 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018-02-23-ны өдрийн 524 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч “Ф” ХХК, Э.Ц- нарт холбогдуулан “...гэрээнээс татгалзаж, 73.914.442 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар түрээсийн төлбөр, алдангид 45.312.000 төгрөг шаардаж  сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 9, 2016 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр “Ф” ХХК нь Гэрэлт хотхоны 1 дүгээр давхрын 160 м.кв талбайг 60 сарын хугацаагаар үсчин, гоо сайхны зориулалтаар шилжүүлэх, нэхэмжлэгч эд хөрөнгө ашигласны хөлсийг 1 м.кв талбайг 40.000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохирч, улмаар урьдчилгаа төлбөрт 40.801.000 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Талууд түрээсийн гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний хавсралтыг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т заасан шаардлагыг хангажээ.

Гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хэн аль нь үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах,  гэрээнээс татгалзах эрхтэй. 

Түрээслүүлэгч “Ф” ХХК нь түрээсийн байрны нийтийн хэрэглээний дулаан, цахилгаан, усан хангамжийн шугам сүлжээний аюулгүй, бүрэн бүтэн байдал, хэвийн үйл ажиллагааг хариуцаж, улмаар дээврийн засвар, шалны халаалт, цутгалт хийж хүлээлгэн өгөх, мөн гадна зогсоолын талбайг ашиглалтад оруулахаар тохирсон боловч уг үүргээ биелүүлснээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.            

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч гэрээнд заасан зориулалтаар ашиглах эд хөрөнгийг шилжүүлээгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг түрээсийн төлбөрийн урьдчилгаанд төлсөн 40.801.000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 33.113.442 төгрөгөөр тодорхойлж нэхэмжилжээ.

Түрээслэгч үйл ажиллагаа явуулаагүй тул түрээслүүлэгч түрээсийн төлбөр шаардах эрхгүй болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн биелэлтийн талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэж, үндсэн нэхэмжлэлээс 46.701.000 төгрөгийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 318 дугаар зүйлийн 318.1.-г зөв тайлбарлан хэрэглэжээ. Харин  хариуцагч Э.Ц-т холбогдох шаардлагыг тодорхойлж чадаагүйг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй гэж үзнэ.

Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч “Ф” ХХК, Э.Ц- нарт холбогдуулан гаргасан байхад шүүх хариуцагч тус бүрт холбогдох шаардлага гэж үзэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 8-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээнээс татгалзах шаардлага гаргасан, шүүх уг нэхэмжлэлийг гардуулан өгсөн байх тул хариуцагчийн “...шүүх хуралдаан дээр шаардлагаа өөрчилсөн...” гэх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 524 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02740 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Э.Ц-т холбогдох гэрээнээс татгалзаж, гэрээнээс учирсан хохиролд 73.914.442 төгрөг гаргуулах тухай...” гэснийг “...Э.Ц-т холбогдох...”  гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Пүрэвхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 392.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ