| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2020/0007/Э |
| Дугаар | 8 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 8
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж,
Улсын яллагч Б.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,
Шүүгдэгч Н.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Н-ийн Г-д холбогдох эрүүгийн 1924000900043 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, А овогт Н-ийн Г нь “2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн нутагт “Турагт” гэх газраас Завхан аймгийн Их-Уул сум руу 75-53 ЗАН улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2.633 м3 шинэс мод тээвэрлэж, байгаль орчинд 135,072 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, мэдүүлэг өгөөгүй бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанд хэлсэн эцсийн үгэндээ “... Би буруу зүйл хийсэн юм байна гэж бодож байна. Уг нь манай дүү намайг байшин барихдаа хэрэглээрэй гэж хэдэн мод өгснийг нь ачаад сумын төв орж ирж байгаад цагдаад баригдсан юм. Цагдаа нар машинтай модыг журамлаад, намайг зөвшөөрлийн бичиг авч ирээд модоо аваарай гэхээр нь байгаль хамгаалагчаас бичиг авах юм байна гэж ойлгоод бичиг авч ирсэн юм. Гэтэл анхнаасаа манай дүү Д уг модыг бэлтгэхдээ зөвшөөрлийн бичиг баримтаа авчихсан байсан юм байна лээ. Би мод бэлтгэх, тээвэрлэхдээ хэрхэн бичиг авдаг талаар нарийн сайн ойлголтгүй, мэддэггүй, түүнээсээ болоод буруу зүйл хийсэн юм шиг байна. Мод ачиж явсан машин бол миний хүүгийн машин, тухайн үед хүү Г машин барьж явсан. Ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлж оногдуулж өгөхийг хүсэж байна..” гэв.
Прокуророос шүүгдэгч Н.Г-ийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн нутагт “Турагт” гэх газраас Завхан аймгийн Их-Уул сум руу 75-53 ЗАН улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2.633 м3 шинэс мод тээвэрлэж байгаль орчинд 135,072 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Н.Г-ийн хүсэлтээр түүний хүү Г.Г нь өөрийн өмчлөлийн 75-53 ЗАН улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг өөрөө жолоодон, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн нутагт “Турагт” гэх газраас 10 ширхэг, 2.633 м3 шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж явсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Гэрч Э.Д-гийн “...Миний төрсөн эгчийн нөхөр болох Н.Г нь 2019 оны 9 дүгээр сарын эхээр намайг Жаргалант суманд байхад надтай утсаар яриад байшин барих гэсэн чинь мод дутаад байна гэсэн юм. Тэгээд би тэр үед Н.Г ахад мод дутаад байгаа бол миний хавар хийгээд орхисон байгаа хэдэн мод доод Цэцүүхэд байгаа танд модны хэрэг байгаа бол очоод авахгүй юу гэж хэлсний дараа 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Н.Г ах өөрийн хүү Г-ийн хамт Портер маркийн 75-53 ЗАН улсын дугаартай автомашинтай Жаргалант сумын Цэцүүх багийн нутаг Турагт гэх газар манайд хүрч ирээд надаас 4 метрийн урттай 10 ширхэг бөөрөнхий модыг аваад машинд дээрээ ачаад Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү явсан. Хүргэн ах Н.Г-д миний өгсөн дээрх 10 ширхэг модонд эрхийн бичиг гоожин байгаа. Би дээрх моднуудыг 2019 оны 4 дүгээр сард Жаргалант сумын Цэцүүх багийн Нурын турагт гэх газраас №085207 дугаартай эрхийн бичиг гоожингоор хийж бэлтгэсэн байсан юм. Эрхийн бичиг нь одоо надад байгаа. Би тухайн моднуудыг Жаргалант сумын төв оруулаад өөрийнхөө хашаа засаж янзлах гэж авсан боловч чадаагүй. Тухайн үед угаасаа тэр 10 ширхэг модыг Н.Г, түүний хүүхэд Г.Г бид хамт ачилцсан юм. Бид гурваас өөр хүн мэдэхгүй, ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээ, гоожингүй явсан. Би тэр үед гарал үүслийн гэрчилгээ, гоожин ордог эсэхийг өөрөө ч мэдээгүй тэр моднуудыг өгөөд явуулчихсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 20, 25 дугаар хуудас/,
Гэрч Я.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Турагт гэх газраас манай нөхрийн урд өмнө хийгээд бэлтгэсэн байсан 4 метрийн 10 ширхэг бөөрөнхий модыг Их-Уул сумын төв рүү өөрийн хүүхэд Н.Г-ийн портер маркийн автомашинаар тээвэрлэж авч явсан байсныг нөхрөөсөө сонсож мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2019 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 75-53 ЗАН улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл 4 метрийн урттай хэрэглээний бөөрөнхий 10 ширхэг модыг ачиж тээвэрлэсэн автомашиныг зогсоон шалгаад жолоочоос нь таны тээвэрлэн яваа дээрх модонд эрхийн бичиг байна уу? гэхэд манай аавын мод, ааваас асуу гэж хэлсэн. Тухайн үед жолоочийн хажууд хамт явсан түүний аав гэх Н.Г гэдэг хүнээс модны эрхийн бичиг гоожинг байна уу гэж шалгатал ямар нэгэн эрхийн бичиг гоожин байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав Н.Г 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хөдөөнөөс сумын төвд ирж ирээд надтай уулзаад Д-ээс 4 метрийн мод авах гэсэн юм гээд намайг гуйсан юм. Тэгээд би 2019 оны 9 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн үед аавынхаа хамт өөрийн эзэмшлийн портер маркийн 75-53 ЗАН улсын дугаартай автомашинаар аавынхаа хамт модонд явсан. Тэгээд орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Доод Цэцүүхийн Турагт гэх газраас манай ээжийн төрсөн дүү болох Д гэх хүний хийж бэлдсэн байсан 4 метрийн урттай 10 ширхэг модыг аав Н.Г, Д ах бид 3 миний машинд хамт ачсан юм. Би тэр болгон модонд яваад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэр өдөр аавыг модонд яваад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд гоожинтой ямар нэгэн асуудалгүй мод юм байх гэж бодоод л явж байна өгсөн. Манай аав Н.Г өөрөө машин огт жолоодож чаддаггүй болохоор 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр намайг модонд яваад өгөөч гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 114 дүгээр хуудас/
Шүүгдэгч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Цэцүүх багаас Турагт гэх газар 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр очиж хадам Д-ээс 4 метрийн урттай 10 ширхэг бөөрөнхий модыг гуйж аваад өөрийн хүүхэд Г.Г-ийн Портер маркийн 75-53 ЗАН улсын дугаартай автомашинаар Завхан аймгийн Их-Уул сум руу гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж яваад цагдаатай таарч шалгуулсан. Манай хадам дүү Д надад өгсөн дээрх 10 ширхэг модыг ойгоос хийж бэлтгэхдээ зохих журмын дагуу эрхийн бичиг гоожинг Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас аваад хийж бэлтгэсэн гэж надад хэлсэн юм. Мод тээвэрлэсэн машин бол миний хүү Г.Г-ийн өөрийнх нь эзэмшлийн автомашин юм. Би өөрөө автомашин жолоодож чаддаггүй учир 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн хүүхэд Г.Г-ийг гуйгаад машинаар нь дээрх 10 ширхэг модыг тээвэрлэж явсан юм. Би өөр аймгийн сумаас сум хооронд гарал үүслийн гэрчилгээтэй мод тээвэрлэдэг эсэхийг сайн мэдэхгүй байна. Хадам дүү Д дээрх 10 ширхэг модыг гоожинтой гэхээр нь би болох юм байх гэж бодоод тэр үед тээвэрлэж явсан. Би тэр үед ямар нэгэн бичиг гоожин, гарал үүслийн гэрчилгээгүй явж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-66 хуудас/,
Хохирогч И.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн асуудлыг хуулийн хүрээнд шалгах хэрэгтэй. Шинжээчийн гаргасан экологийн үнэлгээг мод тээвэрлэсэн иргэнээс гаргуулж авах нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Миний зүгээс хэрэгт холбогдуулан гаргах ямар нэгэн иргэний нэхэмжлэл гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113 дугаар хуудас/,
Шинжээч эмч М.Ү, Ч.Д, Б.М нарын гаргасан Шүүх сэтгэц эмгэг судлалын “... Н.Г нь сэтгэцийн хувьд тархины өвчин гэмтэл үйлийн шалтгаант бие хүний эмгэгтэй. Н.Г нь аливаа үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Н.Г нь хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан. Н.Г хэрэг хариуцах чадвартай болно..” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Шинжээч Б.Д-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаартай: “... БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 3-р мужийн 1 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 28,500 төгрөг, итгэлцүүлр болох 1,8-иар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 51,300 төгрөг, бэлтгэсэн 2,633 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 135,072 төгрөг байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/ ,
дүгнэлттэйгээ холбогдуулан мэдүүлэг өгсөн шинжээч Б.Д-гийн “... Иргэн Г-ийн тээвэрлэсэн мод нь 2.633 м3 болсон модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 135,072 төгрөг болсон...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Харин дээрх 2.633 м3 модыг 2019 оны 4 дүгээр сард Жаргалант сумын Цэцүүх багийн Нурын турагт гэх газраас Э.Д бэлтгэхдээ №085207 дугаартай эрхийн бичиг буюу гоожин авч бэлтгэсэн, зохих зөвшөөрөлтэй болох нь:
Гэрч Э.Д-гийн “...Би дээрх моднуудыг 2019 оны 4 дүгээр сард Жаргалант сумын Цэцүүх багийн Нурын турагт гэх газраас №085207 дугаартай эрхийн бичиг гоожингоор хийж бэлтгэсэн байсан юм. Эрхийн бичиг нь одоо надад байгаа....” гэсэн,
Гэрч Я.Б-гийн “... Н.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Турагт гэх газраас манай нөхрийн урд өмнө хийгээд бэлтгэсэн байсан 4 метрийн 10 ширхэг бөөрөнхий модыг Их-Уул сумын төв рүү тээвэрлэж авч явсан байсныг нөхрөөсөө сонсож мэдсэн юм...” гэсэн ,
Гэрч Г.Г-ийн: “ ... Манай аав Д-гээс 4 метрийн мод авах гэсэн юм гээд намайг гуйсан юм. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Доод Цэцүүхийн Турагт гэх газраас манай ээжийн төрсөн дүү болох Д гэх хүний хийж бэлдсэн байсан 4 метрийн урттай 10 ширхэг модыг миний машинд хамт ачсан юм...” гэсэн мэдүүлгүүд,
Сери ХӨА, Жаргалант сумын Нуурын турагт гэх газраас, шинэс төрлийн хэрэглээний 6 м3, түлээний 10 м3 модыг цэвэрлэгээний ажлын аргаар, 2019 оны 04 дүгээр сарын 12-14-ний өдөр бэлтгэж, 2019 оны 05 дугаар сарын 15-16-ны өдөрт тээвэрлэхээр улсын тэмдэгтийн хураамжид 108,760 төгрөг тушаасан талаарх мэдээлэл агуулсан №085207 дугаартай мод бэтгэх эрхийн бичиг, /олгох тасалбар/,
Мөн Жаргалант сумын байгаль хамгаалагч Б.Б-тай Э.Д-гийн 2019-04-10-ны өдөр байгуулсан “мод бэлтгэх гэрээ” зэргээр тогтоогдож байна.
Гэрч, хохирогч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдсонгүй, түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.
Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Н.Г-ийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2.633 м3 шинэс мод тээвэрлэж, байгаль орчинд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч дээрх 2.633 м3 шинэс модыг тээвэрлэж явсан Портер маркийн 75-53 ЗАН улсын дугаартай автомашиныг Н.Г жолоодож явсан буюу уг модыг тээвэрлэсэн болох нь тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл гэрч Г.Г-ийн “... манай аав Н.Г өөрөө машин огт жолоодож чаддаггүй болохоор 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр намайг модонд яваад өгөөч гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд явсан, 10 тооны хэрэглээний мод ачаад Их-Уул сум руу орж ирэхэд цагдаагийн албан хаагч нар зогсоож шалгасан...” , гэрч Н.Н-ын “...2019 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 75-53 ЗАН улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл 4 метрийн урттай хэрэглээний бөөрөнхий 10 ширхэг модыг ачиж тээвэрлэсэн автомашиныг зогсоон шалгаад жолоочоос нь таны тээвэрлэн яваа дээрх модонд эрхийн бичиг байна уу? гэхэд манай аавын мод, ааваас асуу гэж хэлсэн, аав гэх Н.Г гэдэг хүнээс модны эрхийн бичиг гоожинг байна уу гэж шалгатал ямар нэгэн эрхийн бичиг гоожин байхгүй байсан...” гэсэн, шүүгдэгчийн “...Би өөрөө автомашин жолоодож чаддаггүй учир 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн хүү Г.Г-ийг гуйгаад машинаар нь дээрх 10 ширхэг модыг тээвэрлэж явсан юм...” гэсэн мэдүүлгүүдээр уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч жолоодоогүй, 2.633 м3 шинэс мод тээвэрлээгүй болох нотлогдож байна.
Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэгт “ ... иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглахыг... хориглоно...”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “... энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно...” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байхыг шаарддаг ба хууль ёсоор буюу зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэгдсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэлээ.
Тодруулбал Э.Д нь Жаргалант сумын Нуурын турагт гэх газраас, шинэс төрлийн хэрэглээний 6 м3, түлээний 10 м3 модыг цэвэрлэгээний ажлын аргаар 2019 оны 04 дүгээр сарын 12-14-ний өдөр бэлтгэж, 2019 оны 05 дугаар сарын 15-16-ны өдөрт тээвэрлэхээр улсын тэмдэгтийн хураамжид 108,760 төгрөг тушааж, №085207 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг авч, байгаль хамгаалагчтай гэрээ байгуулан зохих зөвшөөрлийн дагуу мод бэлтгэсэн бөгөөд уг 10 ширхэг модыг Н.Г нь Э.Д-ийн зөвшөөрснөөр өөрийн эзэмшилдээ авч, хүү Г.Г-ийн Портер маркийн 75-53 ЗАН улсын дугаартай автомашинд ачиж, Г.Г жолоодож, модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхэд уг гэмт хэргээс хамгаалж буй харилцааны мөн чанар, зорилгод нийцэхгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...”гэж хуульчилсан бөгөөд гэм буруу болон үйлдэл эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоо зайлшгүй байх ба зөвхөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор зааж, Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Н.Г-д холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчинд учирсан хохирол болох 135,720 төгрөгийг Н.Г Төрийн сангийн дансанд төлсөн болох нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Г-ийг цагаатгаж шийдвэрлэсэн тул дээрх 135.720 төгрөгийг төрийн сангийн 1001170600945 тоот данснаас гаргуулж, Н.Г-д, мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах зорилгоор Г.Г-ийн өмчлөлийн 75-53 ЗАН улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл, 4 метрийн урттай хэрэглээний 10 ширхэг мод зэргийг прокурорын тогтоолоор битүүмжилснийг хүчингүй болгож, тээврийн хэрэгсэлийг Г.Г-д, хэрэглээний 10 ширхэг модыг Н.Г-д тус тус буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрллээ.
Мөн энэхүү эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг дарга И.Н-г хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр давхар тогтоосон нь үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ...”,
8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...1.Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ...”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд И.Н-ийн амь бие, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, хувийн өмчид халдаагүй, харин байгаль орчинд хохирол учирсан байх тул уг учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавих эрхтэй этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд цаашид ийм төрлийн гэмт хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж байх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Н-ийн Г-д холбогдох эрүүгийн 1924000900043 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, А овогт Н-ийн Г-ийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Н-ийн Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Г.Г-ийн өмчлөлийн 75-53 ЗАН улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл, мөн 4 метрийн урттай хэрэглээний 10 ширхэг мод зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгсэлийг Г.Г-д, хэрэглээний 10 ширхэг мод болон нөхөн төлбөрт төлсөн 135.720 төгргийг төрийн сангийн 1001170600945 тоот данснаас гаргуулж Н.Г-д цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ