Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00148

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00148

Төв аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 4-р хороонд оршин суух Боржигон овогт Түмэн-Аюушын Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,  “Алтан хөшиг” ХХК-д холбогдох, гэм хорын хохирол гаргуулах  тухай  нэхэмжлэлийг 2016 оны 10 сарын 17 өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний нөхөр нь “Алтан хөшиг” ХХК-д ажилчнаар ажиллаад 3 жил гаран ажиллаж байна. Миний нөхөр Б.Баавгайг 2016 оны 7 дугаар сарын 31-ний өглөө гэртээ унтаж байхад нь “Алтан хөшиг” ХХК-ийн захирал н.Балдангомбо 6 цагт утсаар дуудаж ажилд гаргасан. Ажилд гаргаж зоорь луу орохдоо ажлын аюулгүй байдал хангаагүй зоорь луу орох шат байхгүй тул гарнаасаа уяа уяад орсон. Тэгээд зоорин дотор золгүй явдал болсон байна. Энэ компанийн захирал өөрөө нас барсан ч гэсэн компанийг төлөөлж хүмүүс байгаа. Нөхөр бид хоёрын дундаас хүүхэд гараагүй. 2015 онд охиноо үрчилж авсан. Би өөрөө ажилгүй. Охин маань 1 ойтой, амжиргааны эх үүсвэр охин, бид хоёрт байхгүй. Иймд гомдолтой байгаа учир энэ асуудлыг шийдэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайнтөр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайнтөр миний бие хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу нэхэмжлэгч болон түүниий ар гэрийн хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна. Жич: Энэ асуудлаар дахин нэхэмжлэл болон гомдол гаргахгүй болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь хариуцагч “Алтан хөшиг” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайнтөр нь хариуцагч “Алтан хөшиг” ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “....Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайнтөр нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 1. Хариуцагч “Алтан хөшиг” ХХК-д холбогдох, гэм хорын хохирол гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайнтөрийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.МӨНХЦЭЦЭГ