| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0400/Э |
| Дугаар | 0446 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 0446
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч Г.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2003 00000 0143 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймаг Заамар суманд төрсөн, 29 нас, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн .................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
.................................
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 03 цаг 53 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ............ замд “Тоёота Приус” маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас Л.У-жолоочтой “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Л.У-эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх6-14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх15-16/, хохирогч Л.У-мэдүүлэг /хх19/, иргэний нэхэмжлэгч У.А-мэдүүлэг /хх23-24/, Г.Б-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх61/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3918 дугаартай дүгнэлт /хх39-40/, тээврийн цагдаагийн албаны 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 197 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх50-51/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх43-44/ зэрэг холбогдох баримтуудыг шинжлэн судлуулав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Г.Б- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх6-14/,
2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “шүүгдэгч Г.Б- 2.64 хувийн согтолттой” гэжээ. /хх15-16/,
3. Хохирогч Л.У-“..2020 оны 3 дугаар сарын 22-ны шөнө 03 цаг 22 минутын орчимд автомашинтайгаа зогсоод, таксинд явах хүн хүлээнгээ нуруугаа амраагаад автомашинд байж байтал гэнэт түс хийгээд автомашины зүүн хойд талаас автомашин ирж мөргөсөн. Миний автомашиныг мөргөсөн автомашины жолооч нь согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх19/,
4. Шүүгдэгч Г.Б-яллагдагчаар өгсөн “...Москва хорооллоос согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад Хархорины арын замд явган хүний гарцан дээр зогсож байсан автомашины араас мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх61/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3918 дугаартай “...Л.У-биед сээрний 7-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хуйханд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх39-40/,
6. Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 197 дугаартай техникийн шинжээчийн “...Т.Приус-30 маркийн ..... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Б-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн байна, Тоёота приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.У-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.8 пахь заалт “...дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно б/ явган хүний гарц, унадаг дугуйн замын огтлолцол дээр болон тэдгээрийн өмнө 5 м-ээс ойр зайд гэснийг зөрчсөн...” гэсэн дүгнэлт /хх50-51/,
7. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний “...шууд зардал 405.000 төгрөг, шууд бус зардал 1.560.000 төгрөг, солих эд анги 3.695.000 төгрөг нийт 5.660.000 төгрөг...” тайлан /хх43-44/,
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Б-нь гэм буруу, хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд,
- Шүүгдэгч Г.Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 03 цаг 53 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Цамба” төвийн урд замд “Тоёота Приус” маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хохирогч Л.У-жолоодож явсан “Тоёота Приус” ... /хохирогчийн эхнэр, иргэний нэхэмжлэгч У.А-эзэмшлийн/ улсын дугаартай тээврийн хэрэгсийг мөргөж зам тээврийн осол гаргажээ.
Энэ нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Л.У-“...автомашинтайгаа зогсоод, таксинд явах хүн хүлээнгээ нуруугаа амраагаад автомашинд байж байтал гэнэт түс хийгээд зүүн хойд талаас автомашин ирж мөргөсөн. Миний автомашиныг мөргөсөн автомашины жолооч нь согтуу байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Зам тээврийн ослын шалтгаан нөцлийг тодорхойлох зорилгоор тусгай мэдлэгийн хүрээнд Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн шинжээчийн дүгнэлтэд “Т.Приус-30 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Б-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэж тодорхойлжээ.
Шүүхээс шинжээчийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоон, шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнг үндэслэл бүхий дүгнэсэн гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Ослын улмаас тухайн үед хохирогч Л.У-биед “...сээрний 7-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хуйханд шарх, тархи доргилт...” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3918 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн иргэний нэхэмжлэгч У.А-Тоёота приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 5.660.000 төгрөгийн хохирол учирсан болох нь үнэлгээний байгууллагын дүгнэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдлоо.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг.
Шүүгдэгч Г.Б-нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь цагдаагийн ахмад С.Хонгорзулын нь “согтуурал шалгахад 2.64 %-ийн согттолттой талаарх тэмдэглэл, гэрэл зураг, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр” тогтоогдсон ба энэ нь зам тээврийн осол гарах шалтгаан болжээ.
Дээр дурдсанаар шүүгдэгч Г.Б-нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин осол гаргаж, хохирогч Л.У-эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Г.Б- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Л.У-эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчин хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгч Г.Б-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар“оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн В, С, СЕ, D ангиллын........... дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг “согтуурсан” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б- “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн В, С, СЕ, D ангиллын ......дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР