| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2020/0006/Э |
| Дугаар | 6 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 6
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.С
Шүүгдэгч Ц.Б,
Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бт холбогдох эрүүгийн 2024000130003 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Улсын иргэн, төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт байсан, регистрийн дугаартай, Б овогтой Ц. Б нь 2019 оны 06 дугаар сарын сүүл 7 дугаар сарын эхэн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутагт байрлах өөрийн адуунд нь нийлсэн иргэн Э.Гын эзэмшлийн сартай хүрэн гүү, бор даага, бор алаг унага нийт 3 тооны адууг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 06 дугаар сарын сүүл 7 дугаар сарын эхэн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутагт байрлах өөрийн адуунд нь нийлсэн хохирогч Э.Гын эзэмшлийн сартай хүрэн гүү, бор даага, бор алаг унага нийт 3 тооны адууг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан болох нь:
Хохирогч Э.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын сүүлээр миний эзэмшлийн сартай хүрэн гүү болон бор даага нь зөв талынхаа гуян дээр “Ш” үсгэн тамгатай адуугаа алдсанаас хойш Баянхайрхан, Баянтэс, Тэс, Төөнөт, Ичиг, Савдан, Дааганы өвөр, Тэсийн гол, Хөвийн гол, Жарантан гол гэх газруудаар хайж явсан боловч сураг гаргаагүй. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нөмрөгийн ар гэх газар руу яваад юм үзэж хардаг гэх мэргэн хүн дээр очтол Нөмрөг рүү явбал сураг нь гарна гэж хэлсэн. Тэгээд Нөмрөгийн Ар шивэрт газрын урд зоон дээр машинтай явж байтал миний сартай хүрэн зүсмийн унагатай гүү бор азаргатай адуун дотор зогсож байсан. Бор даага нь байхгүй байсан. Тэр бор азаргатай адууг тууж Нөмрөгийн Пүрвээ гэх айлын хашаанд хашиж сартай хүрэн гүүгээ барьж үзтэл зүүн талын гуян дээр байсан “Ш” үсгэн тамган дээр нь өөр тамга давхарлан дарсан байсан. Тухайн үед Нөмрөгийн арын Б гэх айлын хүүхэд Пүрвээ, миний хүү Загдраднаа, миний эхнэр Б бид хэд байсан. Тэр бор азаргатай адууг хэн гэж айлын адуу вэ? гэж асуухад Б гэх айлын адуу хэмээн хэлсэн. Миний алдсан адуу Б гэх айлын адуунд байсан. Бор даага, бор алаг унага хоёр хоёулаа миний сартай хүрэн гүүний төл юм. Ер нь дандаа ээжийгээ дагаж явдаг, ээжээсээ огт салдаггүй юм. Миний сартай хүрэн гүү, бор алаг унага бор даага гурав цуг алга болсон. 2019 оны 06 сарын сүүлээр адуундаа байсан. Яг хэдний өдөр хамгийн сүүлд харснаа санахгүй байна. Манайх дээрх 3 тооны адууг алга болох үед Баянхайрхан сумын Могойн гол гэх газар байсан. Миний алдсан 3 тооны адуу ижил сүргээсээ тасарч явна гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ өөр айлын азарга миний алдсан гүүг сүргээс тасдаад хураагаад аваад явсан байх боломжтой, унага, даага хоёр эхээсээ салдаггүй байнга хамт явдаг болохоор эхийгээ дагаад айлын адуунд явсан байх боломжтой. Би гүүгээ 800,000 төгрөгөөр даагыг 300,000 төгрөг, унагыг 250,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хх 20-22,25-26/,
Гэрч Ш.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Загдраднаа, нөхөр Г нарын хамт Нөмрөгийн ар гэх газар руу алдсан малаа хайж яваад юм үзэж хардаг гэж нэг айлд очиж алдсан малаа асуутал Нөмрөг сумын зүгээс алдсан малынхаа талаар сураг дуулна хэмээн хэлсэн. Тэгээд бид гурав Нөмрөг сумын Ар шивэрт гэх газрын урд оройд машинтайгаа явж байтал бор азарга адуун дотор манай алдсан гэх сартай хүрэн зүсмийн гүү, бор алаг унагатайгаа хамт зогсож байсан. Бид гурав тэр адууг тууж Пүрвээ гэх айлын гадаа хашаанд нь хаших гэж байтал нэг мотоциклтой хүн, 2 морьтой хүний хамт ирж адууг хашилцаж өгсөн. Тэгээд өөрийнхөө сартай хүрэн зүсмийн гүүгээ барьж үзтэл манай өөрийн “Ш” үсгэн тамган дээр өөр тамга давхарлан дарсан байсан. Энэ тухайгаа тухайн үед байсан хүмүүст хэлтэл “тамга давхарлаж дарсан байна” гэж хэлж байсан. Тэр бор азаргатай адууг хэний гүү болохыг адуу хашилцсан гэх Пүрвээ гэх хүнээс асуухад Хандын Б гэх айлын адуу гэж байсан. Манай алдсан гэх адуунд байсан “Ш” үсгэн тамга нь манай өөрийн тамга юм. Сартай хүрэн гүүний сар нь бундан хэлбэртэй сартай, түүний унага нь бор алаг их содон унага. Манай тамга дээр өөр тамга давхарлаж дарсан байсан ч тэр тамган доороос нь манай тамга харагдаж байсан. Өөрийн тамга болон сартай хүрэн гүүний сар, унаганы зүс зэргээр таньсан...” гэсэн мэдүүлэг /хх 31-33/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх адуугаа ууланд гаргачхаад унаа малаа солихдоо л адуугаараа эргэж тойрдог. 2019 оны 08 дугаар сарын сүүлээр яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Адуугаа гэрийн гадаа хашаанд хашиж байгаад морио сольтол манай адуунд саарал алаг унагатай, сартай хүрэн зүсмийн ямар тамга нь мэдэгдэхгүй давхарлан дарсан бололтой /тамгатай/ гүү нийлчихсэн байсан. Нагац ах А гэгч хүнд манайд саарал алаг унагатай, сартай хүрэн зүсмийн гүү нийлчихсэн байна гэж хэлэхэд ах нь хүнээс худалдаж аваад танай адуунд нийлүүлчихсэн юм гэж хэлэхээр нь таных юм бол манай адуунд байж байг гэж хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр А ахын дүү болох Пүрэвдалай миний утасруу залган Г, Б, Загдраднаа нар ирж танай адууг хашиж байгаад сартай хүрэн гүү, саарал алаг унага хоёрыг манай адуу байна. Хэмээн хэлж зургийг нь дараад явлаа гэж хэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нөмрөг сумын төвд найзуудтайгаа архи ууж байгаад гэртээ очиход манай гэрт А ах байсан. Тэгэхээр нь би А ахад хандан “таны манай адуунд нийлүүлсэн унагатай гүү чинь хулгайн гүү юм биш үү тэр хүмүүс намайг авсан гэж бодож байгаа та миний нэр төрийг сэргээж өгөөрэй” гэж хэлэхэд А ах чи хулгайлж авчраад адуундаа нийлүүлчихсэн биш би наад адууг чинь Б гэж хүнээс худалдаж авсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 34-35/,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянхайрхан сумын Ц.Б бол Б.Бийн хадам дүү. Б Бын төрсөн эгчтэй нь гэр бүл болсон юм. Би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр зун даага авч цуглуулна гээд дааганы мөнгө тарааж байсан. Би Б.Бод “чи даага зарах уу? би даага авах гээд хэдэн дааганы үнэ тарааж байгаа шүү” гэсэн чинь Б.Б “би хоёрхон даагатай хүн ямар даага зарахав дээ” гэж байсан Тэгээд удаагүй Ц.Б “надад 2 дааганы үнэ өгчих би удахгүй хотоос очоод өгнө” гэхээр нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Ц.Бын дансруу өөрийнхөө данснаас 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш Ц.Быг даага авчирч өгөхгүй чимээгүй болчихоор нь Ц.Б руу утсаар яриад одоо ах нь даагаа цуглуулж байна 2 даага удаалгүй авчирч өгмөөр байна. Манайх Ар шивэртээд очиж буудаг буйран дээрээ буучихсан байгаа шүү гэж гэрээ зааж өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 20-нд Ар шивэртээд байхад манай гэрийн үүдэнд мотоцикол ирж зогсож Ц.Б орж ирээд Баянхайрхан сумаас явж байна таны 2 даагыг чинь хөөгөөд аваад ирлээ гэсэн. Гараад хартал гэрийн ойролцоо унагатай, даагатай гүү туугаад аваад ирсэн байсан. Би Ц.Баас чи чинь надад 2 даага өгөх ёстой биздээ яагаад унагатай, даагатай гүү аваад ирсэн юм бэ гэхэд таниас 2 дааганы мөнгө авсан 2 дааганы оронд унагатай, даагатай гүү өгье дараа нь зөрүү гарах байлгүй. Дараа би таниас зөрүү үнийг авья гэхээр нь би дараа чамд нэг дааганы үнэ нэмж өгье гэж тохирсон. Манай гэрийн ойролцоо Б.Б адуу ороод ирсэн байхаар нь Ц.Бын унагатай, даагатай гүүг Б адуунд нийлүүлээд азарганд нь гүүг нь хураалгачихсан юм. Тэгээд 10-аад хоногийн дараа Б бор азарга нөгөө адуунд нь нийлүүлчихсэн унагатай, даагатай гүүг хураачихсан эр даага байсан болохоор даагыг нь хасаад ялгаад хөөчихсөн байсан байхаар нь өөрийнхөө хамгийн бага дүүдээ даагыг нь өгөөд оронд нь өөр даага авчихсан юм. Унагатай гүү нь одоо хүртэл Б адуунд явж байгаа. Ц.Б тэр унагатай даагатай гүүг авчирч өгөхдөө яг өөрийнхөө адуунаас хойд Баянхайрхан сумаасаа авчирч өгч байна. Яг миний өөрийн унаган адуу байгаа юм. Наад гүү чинь хурдан удамтай сайн төл гаргах гүү байгаа юм шүү та болж өгвөл сайн азарганд хураалгаад үгүй хийлгүй байж байвал наад гүүнээс чинь сайн төл гарна шүү гэж хэлж өгсөн юм. Тэгээд би тэр гүүнээс нь сайн төл гаргаж авья гэж бодоод хадгалж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 36-40/
Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г нь 2019 оны 06 дугаар сард сартай хүрэн гүү, унагатай даагатайгаа байхгүй болчихсон байна үзэж харсан уу гээд манайхаар ирээд явсан ...” гэсэн /хх-42/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 05 дугаар сард манай адуунд хүрэн зүсмийн гүү, бор алага унага, бор даага нийт 3 тооны адуу нийлчихсэн байсан. Уг 3 тооны адууг хэний адуу гэдгийг мэдээгүй. 2019 оны 04 дүгээр сард Нөмрөг сумын А гэх хүнээс би 500,000 төгрөг зээлээд оронд нь мал өгнө гээд авчихсан байсан. А гэх хүн 2019 оны 07 дугаар сарын эхээр зээлсэн мөнгөө, эсвэл малаа өг гээд нэхээд байхаар нь адуундаа нийлчихсэн байсан унагатай, даагатай гүүг Нөмрөг суманд Аэд өгч зөрүү 200,000 төгрөгийг дараа нь авъя гэж хэлээд өгсөн. Сартай хүрэн гүү нь зүүн талын гуяан дээрээ тамгатай, тухайн тамга нь балартчихсан ямар тамга гэдгийг нь мэдэх боломжгүй байсан. Бор даага, бор алаг унага 2 нь эм тамгагүй байсан. Би адуундаа байсан 3 тооны адууг ялгаад мотоциклоор тууж Нөмрөг суманд Аэд хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Бын энэ үйлдлийн улмаас хохирогч Э.Гт 1,350,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч Э.Гын “...Би алдсан гүүгээ 800,000 төгрөг, даагыг 300,000 төгрөг, унагыг 250,000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн мэдүүлэг, Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “...Эд зүйлийн нэр сартай хүрэн гүү, 5 настай 1 ширхэг, 800,000 төгрөг, бор зүсмийн даага 2 настай, 1 ширхэг, 300,000 төгрөг, бор алаг зүсмийн унага 1 настай, 1 ширхэг, 250,000 төгрөг нийт магадалгааны үнэлгээ 1,350,000 төгрөг...” гэсэн магадалгаа /хх 51-52/ зэргээр нотлогдож байна.
Прокуророос шүүгдэгч Ц.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирлыг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Бын Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутагт байрлах өөрийн адуунд нийлсэн сартай хүрэн гүү, бор даага, бор алаг унага нийт 3 тооны адууг алдуул мал гэдгийг мэдсээр байж ашиглаж байгаа үйлдэл нь алдуул малыг завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Ц.Бын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Ц. Быг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ