Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 5

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч C.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,

Хохирогч С.Ц,

Хохирогчийн өмгөөлөгч Х.Д

Нарийн бичгийн дарга С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт С-ийн Э-д холбогдох эрүүгийн 1924000890053 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.                  

                                 Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1*******,*******,*******,*******, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт З*******,******* оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, У овогт С-ийн Э.

                             Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч С.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 03 цагийн орчим З*******ийн нутагт 26-82 УБЦ улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тус багийн нутаг “Хүүш” нэртэй газарт нутаглаж байсан иргэн С.Ц-ын монгол гэрийн гаднаас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн гэрт унтаж байсан насанд хүрээгүй хохирогч Ц.А-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулж, Ц.С, Д.А нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.Ц “... 2019 оны 9 дүгээр сарын 13-ны шөнийн 03 цагийн орчимд манай гэрийг машин дайрсан. Намайг хоёр хүүхдээ ахындаа оруулж өгөөд буцаад ирэхэд нэг хүн машинаасаа гараад явж байсан. Тухайн үед машиных нь гэрэл нь асаалттай, хөгжим нь чанга дуугарч байсан, чулуу, модоо шидсэн гэж байна, тийм зүйл болоогүй. Хажууд нь гэрчүүд байсан. Миний хувьд сэтгэл санааны хямрал маш их байна, юм их мартдаг болсон, нэг охин маань гэмтэл авсан, цаашид хүүхдээ эмчлэх хэрэгтэй байна. А одоо доглондуу явж байгаа. Би өөрөө мэргэжил, мэдлэг байхгүй, миний хань л үр хүүхдүүдийнхээ болон ар гэр бүлийнхээ бүх асуудлыг зохицуулж, амьдралаа авч явдаг байсан. Одоо манай хоёр хүүхэд хичээлээсээ их хоцорч байна. Гэр орон, хань ижил, үр хүүхдийг минь дайрч, голомтоор нь самарсан. Амгалан тайван амьдарч байсан гэр бүлийг маань байхгүй болгож, хүүхдүүдийн маань нүдэн дээр ээжийг нь, дүүг нь алсан. Миний амьдрал байхгүй болсон. Гэр орон, хань ижил ч байхгүй, одоо ахынхаа гэрийг бариад хүүхдүүдтэйгээ амьдарч байна. Би маш их гомдолтой байна. Хохирлын тухайд 80,315,635 төгрөг нэхэмжилсэн. Өмнө нь 6,900,000 төгрөг өгсөн байсан сая эхний шүүх хуралдааны дараа 14.790.000 төгрөг өгсөн байгаа. Улсын яллагчийн зүгээс санал болгож байгаа 4 жилийн хорих ялыг зөвшөөрөхгүй, 8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Энэ гэмт хэргийн улмаас манай гэр бүлд учирсан хохирол, хор уршиг маш их байна...”  гэж мэдүүлжээ.

Харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, мэдүүлэг өгөөгүй бөгөөд гэм буруугийн болон хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд хэлсэн эцсийн үгэндээ “... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Ах дүү шахуу хүмүүс байсан. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлж оногдуулж өгөхийг хүсэж байна. ..” гэв.

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:

 Хохирогч С.Ц-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд манай гэр бүлийнхэн гэртээ унтаж амарсан. Тухайн үед би С нэртэй хүүхдээ өвөртлөөд гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Манай талийгаач эхнэр А, бага хүү С-ыг өвөртлөөд гэрийн зүүн талын орон дээр толгойгоо дээш нь харуулж хэвтээд, том охин А ээжийнхээ хөлд толгойгоо доош нь харуулаад унтахаар хэвтсэн. Унтаж байтал нойрон дунд гэнэт түр тархийх чимээ гарсан. Намайг босоод харахад миний унтаж байсан орны хөл орчимд нэг машин зогсчихсон, тухайн машины гэрэл асаалттай, хөгжим нь дуугарч байсан. Тэр үед гэрийн зүүн талын орон дээр ээжийнхээ хөлд унтаж байсан охин А орилоод гүйгээд ирэхээр нь би С, А нарыг хөтлөөд хамт нутаглаж байсан ах Х-ын гэр рүү гүйсэн. Намайг хоёр хүүхдээ нүцгэн хөтлөөд гэрээсээ гараад гүйх үед манай гэр рүү орж ирсэн байсан машины доороос ялгах боломжгүй хүний бөглүү дуу гарсан. Би эргээд очих гэснээ хоёр хүүхдээ айчих байх гээд шууд Х-н ахын гэрийн гадаа очоод гэрийн хаалгыг нүдэж онгойлгоод “...болохоо байлаа...” гэж  хэлээд эргээд гэрийнхээ зүг явсан. Намайг гэр рүү дөхөж явахад нэг хүн явж харагдсан. Би тэр хүнийг эхнэрээ явж байна гэж харсан. Гэтэл хар өнгийн малгайтай, ноосон цамцтай, өндөр нуруутай, хар царайтай******* хүн “би хүн алчихлаа” гэж хэлээд явж байснаа газар суучихсан. Тэгээд сумын төвөөс эмнэлэг, цагдаагийн хүмүүс ирээд хэргийн газрыг хамгаалтанд авсан. Түүнээс хойш намайг ойртуулаагүй. Би анх гэрийнхээ гадаа очоод машиныг данхраадаад өргөж үзье гэж хэлтэл Х ах “... болохгүй, цагдаагийн хүмүүс ирсний дараа хөдөлгөхгүй бол болохгүй...” гэж хэлээд ойртуулаагүй. Эмнэлэгийн хүмүүс ирээд миний эхнэрийг судсыг барьж үзээд “нас барсан” байна, найдваргүй гэж хэлсэн. Тэр үед намайг Х ахын гэрт оруулсан. Намайг ахын гэрт байж байгаад гарч ирэхэд манай гэр рүү орсон байсан машиныг хойш нь ухраагаад чирч гаргасан, манай талийгаач эхнэр, хүүхэд хоёрыг эмнэлэгийн машинд оруулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101 хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Ц.А-ийн мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн  үед  гэртээ өөрийн ээж Д.А, дүү Ц.С нарын хамт зүүн талын намхан пүрштэй жижиг орон дээрээ унтсан юм. Тэр шөнө миний цоорхой шүд өвдөөд тэгээд ээж дүү хоёрынхоо хөлд нь ороод унтаад өгсөн юм. Тэгээд унтаж байтал гэнэт дуу чимээ гараад би сэрсэн юм. Тэгсэн манай гэрийг автомашин дайраад гэр дотор нэг сааралдуу өнгөтэй жижиг суудлын автомашин ороод ирчихсэн урд талын гэрэл нь асчихсан, автомашин дотор хөгжим чанга дугараад байж байсан юм. Тэгсэн манай баруун талын орон дээр унтаж байсан манай аав С.Ц дүү бид хоёрыг Х ахынд хүргэж өгсөн. Тэгээд аав, Х ах, О эгч гурав гэрээс гарч яваад би дүүтэйгээ тэдний гэрт үлдэж байсан. Би маш их айсан, Тэр шөнө манай гэрийг автомашин шөнийн 03 цагийн үед дайрсан юм. Миний баруун талын сүүжний хэсэг их өвдсөн, гуя, шилбэний хэсэг хөхөрсөн. Одоо явган алхаж явахаар баруун талын сүүжний хэсэг, баруун талын хөлний шилбэ өвддөг, хөлөө эмчид үзүүлмээр байна, миний хувьд гомдолтой байна. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-106 хуудас/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчимд Э ахтай хашааны үүдэн дээр таараад Э ах нэгж авна гэхээр нь дэлгүүр орсон. Тэндээс гараад Хийморийн 8-5 тоот хашааны үүдэн дээр Э ахын приус 20 маркийн 28-62 УБЦ улсын дугаартай саарал өнгийн машинд сууж байгаад 1 шил архи хувааж уусан, би уг архийг Э ахтай уулзахаас өмнө гэрээсээ аваад Э ахын машинд хийчихсэн байсан юм. Би Э ахын машиныг 2019 оны 09  дүгээр сарын 12-13-ны өдрөөс хойш унаж жолоодож байсан юм. Тэндээс би машиныг жолоодоод Ирээдүйн 16-11 тоот хашаанд байх манай ээжийнд очиж монгол архи ууж байтал Э ах хөдөө Б ахынд очъё гээд бид 2 Хуягтын амны голын мод руу явсан. Б ахынд ороход 1 шил архи гаргаж ирээд тэрийг нь Э ах бид хоёр ууж байгаад эндээ хоноё гээд би Б ахын хоймор хэвтээд унтсан. Тэрнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Нэг мэдэхэд намайг цагдаа дуудаад Э ахын машины арын суудлаас гаргаж ирсэн. Сэрээд харсан чинь Э ахын машинаар айлын гэр дайрчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-109 хуудас/

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн: “...Манайх Их-Уул сумын Үржил байгийн нутаг Бага Ёлын ам гэх газарт намаржиж байгаа юм. Тэгсэн 2019 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 03 цагийн орчимд манай гэрт С.Э, Д.Б нар архи уучихсан согтуу орж ирсэн юм. Тухайн үед С.Э манайд орж ирэхдээ 10 литрийн пидонтой монгол архи барьчихсан орж ирээд намайг архи уу гэхээр нь би өглөө ажилтай гээд тэр архинаас нь уугаагүй юм. Тэгсэн С.Э чи тэгвэл надад цагаан архи өг гэхээр нь би авдар дотроос шилний тал архи гаргаж өгтөл С.Э намайг тэр архинаас уу, чамайг уухгүй бол би уухгүй гээд байсан. Тухайн үед  манай гэрийн хойморт Д.Б согтоод унтаад өгсөн байсан. Тэгсэн С.Э сумын төв орно гээд Д.Б-ийг татсан чинь босохгүй унтаад байхаар нь би С.Э -ыг наад Д.Б чинь босохгүй байна чи манайд унтаач гэсэн юм. Тэгсэн С.Э өөрөө Д.Б-г манайхаас хүчээр босгоод татаж өргөөд гаргах үед Д.Б-н куртикны кармаанаас машины түлхүүр унасан юм. Тэгсэн тэр түлхүүрийг С.Э аваад Д.Б-г машины арын хаалгаар хүчээр оруулж суулгасан. Харин би тэр үед нөгөө 10 литр бедонтой монгол архи, нөгөө тал шил архи хоёрыг Э-г машинд нь оруулж тавьсан юм. Тэгээд манай гэрийн гаднаас С.Э машинаа жолоодоод сумын төвийн чигт явсан. Тэгээд би гэртээ буцаж ороод унтаад удаагүй байж байтал манайд сумын хэсгийн төлөөлөгч ирээд С.Э, Д.Б нарыг манайхаар ирсэн үү гээд асууж ирсэн юм. Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгчийн машинд суугаад доошоогоо явтал манайхны доохон талд Хүүшийн ам гэх газарт очтол Ц-н гэрийн араас С.Э машинаараа дайрчихсан гэр нь нураад эвгүй болчихсон байсан. Тэгсэн Ц-н эхнэр хүүхэд хоёр нь С.Э-ын машинд дайрагдаад нас барчихсан байсан юм. Өнгөрсөн шөнө С.Э, Д.Б нар манайд гэрт айхтар удаагүй 20 орчим минут болоод явцгаасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112 хуудас/

Гэрч С.Х-ын мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн: “... Манайх уг хэрэг гарах үед дүү Ц-тай хамт З*******ийн нутаг Хүүш нэртэй газарт нутаглаж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн орчимд манай дүү Ц манай гэрийн хаалгыг нүдээд “...үүдээ тайлаарай, манай гэрийг машин мөргөөд болохоо байлаа...” гэж дуудсан. Манай эхнэр босоод хаалга онгойлгоход Ц хоёр хүүхдээ хөтөлчихсөн гурвуулаа нүцгэн зогсож байсан. Би гэрээс гараад Ц-ын гэрийн орчимд очиход машин Ц-ын гэрийн зүүн хойд талаас мөргөөд гэрийнхэн баруун урд хэсэгт дотор талд нь ороод зогссон байдалтай, орон гэрийг нь хөмрөөд тавьчихсан байсан. Тэр үед Ц-ын гэрийг мөргөсөн машинаас нэг залуу гарч ирсэн. Түүнийг хартал Энхтулга зогсож байсан. Би Э-аас “... чи хэнтэй явж байгаа юм бэ...” гэж асуутал Э ганцаараа явж байгаа...” гэж  хэлсэн. Би 03 цаг 17 минут орчимд цагдаад дуудлага өгөхөд цагдаа ирсэн. Цагдаа ирэхээс өмнө Ц талийгаач эхнэр, хүүхдийнхээ нэрийг хэлээд алга болчихлоо гээд байхаар нь би гэр байсан газар болон машин зогсож байгаа газруудаар харахад хүн байгаа гэж мэдэгдээгүй. Хэсгийн төлөөлөгч ирээд гар чийдэн тусгаж 26-82 УБЦ улсын дугаартай приус загварын тээврийн хэрэгсэл доогуур хараад энд “...хүн байна...” гэж хэлсэн. Тэгээд харахад Ц-ын талийгаач эхнэрийн толгой бяц үсэрчихсэн харагдсан. Хүүхэд бол тухайн үед харагдаагүй. Харин дараа нь тухайн машиныг модоор хөшүүрэгдэж өргөөд ээжийг нь гаргаж ирсний дараа түүний доороос гарч ирсэн. Тухайн үед 26-82 УБЦ улсын дугаартай приус загварын тээврийн хэрэгсэл Ц-ын гэрийн зүүн хойд талаас мөргөж гэрийн дотор талд орж ирэхдээ гэрийн зүүн талын орон дээр унтаж байсан талийгаач ээж, хүү хоёрыг зуухтай хамт доороо хийгээд зуухан дээр байсан тогоо дугуйруу орж гацаад зогсоосон бололтой байсан. Цагдаа нар ирээд харахад 26-82 УБЦ улсын дугаартай приус загварын тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр нэг хүн архи уугаад тасарчихсан унтаж байсан, сэрээх гээд машины цонхыг гадна талаас нь нүдээд сэрэхгүй, хаалгаа түгжчихсэн байсан. Цагдаа нар ноцолдож байгаад хаалгыг онгойлгоход дотроос нь танихгүй согтуу залуу гарч ирсэн. Мөн машины кабин дотор 10 литр монгол архи, мөн архины хоосон шил гарч ирсэн. Талийгаач ээж хүүг машин доороос гаргаж ирэхэд нас барсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113-114 хуудас/

Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтын шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 03 цагийн орчимд З*******ийн нутаг Хүүш нэртэй газарт нутаглаж байсан Ц-ын гэрийн гадна хэсгээс 26-82 УБЦ улсын дугаартай приус загварын тээврийн хэрэгсэл мөргөж 2 хүний амь насыг хохироосон тухай дуудлага ирсэн. Гэмт хэрэг хэргийн дуудлагыг авмагц хэсгийн төлөөлөгчийн хамт 03 цаг 30 минутын орчимд  тухайн газарт очиж хэргийн газрын хамгаалалт авч ажилласан. Намайг тухайн газарт очиход машинд мөргүүлсэн гэрийн  хаалга байгалийн зүгээр урд зүг рүү харсан байрлалтай. 26-82 УБЦ улсын дугаартай приус загварын тээврийн хэрэгсэл тухайн гэрийн зүүн хойд гадна хэсгээс гэрийн дотогш мөргөж цөмөрч орсон. Жолооч гэх Э нэртэй залуу гэрийн зүүн хойд хэсэгт 10 гаран метрийн зайтай газарт явган суусан байдалтай. Гэрийн эзэн гэх Ц нэртэй залууг Х нэртэй хүн сугадсан байдалтай, Ц уйлчихсан “ би одоо яах юм бэ, ямар аймар юм бэ,  би яаж амьдрах юм бэ...” гэсэн үгсийг хэлсэн, ихэд сандарсан, уйлсан байдалтай харагдсан. Хэсгийн төлөөлөгчийн хамт тус тээврийн хэрэгслийн доогуур гар чийдэн тусгаж амьд хүн байгаа эсэхийг шалгахад эмэгтэй хүний хөл уг тээврийн хэрэгслийн зүүн талын  доод хэсгээс цухуйж байсан. Намайг уг эмэгтэй хүний хөлнөөс татаж үзэхэд хөдлөхгүй, хөлийн хэсгийн биеийн температур бүлээн байсан. Тэгээд уг тээврийн хэрэгслийн баруун талаар нь тойрч доогуур нь гар чийдэн тусгаж харахад эмэгтэй хүний толгой хэсэг цусаар их хэмжээгээр бохирлогдсон, хэн болох нь танигдахгүй, бяцарсан байдалтай харагдсан. Тэр үед гэрийн эзэн Ц бидэнд “...Манай 2 настай хүүхэд байгаа...” гэж хэлсэн. Үүний дагуу уг тээврийн хэрэгслийн доод хэсэгт нүдэнд харагдах боломжтой бүхий л хэсгээр хүүхэд байгаа эсэхийг шалгаж үзэхэд хүүхэд, хүүхдийн хэсэг гэх зүйл харагдаагүй. 26-82 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгож харахад уг тээврийн хэрэгслийн дотор хэсэгт арын суудал дээр хүн хэвтэж байсан. Татаж босгоод тээврийн хэрэгслээс буулгахад тухайн хүн согтуу байдалтай байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан 2 иргэнээс цагдаагийн дэслэгч С.М согтуурал тандах багажаар согтолтыг шалгасан. Дээрхи ажиллагааг хийж дууссаны дараа хэргийн газрыг хамгаалалтанд авч бүрэлдэхүүн ирэхийг хүлээсэн. Бүрэлдэхүүн ирээд 26-82 УБЦ улсын дугаартай приус загварын тээврийн хэрэгслийг жолоочийн талын доод хэсгээс урт модоор хөшүүрэгдэж өргөж хөндийрүүлээд доод талд нь байсан цогцсыг гаргаж ирэхэд хүүхэд ээжийнхээ доороос гарч ирсэн. Эмэгтэй хүний зүүн гар тохойн үеэр тэнийж нүүрний хэсэг доошоо харсан байрлалтай хэвтсэн, хүүхэд ээжийнхээ зүүн гарын суга орчимд биеийн доод хэсгээс гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113 хуудас/,

Гэрч С.М-ын мөрдөн байцаалтын шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутагт зам тээврийн осол гаргасны улмаас 2 хүний амь нас хохирсон дуудлага, мэдээлэл ирсэн. Үүний дагуу тухайн газарт очиход хохирогчийн гэрийн байгалын зүгээр зүүн талаас приус 20 маркийн 26-82 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан. Анх хүүхэд хаана байгаа нь харагдаагүй. Би тус тээврийн хэрэгслийг жолоодсон гэх Э, Д.Б нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад Э 2,61 хувь, Б 2,01 хувийн согтолтын зэрэгтэй байсан. Тухайн үед би дээрх нэр бүхий хүмүүсийн согтолтыг шалгасан тухай үйл явдлыг өөрийн гар утсан дээр дуу, дүрсний бичлэгээр давхар бэхжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116 хуудас/

Гэрч Х.Р-гийн мөрдөн байцаалтын шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайхыг Их-Уул сумын Үржил багийн нутаг Цагаан сайрын дээд дэнж гэх газарт байхад  2019 оны 09 дүгээр сарын 12-ны шөнийн 24 цаг өнгөрч байхад Д.Б, С.Э нар ирсэн. Тухайн үед ирэхдээ хоёулаа архи уучихсан манайд орж ирсэн. 10 литрийн бедонтой монгол архи барьчихсан ирээд надад архи хийж өгөхөөр нь би уугаагүй юм. Тэгээд тэр хоёр манайд айхтар удаагүй 30 орчим минут болоод явсан. Гэрээсээ гарч хараагүй учир ямар машинтай ирснийг мэдээгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 118 хуудас,/

Гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх тухайн өдөр Их-Уул сумын Үржил багийн нутаг Цагаан сайрын доод дэнж гэдэг газар өөрийн төрөл садан болох Л, Х нарынхтай хамт айл намаржиж байсан. Б, Э нар 2019 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 24 цагийн үед намайг гэртээ унтаж байхад манайд орж ирээд надтай уулзаж юм ярьж байгаад манайхаас явсан. Тэр хоёр хоёулаа архи уучихсан согтуу явсан. Тухайн үед Д.Б, С.Э нар дунд зэргийн согтолттой, өөрийн ухаантай байсан юм. Тэр хоёр манайд ойролцоогоор 20-30 минут болоод явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 119 хуудас/ 

Мөн шинжээчийн дүгнэлтүүд болон дүгнэлттэйгээ холбогдуулан өгсөн шинжээчийн мэдүүлэг:

 

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 000000045 дугаартай: “... нас барагч Ц.С-ын цогцост цээжинд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн  байх боломжтой гэмтлүүд байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нас барагч Ц.С-ын цогцсонд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Нас барагч Ц.С нь амьсгалын зам ходоодны агууламж бөглөрснөөс үүссэн механик амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /128-130 хуудас/

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 000000046 дугаартай: “...Нас барагч Д.А-ын цогцост гавал тархины ил гэмтэл, тархины эдийн няцрал, гавал суурь яс, хамар ясны бяцарч няцарсан хугарал, зүүн нүдний доод хэсгийн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь машинд толгой хэсгээрээ дайрагдах үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Зүүн нүдний доорх шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь шууд үхэлд хүргэсэн тул гэмтэл тогтоох боломжгүй. Нас барагч Д.Ам-ын цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Нас барагч Д.А нь гавал тархины ил гэмтэл, тархины эдийн  няцрал, гавал суурь яс, хамар ясны бяцарч няцарсан хугарал гэмтлийн улмаас нас баржээ...» гэсэн шинжээчийн дүгнэлт /135-136 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11929 дугаартай: Ц.А-ий биед баруун талд умдаг ясны доод салааны зөрөөгүй хугарал, баруун ташаанд нөсөө, хоёр өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Умдаг ясны доод салааны зөрөөгүй хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...» гэсэн дүгнэлт /хх-ийн 144-145 хуудас/

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 000000085 дугаартай: “... шинжилгээнд хүргүүлж ирсэн иргэн С.Э-ын биеэс авсан гэх цус шинжилгээнд тэнцэж байна. Иргэн С. Э-ын биеэс авсан гэх цуснаас спиртийн агууламж илэрч байна. 2.8 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 151-152 хуудас/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5184 дугаартай: «...Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius маркийн 26-82 УБЦ улсын дугаартай, NHW 20-7069252 арлын дугаартай автомашин нь эвдрэл гэмтэлтэй тул бүрэн бүтэн байдал хангахгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius маркийн 26-82 УБЦ улсын дугаартай автомашины эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гаргахад нөлөөлөхгүй. Шинжилгээнд ирүүлсэн автомашины авцуулах холбооны систем, гишгүүрийн дөрөө, хурдны хайрцаг, тоормосны систем эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллаж байна. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius маркийн 26-82 УБЦ улсын дугаартай автомашины эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius маркийн 26-82 УБЦ улсын дугаартай автомашины гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гарах шалтгаан болохгүй. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius маркийн 26-82  УБЦ улсын дугаартай автомашины баруун толь хугарсан, урд бамбай хагарч цуурсан, шил арчигч байхгүй болсон зэрэг эвдрэл гэмтэл нь осолд орсоны улмаас үүссэн байх үндэслэлтэй. Хөдөлгөөний болон техникийн аюулгүй байдлыг үүднээс эвдэрсэн эд ангийг засварлаж улсын автотехникийн үзлэгээр орж тэнцсэн бол цаашид ашиглаж болно. Шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэх дүгнэлт /175-176 хуудас/

Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тэс сум дахь сум дундын  цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад, эрх зүйч, нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй, нягтлан бодогчоор 2 жил ажилласан туршлагатай гэх Б.А-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  “...93 төрлийн эд зүйлийг нэг бүрчлэн үнэлж, нийт 8,346, 900 төгрөгийн үнэлгээ гаргасан...”  үнэлгээний магадлагаа / хх-ийн 191-195 хуудас/

МУИС-ын Завхан дахь Эдийн засгийн коллежийг эдийн засагч мэргэжлээр төгссөн Б.А-гийн 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай дипломын хуулбар,

Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Ж шинжээчийн“... 26-82 улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д Тухайн ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг, мөн замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн...” гэсэн дүгнэлт /хх-ийн 167 хуудас,

Шинжээч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан өгсөн: “... 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг болон зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хаамаарна гэж тодорхойлолт өгсөн байдаг бол Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “...тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө явган хүний зам, тусгаарлах зурвас...”-ыг зам гэж үзнэ. Шороон замаас гарч замгүй газраар явж байгааг замын хөдөлгөөнд оролцсон гэж үзнэ. Учир нь амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлдэг. Замын хөдөлгөөний дүрмийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.15 дахь хэсэгт “...замын хөдөлгөөн гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ...” гэж заасан байна. Нийтийн хэрэгцээний зам гэдэг нь тухайн хэрэг учрал болсон гэх газар, орон нутгийн нийтийн эзэмшлийн талбай буюу малын бэлчээрийг ойлгодог...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 169 хуудас/

Бусад нотлох баримтууд:

Д овогт Д-ийн А нь  2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан, Б овогт Ц-ын С нь /ИЗ17321815/ 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан болохыг тус тус бүртгэсэн нас барсны гэрчилгээний хуулбарууд,

Б овогт С-ын Ц, Д овогт Д-ийн А нар нь 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсныг бүртгэж олгосон, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, лавлагаа,

Тоёото приус маркийн  2682 УБЦ улсын дугааартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн  хариуцлагын  албан журмын даатгалын гэрээ,

С-ын Ц-ын 070085 дугаартай тэтгэмжийн дэвтрийн хуулбар, 0343981 дугаартай тэтгэврийн дэвтрийн хуулбар, түүний амбулториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр,

У овогт С-ийн Э-ын иргэний үнэмлэхний лавлагаа, мөн түүний Е1819289 дуртай гадаад паспортын хуулбар,

Завхан аймгийн  Их-Уул сумын Үржил багийн засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар “... С-ийн Э нь ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, тус багийн харъяат малчин өрх болохыг тодорхойлов..” гэсэн тодорхойлолт,

У овогт С-ийн Э нь “... урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаартай “... Иргэн У овогт С-ийн Э-ын нэр дээр Их уул сумын Баян-Ухаа тэх 15-4 тоотод ү0905000236 дугаартай хувийн сууц зориулалттай 64 м2 үл хөдлөх 2 хүний өмчлөлөөр бүртгэлтэй байна...” гэсэн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа,

Хас банкны Тосонцэнгэл тооцооны төвийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 40/527 дугаартай “... С-ийн Э нь Хас банкинд ямар нэгэн дансны мэдээлэлгүй...” гэсэн тодорхойлолт,

ХААН банкны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19/90 дугаартай “...С-ийн Э нь тус банкинд харилцах данстай..., энэ өдрийн байдлаар 8.006.34 төгрөгийн үлдэгдэлтэй...” гэсэн тодорхойлолт, дансны хуулга,

Төрийн банкны Тосонцэнгэл тооцооны төвийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 37-13/079 дугаартай “...С-ийн Э нь манай банкинд данстай, дансандаа үлдэгдэлгүй, өр зээлгүй...” гэсэн тодорхойлолт, дансны хуулга,

Хохирол төлсөн талаарх: Төрийн банкны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Э-с С.Ц-т 5.000.000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “ Э-с С.Ц-т 1.500.000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Э-с С.Ц-т 200,000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Э-с С.Ц-т 200.000 төгрөг шилжүүлсэн, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Э-аас С.Ц-т 14,790,000 төгрөг шилжүүлсэн  орлогын мэдүүлгүүд,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн: хохирогч С.Ц-аас ирүүлсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлох 11 хуудас бүхий материалд тусгагдсан 16,645,135 төгрөг зардлын жагсаалт, / хх-ийн 46-47 хуудас/

Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шалгах ажиллагааны явцад өгсөн: “...26-82 УБЦ дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото приус 20 маркийн автомашин бол миний нэр дээр бүртгэлтэй байгаа боловч эзэмшигч нь С-ийн Э гээд манай хадам ах юм. Э ах 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Да хүрээ захаас мөнгө төгрөгөө төлөөд эзэмшиж ашиглаж байгаа юм . Машины эзэн нь бол С-ийн Э гэдэг хүн мөн...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 13 хуудас/

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн план зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд болно.

Мөн Шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд:

З*******ийн засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 256 дугаартай:”...С-ийн Э нь  ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг тус багийн харъяат малчин өрх болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 237 хуудас/

 

Гэрч Д.Т-ын мөрдөн байцаалтын шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай Э хүнийхээ тухайд их хүн чанартай, хүний мөс сайтай, хүний төлөө гэсэн хүн байдаг. Би найзалж нөхөрлөөд 10 гаран жил болж байна. С.Э-ын тухайд архийг хааяа уудаг боловч их төлөв тохитой уудаг. Хүнтэй маргалдаж муудалцаж байхыг хараагүй. Үг дуу цөөтэй, олон таван аашгүй сайн хүн. С.Э дунд зэргийн амьдралтай, эхнэр нь Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа. Хүүхэд нь Их-Уул суманд Э-ын ээж дээр байдаг. Э-ын тухайд одоогийн байдлаар тогтсон ажилгүй, хувиараа барилгын ажил, мужааны ажил хийгээд явдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Э-ыг 2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн орчимд З*******ийн нутагт 26-82 УБЦ улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тус багийн нутаг “Хүүш” нэртэй газарт нутаглаж байсан иргэн С.Ц-ын монгол гэрийн гаднаас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн гэрт унтаж байсан насанд хүрээгүй хохирогч Ц.А-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулж, Ц.С, Д.А нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой  дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хүнд зэргийн согтолттой байхдаа 26-82 УБЦ улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, 2019 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд З*******ийн нутагт “Хүүш” нэртэй газарт нутаглаж байсан иргэн С.Ц-ын монгол гэрийг баруун талаас нь мөргөж,

гэрийн баруун талын орон дээр унтаж байсан хохирогч Ц.А-г дайрч түүний биед умдаг ясны доод салааны зөрөөгүй хугарал, баруун ташаанд нөсөө, хоёр өвдөг, баруун шилбэнд цус хуралт зэрэг хүндэвтэр гэмтэл учруулсан,

мөн гэрийн баруун талын орон дээр унтаж байсан Д.А, Ц.С нарыг дайрч Д.А-ын биед гавал тархины ил гэмтэл, тархины эдийн няцрал, гавал суурь яс, хамар ясны бяцарч няцарсан хугарал гэмтэл учруулж амь насыг нь хохироосон,

 Ц.С-ын биед цээжинд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл учруулан, түүний бие хүнд зүйлээр дарагдсны улмаас амьсгалын зам ходоодны агууламжийн бөглөрснөөс үүссэн механик амьсгал бүтэлтэд орж амь нас нь хохирсон үйл баримт тогтоогдлоо. 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Шүүгдэгч С.Э нь биелүүлэх ёстой үүргээ зөрчиж буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол үйлдэгдэж, Ц.А-ийн биед хүндэвтэр, Ц.С, Д.А нарын амь насыг хохироосон болох нь хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай  нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ. 

Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эрх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон тэднээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байна.

Мөн хэрэгт хувийн сонирхолгүй, хамааралгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид шинжилгээ хийж дүгнэлт гаргасан, дүгнэлтүүдээ тодруулсан тэдний мэдүүлгүүд болон дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан хэрэгт ач холбогдолтой шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв нотлох баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй, хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлэж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Иймд шүүгдэгч С.Энхтулга нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас Ц.А-ийн биед хүндэвтэр, Ц.С, Д.А нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн түүнчлэн шүүгдэгч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би Б рүү залгаад ахынхаа машиныг аваад ирээрэй гэж хэлсэн чинь удаа ч үгүй ирчихлээ гээд залгасан. Тэгээд гараад ирсэн чинь ахаа танд өгч байгаа юм  гээд 0,5 литрийн хэмжээтэй архи гаргаж ирж өгөхөөр нь манай хашааны үүднээс хөдлөөд Сүмийн хойд талын гудамжинд зогсож байгаад нөгөө шил архиа гурвуулаа хувааж уусан. Тэгээд Гийг гэрт нь хүргэж өгчихөөд Б бид хоёр Ц эгчийнд очсон. Тэгсэн Б надад монгол архи аяганд хийж өгөхөөр архинаас нь амсчихаад хөдөө явах гэтэл  Б гэрээсээ 10 литрийн бедонтой монгол архи гаргаж ирж машинд тавиад миний машиныг бариад бид хоёр Хуягт руу Б-д очихоор явсан. Тэгээд явж байхдаа эхлээд Б ахынхаар ороод дараа нь С ахынд орж 10 литр архинаас 1,2 удаа С ахтай хамт аяганд хийж ууссаны дараа С ахыг ах нь унтлаа гэхлээр нь тэндээс гараад Р ахынд нөгөө 10 литр бедонтой архиа барьж ороод Р ахад өгсөн чинь ахынх бие тааруу байна гээд уугаагүй, тэндээс гараад Г-д ороод юм яриад сууж байтал Г 0.75 литртэй Соёрхол архины шилэнд хийсэн монгол архи гаргаж өгөхөөр нь ганц хоёр уучихаад тэндээсээ гараад Б-д очсон. Б бид хоёрт хар шилтэй 0.5 литртэй архи гаргаж өгсөн тэрийг тойруулаад сууж байсан чинь Б унтчихаар нь одоо явъя гээд Б-г өргөж босгоод машины арын суудал дээр суулгаад би өөрөө машинаа унаад сумын төв рүү явсан. Тэгээд нэг мэдсэн чинь түр тар гээд л машин зогссон тэгээд буугаад ирсэн чинь айл мөргөчихсөн байсан, машинаас буусан чинь гэр дайрчихлаа, хүн алчихлаа гэж хүн орилоод байхлаар нь нөгөө гэрээс нь чанга хойшоо яваад 20 орчим метр зайд очоод нүдээ аниад толгойгоо дараад л суучихсан. Тэгсэн хүмүүс над руу мод чулуу шидээд л байх шиг байсан. Мөн эмнэлэг, цагдаа дуудаач гээд орилоод л байсан. Би ч буруу хэрэг хийлээ гэж айгаад толгойгоо тэврээд л суугаад байсан...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна.

Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Энхтулгад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан  мансуурсан  байдалтай байсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “... шинжилгээнд хүргүүлж ирсэн С.Энхтулгын биеэс савлан авсан цусанд спиртийн агууламж илэрч байна. 2.8 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй буюу согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсноор бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг  ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, санаатай үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.

Мөн дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлж шүүгдэгч нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж хүний халдашгүй дархан байх, амьд явах жам ёсны эрхийг хөндсөн гэж үзэхээр байна. 

 Гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан хугацаагаар завсарлага авч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан, нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж шүүх дүгнэсэн 14.790.000 төгрөгийн бодит хохирлыг шүүгдэгч бүрэн төлж, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болсон байна.

Эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “....Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…” -аар хуульчилсан байх тул шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэн хамгийн доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна...” гэсэн санал гаргасан байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон прокурорын зүгээс мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэн 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хүнд  оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” тухай заасан ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсноор бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах боломжтойг ухамсарлаж, мэдэх бүрэн боломжтой байсан атлаа согтуугаар бусдын гэр бүлээрээ амьдарч байсан гэр, сууцыг мөргөж, дайрч, нураасан, улмаар бага насны хүүхдүүд болон гэр бүлийн гишүүдийнх өмнө бусдыг дайрч, гэмтэл учруулсан, амь насыг нь хохироосон байдал гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлөөгүй байгаа зэрэг нь хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжгүй гэж үзэж өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн аваагүй болно. 

Иймд шүүх эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Э-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэл санааны болон эд бусын гэм хор хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн талаар:

 

            Хохирогч, түүний өмгөөлөгч нар нь оршуулгын зардалд 20.750.135 төгрөг, гэр буюу эд хөрөнгийн хохирол 8.346.900 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг, өмгөөлөгчийн өмгөөлөлийн хөлсөнд 660.000 төгрөг, өмгөөлөгчийн ирсэн явсан унааны зардалд 85.600 төгрөг,  гэм хор учруулсны төлбөрт 493.600 төгрөг нийт 80,336,235 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 6.900.000 төгрөгийг хохирогчид төлсөн учраас хасаж тооцон нийт анхан шатны шүүх хуралдааны явцад 73.436,235 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шаардлага хангасан дараах зардлуудыг шүүгдэгч С.Э-аас гаргуулж,  хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  1. 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш оршуулахтай холбогдуулан худалдан авсан эд зүйл, шатахууны бусад зардалууд буюу хавтаст хэргийн 1 дүгээр хх-ийн 50-71, 74-78-р хуудас, 2 хх-ийн 51-р хуудас, 2020.02.02-ны өдөр шүүхэд ирүүлсэн 1 хуудас баримтаар нотлогдсон 12.478.100 төгрөгийг,
  2. Хохирогч А-ийн эмчилгээний зардалд буюу аарцагны болон толгойн томографын бичлэг хийлгэсэн, гэмтэл согогийн эмчийн үзлэг, зөвлөгөө хийлгэсэн, мөн Улаанбаатар хот явсан ирсэн зардал болох хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас авагдсан баримтаар нотлогдсон 405.000 төгрөгийг,
  3. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол буюу гэрийг машинаар мөргөсний улмаас эвдэрч гэмтсэн эд зүйлүүдийг мөрдөгчийн магадлагаагаар үнэлгээ тогтоогдож, хавтаст хэргийн 191-196 хуудас авагдсан баримтаар нотлогдсон 8.346.900 төгрөгийг,

4. Гэм хор учруулсны төлбөр буюу амь хохирогчийн асрамжид байсан, түүнээс тэтгэвэр авах эрхтэй хөдөлмөрийн чадваргүй /насанд хүрээгүй/ Ц.А, Ц.С нарын тэжээгчээ алдсны тэтгэвэрийн зөрүү 2019 оны 11,12, 2020 оны 1, 2 сарын мөнгө болох нийт 460.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Учир нь:

1. Талийгаач нарыг оршуулахтай холбогдуулан худалдан авсан эд зүйл, шатахууны бусад зардлуудын баримт болох хавтаст хэргийн 50-71, 74-78 дугаар хуудсанд авагдсан дээрх нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, худалдан авсан эд зүйл, хугацаа нь хэрэгт ач холбогдолтой, талийгаач нарыг оршуулахтай холбогдуулан гаргасан бодит зардал гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд  12.478.100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

2. Хохирогч А-ын эмчилгээний зардалд буюу аарцагны болон толгойн томографын бичлэг хийлгэсэн, гэмтэл согогийн эмчийн үзлэг,  зөвлөгөө авсан. Мөн Улаанбаатар хот явсан ирсэн зардал болох хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас авагдсан баримтууд нь мөн нотлох баримтын шаардлага хангасан, хохирогчийн эмчилгээнд зарцуулсан байх тул 405.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 27.11 дүгээр зүйлд “....Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно..., “....Мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно...”, “... Мөрдөгч магадлагааг прокурорт болон энэ хуулийн 27.7 дугаар зүйлд заасны дагуу оролцогчид танилцуулна....” гэж хуульчилжээ.

Мөрдөгч Б.А нь МУИС-ийн Завхан дахь Эдийн засгийн коллежийг эдийн засагч мэргэжилээр төгссөн, нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй, нягтлан бодогчоор 2 жил ажилласан болох нь 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай дипломын хуулбар, тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд магадлагаа гаргаж үнэлгээ тогтоох боломжтой байна гэж үзлээ. Мөн мөрдөгчийн дээрх магадлагааг хуульд зааснаар  прокурорт болон оролцогчидод танилцуулсан байх бөгөөд талуудаас ямар нэгэн гомдол, санал гараагүй байна. Иймд мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдсон буюу гэрийг машинаар мөргөсний улмаас эвдэрч гэмтсэн эд зүйлүүдийн үнэ болох 8.346.900 төгргийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан байна.

Шүүгдэгч С:Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас Ц.С, Д.А нарын амь нас хохирсон болох нь тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан байх тул шүүгдэгч өөрийн  гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг  хариуцан арилгах нь үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3 дахь хэсэгт зааснаар “ Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд хохирогчийн нас барсны дараа төрсөн хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй, эцэг, эх, нөхөр, /эхнэр/ -ийн аль нэг нь авах эрхтэй байна. Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин, хөлс орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч, тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсны тэтгэвэрийг хасна...” гэж заажээ.

Талийгаач Д.А нь нөхөр С.Ц, 2010 оны 08 сарын 05-ны өдөр төрсөн охин Ц.А, 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Ц.С, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Ц.С нарын хамт З*******ийн нутагт мал маллан амьдарч байсан, тодорхой цалин хөлс авч байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогч нь орлого олж, олсон орлогоосоо татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд талийгаач Д.А-ын 1 сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 2019 онд 320.000 төгрөг, 2020 онд 420.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

Мөн Ц.А, Ц.С нарт Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсны тэтгэмж сар бүр 270.000 төгрөг олгож, эцэг С.Ц авдаг болох нь Тэтгэмжийн дэвтэр, дэвтэрт бичилт хийсэн байдлаар тогтоогдож байна.

Гэм хор учруулсны төлбөрийг эх Д.А нас барсан үеэс эхлэн Ц.А, Ц.С нарыг  насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл гаргуулахаар нэхэмжилсэн үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар нөхөн төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 насанд хүртэл нөхөн төлөхөөр заасан байх тул  гэм хорын хохирол буюу 2019 оны 11,12, 2020 оны 1,2 сарын тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүү болох нийт 460.000 төгрөгийг шүүгдэгч С.Э-аас гаргуулан хохирогч С.Ц-т олгож, цаашид Ц.А, Ц.С нарыг 16 нас, мөн суралцаж байгаа бол 18 нас хүртэл  хүүхэд тус бүрт сар болгон гэм хор учруулсны төлбөр 75000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч С.Ц-т олгох нь зүйтэй байна.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй дараах зардлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас дахь 30.000 төгрөгийн, 45000 төгрөгийн, 75132 төгрөгийн, 66 дугаар хуудас дахь 12300 төгрөгийн, 67 дугаар хуудас дахь 28700 төгрөгний үнийн дүн бүхий нотлох баримтууд нь хэн, хаанаас ямар зориулалтаар, ямар эд зүйл, бүтээгдэхүүн худалдан авсан нь ойлгомжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул дээрх 191.132 төгрөгийн баримтыг шүүх үнэлэх боломжгүй,

мөн хохирогч талын нэхэмжилж буй хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд байгаа хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс болох 660.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.

Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон  эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч хууль зүйн туслалцаа авахдаа  талуудын чөлөөт байдал тэгш эрхийн зарчмын үндсэн дээр хийгдсэн гэрээний төлбөрийг нь  гэмт хэргийн улмаас гарсан шууд хохирол гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул   өмгөөлөгчид төлсөн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 191.132 төгрөг, өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 660.000 төгрөг нийт 851.132 төгрөгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрллээ.

Түүнчлэн хохирогч тал сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг баримтлан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг зааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А нь биедээ хүндэвтэр гэмтэл авсан бөгөөд хохирогчийг цаашид эмчлүүлэх, сэтгэл заслын эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байгаа тул эмчилгээний зардал нэхэмжилсэн байх боловч энэ талаараа нотлох баримт ирүүлээгүй, түүний хэмжээний тухай асуудлыг шүүх шийдвэрлэх, тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул  уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

Иймд талийгаач нарын оршуулгын зардалд 12.478.100 төгрөг, хохирогч Ц.А-ийн эмчилгээний зардалд 405.000 төгрөг, гэрийг машинаар мөргөсний улмаас эвдэрч гэмтсэн эд зүйлүүдийн үнэ буюу эд хөрөнгөд  гэм хор учруулсны хохирол  болох 8.346.900  төгрөг, хохирогч нас барсны улмаас учирсан гэм хор буюу тэжээгчээ алдсны тэтгэмжийн 2019 оны 11,12, 2020 оны 1,2 сарын зөрүү болох нийт 460.000 төгрөг нийт  21.690.000 төгрөгийг шүүгдэгч С.Энхтулгаас гаргуулах нь үндэслэлтэй байна.

 Хохирогч тал гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, гэм хорын болон сэтгэл санааны хохирол зэрэгт нийт 73.436,235 төгрөг, мөн А-ийн эмчилгээний цаашид гарах зардлыг нэхэмжилснээс шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол болон эдийн бус гэм хорын хохирол зэрэгт 21.690.000 төгргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нотлох баримттай боловч үнэлэх боломжгүй, шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй 851,132 төгрөг, мөн хохирогч нэхэмжилсэн боловч ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй 895,103 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, харин сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг, А-ийн эмчилгээний цаашид гарах зардал зэргийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрллээ.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь 6.900.000 төгрөг, гэм буруугийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 өдрийн завсарлах хугацаа авч дээрх хугацаандаа 14.790.000 төгрөг, нийт 21.690.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан Төрийн банкны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “С.Э-с С.Ц-т 5.000.000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “ С.Э-аас С.Ц-т 1.500.000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн С.Э-аас С.Ц-т 200,000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Э-аас С.Ц-т 200.000 төгрөг шилжүүлсэн, 2020 оны 03 дугаар сарын 02-ны С.Э-аас С.Ц-т 14,790,000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нь хохирогчид нийт 21.690.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан, хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Э-ын өмчлөлийн Ү0905000236 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг******* байрлах 64 м/кв хэмжээтэй хувийн сууц, 26-82  УБЦ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 26-82 УБЦ улсын дугаартай приус маркийн 02267696 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус шүүгчдэгч С.Э-д олгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хорих ялыг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт С-ийн Э-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ц.А-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулж, Ц.С, Д.А нарын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар С-ийн Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  заасныг журамлан  шүүгдэгч С.Э-ын эдлэх 5 жил, 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ц-ын “сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг гаргуулах”, хохирогч “А-ийн эмчилгээний цаашид гарах зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар  Ц.А, Ц.С нарыг 16 нас, мөн суралцаж байгаа бол 18 нас хүртэл хүүхэд тус бүрт сар болгон гэм хор учруулсны төлбөр 75.000 төгрөгийг шүүгдэгч С.Э-аас гаргуулан хохирогч С.Ц-т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ын өмчлөлийн Ү0905000236 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг******* байрлах 64 м/кв хэмжээтэй хувийн сууц, 26-82 УБЦ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26-82 УБЦ улсын дугаартай приус маркийн 02267696 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор шүүгдэгч С.Э-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчийн хорих ял эдлэх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОТГОНХИШИГ