| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0150/Э |
| Дугаар | 0472 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 0472
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч С.А-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А- холбогдох эрүүгийн 1908 03387 1705 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг, ................. тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн .................. тоотод түр оршин суух, урьд
..................................
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.А-нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны гадаа иргэн А.Э-түрүүвч, машины түлхүүр, виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж улмаар Хаан банкны АТМ ашиглан А.Э-банкны картнаас 1.650.500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 1.692.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч А.Э-өргөдөл /хх5/, хохирогч А.Э-мэдүүлэг /хх12/, хохирогч А.Э-дахин мэдүүлэг /хх62/, хохирогч А.Э-Хаан банкны дансны хуулга /хх22/, эд зүйлийн үнэлгээ /хх38/, С.А- яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх56-57/, шүүгдэгч С.А- иргэний үнэмлэхний лавлагаа /хх48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх54/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /х43-45/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх63/ байдлыг зэрэг хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтууд шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч С.А- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч А.Э-2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаж гаргасан “...2019 оны 06 дүгээр сарын 19-нд архи пиво уугаад хамт сууж байсан хүнд хэтэвч, карт, машины түлхүүр зэргийг алдсан...” гэсэн өргөдөл /хх5/,
2. Хохирогч А.Э-“...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрийнхээ гадаа саравчинд зүс таних эрэгтэйн хамт пиво уугаад суухад 30 орчим насны эмэгтэй ирээд цуг пиво уусан. Тэгээд дэлгүүр орж дахиж пиво аваад би нилээн согтоод гэртээ орж унтсан. 23 цагийн үед сэрэхэд миний халаасанд байсан түрүүвч байхгүй болсон байсан. Маргааш нь Хаан банк руу утасдаад асуухад 1.700.000 төгрөг картнаас уншуулаад авсан байсан. ...хэдий согтуу байсан ч гэсэн хаа хамаагүй хүмүүст өөрийнхөө эд зүйлс ялангуяа машиныхаа түлхүүр, картыг өгөхгүй. Би анх дэлгүүр орохдоо, дараа нь бас орохдоо би өөрөө картаараа гүйлгээ хийсэн. Харин халааснаас тэр эмэгтэй хэтэвчтэй хамт хулгайлаад аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 12, 62/,
3. Хохирогч А.Э-Хаан банкны .............. дугаарын данснаас 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 04 минутанд 500.000 төгрөг, 21 цаг 03 минутанд 500.500 төгрөг, 21 цаг 09 минутанд 500.000 төгрөг, 21 цаг 10 минутанд 100,000 төгрөг, 21 цаг 11 минутанд 50.000 төгрөгийн зарлага гарсан тухай дансны хуулга баримт /хх22/,
4. Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээ нь хохирогчийн хулгайд алдсан эд зүйлсийг 42.400 төгрөгөөг үнэлсэн тухай тайлан /хх38/,
5. Шүүгдэгч С.А- яллагдагчаар өгсөн “...тэр ах картаа өгөөд намайг дэлгүүр рүү гүйлгэж архи авахуулсан...би Хаан банкны бэлэн мөнгөний машин ашиглаад 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагаас 21 цагийн хооронд 5 удаагийн үйлдлээр тэр танихгүй ахын картнаас 1.650.000 төгрөг авсан. Энэ мөнгөөр идэж уугаад тансаглаад дууссан. Тухайн үед бага зэргийн согтолттой байсан болохоор өөрийн хяналтаа алдсан байсан... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх56-57/
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.А-нь хохирогчийн картнаас мөнгө авсан гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд:
хохирогч А.Э- нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны гадаа шүүгдэгч С.А-эй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Шүүгдэгч С.А-нь хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн нөхцөл байдлыг далимдуулан түүний түрүүвч, машины түлхүүр, виза картыг авч, улмаар банкны виза картыг ашиглан нийт 5 удаагийн гүйлгээ хийж 1.650.500 төгрөг авсан болох нь хохирогчийн “...23 цагийн үед сэрэхэд миний халаасанд байсан түрүүвч байхгүй болсон байсан. Маргааш нь Хаан банк руу утасдаад асуухад 1.700.000 төгрөг картнаас уншуулаад авсан байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүгдэгчийн картнаас мөнгийг авсан гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
“Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлангаар хохирогч А.Э- алдагдсан хэтэвчийг 17.400 төгрөг, виз картыг 5.000 төгрөг, авто машины хуучин түлхүүрийг 20.000 төгрөг нийт 42.400 төгрөгөөр үнэлсэн бөгөөд виза картнаас биет байдлаар 1.650.500 төгрөг нийт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1.692.900 төгрөгөөр тогтоох нь зөв байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй буюу хохирогчтой хамт согтууруулах ундаа уусан, түүний согтуу байдлыг ашиглан, банкны картны нууц дугаарыг мэдэж, эд зүйлийг нь авсан, мөн картнаас мөнгө авч хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хохирогч А.Э-хэтэвчийг авч, банкны виза картнаас мөнгө авсанаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд хохирогч согтуудаа өөрөө эд зүйлээ авч бай гэж өгсөн гэж тайлбарлах боловч хохирогч шүүгдэгч хоёр урьдны танил бус, хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогч шүүгдэгчид эд зүйлээ итгэмжлэн хариуцуулсан, итгэлцлийн харилцаа үүсэн зүйл байхгүй, хохирогчийн согтуу байдлыг далимдуулан түрүүвчийг авч, банкны виза картыг ашиглан мөнгийг авч байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг болно.
Иймд шүүгдэгч С.А- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч С.А-нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 1.692.900 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч А.Э-д олгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн өмнөх шийтгэх тогтоолоор 270 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүйг нэмж нэгтгүүлэх, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хүсэлтийг гаргасанг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүгдэгч С.А- үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.А-нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/1095 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн боловч уг ялыг биелүүлээгүй нь холбогдох баримтуудаар тогтоогдсон.
Мөн тус шүүх эрүүгийн 1908 03387 1705 дугаартай С.А- холбогдох хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч шүүхийн шатнаас оргон зайлсан тул түүнд холбогдох хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 644 дугаартай шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байна.
Иймд шүүгдэгч С.А- хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг болон дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж дүгнэлээ.
Тиймээс дээр дурдсан шийтгэх тогтоолоор 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн энэхүү ялыг биелүүлээгүй байх тул уг ялыг хорих ялд шилжүүлэн тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ял дээр нэмж нэгтгэх нь зөв байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/1095 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 7 сар 3 хоног хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Мөн шүүгдэгч С.А- цагдан хоригдсон 10 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/1095 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн тооцож 33 хоногийг түүний эдлэх ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 3 /гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- урьд цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Анхчимэгээс 1.692.900 /нэг сая, зургаан зуун ерэн хоёр мянга, есөн зуун/ төгрөг гаргуулж хохирогч А.Э-д олгуулсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР